Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шар одны сэргэн мандалт


Хятад дэлхийн №1 эдийн засаг мөн үү

Уучлаарай, америкчууд аа. Дэлхийн №1 эдийн засагтай улсын иргэд нь одоо америкчууд биш хятадууд болжээ. Олон улсын валютын сангийн гаргасан тооцооллоор үзвэл шүү дээ.

Хятадыг дэлхийн №1 эдийн засагтай орон бо­л­госон тооцооллыг товчхон танилцуулбал БНХАУ, АНУ хоёрын ижил бараа бүтээг­дэхүүн худалдан авах чадварыг /PPP/ ДНБ-тэй нь харьцуулан үзэхэд улаан далбаан дээр шар од мандуулсан урд хөршийн маань эдийн засаг энэ жил 17,6 триллион ам.долларын бүтээмжтэй байх төсөөлөл гарчээ. Харин аль 1870-аад оноос хойш л дэлхий дахинаа манлайлсаар ирсэн АНУ-ын эдийн засаг 17,4 триллион ам.долларын бүтээмжтэй байна гэсэн урьдчилсан төсөөллийг ОУВС гаргажээ. Дээрх хоёр тоог хувьд шилжүүлвэл дэлхийн ДНБ-ийг бараа, үйлчилгээ худалдан авах чадвараар тооцоход дэлхийн нийт эдийн засгийн 16,48 хувийг Хятад бүрдүүлж, 16,28 хувийг АНУ бүрдүүлж байна гэсэн үг. Яг энэ үзүүлэлтээр л Хятад АНУ-ыг давчихаад байгаа юм. Гэвч ганц энэ үзүүлэлт дээр үндэслэн Хятадыг дэлхийн №1 эдийн засагтай улс гэж хараахан тодорхойлж болохгүй нь.

ОУВС-гийн мэдээг дагаад Хятад дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрэн боллоо, АНУ сүүлийн 100 гаруй жилийн түүхэндээ анх удаа тэргүүлэгчийн байр сууриа бусдад алдлаа гэх мэтээр өдий төдий нийтлэл, аналитик тоймууд дэлхийн томоохон хэвлэлүүдэд гарч байна. Энэ нь Хятад 2020 оны үед л АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн ойлголттой байсан хүмүүсийн хувьд эргэлзээ гайхал төрүүлсэн мэдээ байлаа. Үнэхээр ч, дэлхий нийтэд тархаад буй түгээмэл ойлголтоор бол Хятад АНУ-ыг эдийн засгаараа гүйцэж түрүүлэх нь өнөө маргаашийн асуудал биш, 2020 оны үеэс л бодитоор яригдах зүйл. Гэтэл яагаад 2014 онд Хятад гэнэтхэн тодроод гаргаад ирэв гэдэг хэн хүний л сонирхлыг татаж байна.
Ер нь, дэлхийн улс орнуу­дын эдийн засгийг эрэм­­бэлэхдээ дотоо­дын нийт бүтээгдэ­хүү­­­нийг  тухайн үеийн зах зээлийн ханшаар америк долларт шилжүүлсэн мөнгөн дүнгээр нь тооцож жагсаадаг. Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр /2012 оны дүн/ бол АНУ-ын эдийн засаг  16 орчим триллион ам.доллараар хэмжигдэж байгаа нь Хятадынхаас даруй хоёр дахин их байгаа юм. Яг энэ тогтсон үзүүлэлтээр нь эрэмбэлэх аваас Хятадын эдийн засаг АНУ-ыг гүйцэх нь дахиад арван жилийн ажил болно гэж эдийн засагчид үздэг. Тэгэхээр 2020 оны үед Хятад дэлхийд тэргүүлнэ гэдэг дээр дурдсан нийтлэг ойлголт бол ДНБ-ээр нь харьцуулсан тооцоолол дээр үндэслэсэн эрэмбэ дараалал гэдгийг уншигчид ойлгосон байх.

Гэвч дэлхийн улс орнуудын эдийн засгийг /ДНБ-г/ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг валютын ханшаар тооцох нь буруу гэж зарим эдийн засагч үздэг. Жишээ нь, Хятад экспортоо тэлэхийн тулд юанийн ханшаа зориуд доогуур барьдаг гэсэн ойлголт байдаг. Ийм нөхцөлд Хятадын эдийн засгийг ам.доллар руу шилжүүлэн тооцоход асар их зөрүү гарч, тус улсын жинхэнэ эдийн засгийн багтаамжийг доогуур үнэлэхэд хүрнэ гэж эдийн засагчид мэтгэдэг. Тухайлбал, аливаа улсын ам.доллартай харилцах валютын ханш 10 хувиар бага байхад л улсынх нь эдийн засгийн хэмжээ дагаад 10 хувиар доогуур тооцогдох жишээтэй. Тийм ч учраас улс орнуудын эдийн засгийг PPP буюу ижил бараа, үйлчилгээ худалдан авах чадвараар нь харьцуулдаг өөр нэг арга бий. PPP-гийн судалгаагаар нэг ижил бараа, үйлчилгээг дэлхийн улс орнуудад ямар үнэ өртгөөр авч байгаа дээр үндэслэн улс орнуудыг харьцуулдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал нэг брэндийн нэг ижил цамцыг Шанхайд зарах үнэ Сан-Францискогийнхоос өөр бай­­­даг. Үүнийг харгалзан үзэх­гүйгээр тухайн улсын эдийн засгийг тооцох нь харьцангуй юм. Гэвч Хятадын дундаж амьдралтай хүний олдог тогтмол орлогыг АНУ-ын жирийн иргэдийнхтэй харьцуулбал мэдээж маш доогуур. Тэгэхээр хятад хүний авдаг цалин худалдан авах чадвар хэр сайтай байгааг цаашилбал улс орны худалдан авах чадварыг үнэлнэ гэдэг ч харьцангуй хэрэг. Хэдий ийм тооцооллыг яг таг гэж итгэх хэцүү ч энэ үзүүлэлтээр л Хятад АНУ-аас үл ялиг илүү гарах тооцоолол гарч байгаа юм.

Харин бусад үзүүлэлтийн тухайд АНУ лидер хэвээр байгаа, ойрын хэдэн жилдээ ч байх болно. Хятад том эдийн засагтай ч баян орон биш гэдгийг Дэлхийн банкны, ОУВС-гийн, эсвэл АНУ-ын Тагнуулын төв газрын тайлан мэдээн дээр дурайх харьцуулсан судалгаанаас бэлхэнээ харж болно.Хамгийн наад зах нь Хятадын нийт эдийн засаг  8,36 триллион ам.доллараар хэм­жиг­дэж байгаа бол АНУ-ынх түүнээс 88 хувиар их буюу 15,68 триллион ам.доллараар яригддаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хувьд ч Хятад ердөө 11868 ам.доллар байгаа нь АНУ-тай хавьтах нь бүү хэл Серби, Туркменистан, Өмнөд Аф­рик зэрэг улс оронтой дөхүү яваа гэсэн үг. Энэ үзүү­лэл­тээр бол АНУ дэлхийд аравт би­чигдэж байна. Нэг хүнд ногдох ДНБ нь 53,001 ам.дол­лараар хэмжигдэж буй тус улс Люксембург, Норвеги, Швей­царь зэрэг баян орны араас эх­­­­ний аравт багтаж байгаа юм.



Энэ мэтчилэн эдийн засгийн олон талын үзүүлэл­тийг харьцуулсан дараах тоо баримтыг харвал дэлхийн №1 эдийн засагтай орон Хятад уу, Америк уу гэдэг нь харагдах биз ээ. Энэхүү харьцуулсан тоо баримтыг nationmaster.com цахим хуудас Дэлхийн банк, ОУВС, Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын илтгэл, АНУ-ын тагнуулын төв газар зэрэг томоохон байгууллагуудын жил бүрийн тайлан мэдээний хамгийн сүүлийн /2013 он хүртэлх/ дүн мэдээнд үндэслэн гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан