Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулалт үгүйлэгдсэн хөдөө аж ахуйн салбар


Хөдөө аж ахуй  бол хүн амыг хоол хүнсээр хангах чухал салбар. Сүүлийн жилүүдэд тус салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн статистик бий. Гэвч  ДНБ-д тус салбарын эзлэх хувийн жин буурсаар байгаа юм. Энэ нь уул уурхайн салбарын огцом өсөлттэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарладаг. Одоогоор хөдөө аж ахуйн салбарт 800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо бий. Хэрэв ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадвал бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Өөрөөр хэлбэл нийт үйлдвэрлэл 80 хувиар өсөх ажээ. Гэвч энэ салбарын бизнест хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг байдаг. Учир нь эрсдэл өндөртэй гэдэг ганц шалтгаан бий. Тухайлбал, цаг агаар, жилд нэг удаа ургац авдаг, хавар ноолуур, зун ноос, өвөл мах, арьс ширээ борлуулна гээд орлого олох хугацаа нь эрсдэл дагуулдаг гэж үздэг.

Монголбанк,ҮХААЯ-ны хамтарсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд сүүлийн хоёр жилд хөдөө аж ахуйн салбарт 376.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүнээс гадна “Чингис бонд”,”Самурай бонд” болон Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэрээс  220 тэрбум төгрөгийг ноос ноолуур, арьс, шир, сүү, оёдол, хүлэмжид хөнгөлөлттэй зээлээр олгожээ.

Манай улс 1990 онд 28 сая толгой мал 100 мянган малчин өрхтэй байж. Гэтэл өнгөрсөн оны байдлаар 45 сая толгой мал 145 мянган малчин өрхтэй болсон байна. Гэвч нийт малчин өрхийн 53 хувь нь 200-гаас доош толгой малтай, өдөрт хоёр ам.доллараас бага зардалаар амьдарч буй судалгаа бий. Иймд малчин өрх амьжиргааны доод түвшинд хамаарч буй аж.

Малчин өрхийн амьжиргааг хангаж чадах мал сүргийн тоо толгойг урьд нь 100-150 гэж үзэж байв. Өнөөдөр доод тал нь 300 толгой малтай байж  өрхийн амьжиргаа, хэрэгцээгээ хангана гэсэн тооцоо гараад байна. Тэгэхээр  хөдөө аж ахуйн салбарт санхүүжилт, бизнесээ хөгжүүлэх боломж бололцоо хэрэгтэй хэмээн үзэж буй юм. Өөрөөр хэлбэл тус салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр малчдын амьжиргаа дээшилнэ гэж эдийн засагчид хэлж байна. Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк  хамтарч “ХАА-н санхүүжилтийн шинэ арга, хэрэгслүүд” сэдэвт зөвлөлгөөн өчигдөр хийлээ.  Энэ  зөвлөлгөөнөөр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын  санхүүжилтийн одоогийн тогтолцоог боловсронгуй болгох, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үнэ цэнийн сүлжээний одоогийн нөхцөл байдал, дутагдалтай тал, сайжруулах санал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэв. Ингээд холбогдох албнаы хүмүүсийн яриаг хүргэе.

Х.Золжаргал: Гадаадын хөрөнгө оруулалтын 0.04 хувь нь хөдөө аж ахуйд ногддог

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас хөдөө аж ахуйн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар тодрууллаа.  

-Хөдөө аж ахуйн салбарт жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийдэг юм бол?
-Монгол Улсын төсвийн хоёр орчим хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулдаг. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 0.04 хувь нь ногддог. Хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалт байхгүй гэж болох юм. Үүнээс гадна арилжааны банкуудын нийт олгож буй зээлийн бас л хоёр хувь нь тус салбарт өгсөн байдаг. Энэ бүгдээс үзэхэд маш бага, чамлалттай үзүүлэлт.

-Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт, зээл тусламж бага олгож байгаа нь ямар учир шалтгаантай гэж үзэж байна вэ?
-Энэ салбарын бизнес эрсдэл өндөртэй гэж санхүүгийнхэн хэлдэг. Мөн бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалт нь тогтмол биш. Тухайлбал, малчин хүн хавар ноолуур борлуулна, зун ноосны урамшуулал авна, намар мал зарна. Гэтэл худалдаа эрхэлж буй хүмүүс сар бүр борлуулалттай. Үүнээс гадна байгаль цаг уураас газар тариалан, мал аж ахуй маш их хамааралтай байдаг.  Бас малын халдварт өвчин гарах эрсдэл бий. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт санхүүгийн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт сайжруулахын тулд эрсдэлийг нь бууруулах ёстой. Малчид хадлан тэжээлээ сайн бэлтгээд, мал вакцинжуулах, үүлдэр угсааг нь сайжруулбал эрсдэл нь буурна. Тариаланчид бас хөрснийхөө үржил шимийг сайжруулах, техник тоног төхөөрөмжөө сайжруулах учиртай. Энэ эрсдэлийг бууруулахдаа Засгийн газар, малчид, тариаланчид, банк санхүүгийнхэн хамтарч ажиллах юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлээ бууруулж бай­гаа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч­дэд зээл олгох, даатгалын үйлчилгээг хамгийн түрүүнд үзүүлдэг байж болно.

-Тэгэхээр зээл олголт, санхүүжилтийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарт олгож буй санхүүжилтийн бүтцийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж байна. Засгийн газраас энэ салбарыг улсын төсвийн мөнгөөр хөнгөлөлттэй зээл олгох, урамшуулал өгөх зэргээр байнга дэмжиж ирсэн. Арилжааны банк, даатгал, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн тэлэх шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр өөрийн ачаагаа хөнгөлж хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагыг хөрөнгө оруулах боломжийг нээх бодлого баримтална гэсэн үг.  Мөн Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудыг манай улсын хөдөө аж ахуйн санхүүгийн бүтцийг хөгжүүлэхэд хамтран оролцохыг урьж буй юм.

-Зөвхөн санхүүжилт хийх, зээл олгосноор уг салбарыг хөгжүүллээ гэж хэлж болохгүй байх. Тэгэхээр энэ салбарт тулгамдаж буй ямар ямар асуудал байна вэ?
-Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд л байгаль цаг ууртай тэмцэж эхэлсэн. Цаашид энэ тэмцэл үргэлжилнэ. Тэгэхээр зам харилцаа, усжуулалт, үерийн далан борооны усыг авч үлдэх нуур цөөрөм, цахилгаан хангамж, мал эмнэлгийн албыг сайжруулах, зоотехникч бэлтгэх гээд дэд бүцийг нь хөгжүүлэх шаардлага бий. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл  хэрэгтэй. Тэгэхээр малчид, тариаланчдаас бүтээгдэхүүнийг нь худалдан авч буй үйлдвэрүүдийг дэмжих, худалдааны сүлжээг нь боловсронгуй болгох асуудал тулгарч байна. Энэ бүгдийг цогцоор нь хөгжүүлэх учиртай.


Д.Болдбаатар: Бидний зорилго бол шинэ төрлийн зохимжтой бүтээгдэхүүн гаргах

Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын захирал.

-Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд санхүүгийн ямар хэрэгсэл тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилт их олон хэлбэртэй. Уламж­лалт санхүүгийн бүтээгдэхүүн, банкны зээлээр тус салбарын бизнесийг санхүүжүүлэх нь явц муутай юм. Мөн дандаа л төрөөс  дэмжлэг  үзүүлээд байх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл олгож буй санхүүгийн хэмжээгээ тэлж чадахгүй байгаа юм. Ингээд хөдөө аж ахуйн салбарт тохирсон бусад санхүүгийн ямар хэрэгсэл байгааг хайж байна.   Хамгийн гол нь баялаг бүтээх шат дамжлага бүрт зохицсон ялгаатай санхүүжилтийн хэрэгсэл байх ёстой гэж үзэж буй юм.

-Арилжааны банкууд хөдөө аж ахуйн салбарт хэдий хэмжээний сан­хүүжилт хийх бололцоо байна вэ?
-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь өнөөдрийн бидний сонирхож буй зүйл биш. Одоо бидний гол зорилго бол шинэ төрлийн илүү зохимжтой бүтээгдэхүүн гаргах явдал юм. Ер нь хөдөө аж ахуйн салбарт олгож буй зээл уул уурхай, барилга шиг тийм өндөр байхгүй. Маш бага хэмжээтэй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан