Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар өчигдөр хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаас иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэж, чимээ чагнасан нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай байв. Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор 2012 оны наймдугаар сарын 27-ноос эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан Улаанбаатар хотын ачаалал ихтэй замуудад хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Гэтэл сүүлийн хэд хоног хязгаарлалттайгаар явуулах НИТХ-ын тогтоолын хүчинтэй хугацаа дууссан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсанаар иргэд төөрөгдөлд ороод байсан юм.

Тэгвэл уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж, дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд өөрчлөлт орууллаа. Өнөөдрөөс автомашины дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ. Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгааг сануулах хэрэгтэй гэсэн юм.

Мөн өдрийн хэлэлцэх асуудлаар нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ. Нийслэлийн албан хаагчид нэгдсэн шагнал урамшууллын журам байхгүй учир байгууллага бүр дур мэдэн үр дүнгийн шагнал урамшуулал олгож байгаа. Харин уг журам хэрэгжсэнээр дээрх байдал зогсох юм байна. Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагууд ашигтай, үр бүтээлтэй ажиллаж байхад төсвийн байгууллагууд болохоор алдагдалтай ажилладаг. Тэгвэл шагнал урамшууллын нэгдсэн журамтай болсноор төрийн албан хаагчдын ажлын үр бүтээл ч нэмэгдэнэ хэмээн үзжээ. Уг асуудлыг хэлэлцэх үед төлөөлөгчдөөс эдийн засаг хямарсан, Засгийн газраас төрийн албан хаагчдыг цомхотгож шагнал урамшууллыг танаж байгаа үед төсвийн албан хаагчдыг шагнаж, урамшуулах талаар хэлэлцэж буйг шүүмжлэх нэгэн цөөнгүй байв. 2013 онд есөн тэрбум төгрөгийг шагнал урамшуулалд суулгаж байсан бол энэ жил 4,6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Тэргүүлэгчид санал нэлээд зөрөлдсөний эцэст дээрх журмыг баталж, шагнал урамшуулал олгосны үр дүнд төсвийн албан хаагчдын ажлын бүтээмж хэр нэмэгдсэн талаар мэдээлж байхаар болсон юм. Харин тэргүүлэгч Г.Ганбаярын хувьд “Би нийслэлд ажиллаж байхдаа нэг удаа урамшуулал авч байсан. Нэгдүгээр амаржих газарт хүйн халдвар гарч нярай эндэхэд нийслэлийн төсвөөс хоёр тэрбум төгрөг гаргаж засвар хийхээр төлөвлөж байсан. Би “Бороо Гоулд” компанийнхантай ярилцаж арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олж ирж, таван хувийг нь шагналд авч байсан. Энэ бол нийгмийн асуудлыг шийдсэн хөрөнгө оруулалт болсон юм. Харин одоо төсөвт урамшуулалд гээд мөнгө суулгачихаар хавтгайрсан шагнал болж магадгүй. Уг нь Засаг дарга журмаараа хориглох бүрэн эрхтэй. Мөн энэ журмыг харахаар яг ажил хийж байгаа доод албан тушаалтанд очихгүй юм шиг санагдлаа. Улсын өмчит үйлдвэрийн газар нэг нь ашгийн төлөө ажиллаж байх ёстой, нөгөө нь төрийн үйлчилгээг иргэдэд чанартай түргэн шуурхай хүргэж байх гэсэн хоёр өөр үүрэгтэй байгууллагыг нэг журмаар зохицуулж боломгүй юм” гэж байв.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан