Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан хувьсгалын товчоон


• 1990.4.27-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаалд оролцогчид, эрх баригчдын шийдвэрээр Засгийн газрын ордныг хамгаалж байсан цэргүүд  мөргөлдөхөд  хэдхэн алхам, хэдхэн хором дутуу байсан юм.


• 1989 оны арваннэгдүгээр сарын 27-28. Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Д.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэх эхлэл болов.

• 1989.12.07. Ховдын багшийн дээд сургуулийн хэсэг оюутнуудын цуглаан болов.Оюутнууд өргөн барих бичигтээ өөрчлөн байгуулалтыг хурдасгаж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоог эрс шинэчлэхийг шаардсан боловч МАХН-д итгэл хүлээлгэж буйгаа мэдэгдээд Хувьсгал хөгжил дэвшлийн баталгаа МАХН мандтугай! гэж өндөрлөжээ.  

• 1989.12.09. Улс төрийн клуб, бүлгэмүүд нэгдэж, цоо шинэ улс төр-олон нийтийн байгуулага болох Монголын Ардчилсан Холбоог байгуулж, тайван замаар Ардчилсан хувьсгал хийх  стратеги зорилгоо тодорхойлов. МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүнээр С.Амарсанаа, Э.Бат-Үүл, Б.Билэгт, Д.Баасан, С.Зориг, Л.Нямсүрэн, Д.Нинж, Д.Сорсорбарам, Д.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, В.Энхболд, Б.Энхтүвшин, Д.Энхбаатар, Г.Бошигт, Ч.Энхээ нарыг сонгожээ.   

• 1989.12.10. МоАХ анхны цуглаанаа хийж, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, эрх баригч МАХН-ын Төв Хороонд гаргасан өргөн барих бичигтээ олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхаглав.

• 1989.12.17. МоАХ өргөн барьсан бичгийнхээ хариуг шаардаж, хоёр дах цуглаанаа хийхэд 2000 гаруй хүн оролцов. Цуглааны дараа МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөл хуралдаж, МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгов.

• 1989 оны арванхоёрдугаар сарын 22. Баасан гараг. МоАХ-ны анхны цуглааныг эрх баригчид үл тоомсорлосон бол хоёр дахь цуглааны дараа БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов “хөдөлмөрчдийг хүлээн авах байранд бидэнтэй уулзана” гэж С.Зоригт хэл хүргүүлж уулзахдаа олон нийтийн байгууллага байгуулахдаа Үндсэн хуульд заасныг баримтлах ёстой гэж мэдэгдэв.

• 1989.12.28. Ардчилсан Социалист Хөдөлгөөн байгуулагдав.

• 1990.01.14. МоАХ  өргөн барьсан бичгийнхээ хариуг шаардаж гуравдахь цуглаанаа зохион байгуулав. Цуглаанд 10 000 гаруй хүн оролцов.

• 1990.01.19. МАХН-ын Төв Хорооны УТТ-ны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны I нарийн бичгийн дарга Б.Лантуу, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов, БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд, дэслэгч генерал А.Жамсранжав, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга С.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын дарга, хурандаа Ж.Хурцгэрэл, “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгч Ц.Мөнхжаргал нар МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн С.Зориг, Д.Нинж, Б.Энхтүвшин, Д.Баасан, Н.Нямгарав, Ц.Элбэгдорж, С.Амарсанаа нартай уулзаж, МоАХ-ноос өргөн барьсан бичгийн талаар байр сууриа илэрхийллээ.  Уулзалтыг орон даяар радио, телевизээр шууд дамжуулав. 

• 1990.01.21.Улаанбаатар хотын АДХГЗ-наас цуглаан хийх зөвшөөрөл өгөөгүй ч МоАХ 4 дэх цуглаанаа Сүхбаатарын талбайд хийж  20 гаруй мянган хүн оролцов.
 
• 1990.02.11. Өргөн барих бичигтээ тодорхой хариу аваагүй учир МоАХ-ны 5 дах цуглаанд 30 000 гаруй хүн оролцож, МоАХ-ны шаардлагуудыг дэмжив.

• 1990.02.08. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх-д Ардчилсан Социалист Хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий “Ил захидал” илгээв.

• 1990.02.17. “Эвийн холбоо” ба “Шинэ дэвшилт хөдөлгөөн” нэгдэж “Шинэ дэвшилт холбоо” байгуулагдав.

• 1990.02.18.  МоАХ-ны Анхдугаар их хурал болж, улс төрийн илтгэл, сүсэг бишрэлийн эрх чөлөө, хуулийн шинэчлэл зэрэг илтгэл тавьж, дүрэм, мөрийн хөтөлбөрөө танилцуулснаас гадна уг их хурал дээр Монголын Ардчилсан Нам байгуулагдсанаа зарласан нь олон намын тогтолцооны эхлэлийг тавив. Энэ өдөр мөн МоАХ чөлөөт сонин “Шинэ Толь” сонины анхны дугаарыг хэвлэж, анхдугаар их хурлын төлөөлөгчдөд тарааж өгөв.

• МоАХ, АСХ, ШДХ, МОХ хамтран НАХЯ, БХЯ-ны бие бүрэлдэхүүнд хандаж ард түмнийхээ эсрэг зэвсэг, хүч хэрэглэхгүй байхыг уриалав.   

• 1990.3.02. Монголын Социал Демократ нам байгуулагдсан тухайгаа зарлав.

• 1990.3.03. Монголын Оюутны Холбооны онц их хурал болж “Оюутны эрхийн түгээмэл тунхагийг” батлав.

• 1990.3.04. МоАХ, АСХ, ШДХ, МОХ хамтран 100 мянган хүн оролцсон цуглаан, сүрт жагсаал зохион байгуулж, эрх баригчдад шаардлага тавив.

• 1990.3.7-9. МоАХ-ны гишүүдийн Улс төрийн өлсгөлөн зарлах тэмцэл: -Монгол орон даяар жагсаал цуглаан өрнөв. Их дээд сургуулиудад анхны хичээл хаялтыг зохион байгуулав, улс төрийн өлсгөлөн зарлагчид МАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардав.

• 1990.3.08. МАХН-аас онц байдал тогтоох тухай тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцэх санал гаргав.

1990.03.09 Улс төрийн өлсгөлөн зарлагчдаас төр засгийн удирдлагатай яриа хэлэлцээ хийсний дараа МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх ард түмэндээ хандаж “МАХН-ын УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох” болсныг мэдэгдэв. Яриа хэлэлцээний үр дүнд энэ асуудлыг удахгүй болох МАХН-ын Төв Хорооны Бүгд хуралд оруулж батлах, МАХН-ын онц их хурлыг төл хүлээн авах кампанит ажил дуусаны дараа аль болох түргэн хугацаанд хуралдуулах; БНМАУ-ын АИХ-ын чуулганаар “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг хэлэлцэн батлах;БНМАУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан, хэрээс хэтэрсэн их эрх дархаасаа татгалзах саналыг МАХН өөрийн санаачлагаар АИХ-ын чуулганд оруулах тохиролцоонд хүрч 22 цагт улс төрийн өлсгөлөн зогсов.

• 1990.3.10 Улс төрийн нам хүчнүүд Хамтарсан тунхаглал гаргав.

• 1990.3.11. Монголын Үндэсний Дэвшлийн нам байгуулагдсанаа зарлав.

• 1990.3.12. Монголын Чөлөөт Хөдөлмөрийн нам байгуулагдсанаа зарлав.

• 1990.3.12-14. МАХН-ын Төв Хорооны  VIII Бүгд хурал болж, Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намынхаа онц их хурлыг 4 дүгээр сарын 10-нд хуралдуулахаар болов.   

• 1990.3.21-23. БНМАУ-ын АИХ-ын ээлжит бус VIII чуулган хуралдаж, Үндсэн хуулиас: “БНМАУ-ын төр нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгосон МАХН мөн” гэсэн заалтыг хасав. Түүнчлэн, уг чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “...ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн мөрийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх” эрхтэй гэсэн шинэ заалт нэмж баталжээ. 

