Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махны бөөний болон жижиглэнгийн үнэ кг тутамд 3000 төгрөгийн зөрүүтэй байна


Мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Бямба гаригийн 12:00 цагийн үед “Хүчит шонхор” захаар хөл хөдөлгөөн их. Захын эргэн тойронд машин дүүрчээ. Орж гарч байгаа жолооч нар өөр хоорондоо муудалцах нь энүүхэнд. Захын үүдээр автомашин орвол 1000 төгрөгийн хураамж төлөх аж. Жилийн жилд эмх замбараагүй бохир заваанаар дуудагддаг “Хүчин шонхор” өнгө засчээ. Гадаа байдаг лангууныхаа дотор халаалттай тохилог байранд оруулж. Ингээд махны үнэ ханшийг сонирхлоо. Килограмм үхрийн цул мах 8000 төгрөг, хонины мах 6500, адууных 5900 төгрөгөөр борлуулж байв. Энэ бол жижиглэнгийн үнэ. Харин бөөний үнэ нь үхрийн мах килограмм нь 5000, хониных 4500 төгрөг байв. Ингэхдээ гулуузаар нь, эсвэл өрөөлөөр нь  худалдана гэх. Харин жижиглэнгээр бол ямар ч мах зарахгүй хэмээн худалдагч сануулав. Үхрийн махыг килограммыг нь 5000 төгрөгөөр авья гэвэл заавал өрөөлөөр нь авах хэрэгтэй болно. Энэ нь 400000 төгрөг болох нь. Өрөөл үхрийн мах дунджаар 80-90 килограмм байгаа аж.

Махны ченжүүд “Идэшний үе учраас махны үнэ тогтвортой байна. Энэ үед нь жаахан мах аваад нөөцлөх хэрэгтэй шүү. Ирэх долоо хоногоос л үнэ нь нэмэгдчихнэ. Тэгээд нэгдүгээр сар гараад ирэхээр иргэдийн хэлээд тэнгэрт хадна даа” хэмээн сануулж байв. Үнэхээр ч баяр дөхөөд ирэхээр махны үнэ автоматаар нэмэгддэг нь жам ёсны зүйл шахуу. Цааш алхан дараагийн машин дээр очвол дээрхтэй адил үнэ хэлэх ч худалдагч залуу “Хэдэн төгрөгт мах авах гэж байгаа юм бэ. Сайн яриад өгнө шүү. Ороод ир” хэмээн машиндаа дуудаад килограммыг нь 4300 төгрөгт бодоод ав. Ингэж хямдхан өгөх мах олдохгүй шүү. Цаадуул чинь мэдвэл надад уурлана” хэмээн сэм хэлж, ятгав. Хүйтний улиралд гадуур ханиад томуу, томуу төст өвчин элбэг байгаа учраас адууны махны борлуулалт нэмэгдсэн гэдгийг худалдагч хэлсэн.
Тус захад махны бөөний болон жижиглэнгийн үнийн хооронд кг тутамд 2000-3000 төгрөгийн зөрүү гарч байлаа. Ингээд бодохоор махаа бөөнд нь  авах ёстой мэт. Гэвч нэг удаадаа 400-500 мянган төгрөгөөр мах авах боломжтой айл өрх цөөн.

Будаа килограммдаа хүрэхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна

Махны тасгаас гарч бөөний гурил, будааны тасгаар орлоо. Иргэд завгүй ажил төрөлтэй нь холбоотой болоод ч тэр үү гурил гэхээсээ илүү будаа, гоймон авах нь ихэссэн талаар худалдагч бүсгүй хэлсэн. Цагаан будаа орос бол килограмм нь 2300 төгрөг бол, япон 2500, хятад нь 2200 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн иргэд дан цагаан будаа гэхээсээ илүү гурвалжин болон хөц будааг хэрэглэх нь нэмэгдсэн аж. Эдгээр будааг ч Орос, Япон гээд төрөл бүрээр нь дэлгэн тавьжээ. Үнийн хувьд цагаан будаанаас харьцангуй хямдаар буюу килограмм нь 2000 төгрөг өөр борлуулж байна. Мөн 2000 төгрөгөөр цагаан гэхээсээ илүү хар шороотой гэмээр будаа зарж байгаа ч харагдах. Ийн явж байх зуур бөөний буюу шуудай­тай будаа килограммдаа хүрэхгүй байгаа талаар нэгэн иргэн гомдол­лож зогсов. Тэрээр өөрийгөө Наран­цэцэг хэмээн танилцуулаад “Ма­найх дэлгүүр ажиллуулдаг. Би тавдугаар лангуунаас 25 килог­рам­мын будаа худалдан авсан. Тэ­гээд килограммлаад зарсан чинь 24 хүрэхтэй үгүйтэй байсан. Хоёр ч удаа ийм зүйл тохиолдож бай­на. Худалдагч нар болохоор сав­лаад ирдэг будаа, бидэнд ха­маа­гүй гэх юм” хэмээн нэлээд бу­хим­дангуй ярьж байлаа. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн будаа, гоймон килог­рамм­даа хүрэхгүй ирэх болсон талаар зарим худалдагч баталсан. Гэхдээ  импортын барааг дутуу савлаад байна уу аль эсвэл манай худалдагч нар ажиллаад байна уу гэдгийг шалгадаг байгууллага нь тогтоогоод өгөх биз. Мөн ам.доллар, юанийн өсөлттэй холбоотой импортын барааны үнэ өсч, будаа, элсэн чихрийн үнэ нь нэмэгдсэн, дээр нь килограммдаа хүрэхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нь илт.

Арвин ургац авсан ч үнэтэй ногоо идсээр

Хүнсний ногооны тасгаар ороход махны лангуунуудыг бодвол хөл хөдөлгөөн харьцангуй бага. Монгол төмс килограмм нь 1000 төгрөг бол голланд сортын монгол төмсийг 800 төгрөгөөр борлуулж байлаа. Харин бөөнд нь буюу нэг шуудайгаас дээш авах бол килограмм тутамд нь 50 төгрөг татна гэв. Байцаа килограмм нь 800, манжин 900, лууван 800, сонгино монгол нь 1000, хятад нь 800 төгрөг аж. Намрын үнээс хэд дахин нэмэгдсэн харагдлаа. Худалдагч нарын хувьд үнийн өсөлтийг бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, хүйтэн болсонтой холбон тайлбарлав. Манай улс энэ жил 165,6 мянган тонн төмс, 90,3 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь сүүлийн 20 жилд тохиолдоогүй арвин ургац хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байгаа. Гэтэл бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө дагаад үнэтэй ногоо идэх нь. Уг нь дотооддоо тарьж ургуулсан хүнсний ногоонд доллар, юанийн өсөлт нөлөөлөх нь юу л бол...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан