Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баяр эхэллээ


Ардчилсан хувьсгалд оролцсон хэдэн зуун хүн арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар паласын их танхимд цугларан 25 жилийн ойдоо хүрч буй хувьсгалын үнэ цэнийг эргэн дурсав. Намын дарга З.Энхболд, шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар үг хэлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордноос мэндчилгээ илгээлээ.

1989 оны ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч болсон дөрвөн холбооны төлөөлөл илтгэл тавьсан юм. Монголын оюутны холбооны анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Болд илтгэлдээ “Хувьсгалын гол зүтгүүр нь Ардчилсан холбоо байж, улс төрийн эрх мэдлийг ард түмэнд өгөхийг шаардаж байсан бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө Социал-демократууд, эдийн засгийн эрх чөлөөг шаардаж Шинэ дэвшилт холбоо хувьсгалд оролцсон” байна. Эдгээрийг хувьсгалын эр зориг, хүч чадал, оюун ухаан гэж зүйрлэвэл тээгч бие махбод нь Монголын оюутны холбоо хэмээн итгэлтэй хэллээ.

Дээрх баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт тоглосон. Ардчилсан хувьсгалын ойн баярыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг “Бүтэн жилийн турш тэмдэглэх Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна” хэмээн мэдэгдлээ. Баярын өдрийн хүрээнд морин цагт эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёсолж, “Монголын ардчилсан хувьсгал 25 жил” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Ардчиллах үйл явц, хөгжлийн талаар, үнэт зүйлс, өөрчлөлт төлөвшлийн асуудлаар эрдэмтэн, судлаач, улстөрчид илтгэл хэлэлцүүлсэн. Мөн монгол залуучуудын ардчиллын ойлголт, төсөөлөлд гарсан өөрчлөлтийг ч тандсан байна. Баярын өдрийн өөр нэг чухал арга хэмжээ нь ардчиллын дууч С.Цогтсайханы хөшөөний нээлт байсан. “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор”, “Цаасан малгай” зэрэг ардчилсан хувьсгалын философи болсон утга агуулгатай дуугаар 25 жилийн өмнө монголчуудыг сэрээж явсан С.Цогтсайханы хөшөөг Баянгол дүүрэгт “Ардчиллын өндөрлөг” хэмээн цогцолборт сүндэрлүүлэв.
2000 онд ардчилсан үзэлтэй намууд нэгдэж, Ардчилсан нам байгуулсны 14 жилийн ой мөн өдөр давхацсан юм. Ардчилсан хувьсгал, намын үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан гэж үнэлэгдсэн хүмүүсийг намын дээд шагнал “Чингис”-ийн одонгоор шагналаа. Үүнд, намын экс дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Л.Болд, Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар нар багтаж алтан гэрэгэ гардсан.
Баярын хуралд тавьсан илтгэлээс хүргэж байна.


З.ЭНХБОЛД: Монголын эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл нь үйлдвэржилт


Юуны өмнө Ардчилсан намын гишүүд дэмжигчид, Монголын нийт ард түмэндээ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр та бид нэгэн агуу түүхийг эргэн дурсахаар цуглаад байна. Хорин таван жилийн өмнө буюу 1989 оны энэ өдрүүдэд одоогийн хүүхэд залуучуудын ордны өмнө Цогтсайхан, Энхбаяр нарын “хонхны дуу” цангинаж, “Монголын ардчилсан холбоо”-ны Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй залуучууд анхныхаа цуглааныг зохион байгуулж, алс баруун хязгаар Ховдын багшийн дээд сургуулийн багш оюутны улс төрийн тэмцэл эхэлснээр Ардчилсан хувьсгалын галыг асаасан түүхтэй. Нэг намын коммунист дарангуйлал тогтсон БНМАУ-ын хувьд энэ цуглаан үнэхээр эр зоригийн, хамгийн содон цуглаан байлаа. Коммунист тогтолцооны эсрэг монголчууд эрслэн босч, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн тэр агуу тэмцлийн тугийг та бүхэн чангаас чанга атгаж, ардчилсан хувьсгалын хүчирхэг хонхны дуугаа дуулж манлайлсан билээ. Энэ бол та бидний бахархал. “Монголын ардчилсан холбоо”-ны залуучуудын дуу хоолой эрч хүчээ авч МУИС, Шинжлэх ухааны академийн физик, математикийн хүрээлэнгийн багш, эрдэмтэд гол цөм нь болсон Б.Батбаярын удирдсан “Ардчилсан социалист хөдөлгөөн”, Политехникийн дээд сургуулийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимийн багш Д.Батсүхийн тэргүүлсэн эдийн засагчид гол цөм нь болсон “Шинэ дэвшилт холбоо” үүсэн байгуулагдаж, “Монголын оюутны холбоо” ардчилсан хувьсгалын тугийг атгалцсанаар улс төрийн тэмцэл дээд цэгтээ хүрсэн юм. Энэхүү баярын хурал дээр Ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч болсон “Монголын ардчилсан холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын оюутны холбоо”-ны төлөөлөл хавсралт илтгэлийг тавих учраас миний бие Ардчилсан намын даргын хувьд цаашдын бодлогын асуудлаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байна.

1990 онд Монголын Ард­чил­­сан нам, Монголын Социал демократ нам, Монголын Үндэсний дэвшлийн нам, Монголын Чөлөөт Хөдөлмө­рийн нам зохион байгуулагдаж монголд олон намын тогтолцоо бодитойгоор бий болсон. 1991 онд Монголын Сэргэн Мандлын Нам, Бүгд Найрамдах Нам, 1992 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандалын Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Ногоон Нам, Монголын Шашинт­ны Ардчилсан Нам, 2000 онд Монголын Ард­чилсан Нам, Иргэний Зориг Нам үүсэн байгуулагдав. Ардчилсан үзэлтэй эдгээр нам нь монгол оронд ардчилсан нийгмийн суурь тавих, олон намын тогтолцоог бодитоор бий болгох, чөлөөт сонгууль амжилттай явуулах, шинэ нийгмийн харилцааны тухай улс төрийн боловсролыг иргэдэд хүргэх талаар онцгой гавьяа байгуулсан төдийгүй өнөөдрийн Ардчилсан намын үндэс суурийг тавьсан юм. Хэдийгээр бид олон намын тогтолцоог бий болгосон хэдий ч хоорондоо өрсөлдөж бүх шатны сонгуульд ялалт байгуулах боломжоо алдаж байлаа. Тийм ч учраас 2000 оны УИХ-ын сонгуульд ганц суудалтай хоцорсон ардчилсан хүчний намууд бодит байдалд улс төрийн дүгнэлт хийж 12 дугаар сарын 06-ны өдөр МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж АРДЧИЛСАН НАМ байгуулсан өдөр тохиож байна. Ардчилсан нам байгуулагдсаны 14 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Ардчилсан нам өнгөрсөн 25 жилийн хугацаанд салж бутарч, нэгдэж нийлж, ялж ялагдаж явсаар өнөөдөр ардчиллын төлөө олон намуудыг эгнээндээ нэгтгэсэн, Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг хүлээж төрийн эрхийг барьж, хариуцлага хүлээх чадвартай хүчирхэг улс төрийн хүчин болж чадлаа. Эрийн цээнд хүрэхдээ улс төрийн олон дарамт шахалттай тулгарсан ч Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Та бид улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, шинэ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж олон арван үнэт зүйл бий болгосон. Тухайлбал, Монгол Улс жинхэнэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, Монголын ард түмэн улс орныхоо жинхэнэ бүрэн эрхт эзэн боллоо. Нэг намын дарангуйллыг устгаж, олон намын тогтолцоонд шилжлээ. Монгол Улс дэлхийд нээлттэй орон болж, монгол хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажлаа. Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувир­лаа. Монгол хүн шашин шүтэх эрхээр хангагдаж, сүм хийд сэргэлээ. Монгол хүн дэлхийн улс гүрнүүдэд чөлөөтэй зор­чих, сурч боловсрох, ажил­лаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдлаа. Хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, Монголд хэвлэл мэдээллийн орчин үеийн тогтолцоо иж бүрнээр бий боллоо. Хүн бүр хүссэн боловсрол, мэргэжлээ эзэмших таатай орчин бүрдлээ. Төрийн эрх 1996 онд анх удаа нэг улс төрийн хүчнээс нөгөөд тайван замаар шилжсэнээр Монголын ард түмний чөлөөт ардчилсан сонголт биелэлээ оллоо. Энэ бүх үнэт зүйлээ баталгаажуулахын төлөө Ардчилсан нам зүтгэж байна. Хэдхэн тоо хэлье. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол өнгөрсөн 24 жилд 20 дахин өссөн байна. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 100 тэрбум төгрөг байсан бол 2015 оны төсөвт энэ үзүүлэлт 7670 тэрбум төгрөг болсон байна. Малын тоо толгой 1990 он хүртэл хэзээ ч 25 саяд хүрч байгаагүй бол 2014 онд 59,2 сая толгойд хүрээд байна. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол арилжааны 17 банктай болжээ. Хүн амын тоо 3 саяд хүрч монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд 7 жилээр нэмэгдэж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, эрэгтэйнх 68 боллоо. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 415 сая төгрөг байсан бол 2015 онд энэ тоо 516 тэрбумаар төсөвлөгдөж байна. 7 дээд сургуультай 16000 оюутантай байсан өнөөдөр 150 орчим дээд сургуультай гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200,000 орчим оюутантай болж. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсан бол одоо автомашины тоо өрхийн тоотойгоо тэнцэж байна.

Бид зорилгоо “Эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмч, үндэсний хөгжлийг эрхэмлэнэ” хэмээн намын дүрэмдээ тодорхойлсон. Хэрэв бидний 25 жилийн түүхийг сайтар нягталбал энэ үнэт зүйлсийнхээ төлөөх тэмцэл байсан гэдгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрнө. Бид эх орноороо, монгол хүн гэдгээрээ, 2200 гаруй жилийн түүхтэй монгол төрөөрөө үргэлж бахархаж байдаг. Дэлхийн 200 гаруй улсаас Их гүрэн байгуулж дэлхийн хөгжлийг тэргүүлж, урагшлуулж байсан улс гэвэл гарын таван хуруунаас хэтрэхгүй. Тэдний нэг Монголын төрт ёсны уламжлал өнө эртний түүхтэй. Та бүхэн ч анзаарсан байх. Дэлхийн түүхийн нэлээд хэсэг нь Монголын түүх байдаг. Өвөг дээдсийн минь бичиж үлдээсэн түүх өнөө цагт улам арвижин баяжиж байна. Тэр дундаа өнөөдөр Ардчилсан нам төрийн эрх барьж байгаа нь ард түмэн, эх түүхийнхээ өмнө хүлээсэн асар өндөр үүрэг, хариуцлага гэж ойлгож байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн нэгдсэн зөв бодлогогүйгээс өнгөрсөн 25 жилд салбар хоорондын уялдаа холбоо муутай салангид бодлого давамгайлж хөгжлийн тулгамдсан асуудлаа бодитой шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөө­рөх хэрэгтэй. Үүний уршгаар улс төрийн сонгууль бүхэнд намууд элдэв популист амлалтаар ард түмнээ хуурч эргээд түүндээ бүдэрч улс оныхоо хөгжлийн эрч хүчийг сааруулж байна. Ардчилсан нам улс төрийн намууд аливаа сонгуульд орохдоо популист амлалтаар бус тухайн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаараа уралддаг болохыг зорьж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ойрын хугацаанд сайтар боловсруулсан урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулна. Үйлдвэржилт бол Монгол Улсын эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл гэж үзэж байна. Бид төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш гээд маш их баялгийг боловс­руулахгүйгээр гадаад орнууд руу экспортлож бай­на. Энэ болгоныг үйлдвэр болгож чадах юм бол хүнд үйлдвэрээс салбарласан олон үйлдвэрүүдийг монголд бай­­гуулж олон хүнийг ажил­тай болгоно. Тиймээс үйлдвэр­жилтийн бодлого Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний зорилт болж байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, нийгмийн хариуцлага хүлээж чаддаг уул уурхайг хэлж байгаа юм.
Монгол хүн эх орондоо сайхан амьдарч, Монгол Улс хөгжих ёстой. Ардчиллын эцсийн үр дүн гэхээр нэг юманд тулж зогсох ёстой юм шиг боддог хүмүүс олон байдаг. Товчоор хэлэхэд, ардчилал бол нэг өдөр хүрэх зорилго биш та бидний улсаа хэрхэн авч явах хөгжүүлэх, эцэс төгсгөлгүй үйл явц. Үүнд эцэс төгсгөл гэж үгүй.
Эрхэм журмын нөхөд өө,
Өнөөдөр бид ойн баяраа тэмдэглэж, баярын хурал хийж байгаа нь урлагийн тогтолт үзээд тарах арга хэмжээ бус, харин бид өөрсдийн үзэл бодлоо олон нийтэд тайлбарлаж, таниулах үйл хэрэг юм.  Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж, дүгнэж цэгнэж, цаашдаа хэрхэх талаараа ярилцах нь өөрөө ардчиллын талаар хүмүүст, ялангуяа залууст мэдээлэл өгөх боломж нээж байгаад ач холбогдол нь байгаа юм.


Ч.Сайханбилэг: Ардчилсан хувьсгал үргэлжилсээр

Өнөөгийн Хойд Солонгос улс 25-хан жилийн дараа дэлхийн ардчилсан орнуудыг даргалах болно гэвэл итгэх хүн цөөн биз. Гэхдээ үүнийг боломжтой гэдгийг Монгол Улсын түүх батлаад байна. Ардчилал гэдэг ийм л хүчтэй зүйл. Бид зургаан удаа ардчилсан сонгууль зохион байгуулахад ард түмэн Монголын нялх ардчиллыг төрөл бүрээр нь турших сонголт хийсэн. Бид гурван ч удаа төрийн бүх эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөөд нь тайван замаар шилжихийг харлаа. Нэг улс төрийн хүчин 90 хувийн саналаар ялж бараг сөрөг хүчингүй байхын зовлонг бас амссан. Аль ч улс төрийн хүчин олонх болж чадалгүй Засгийн газраа байгуулахын хэцүүг мэдэрсэн. Улс орныхоо хүндрэл бэрхшээлээс гарахын тулд парламент дахь намууд хамтран өөрсдийн хүсэл эрмэлзлээрээ хамтарсан Засгийн газар байгуулж буйг одоо бид харж байна. 25 жилийн дотор байж болох бараг бүх үр дүнг үзнэ гэдэг ховорхон завшаан.
Азийн олон орон эдийн засгийн өсөлтөө хангахын тулд улс төрийн хатуу удирдлагаар ажиллахыг сонгосон бол бид улс төр, эдийн засгаа нэгэн зэрэг хөгжүүлэх тунгалаг зам сонгосон. Өнөөдөр аливаа шийдвэр Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын ойлголцлоор, улс төрийн намуудын зөвшилцөөнөөр гардаг. Энэ нь шийдвэр гаргагчдын хувьд үзэн ядмаар зовлонтой боловч Монголын ардчиллын хувьд амь тариа, агаар ус нь юм. Ардчиллаа байнга тордож, өглөө болгон живхийг нь сольж байхгүй бол ямар хурдан өнгө нь ганддагийг бусад улсын жишээнээс бид харж байгаа. Ардчиллын дархлаа нь хүчирхэг эдийн засаг байдаг тул эдийн засгийн хүндрэлээс бид ойлголцол, шийдэл, зүтгэл гурваар л гарч чадна. Улс орноо тэргүүнд, улс төрөө хойш тавьж нэгдэн дэмжиж, нийтээрээ зүтгэхийг та бүгдээс хүсье. Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн учраас алдаа ч биднийх, оноо нь ч биднийх. Монгол Улсын хөгжлийн бүтэц нь Ардчилал юм.
Ардчилсан хувьсгал үргэлжилсээр.


Р.Гончигдорж /Ардчилсан социалист хөдөлгөөн /

Ой тэмдэглэнэ гэдэг өнөөдрийн ажил боловч өнгөрсөн үйлсийнхээ оноо алдааг цэгнэж, өрнөх цаашдынхаа ажлын зорилго, бодлогыг тодорхойлох сайхан агшин. Өнөөдрийн баяраар бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх итгэлийг бидэндээ үлдээсэн ардчилсан хувьсгалд мөр зэрэгцэн явсан андуудаа дурсахыг та бүгдээс хүсье. Ардчилсан социалист хөдөлгөөний журмын нөхдөө төлөөлж, та бүгдэд мэндчилгээ дэвшүүлж буйдаа би баяртай байна. Тэр үед бид тунхаглал гаргахдаа тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам Орост өрнөсөн “Престройка”-г адилсан дуурайсан ч өөрсдийн эрх мэдэл, ямбыг хадгалан, өнгөлсөн байдлаар хувьсгал хийх гэж буйг үгүйсгэж, жинхэнэ ардчилсан Монгол Улсын хөгжлийн үзэл санааг дэвшүүлж тавьж байсан. Бид бие биенээ түшиж, өмгөөлж, нэгдэж энэ ардчилсан хувьсгалаа амжилтад хүргэсэн.
Тэр үеийнхний маань эхлүүлсэн, энэ үеийнхэн үргэлжлүүлж буй, ирээдүй үе маань улам төгөлдөржүүлэх ардчилал, ардчиллын үнэ цэнийг Монголын ард түмэнд атгуулж чадлаа. Бид сайн сайхны төлөө хамтдаа байж чадна.