• 1990.3 сарын 28-аас 4 сарын 8-нд шинээр байгуулагдсан МСДН, МЧХН, МоАН, их хурлуудаg хийж, дарга нараа сонгов. МоАН-ын даргаар Э.Бат-Үүл, МСДН-ын даргаар Б.Батбаяр, МЧХН-ын даргаар Х.Маам сонгогдов.

• 1990 оны 4 дүгээр сарын 7-нд төр засгийн хяналтаас чөлөөтэй анхны хэвлэл “Ардчилал” сонин 100 мянган хувиар хэвлэгдэн гарснаар хэвлэлийн эрх чөлөө бодит байдал болж, чөлөөт хэвлэлийн үндэс суурь тавигдав. Араас нь төр засгаас хараат бус анхны чөлөөт хэвлэлүүд болох “Үг”, “Үндэсний дэвшил”, “Шинэ Толь” сонин гарч эхлэв.

• 1990.4. 10.МАХН-ын Онц их хурал хуралдаж Төв Хорооны Улс төрийн товчоо огцров.

• 1990.4.15. МоАХ, АСХ, ШДХ, МоАН,МСДН, МҮДН-ын удирдагчид парламентын сонгуульд хамтран оролцох зорилго бүхий Ардчилсан хүч­ний эвсэл байгуулах ту­хай гэрээнд гарын үсэг зурав.
  
• 1990.4.24. МоАХ, МоАН-аас БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдэд хандаж тулган шаардах бичиг гаргав.

• 1990.4.28. МоАХ, АСХ, ШДХ, МОХ-д НАХЯ, БХЯ-ны нийт бүрэлдэхүүнд “ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг” уриалав.

• 1990.4.27. Засгийн газрын ордны өмнө хийсэн цуглаан. Засгийн газар ордноо цэргээр хамгаалуулав.

• 1990.4.28. Хөвсгөл аймагт МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүдийг баривчилсныг эсэргүүцсэн улс төрийн өлсгөлөн зарлах тэмцэл, түүнийг дэмжиж улс орон даяар өрнөсөн эсэргүүцэл эхлэв.

• МоАХ-ны салбар зөвлөлүүд Сүхбаатар, Ховд, Дархан, Эрдэнэт, Багануур, Сэлэнгэ, Зүүнхараа, Шарын гол, Хэнтий, Өвөрхангай, Хэнтийн Батширээт, Булган, Дорнод, Завхан, Завханы Тосонцэнгэл, Дорноговийн Чойр зэрэг олон аймаг, хот сумын төвүүдэд цуглаан, суугаа эсэргүүцэл зохион байгуулж эхлэв. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар болон Дархан хотод МоАХ, МоАН-ын гишүүд улс төрийн өлсгөлөн зарлаад эхэлчихжээ. Улсын Багшийн Дээд Сургууль, Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль, Орос хэлний Багшийн Дээд Сургууль, Ховд аймаг дахь Улсын Багшийн Дээд Сургуулийн оюутнууд хичээл хаяж суугаа эсэргүүцэлд нэгджээ. 
     
• 1990.5.04 МАХН, МоАН, МСДН, МҮДН, МЧХН, МОХ, МХЗЭ болон БНМАУ-ын АИХ-ыг төлөөлж Тэргүүлэгч гишүүн Б.Чимид оролцсон яриа хэлэлцээр болж харилцан зөвшилцөлд хүрэв. МоАХ, МоАН-ын улс төрийн өлсгөлөн зарласан гишүүд Ард Түмний Онц Зөвлөл байгуулах шаардлагаа татан авч, АИХ-ын Тэргүүлэгчид 86 дугаар зарлигийнхаа зарим заалтыг хүчингүй болгож, Мөрөн хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан баривчлах, торгох тогтоолыг хүчингүй болгох тохиролцоонд хүрчээ.

• 5 дугаар сарын 10-нд болох АИХ-ын чуулганаар Намуудын тухай хуулийг баталж, 18-20 насны залуучуудын сонгогдох эрхийг сэргээх зөвшилцөлд хүрэв. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дэргэд бүх намуудыг оролцуулсан Улс төрийн зөвлөлдөх зөвлөл байгуулав. Сонгуульд шинээр бүртгэгдсэн бүх намуудыг оролцуулах, Ардын түр хурлын оронд Улсын Бага Хурал байгуулах, сонгуулийн комиссын бүрэлдэхүүн зэрэг хэд хэдэн асуудлаар улс төрийн намууд зөвшилд хүрсэн байна.

• 1990.5.4-10 -нд хуралдсан БНМАУ-ын АИХ-ын 9 дүгээр чуулган чөлөөт, ардчилсан сонгууль хийхэд саад учруулж байсан “Үндсэн хуулийн” заалтыг  өөрчилж шинэ хуулиуд батлав. Тухайлбал, БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж “Ардын Хурлын депутатаар 23 насанд хүрсэн БНМАУ-ын иргэд сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг хаслаа. Түүнчлэн “Улс төрийн намуудын тухай хууль”, БНМАУ-ын Ардын Их хурал, БНМАУ-ын Улсын Бага Хурал, БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн шинэ бүлгүүдтэй “Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” батлав. Намуудын хууль батлагдсантай холбогдуулан МАХН үйлдвэр, албан газрууд дахь хороодоо, МоАХ салбар зөвлөлүүдээ татан буулгав.

• 1990.5.13 –нд МҮДН-ын анхдугаар Их хурал болж намын даргаар Д.Ганболдыг сонгов.

• Дээд шүүх намуудыг дараах дарааллаар бүртгэж авав. 5 сарын 16-нд МАХН, 22-нд МҮДН, 23-нд МЧХН, 24-нд МоАН, 25-нд МСДН, 26-нд МНН -ыг тус тус бүртгэв. 

• 1990.7.01. Монголын шашинтны ардчилсан нам байгуулагдсан тухай зарлав. 

• 1990.7.22-29. БНМАУ-ын АИХ-ыг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгууль болов. Нийт сонгогчдын 61,74 хувь нь МАХН-г дэмжсэн дүн гарч Улсын Бага Хуралд МАХН 31, МоАН 13, МҮДН, МСДН, тус бүр гурван суудалтай болов.  

• 1990.9.03-09. БНМАУ-ын АИХ –ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгов. Дэд Ерөнхийлөгчөөр Р.Гончигдоржийг сонгов. АИХ-ын 12 удаагийн сонгуулийн анхдугаар чуулган байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлыг байгуулав. Чуулганаас БНМАУ-ын Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг батлав. МҮАН-аас Д.Ганболд тэргүүн Шадар сайд, МоАН-аас Д.Дорлигжав шадар сайдаар томилогдов.  

• 1991. Монголчууд гадаадад чөлөөтэй зорчдог болов.

• 1991 оны 6.07. УБХ “Өмч хувьчлах тухай хууль” баталснаар улсын мэдэлд байсан өмчийг хувьчилж эхэлллээ. Энэ ажлын хүрээнд цэнхэр тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр үйлдвэрийн газруудыг, бага хувьчлал буюу ягаан тасалбараар худалдаа нийтийн хоол, үйлчилгээний бусад цэг салбар жижиг цехийг хувьчилж, хөдөө аж ахуйн нэгдлийн хувьчлалаар малыг малчдад буцаан олгосноор нэгдлүүд таржээ.  

• 1992.01.13. БНМАУ-ын АИХ-ын чуулган 70 хоног хуралдаж шинэ Үндсэн Хуулиа баталж улсынхаа нэрийг МОНГОЛ УЛС  болгов. Монголд хүний эрх улс төр, эдийн засаг, оюун  санааны эрх чөлөөг шинэ ардчилсан үндсэн хуулиар тунхаглав. Монгол дахь Ардчилсан хувьсгал ийнхүү тайван замаар  ялалтанд хүрч бүх ард түмний сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож, эвслийн Засгийн газар байгуулснаар нийгмийн тогтолцоогоо бүхэлд нь халж ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үе эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан