Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоббины хаанд “дурласан” гүнжхэн


Хоббины хаан бол марк хэмээдэг. Арга ч үгүй биз, 1840 өөд онд дэлхийн анхны марк хэвлэгдсэн цагаас эхлэн хүмүүс энэхүү үнэт цаасыг цуглуулах болж. Түүнээс хойш зоосон болон цаасан мөнгөн дэвсгэрт гэхчлэн төрөл бүрийн зүйл цуглуулах болжээ. Цаг үе бүрт шинэчлэгдэн гардаг тул хуучрах тусмаа үнэд ордог үнэт цаас гэх утгаар нь ч тийн нэрийдсэн байж болно. Юутай ч манай улсад анхны марк хэвлэгдсэнээс хойш яг 90 жил болж байна. Түүхэн ойд зориулсан үзэсгэлэнд ихэд ховор нандин цуглуулгаа дэлгэн тавьсан нэгэн бүсгүйтэй уулзсан юм. Түүний цуглуулсан сансарын буюу интеркосмос сэдвийн цуглуулга нь үнэхээр сонирхол татам. Хоббины хаан марк гэдэг ч миний бодлоор хоббиндоо чин үнэнчээр хандаж, олон медалийн эзэн болсон энэ бүсгүйг л хоббины “хатанхаан” гэчихмээр. Ингээд хоббины “хатанхаан” Д.Мишээлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Анх хэзээнээс марк цуглуулах болсон бэ?
-Би анх зургаан настайгаасаа  марк цуглуулж эхэлсэн. Эмээ маань надад авч өгдөг байлаа. Зураг зурах дуртай хүүхэд байсан л даа. Авч өгсөн маркных нь зургийг дуурайлгаж зурдаг байлаа. Ер нь, анх зургийг нь дуурайж зурах гэж л марк цуглуулж  эхэлсэн. Энэ нь миний жинэхэн хобби болсон доо. Монголын марк цуглуулагчдын холбоо буюу феладелийн холбоонд есөн настайдаа элссэн. Түүнээс хойш маркаа сэдэвжүүлж цуглуулах болсон. 11 настайдаа Солонгост болсон маркны үзэсгэлэнд оролцож мөнгөн медаль хүртсэн маань урам өгсөн. Түүнээс хойш өнөөг хүртэл тив дэлхийн 24 үзэсгэлэнд цуглуулгаараа оролцож 30 шахам медаль авсан. Олонхи нь мөнгө, мөнгөлсөн хүрэл медаль байдаг.

-Ямар сэдвээр цуглуудаг вэ?
-Надад их олон марк бий. Гэхдээ яг сэдэвчилж цуглуулсан нь хоёр төрөл. Интеркосмос болон олон улсын үндэсний хувцас дизайны сэдэвтэй маркуудаараа үзэсгэлэнд оролцдог. Марк цуглуулагчид  ихэвчлэн сэдэвчилж цуглуулдаг л даа.

-Олон улсын үзэсгэлэн их өргөн болдог байх даа?
-Тэгэлгүй яахав. Маш том арга хэмжээ. Дэлхийн феладелийн үзэсгэлэнд гэхэд оролцож байгаа бүх улсын шуудангийн байгууллагаас албаны хүн оролцдог. Мэдээж марк цуглуулдаг хэдэн ч хүн орж болно. Тэр утгаараа оролцогчдын тоо нь гэхэд л саяар тоологдоно. Үүнээс гадна маш их хүн үзэж сонирхдог.

-Та ямар мэргэжилтэй хаана ажилладаг вэ. Таны хобби өнөөгийн ажил мэргэжилтэй чинь холбоотой юу ?
-Би Бээжинд олон улсын харилцаа, дипломатч мэргэжлээр төгссөн. Одоо Шанхай дахь консулын газарт ажилладаг. Маркнаас гадна зоосон болон цаасан мөнгийг багаасаа цуглуулж ирсэн. Бүжиглэх, зураг зурах гээд юм юм сонирхдог, гэр бүлийнхэн маань ч их дэмждэг байсан. Тиймээс өнөөдөр хийж буй ажилд маань биш ч гэлээ олж авсан боловсролд маань үнэтэй хувь нэмэр оруулсан, салашгүй холбоотой гэж боддог.

-Марк цуглуулах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Маш их ач холбогдолтой. Их нямбай бас их тэсвэр тэвчээртэй болдог юм шиг санагдсан. Наад зах нь соёл, түүхийн гээд олон талын мэдлэг өгднө. Үл хөдлөх хөрөнгө гэдэг шиг миний хамгийн гол өв хөрөнгө маань энэ шүү дээ. Жил ирэх тусам л үнэ нь өснө үү гэхээс буурахгүй ховор нандин эд.

-Хэр олон марктай вэ?
-Яг төдөн мянга гээд хэлэх хэцүү.  Энэ үзэсгэлэнд таван самбар бүхий 80 хуудас цуглуулга тавьсан.

-Аль маркандаа хамгийн их хайртай вэ?
-Монголын анхны сансарын нисгэгч Гүррагчаа баатар надад бэлэглэж байсан Ю.Цэдэнбал даргын зурагтай дугтуй миний хувьд хамгийн нандин. Энэ дугтуйнд дарагдсан тамга нь гэхэд агаар мандалд буюу зөвхөн огторгуйд дарагддаг юм билээ. Солют 6 хөлөгт огторгуйд дарагдсан тамгатай дөрвөн сансарын нисгэгчийн гарын үсэгтэй энэ дугтуй мөнгөөр үнэлэшгүй юм. Мөн надад Гүрагчаа баатарын сансарт нисэхийнхээ өмнө хийлгэсэн зүрхний бичлэг нь байдаг. Цуглуулга бол цогц байх ёстой. Тэр утгаараа маркнаас гадна дугтуй, энэ зүрхний бичлэг үзэсгэлэнг маань чимдэг юм.

-Харилцаа холбоо хөгжихийн хэрээр шуудангаар захиа илгээх нь ховордсон. Үүний  адил марк цуглуулах  хүний тоо ч цөөрч байгаа байх?
-Одоо захиа бичих шаардлагагүй болсон. Гэхдээ үүнээс шалтгаалахгүйгээр марк цуглуулагчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. марк бол хоббины хаан. Хятадад гэхэд феладелийн холбоо нь 20 сая гишүүнтэй. Харин манай улс 100 гаруй гишүүнтэй. Жил ирэх тусам гишүүдийн тоо нэмэгдэж байгаа. 90 жилийн ойн үзэсгэлэн хүмүүст марк цуглуулах хүсэл төрүүлэх байх.

-Марк цуглуулахыг хүссэн хүнд юу гэж зөвлөх вэ?
-Сэдэвчилж цуглуулах нь үр дүнтэй бас сонирхолтой. Түүгээрээ үзэсгэлэнд оролцсон ч болно шүү дээ. Намайг тив дэлхийн үзэсгэлэнд оролцож байх үед их сонин сонин сэдэвтэй цуглуулга их байсан. Жишээ нь “инээмсэглэл”, “сахал” гэхчлэн. Ийм содон сэдэвтэй ховор маркууд дандаа алтан медаль хүртдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан