Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

70 настай залуухан инээд

Хүний амьдрал тэр чигээрээ тэнцвэр, тэнцэл юм. Бүх зүйл тэнцвэртэй оршиж байж амьдрал утга учраа олдог. Амьдралыг нэг бүхэл хэмээн сэтгэвэл урлаг, уран сайхан байж гэмээнэ тэнцвэр хадгалагдана. Урлагаас л хүн төрөлхтөн гоо зүйн мэдлэг, мэдрэмж авсаар ирсэн. Ийм л чухал үүргийг хагас зууны турш нуруун дээрээ үүрч ирсэн, театрын тайзнаа амьдралаа өнгөрүүлсэн эрхэм хүн бол Ардын жүжигчин Д.Мэндбаяр. Түүний тухай ядмагхан сэтгүүлч бичихийн учир 70 насны босго алхаж байгаа ч алтан тайзнаа ажилласаар байгааг нь бахдах гэсэн хэрэг.

УДЭТ өнгөрсөн сарыг түүхэн жүжгийн өдрүүд болгож, Говийн ноён хутагт Данзан Равжаагийн зохиосон “Саран хөхөө” жүжгийг тайзнаа амилуулсан. Ардын жүжигчин Д.Мэндбаяр тус жүжигт тоглосон юм. Залуу уран бүтээлчдээс огт дутахааргүй тас тас хөхрөх түүний үг хүртэл цаанаа л нэг даацтай гарах нь аргагүй дээ, театрын тайзнаа хагас зууныг үдсэн юм шүү дээ гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байсан. Түүний 70 насны ойг тохиолдуулж УДЭТ-аас “Бид мартахгүй” уламжлалт арга хэмжээгээрээр алдрыг нь хүндэтгэн, театр сонирхогч залуусын сэтгэлд Д.Мэндбаяр гуайн хөдөлмөр бүтээлийг дархлан үлдээсэн юм.

Аавын охин

УДЭТ-ын жүжигчин Х.Нарантуяа агсантай уулзаж ярилцаж байхдаа анх удаа Ардын жүжигчин Д.Мэндбаярын тухай дурсамж сонсч билээ. “1959 онд их зохиолч Ч.Лодойдамба гуай Соёлын сайд байхдаа театрын уран бүтээлчдийг дээд боловсролтой болгох үүднээс УБИС-ийн кино драмын ангийг нээсэн юм. Нийслэлийн сургуулиудаар явж шалгалт аван 10 эрэгтэй, 10 эмэгтэй хүүхэд кино драмын ангид элсүүлсэн. 20 хүүхдийн дийлэнх нь дээд сургуульд сурч байсан ч өдгөө Ардын жүжигчин болсон Д.Мэндбаяр бид хоёр л наймдугаар ангийн сурагч байлаа. Бид хоёулаа бага насандаа ээжээсээ өнчрөн үлдсэн юм. Нэгэн өдөр багш маань дуудаж уулзахдаа “Та хоёр оюутан болсон хүмүүс. Аавдаа хэлээд шинэ хувцас авахуул. Жүжигчин болох хүмүүс шүү дээ” гээд л уйлаад хэлж байж билээ. Сурагч форм дээрээ урт цахилгаантай цамц өмсчихдөг бид хоёрыг багш маань их өрөвддөг байж л дээ” хэмээн тэрээр дурсч байсан юм.  “Мэндбаяр маань их урт үстэй хөөрхөн охин байсан. Аав нь лам. Дуугарна гэж бараг л үгүй. Ном судар уншаад л сууж байдагсан” хэмээн бага насныхаа дурсамжаас хуваалцаж байв. 

Тэгвэл Д.Мэндбаяр гуай амьдрал, хувь заяаг нь чиглүүлж өгсөн театрын урлагтай хэрхэн холбогдсон тухайгаа өөрөө ийн ярьсан юм. “Би 18 дугаар сургуульд сурдаг, төмөр замын тосгоны хүүхэд. Төмөр зам хөндлөн гарч, сургуульдаа оччихоод, эргээд гэртээ ирдэг байлаа. Тухайн үед үндэсний мэргэжлийн жүжигчин бэлтгэх анхны анги нээхийн тулд нэлээд том ажил өрнүүлж, орон даяар шалгаруулалт явуулсан юм билээ. Яг тэр зорилгоор Н.Цэгмид, Гомбосүрэн, буриад багш Клара нар манай сургуульд ирээд анги бүрээр орж хүүхдүүдийг сонгон авахад нь тэдний хараанд өртсөн хэрэг. Хичээлийн дундуур гурван хүн орж ирээд самбарын өмнөөс хойд талын хана хүртэл яваад, бидний дундаас “тэр, тэр бос” гэж заасан. Тэгээд ийм учиртай анги нээх гэж байгаа юм, та нар сонирхож байвал шалгалт өгөөрэй гэсэн. Хичээл тарсны дараа захирал дуудаад Дуурийн театрт очоорой гэлээ. Би тэр үед дуурь гэж урлаг байдгийг ч мэддэггүй байлаа. Дуу, бүжиг, хөгжмөөр л урлагийг төсөөлж байсан хүн энэ ангид ороод драм гэж тусдаа зүйл болохыг мэдсэн. Би аавтайгаа өссөн л дөө. Төмөр замын тосгоноос төдий хол явж үзээгүй би гэдэг хүн Дуурийн театр руу яаж очихоо ч мэдэхгүй. Хүмүүс надад “Төмөр замаас автобусанд суугаад Ленин клуб гэж газар буугаад хойшоо харахаар ягаан өнгөтэй байшин байгаа” гэж зааж өгсөн. Яваад очтол Э.Оюун багш нарын гурван хүн суучихсан хүүхэд залуусаас янз бүрийн юм асуугаад л сонсгоод, бүжиглүүлж байв. Би угаасаа бүжиглэх дуртай байсан учраас их сайн бүжиглэсэн шиг байгаа юм. Дараа нь дуул гэлээ. Уг нь долдугаар анги хүртлээ концертод дуулдаг байсан ч нэг удаа ангийн маань хүүхэд “Та заримдаа их дээшээ дуугарах юм аа” гэснээс болоод дуулахаа болиод, хоолойгоо хураачихсан юм. Шалгаж байсан хүмүүст “Би дуулж чадахгүй, дуулахгүй” гэж хэлтэл Э.Оюун багш “Уг нь энэ их адтай юм. Яаж ийгээд дуулуулчих юмсан” гэснээ “Аав чинь тэнд ирчихээд чамайг хайгаад олохгүй байна, чи аавыгаа дуудаач” гэдэг юм байна. Тэгснээ “Тэр цонхны цаагуур өнгөрөөд явчихлаа шүү дээ” гэхээр нь би үнэмшээд “Аав аа” гэж хашгираад уйлчихсан. Ингээд л намайг энэ ангид элсүүлж авсан даа. Манай ангид харилцан адилгүй насны хүмүүс байсан учраас намын түүхийн шалгалтыг амаар асуусан болоод л авчихсан. Тэнгэр бурхан намайг үүгээр л хоолоо олж иднэ гээд ийм их аз заяасан биз. Одоо тэтгэвэртээ суусан ч тоглох жүжигтээ дуудлагаар оччихоод, бусад цагт нь кино, телевизийн ажил амжуулаад явж байна” хэмээн ярьсан.
Ээжтэй хүн баян гэдэг. Бага насандаа ээжээсээ өнчирч хоцорсон ч аавын хайр түүнийг юугаар ч дутаагаагүй аж. Тэр аавын охин. Тиймээс аавыгаа дуудаж уйлаад л жүжигчин болсон гэдгээ үе үе санах бүртээ тэр хайрын хүчийг мэдэрдэг биз ээ.

Театрын жүжигчин

1963 онд Улсын багшийн дээд сургуульд шинээр нээгдсэн кино драмын ангид элсч суралцсан талаараа “1963 онд хориулаа буюу 10 эмэгтэй, 10 эрэгтэй кино жүжигчний ангийг төгсч байлаа. Монголын соёл урлаг, тэр дундаа театрт дээд боловсролтой анхны жүжигчин болж хөл тавьсандаа баяртай байдаг. Манай ангийнхны улбаагаар өнөө хүртэл мэргэжлийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж байна. Бид 1963-1993 онд Монголын театрын бүх уран бүтээлийг нуруундаа үүрч явсан. Энэ үүргээ ч амжилттай биелүүлсэн. Бидний дунд манай театрын даргаар олон жил ажилласан эрдэмтэн, доктор Б.Зориг, “Нүгэл буян” киноны ламын дүрээр үзэгчдийн танил болсон, гавьяат жүжигчин Ж.Бужгар, ардын жүжигчин Лхамхүү, гавьяат жүжигчин Мягмар, Сэлэнгэ нарын алдартан бий. Эзэмшсэн мэргэжлийнхээ үр дүнг үзэж, ажиллаж байсан байгууллагынхаа нүүр царай болсон уран бүтээлчид. Нэг хэсэг нь хөдөө орон нутгийн театрт ч ажилласан” хэмээн ангийнханаа дурсав.

Бөмбөгөр ногоон театр байгуулагдахад анхалж театр урлагийн эхлэлийг тавьсан алтан үеийнхэнтэй хамт ажиллаж тэднээс суралцаж байсан нь анхны төгсөгчдийн нэг бахархал. Энэ талаараа тэрээр ““Алтан үеийнхэн” буюу Н.Цэгмид, Гомбосүрэн, Жигмэддорж, Лоовой, Хандсүрэн нарыг 50-иад настай байх үед нь бид төгсч, театрт ирж байлаа. Тийм ч учраас театрын бүх жүжгийн залуучуудын дүр бидэнд ногдсон. Алтан үеийнхнийхээ хүүхэд, дүү, хайртай хүн нь болж хамтран тоглож байв. Манай ахмад жүжигчид байгалиас заяасан гайхамшигтай авьяастай учраас 1931 оноос биднийг төгсч ирэх хүртэл театрын уран бүтээлийн ачааны хүндийг үүрч явсан. Их сургуульд дөрвөн жил суралцах хугацаанд Ардын жүжигчин Н.Цэгмид гуай болон Буриадаас ирсэн Клара ангийн багш байлаа. Тайзны ярианы багшаар Гомбосүрэн гуай ажиллаж, кино урлагийн талаарх хичээлийг Доржпалам гуай зааж байлаа. Театрын түүхийг Оюун багш заах жишээтэй. Төгссөнөөсөө хойш ч тэдэнтэй олон арван жил хамтран ажиллаж, үргэлж суралцаж ирсэн. Ахмадуудын хормойноос зүүгдэж, хамтран ажиллаж байсан бид азтай” гэв.

1963 онд УБДС-ийн кино драмын ангид элсэгчид амжилттай төгсч, тэднээс Лхамхүү, Бужгар, Бадрах, Нарантуяа, Мэндбаяр нарын таван жүжигчин УДЭТ-т томилогдсон гэдэг. Дөнгөж төгссөн залуучуудыг театрын жүжигчид нэг нэгээр нь дагалдангаа болгож, жүжиглэх ур ухаан практик заахаар болоход Д.Мэндбаяр жүжигчнийг Ардын жүжигчин Хандсүрэн гуай гардаж авсан байдаг. Энэ талаараа тэрээр “Анх театрт ирж ажиллахад Хандсүрэн гуай намайг дааж авсан. Түүнээс гадна Ичинхорлоо, Гомбосүрэн, Оюун гуай нар театрт очсон өдрөөс бидэнд зааж сургаж байлаа. Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч, театрын уран сайхны удирдагч Оюун гуайн удирдлага дор тэр хүний урын сангийн бодлогоор бидний ур чадвар маш хурдан дээшилсэн. Үндэсний жүжгийн зохиол байхгүй үед дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулахаар болж, жүжигчдээ байнгын ажилтай байлгасан. “Отелло”, “Лир ван”, “Гамлет” зэрэг жүжгээр залуу, ахмад жүжигчдийг холбож, хүчийг нь сорьсон. Бидэнд ахадсан жүжгийг тавьж, тэр зэрэгт хүргэхийн төлөө зааж сургасан учраас бид азтай. Манай ангийнхнаас Лхамхүү, Бужгар, Бадрах, Нарантуяа бид тав анх театрт томилолтоор ирсэн юм. 2-3 жилийн дараа Хүүхдийн театр болон киноноос Сэлэнгэ, Батсүх нар шилжиж ирсэн” хэмээн дурсав.

Азтай

Хүний амьдралд анхны бүх зүйл сонин содон. Тиймээс түүний анх удаа тайзан дээр хэрхэн гарсан талаар сонирхсон юм. “Хамгийн азтай нь бид сургууль төгсөхдөө Алексей Парисын зохиол “Хоёр эх” буюу “Афродит” жүжгээр дипломоо хамгаалж, би 16 настай Кейт охины дүрд тоглосон. Театрынхан тэр жүжгийг үзээд биднийг төдийгүй жүжгийг нь тоглуулсан юм. Аав, ээжийн дүрд тоглож байсан оюутнуудын оронд ахмадуудыг тоглуулаад энэ жүжгийг театрын тайзнаа амилуулсан учраас би анхнаасаа л гол дүрд тоглосон хэрэг. Хар эхэд Цэвээнжав, цагаан эхэд Хандсүрэн гуай тоглож байсан. Үүнээс гадна энэ жүжигт тоглосныхоо дараа буюу 1963 оны наймдугаар сард бригадаар явлаа. Тухайн үед “Энэ хүүхнүүд үү” киноны зохиолоор театрт “Итгэж болно” гэдэг жүжиг тоглодог байсан юм. “Итгэж болно”, “Арвай хээрийн талд” жүжигт нарийн бичгийн дарга, найз охины дүрд тоглож хөдөө орон нутгаар явахдаа ахмадуудаа хэрхэн ажиллаж, уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаагаас суралцсан. Нэг сар орчим бригадаар явж ирээд Ч.Чимидийн “Яндангийн дуу” жүжгийн Бадам бичээчийн дүрд тоглосон. Тэр цагаас хойш театр, кино, телевизийн дэлгэц болон клипийг оруулаад 200- гаад дүр бүтээжээ” хэмээн ярьсан тэрээр гэнэн хонгор, томоогүй, эрх дураараа охины дүрээс эхлээд анхны хайр дурлалтайгаа учирсан бүсгүй, амьдрал үзэж төлөвшсөн гэрийн эзэгтэй, эх орон, нийгмийнхээ төлөө тэмцэж буй улстөрч, хувьсгалч эмэгтэй, ээжийн дүр бүтээж байсан бол одоо голдуу эмээгийн дүр бүтээх болж.

“Эмээгийн дүрийг хүмүүс нэг их анзаардаггүй ч эмээ гэдэг гэр бүлд ямар их үүрэгтэй гээч. Бүгдийг нь нэгэн дор цуглуулдаг хүчтэн шүү дээ. Ажлаа хийж явахад үр хүүхдийг минь эмээ нар л өсгөнө. Одоо ихэвчлэн тэр сайхан эмээ нарын дүрд л тоглож байна даа. Нас насны онцлогтой, бүх сайхан дүрд тоглосондоо баяртай явдаг. Тэр тусмаа би наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангид 3-4-хөн хоног суугаад л кино жүжигчний ангид орсон хүн. Хүмүүс аравдугаар анги төгсөөд их сургуульд ордог байхад, би тийм л азтай байж” хэмээн ярив.

Түүний амнаас азтай гэдэг үг их гарах. Хүний амьдралын алхам бүрт боломж байдаг. Тэр боломжийг олж хараад аз болгож чадсан нь л амьдралд хождог аж. Түүний бас нэгэн азтай байсны баталгаа нь тэрээр 40 нас хүртлээ тайзан дээр ямар ч уран бүтээлд олны хэсэгт гарч үзээгүй. Энэ талаараа “Бидний үеийн залуусыг театрт ирэх үед хамгийн залуу жүжигчин нь Жамсранжав, Гантөмөр, Цээнямбуу, Жигжиддулам нар байлаа. Тэд биднээс 9-10 насаар ах. Азаар надад дублёрт тоглох зав байгаагүй. Бүх жүжгийн гол дүрд тоглож байсан. 40 нас хүртлээ олны хэсэгт ч гарч үзээгүй. Нэг бол залуу охинд тоглочихоод, үгүй бол сайхан хүүхэн болчихоод яваад байна шүү дээ. Намайг “Отелло” жүжгийн Дездемонд тоглосноос хойш Сувд, Тунгалаг, Цэрэнпагма гурав энэ дүрийг бүтээж байсан” хэмээн ярьсан.

Найруулагч жүжигчидтэй ажиллах арга барил гэж байдаг бол жүжигчид дүртэйгээ ажиллах арга барил гэж бий. Түүний энэ чадвар маш сайн учраас үргэлж жүжгийн гол дүрд сонгогддог байсан биз. Үүнийг нь ч төрөөс үнэлж 1976 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгосон хэрэг. Тухайн үедээ л залуухан гавьяат болж байв. Харин хожим театрын түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлсөн ардын жүжигчин цолтой цөөн эмэгтэйн нэг болсон билээ.

“Жүжигчин бүр өөр өөрийн арга барилаар дүрээ амилуулдаг. Гадаад байдлыг дотоод мөн чанартайгаа нэгтгэж байж дүр бүтээх учиртай. “Отелло”-гийн Дездемонд тоглохын тулд би гадаад байдалдаа их анхаарсан. Хүүхэд төрүүлээд удаагүй байсан учраас тарган, гэр хороололд амьдарч байсан учраас нүүрс, үнс үнэртүүлчихсэн, гар нь сайртай нэгэн байсан. Багагүй хөдөлмөр гаргасны үр дүнд зургаан кг турж, амжилттай тоглоод тухайн жилдээ шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авдаг юм байна. Дараа нь “Гарваа” жүжгийнхээ Гарваагаар мөн шилдэг уран бүтээлчийн шагнал хүртэж, Э.Оюун багшийн нэрэмжит анхны шагналыг гардсан” хэмээн ярих түүний бахархал нь хүртэл сайхан.

Амьдралын чиг шугам

70 насны ой, тайзан дээр өнгөрүүлсэн хагас зуун. Энэ цаг хугацааг үдэж өнгөрүүлэхдээ түүнд шантрах үе байсан. Гэхдээ хугарч нугарах, амьдралын чиг шугамаа алдах хэмжээний сэтгэлийн доройтол байгаагүй хэрэг.
Тиймээс тэр өнгөрүүлсэн амьдралаа эргэж хараад “Алдсан гэхээсээ илүү оносон нь олон байх юм даа. Хүн төрөлхтний амьдрал дандаа тэмүүлж урагшилдаг. Түүнтэй уран бүтээлчдийн амьдрал өдөр бүр шинээр давалгаалж байна. Шинэ бүтээл бүхнээрээ залуучууддаа илүү их зүйл сургаж байх юм сан гэж хүсдэг. Хүн хүнээ хайрлаж, ойлгож, итгэж чадвал нэг их алдаад байх юмгүй нийгэм ирээд байна гэж боддог доо” хэмээн ярих аж.

Алчуур зангидаж, дээл өмссөн эмгэн ямар ч монгол хүний сэтгэлд халуун дулаан санагдана. Тэгвэл тэр л халуун дулааныг өгдөг түүний хувьд аз жаргал бол эрүүл байх. “Бие эрүүл байвал сайн сайхан юм хийж, үр хүүхэд сайн явна. Мөн сэтгэл санаа тайван байхаар хүнээс сайхан санаа урган гарч байдаг. Тэгэхээр зэрэг чи ч би ч аз жаргалтай л байна. Сайн хүн болоход гэр бүлийн хүмүүжил их чухал байдаг. Хүн гэр орондоо л зөв хүмүүжлийг олж авах юм бол цаашаа нэг их барьц алдахгүй. Гэхдээ хүний дотор байдаг буруу зан чанараас болж алддаг. Бие биендээ итгэхгүй, ямар нэгэн байдлаар атаархал хорон муу санаа гаргадаг бол үүнийг засахыг хичээх хэрэгтэй. Энэ бүхнийхээ ард гарсан цагт сайн сайхан, аз жаргалын хаалга нээгддэг болов уу гэж боддог” хэмээн чухалчлан ярих түүний царайнаас амьдралын үнэн мөн чанар дурайн харагдах нь өөрөө халуун дулаан аж.

Хүнтэй ханилж суугаад хоёр ч хүүхдийн эх болсон түүнд хоёр дахь амьдрал нь үүрдийн аз жаргал болжээ. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр. Таарах бүрт хайр халамжаар баялхах тэднийг харахад сэтгэл уужрах шиг л болдог юм. “Заяаны хань зам дээр байдаггүй юм аа. Хэрвээ та өөрөө сайхан харагдаж, танд хүнийг татах чадвар байгаа бол зам дээр олон л тааралдах байх. Тийм болохоор сэтгэлээрээ, бүх зүйлээрээ сайхан байвал сайхан ханьтай болно. Түүнээс биш гоё даашинз өмсөөд зам дээр зогсохыг хэлээгүй л дээ. Тэр өөр утгатай болчихно. Энгийн ухаантай, нинжин бай. Ер нь хүн ижил дугуйгаа олно гэдэг үнэн үг юм шиг  санагддаг шүү” гэх үгийг дайж суугаа энэ л эмээ зээнцрээ үзээд удаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан