Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Сангийн сайдын төсвийн тодотгол шүүмжлэлд өртөв


УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Баасан гарагт Сангийн сайд Ж.Эрдэнэбат бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж шинээр Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулан энэ оны төсөвт тодотгол хийхээр тус хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан.

Нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны зардлыг нэг тэрбум төгрөгөөр бууруулж, нийт цэвэр дүнгээр 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг төсөлд тусгажээ. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлт тусгасан аж. Тухайлбал, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашиг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчилсөн байна. Оюу толгойн ордыг ашиглахаар авсан 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.доллар төлсөн. Үүнтэй холбоотойгоор Хүний хөгжил сангийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21 413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81 537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх гэнэ. Мөн Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж буй улсын төсвийн орлогын хэмжээг 119 145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголд УИХ-ын гишүүдээс багагүй шүүмжлэл хэлсэн юм. Сургууль цэцэрлэг, эмнэлэг байгуулаад, дарга нарын хэрэглээг багасгах тухай гишүүд анхааруулсан. Татан буулгасан ССАЖЯ-ны барилгыг хүүхдийн эмнэлэг болгож зориулалтыг нь өөрчлөхөөр Засгийн газар шийдсэнийг зөв зүйтэй ажил гэсэн боловч буруу гэх гишүүн ч байв. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хүүхдийн эмнэлэг барилгын стандарттай байх ёстой. ССАЖЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг дэмжихгүй. Тэгээд ч Засгийн газар цэцэрлэг барина гэдэг нь оновчтой хувилбар биш учраас хувийн хэвшилд боломж олгох хэрэгтэй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат хүүхдийн эмнэлэг шинээр байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ямар нэг цэцэрлэг, сургууль барьж ашиглалад оруулахаар төрийн үйлчилгээний орон тоо нэмэгдэх нь зайлшгүй. Үүнийг данхайсан гэж болохгүй” хэмээсэн юм.

Улсын төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарч байхад тодотголоо бодитой тооцож оруулж ирээгүй гэсэн шүүмжлэл гишүүдээс гарсан.  Сангийн сайдын танилцуулснаар ажил үүрэг нь давхардаж байгаа 111 төрийн албан хаагчийг цомхотгож хасахаар төсвийн тодотголд тусгажээ. Төвсийн тодотголын гол үр дүн-хэмнэлтийн талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Цэвэр агаар сангийн таван тэрбум төгрөгийг яагаад хасав. 2015 оны төсвийг хэлэлцэх үед боловсрол, эрүүл мэндийн салбараас төсвийг нь хасахгүй байхаар ойлголцсон. Гэтэл төсвийн тодотголоор боловсролын салбараас нэг тэрбум гаруй төгрөг хассан байна. Ингэж болохгүй” гэлээ. Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ний нуугүй хэлэхэд төсвийн орлогыг бодитоор тооцох боломж байсангүй. Ажлаа хүлээж аваад хоёр хонож байна. Эхний ээлжинд бүтэц, бүрэлдэхүүнтэйгээ холбоотойгоор тулгамсан асуудлаа оруулж ирсэн юм. Төрийн сангийн мөнгөн хадгаламж 220 орчим тэрбум төгрөг байгаа. Цалингийн зардлыг 100 хувь олгосон, эмнэлэг эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэргийг 100 хувь санхүүжүүлсэн” гэв. Сангийн сайдад намынх нь гишүүд ч мөн шүүмжлэл, хатуу үг хэлж байсан. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Улсын төсөв нэг их наяд 19 тэрбумаар тасарчихаад байна. Зардлаа бууруулаад төсвөө оруулаад ирэв үү гэтэл орлого нь худлаа байна. Зээлийн хэмжээг нэмэхээр байна. Энэ байдлаар байвал татвараа ч нэмж, зээлээ ч авахаар байна шүү. Бид ийм байдлыг шүүмжилж өмнөх Засгийн газрыг огцруулсан биз дээ. Гэтэл оронд нь орж ирж байгаа Засгийн газар ямар ч ялгаа алга. Үүнийг зас гэж та нарыг томилсон биз дээ. Буруу зүйлээ зас” гэхэд цаг давчуу өргөн барьж хэлэлцэж байгааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат тайлбарлаад хэлэлцүүлгийн явцад алдаагаа засаад явъя хэмээн аргадав. Ингээд төсвийн тодотголыг хэлэлцээд дараагийн шатанд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.

Чуулганы хуралдааны хуваарь ёсоор УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн өөрчлөлтөөр тамхи татах тусгай өрөө, цэг бий болгохыг нэмж оруулахаар тусгажээ. Нийтийн эзэмшлийн газарт тусгай цэг байгуулах бол байршил, төсвийг тухайн сум, дүүргийн ИТХ хариуцах гэнэ. Хэрэв аж ахуйн нэгжид байгуулбал албан байгууллагын удирдлага хариуцаж байхаар заажээ. Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Тамхи татах орчныг бүрдүүлж өгөхгүй байх нь илүү муу үр дагавартай. Хаана тамхи татаж болохгүйг хуулийн өөрчлөлтөөр оруулж байгаа юм. Тамхи татах цэг байгуулах төсвийг бүрдүүлэхэд тамхины онцгой албан татвар нэмэхийг дэмжиж байна” гэв. Тамхины хяналтын тухай хуулийг санаачилж батлуулж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Нийслэлтэй хамтраад гадаа тамхи татах цэг байгуулах төсвийг тусгасан” гэсэн тайлбар хэллээ. Хуралдаанд ороолцсон гишүүдийн ихэнх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Хамгийн их уншсан