Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн эрх ахуйн хүрээнд хамгийн их зөрчигдөж байна


Б.МЯГМАР

Аав ээж, асран хамгаалагчгүй учраас айлын гэрт байж хамаг ажлыг нь хийдэг ч өөрийгөө ингэж л амьдрах ёстой хэмээн боддог эсвэл архичин нөхрийн гарт өдөр бүр хэл ам, зодуурыг тэвчин шүд зуун суугаа олон мянган эмэгтэй манай улсад байна. Үнэндээ монгол хүний эрх, эрх чөлөө тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх хэр хангагдаж байгаа вэ.

1946 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу энэ өдөр дэлхий дахинаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан НҮБ-ын гишүүн улс бүр даган мөрдөхийг уриалсан байдаг. Ардчиллын нийгмийн тунхаг болсон Түгээмэл тунхаглалыг баталсан өдрийг улс орон бүр тэмдэглэдэг.

Дэлхийн өнцөг булан бүрт эрх нь зөрчигдөж байгаа гэж үзсэн хүмүүс дуу хоолойгоо нэгтгэн олон нийтэд хүргэдэг юм энэ өдөр. Харин бид энэ өдрийг тууз хайчилж, баярлан тэмдэглэх бус хүний эрхэнд зовж байгаа, хилс хэрэгт гүтгэгдэн доромжлогдож буй Нараа, Цэцэгээд эрх чөлөөг нь эргүүлэн олгохын төлөө тэмдэглэх учиртай. Түүнчлэн энэ жил эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон, ха­рил­цаж шийтгэхийн эсрэг кон­венц батлагдсаны 30 жилийн ой, Хүүхдийн эрхийн тухай кон­венц батлагдсаны 25 жилийн ой давхар тохиож буй.

Эрх чөлөөтэй төдийгүй эрх чөлөөгөө хасуулсан хүүхдэд ч эрх гэж байдгийг мартаж болохгүй. Хүүхдийн хорих ангиудад хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй умгар өрөөнд байх, сурч боловсрох, тоглох гээд л олон эрх нь хязгаарлагдаж байна. Төр засаг юун түрүүнд энэ хүүхдүүдэд анхаарал хан­дуулах ёстой болж гэд­гийг хэлэх ёстой хүмүүс нь хэлж, анхааруулах цаг нь өнөө­дөр. Хэдэн жилийн да­раа хүмүүжигч хүүхдүүд хо­рих ангиас гарч, эрх чөлөөт амьд­ралд орно. Тэднийг нийгэм нь цагаанаар тосоод авах ёстой. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хо­рих ангид ч иймэрхүү бай­дал ажиглагддаг. Нялх хүүх­дүүдтэй ээжүүд өргөст тортой амьдарсаар бай­гааг санах хэрэгтэй. Хүүхэд ямар гэм хийсэн гэж тортой амьд­ралд амьдралынхаа өдөр хоногийг өнгөрөөх ёстой гэж...
Тэгвэл Монголын ХЭҮК-оос энэ бүх асуудлыг шийдэх, шийдлийн гарцыг олоход ололттой давуу тал олон байгааг мэдээлсэн. Гэсэн ч Монголын өнөөгийн хүүхдүүдийн амьдралыг харахад эерэг тоо нь дэндүү чамлалттай юм.


Ж.Бямбадорж: Хяналт шалгалт хийгээд зарим үед мухарддаг  

Дээрх асуудалтай холбогдуулан ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.  


-Манай улсын хүний эрхийн байгууллага олон улсын байгууллагуудтай харьцуулахад хаана нь явж байдаг юм бэ?
-Манай улс хүний эрхийн дээд зөвлөлөөс гурав дахь удаагаа “А” статус авсан. Олон улсын комисс “B” статус авахын төлөө зүтгэдэг. Тэгвэл манайх бүр “А” статус аваад байна. Бид үүнийг зүгээр сууж байгаад аваагүй юм. Хүний эрхийн төлөө 15 жил тэмцсэний үр дүн. 2015 он бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын хувьд чухал жил. Ирэх оны наймдугаар сарын сүүлийн арав хоногт Ази Номхон Далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагын чуулганы 20 дугаар бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулна. Хурал эхэлсэн өдрөөс Монгол Улсын хүний эрхийн комисс Ази Номхон Далайн бүсийн хүний эрхийн байгууллагыг хоёр жил удирдана гэсэн үг. Энэ бол манай комиссын нэр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илэрхийлэл.
 
-Хүүхэд болон эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигдөж байгаа олон үзэгдэл гарсаар. Үүнийг зогсоохын тулд танай байгууллагын зүгээс юу хийж байна вэ. Ер нь хүүхдийг хамгаалах талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг ХЭҮК өдөр тутмынхаа ажилд тусгадаг. Хүүхдийн эрхийн асуудлаа жил бүрийн илтгэлдээ тусгаж байгаа. Судалгаа, хяналт, шалгалт ч хийдэг. 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдаг сургуулиудыг шалгасан. Шалгалтын үр дүнгийн дагуу хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа. Ирэх оны наймдугаар сарын 22-23-нд Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулганыг нийслэлд зохион байгуулна. Хүүхдийн эрхийн төлөв байдлын талаар манай комиссоос илтгэл оруулсан. Тэр илтгэлээс хаана, ямар хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, энэ асуудлыг шийдэхэд ямар бэрхшээл тулгарч буй тухай дурдсан. Заримдаа ХЭҮК хяналт шалгалт хийгээд арга хэмжээ авах гэхээр мухарддаг. Тухайлбал, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийг хамгаалах гэхээр байр байхгүй. Зарим үйл ажиллагаа явуулах гэхээр төсөв хүрдэггүй. Гэтэл нөгөө хүмүүс нь та нар энэ хүүхдээ аваад яв гэдэг. Гэтэл эдгээр хүүхдийг хүлээлгээд өгөх төрийн байгууллага байхгүй. 2008 онд ХЭҮК Хүний наймаатай тэмцэх талаар нэлээд олон ажил хийсэн. Үүний үр дүнд траншейны хүүхэд эрс багассан. Мөн хилээр хүүхдээ эмээ, өвөө  нь авч гарч чадахгүй байгаа. Хатуу хяналтыг тогтоож чадсан.

-Зарим үйл ажиллагаа явуулах гэхээр төсөв хүрдэггүй гэлээ. Жилд хэдэн төгрөгийн төсөв төсөвлөгддөг юм бэ?
-Төсвийн хувьд тэрбум төгрөг хүрдэггүй. Гэхдээ намайг ирж байсан үеийг бодвол төсөв дөрөв дахин нэмэгдсэн. Гэсэн ч бусад газруудтай харьцуулахад хүнд. Улсын хэмжээнд өмнөх оны төсвөөс 20 хувь хасна гэхээр зарим газарт бол гайгүй тусч байгаа. Харин  манайх шиг газраас 20 хувь гэхээр үйл ажиллагаа нь доголдоод ирдэг.

-Хорих ангиудад хориг­дож байгаа хоригдлуудын эрх нь зөрчигдөж байгаа талаар ярьдаг ч байдал дээрдэхгүй байгааг хүн бүр хэлдэг?
-Би 1994 онд УИХ-ын гишүүн байхдаа бүх хорих ангиудаар явж байсан. Тэр үед хорих анги ямар байлаа. 2011 онд хорих ангиуд эрс өөр болсон. Өөрөөр хэлбэл, манайх цагдан хорих байрыг үндсэндээ олон улсын жишигт хүргэх талаар үр дүнд хүрсэн. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч үүнийг хэлж байгаа. Зарим зүйл нь Европын стандартаас давсан зүйл ч бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан