Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрөнд баригдчихсан. Одоо өтөнд баригдах нь л дутуу


“Долоон буудлын Должин эмээг ядуу зүдүү байна, хүйтэнд түлэх ч түлшгүй. Өрөвдмөөр” гэж тодорхойлохоос илүү Должин эмээгийн орлого зарлагаа давахгүй байна. Учир нь, өргөн хэрэглээний бараа материалын үнэ өсчээ, энэ нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэдэг учир шалтгааныг Үндэсний статистикийн хороо сар бүр тоон хэлээр мэдээлдэг юм, уг нь. Гэвч тус газраас гаргадаг нийгэм, эдийн засгийн бодит байдал, үнэн нүүр царайг төр, засгийн хэмжээнд асуудал болгон эрхэм гишүүдийн нэг нь ч иш татан ярьж байсан удаагүй.

Бүр банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ ганцхан жилийн дотор 98.3 хувиар өссөн гэдэг сэртхийлгэм тоог жишим ч үгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөж байв. Гэтэл иргэд хоёр дахин их өртэй болж, эдийн засгийн хямралаас үүдэн хоёр ч удаа өвдөг шо­роодсон энэ тоо баримтад өнөөд­рийг хүртэл дорвитой өөрчлөлт ороогүйгээр зогсохгүй, иргэдийн өр, орлого гэсэн хоёр туйл алсарч, өргөн хэрэглээний бараа материалын үнэ өссөөр бай­гааг дахин мэдээллээ. Иргэ­дийн хувьд амьдрал хэцүү, хатуу байгааг биеэрээ мэдэрч банк­ны өрөө хэзээ нэхэх бол гэсэн түгшүүртэй байдалд байхад энэ тоо баримтыг дуулгах илүүц биз. Тэгвэл харанга дэлдээд ч сэ­рэхгүй болтлоо улс төрийн ха­лаа сэлгээнд дарагдсан эдийн засгийн байдал ямар байгааг эрхэм дарга нар таалан болгооно уу.

Татварын орлого дандаа давж биелдэг

Татварын нийт орлого яг нэг жилийн өмнөхөөс 131.8 тэрбум төгрөгөөр арвижжээ. Хагас, бүтэн сайнгүй ажиллаж, татвараа цуглуулах үүрэг өгдөг даргатай, дарга нь давуулан биелүүлсэн татварын орлогоосоо сая, саяар нь халаасалдаг. Иргэдийн төлөөлөгч нь түүнийг нь зөвшөөрч бүр хууль ёсны урамшуулал болгочихсон үед ингэж улайрах нь аргагүй. Тиймдээ ч татварын нийт орлого өмнөх сарынхаас, өмнөх жилийнхээс өссөөр байдаг жам ёсны тоог Үндэсний статистикийн хороо энэ удаад танилцууллаа. Орохын хэрээр гардаг төсвийн мөнгө тайлан балансаа яг барьдаг ч удаагүй Улаанбаатар уриатай “Цэвэр агаар сан”-гийн дарга асан, нягтлан даамалтайгаа нэлээд хэдэн тэрбум төгрөг идчихсэн жишээ, баримтаас эхлээд татвар цуглуулагч “татварынхны” тодотголтой олон тэрбумын хэрэг хүртэл бий. Юутай ч энэ удаад нийгмийн даатгалын шимтгэлийн орлого дангаараа 102.5 тэрбум төгрөгөөр өссөн нь татварын нийт орлого 131.8 тэрбумаар өсөхөд нөлөөлжээ. Харин эсрэг талд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 33.4, гадаад худалдааны орлого 19, дотоодын бараа үйлчилгээний орлого 18.5 тэрбумаар тус тус буурсан нь эдийн засгийн доройтлыг тоогоор илэрхийлсэн бас нэг жишээ болж байна.

Хэзээ ч буурдаггүй хэрэглээний бараа

Ажил хайж байгаа 35.9 мянган иргэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн Хөдөлмөрийн биржид бүртгүүлээд ажил олж чадаагүй иргэдийн тоо. Үүний ард Хөдөлмөрийн биржид бүртгэлгүй ажилчин, ажил олгогчид бий. Тиймээс дээрх тоо логикоор өснө үү гэхээс буурахгүй. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан болон тэтгэвэрт гарсан иргэд 203.1 мянга байна. Өнгөрсөн оны үетэй харьцуулбал энэ нь 14 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас 128.2 тэрбум төгрөг тэдэнд очжээ. Гэхдээ Нийгмийн халамжийн сангийн татан төвлөрүүлсэн мөнгө нь өнгөрсөн жилийнхээс 124.2 тэрбумаар өссөн байна. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөөгүй ч иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөх хэмжээний үнийн өсөлт гарсан нь сэтгэл түгшээсэн мэдээ юм. Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарынхаас 0.7 хувиар өссөн бол энэ оны эхний сартай харьцуулахад 10.1 хувь, өнгөрсөн жилийнхээс 11.5 хувиар тус тус өсөөд байна. Энэ завсар 600 төгрөгийн талх 1050 болсныг дурдах илүүц ч  орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.1, хувцас, бөс бараа зэргийн үнэ тус тус 1.4 хувиар өссөн гэдгийг зориуд дурдах нь зүйтэй. Учир нь, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ингэж өссөн дүнтэй гарсан нь дээр дурдсан бараа, материалын үнэ өссөнтэй холбоотой аж.

Гэмт хэрэг өсч, өвчлөл буурсан ч

Гэмт хэргийн улмаас 9984 хүн гэмтэж, 1026 хүн нас баржээ. “Нэг хүн үхвэл эмгэнэл, сая хүн үхвэл статистик” гэдэг шиг үл анзаарагдам дээрх үхлийн тоо нь өнгөрсөн оны энэ үеэс 15.2 буюу 135 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт. Өмчлөх эрхийн болон бусдын бие ма­хбодид гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг голлон өссөн энэ сард нийтдээ 24925 гэмт хэрэг бүрт­гэгдсэн харамсалтай тоо байна. Ганцхан сарын дотор энэ хэмжээний гэмт хэрэг бүртгэгдэж байгаа нь бараг л энгийн үзэгдэл мэт сар бүрийн статистикт энэ хэмжээний тоо дурдагддаг болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ч 23 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдэж байсан юм. Гэтэл хүн амын дундах халдварт өвчлөл ч гэмт хэргээс ялгаагүй ганцхан сарын дотор 30830 гэж бүртгэгджээ. Гайхмаар нь энэ нь буурсан үзүүлэлт гэнэ. Тухайлбал, тэмбүү 762, цусан суулга 345, сүрьеэ 94, гахайн хавдраар өвчлөгсдийн тоо 4742 (94 хувиар буурсан)-оор тус тус буурсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад халдварт өвчтэй хүний тоо 3609 хүнээр буурахад нөлөөлжээ. 

0 Сэтгэгдэл
Ирэх зун тэртэй тэргүй 76-аас бусад нь бүгд өтөнд идүүлнэ.
Erdene chimeg gishuun unshmaar yum bn
40 say maltai tengert hadsan mahnii untei uls toriin bodlog gej iim archaagui bgaa um da
Хамгийн их уншсан