Да.Ганболд /Шинэ дэвшилтэд холбоо/

Танхимд хуран цугларсан зочид, гийчид, найз нөхдийнхөө амар амгаланг эрэн мэндчилж, ардчилсан хувьсгалын ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол шиг их түүхтэй улсын хувьд 25 жил гэдэг богино хугацаа боловч нийгмийн бүхэл бүтэн үе шинэчлэгддэг цаг хугацааг ардчилсан хувьсгал өнгөрөөжээ. Ардчилал бол ажиллаж дуусаад амарч суудаг газар юм уу цэг биш юм гэдгийг өмнөх илтгэгч нар маань тохирсон мэт давтаж хэлснийг та бүгд анзаарсан байх. Бид сурах чиглэлийг эрхэм болгож, сонгох эрхээ зөв ашиглах хэрэгтэй. Хэдийгээр социалист нийгэмд шашин шүтэх эрх хязгаарлагдаж байсан ч өнөөдөр зөвхөн бөөгийн зан үйлээр хоолоо олж иддэг 20 гаруй мянган хүн амьдарч байна. Бид сурах чиглэлийг эрхэм болгомоор байна. Сонголтоо зөв хийхийн тулд ойлголттой, мэдлэгтэй, тараасан материал, амлалт дундаас хамгийн зөвийг нь ялгаж чаддаг тийм боловсролтой болох хэрэгтэй байна. Хувьсгалын арга, тэмцлийн хэлбэр өөрчлөгдсөн хэдий ч ач холбогдол, агуулга хэвээрээ байгаа гэдгийг мартаж болохгүй. Өлзий хутгийн цаг бадран дэлгэрэх болтугай.


Л.Болд / Монголын оюутны холбоо/

Ардчилсан хувьсгалын дөрвөлсөн хөдөлгүүр МоАХ, АСХ, Шинэ дэвшилтэт холбоо, Монголын оюутны холбоо байсан. Энэ бүгдээс Монголын оюутны холбоо нь улс төрийн аль нэг талын эрх ашигт туйлширдаггүй, өргөн дэмжлэгтэй бүрэлдэхүүн гэдгийг та бүхэн мэднэ. Товчхондоо, 1989 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд монголын оюутнууд байсан. Оюутнууддаа баяр хүргэе. Монголчууд эртнээс үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй, боловсролтой хүн болоорой гэж сургаж ирсэн. Одоо ч тийм. Ардчилсан хувьсгалд оролцсон оюутнуудын дотор дарга, сайд, малчин, ажилчны гээд бүхий л давхаргын үр хүүхэд байсан. Өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийг шаардан үр хүүхдүүд нь жагсаж явсны эцэст ардчиллын ялалтын гол үр дүн нь ард түмэнд хүрсэн. Ард түмэндээ баяр хүргэе.
Өнөөдөр хувьсгалд оролцож явсан оюутнууд маань 40 нас нэлээд өнгөрсөн ч эхлүүлсэн үйл хэргээ гүйцээх гэж нийгмийн гол ачааг үүрсээр яваа. Нэр нь дурдагддаггүй тэр олон баатрууддаа, мөр зэрэгцэн тэмцэж байсан журмын нөхдөдөө баярын мэндийг онцгойлон хүргэе. Монголын үе үеийн оюутнууд мандтугай.
Тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, эх орончдодоо хандаж хоёр үг хэлье. Бидний өөрчлөлт шинэчлэл бүрэн дуусаагүй байна. Өнөөдөр хүн бүр ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж байгаагаас ялалтыг тэмдэглээгүй. Ялалт гэдэг бол төгсгөл юм. Харин энэ ой бол хувьсгал 25 дахь жилдээ үргэлжилж буйг харууллаа. Бид ялах болно, Монгол орон цэцэглэн бадрах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан