Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувьсгалын тохироо ба түүний үр дагаварын талаарх зарим зүйлс


Монголд ээлжит жинэхэнэ ардын хувьсгал хийгээд чухамхүү цэнгэлийн манлайд хүрэх тухай яриа их гардаг боллоо. Одоогийн эрх мэдэлтнүүд, өндөрлөгүүдийг гэсгээнэ, цээрлүүлнэ үлгэр дээр гардаг шиг “дээрээс дарлах ноёнгүй” болох юм байх. Гэтэл хэсэг хүн үзэл санаагаар эвлэлдэн нийлээд сайтар бодож төлөвлөсний эцэст нийгмийн хөгжлийн чиг хандлага, бүтцэд эрс өөрчлөлт оруулахын тулд хувьсгал хийхээр зүрхэлнэ гэдэг нэг хэрэг. Хийсэн хувьсгал нь ард олны дийлэнхийн сэтгэлд хүрч ба арми, цагдаа, тусгай албад гэх мэт төрийн байгууллагуудын хурц эсэргүүцэлтэй тулгаралгүй ялалтанд хүрнэ гэдэг өөр хэрэг. Хувьсгал амжилтанд хүрлээ ч нийгэм нь анхны зорилгын дагуу хөгжиж, бүтцэд нь хүсэн хүлээсэн өөрчлөлт гарах эсэх нь бүр тэс хөндлөнгийн хэрэг. Энэ гурван зүйл хоорондоо уялдаа холбоотой, харилцан хамааралтай хэдий ч нэг нэгнээсээ тусдаа явж  байдгийг зүйл бүрийн хувьсгалууд харуулдаг.  
Гэхдээ энэ гурваас илүүтэйгээр хамгийн чухал зүйл нь хувьсгалын тохироо юм. Энэ тохироо нь хувьсгалын эцсийн үр дүнг анхнаасаа тодорхойлж байдаг, хамгийн чухал үзүүлэлт гэж болно.

Улс оронд нь бүрдсэн нөхцөл байдалд бухимдсан нэжгээд хүмүүс нийлж тооноос чанарын өөрчлөлтөд шилжихэд хүргэсэн тохироо. Ямар нэг зүйл хийх шаардлага тулгараад байгааг манайхны ярьдгаар Долон буудлын Должин эмээгээс эхлээд доктор профессор хүртэл бүгд мэдрэх шаардлагатай. Ийм нөхцөлд л хувьсгал гарцаагүй ялалтанд хүргэдэг.  Ялсны дараа шинээ гарч ирсэн өндөрлөгүүдэд ч эрх мэдлээ хадгалан үлдэх нааштай нөхцөл бүрдүүлж өгдөг.

Жишээ болгоод  эрх чөлөөний арал Кубад 1959 онд ах дүү Кастро, Че Гевара тэргүүтний хийсэн хувьсгалаас өмнөх нөхцөл байдлыг авч үзье. Өөрөөр хэлбэл Кубад тэр үед хувьсгалын тохироо ямар байсныг харцгаая.

Куба гэж хувьсгалаас өмнө ямар сайхан өндөр хөгжилтэй мундаг улс байсныг муусайн хувьсгалчид балиар Зөвлөлтийн тусламжтай баллаж хаясан, хүний эрх гэж “түй”, ард түмэн нь бүгд гуйлагчид, Кубын ард түмнийг чөлөөлөх хэрэгтэй, гаднаас жаахан зэвсгээр дэмжээд хэд бөмбөгдөөд өгвөл дотоодод нь ард түмэн нь бослого дэгдээн хувьсгал гаргаж ах дүү Кастрог түлхэн унагана, ингэдэггүй юм гэхэд Иракт Хуссейнийг унагасан шиг шууд гаднаас хүч хэрэглэн ардчилал тогтоох ёстой гэх мэт яриа моод болж.

“Арабын хавар” гэх мэт янз бүрийн нэр зүүсэн олон тооны хувьсгал гарах болгонд бүгд Куба руу харцгаана. Кастрог ард түмэн нь яагаад түлхэж унагадаггүй юм бэ гэж гайхацгаана,  цагдаа, цэрэг, тусгай албад ард иргэдээ өдөр болгон баривчилж тамлаад, бөөнөөр нь шоронд хорьж байгаагаас зайлахгүй гэнэ.
Зөвлөлт маягийн эдийн засгийн систем оршин тогтнох чадваргүй гэдгээ харуулсан тул Кастро дагаснаар алдаа гаргасан нь ойлгомжтой. Гэлээ ч иргэд нь Кастро болон бусад хувьсгалчдаа түлхэж унагалгүй, өдий хүртэл тэсээд, байлгаад байдгийн гол нууц нь 1959 оноос өмнөх Кубад бүрдээд байсан хувьсгалын тохироонд байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Тодруулахын тулд хувьсгалын өмнөх Куба арал дээр амьдрал ямаршуу “сайхан, аз жаргалтай” байсныг зарим тоо баримтаар тодруулъя. Юуны өмнө Куба нь хувьсгалаас өмнө Амеркийн далд колончлолд байсан юм. 19 дүгээр зууны сүүлээр Испанийн колончлогчид ба Кубын хувьсгалчдын хооронд болж байсан дайнд Америк хөндлөнгөөс оролцон ялж Куба Америкийн мэдэлд шилжсэн түүхтэй. Америкчууд хэдэн жилийн турш Кубаг цэргийн амбан захирагчаар дамжуулан удирдаж байгаад тусгаар улс болгосон ч бодит бүх эрх мэдэл АНУ-ын гарт байв. Улмаар АНУ-ын Конгресс нь Платтын нэмэлт өөрчлөлт нэртэй шинэ хууль гаргаж түүнээ Кубын шинэ засгийн газраар  бараг л хүчээр шахуу зөвшөөрүүлж чадсан.

Энэхүү Платтын нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг сонирхуулъя.

1 дүгээр зүйл
Кубын Засгийн газар нь Кубын тусгаар тогтносон байдалд заналхийлсэн эсвэл алдагдуулсан ямар нэгэн гэрээ болон бусад хэлэлцээнд өөр ямар нэгэн улс ба бүлэг улсуудтай нэгдэхгүй, түүнчлэн аливаа нэг гадаад улс гүрэн эсвэл улс гүрнүүдэд колончлох замаар тус арлын ямар нэг хэсгийг худалдан авах, цэрэг эсхүүл  тэнгисийн цэргийн зориулалтаар арлын аль нэг хэсэгт хяналт тогтоох болон бусад зорилгоор цэргээ байршуулахыг зөвшөөрөхгүй, дэмжихгүй.

2 дугаар зүйл
Кубын  Засгийн газар нь төлөх хүүн хэмжээ эсвэл төлбөрийн сангийн боломж хэмжээ нь Куба арлын Засгийн газрын урсгал зардлыг хассаны дараагаар тус засгийн газрын ердийн орлогоос давж гарсан хэмжээтэй зээл тавихгүй, тийм зээлийн баталгаа гаргаж өгөхгүй.

3 дугаар зүйл
Кубын Засгийн газар нь Кубын тусгаар тогтнолыг хамгаалах, хувийн эрх чөлөө ба өмч, амьдралыг хамгаалах чадвартай Засгийн газрын хадгалан үлдээх ба одоо Кубын Засгийн газарт дамжуулан өгч, хүлээн авч байгаа Парисын гэрээний дагуу Америзийн Нэгдсэн Улс нь Кубын талаар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хөндлөнгөөс оролцох эрхтэй гэдгийг зөвшөөрнө.

5 дугаар зүйл
Кубын Засгийн газар нь ард түмэн ба арилжаагаа болон Нэгдсэн Улсын өмнөд боомтуудын арилжаа ба тэдгээрт оршин сууж байгаа хүмүүсийн хамгаалахын тулд олныг хамарсан халдварт болон бусад өвчнийг тархахаас сэргийлэх зорилгоор арлын бохир усны системийн урьд нь боловсруулсан бөгөөд одоо харилцан тохиролцох төлөвлөгөөг хэрэгжүүлж, өөрийн боломжын хэрээр өргөжүүлнэ.

7 дугаар зүйл
АНУ-д Кубын тусгаар тогтнол ба түүний ард түмнийг хамгаалах боломж олгох ба өөрийн батлан хамгаалахын эрх ашгийн үүднээс Кубын Засгийн газар нь Нэгдэн улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсэн зүйлүүдээр Нэгдсэн Улсад шатахуун цэнэглэх төв эсвэл тэнгисийн цэргийн бааз байгуулахад шаардлагатай газрыг худалдаж эсвэл түрээслэн өгнө.

/Энэ долдугаар зүйлд хүч тулгаад түрээслэж, эсвэл худалдаж авах гээд байгаа газар нь одоо хэн бүхний мэдэх Гуантанамо цэргийн бааз юм./
Ингээд 1932 оны хүртэл Кубагийн улс төрийн тогтолцоо эцэс төгсгөлгүй төрийн эргэлт болж хувирчээ. Нэг дарангуйлагч нь нөгөө дарангуйлагчаа сольдог. Ээлжит дарангуйлагч өмнөхөө солихын тулд Гавана дахь Америкийн Элчин сайдын яам орж зөвлөлдөн зөвшөөрөл авна. Авч чадвал гарна, чадахгүй бол ардчилсан биш, Кубагийн ард түмний эсрэг гээд будаа. Америкчууд зөвшөөрөөд байхад ард түмэн бослого дэгдээгээд арми нь дийлэхгүй болвол Америкчууд Платтын нэмэлт өөрчлөлтийн дагуу Гуантанамо дахь цэргийн баазаасаа цэргээ оруулаад олон таван үггүй шууд дарчихдаг.

Энэ мэтээр 1932 он хүрчээ.Ээлжит удаагийн төрийн эргэлтийг тойрсон эмх замбараагүй байдлын үеэр армид түрүүч цолтой алба хааж байсан Батиста бусад найз түрүүч нарынхаа хамт Америкийн Элчинтэй уулзан зөвшөөрөл авсны дараа шинэ дарангуйлагчаар тодорсон юм. Батиста өмнөх дарангуйлагчдаас арай ухаалаг зан гаргаж сонгуулийг халаагүй, харин сонгуулиар ялах хүнээр өөрийн үгэнд 100 хувь ордог дуулгавартай долдойг тохон томилж, өөрөө араас нь сэм удирдаж суудаг болсон байна.

Гэхдээ энэ бол улс төр, өөрөөр хэлбэл буу. Харин бууны амнаас мөнгө гардаг гэж Мао тэргүүлэгч хэлсэн байдаг нь юутай үнэн. Бүх бодит эрх мэдэл америкчуудад байгаа тул Америкийн саятнуудын хувьд Куба нь хөрөнгө оруулалт хийх, мөнгө угаах, татвараас зугатах хамгийн таатай газар болж хувирчээ. Ингэснээр АНУ нь Кубын эдийн засгийн 70 орчим хувийг хянадаг болж хувирлаа. Эдгээрийн тоонд уул уурхайн салбарын 90 хувь, цахилгаан ба утасны компаниудын 90 хувь, орон сууцны дэд бүтцийн компаниудын 70 хувь, шатахууны түгээгүүрийн 80 хувь, түүхий сахарын үйлдвэрлэл ба чихрийн нишингийн тариалангийн 50 хувь багтаж байна.

Тухайн үед Америкт мөрийтэй тоглоомын эсрэг хууль нэлээд хатуу байсан тул мафийнхан, томоохон хөрөнгө оруулагчид Кубад, Гавана хотод олон тооны казино, том зочид буудлын сүлжээ байгуулсан юм. Америкийн голдуу жуулчид ирж мөнгөө үрж, амарч тухлаад буцдаг байжээ.

Гэхдээ энэ бол зөвхөн өнгөн тал. Наанаа л америкчууд олон саяын хөрөнгө оруулалт хийгээд, шинэ ажлын байр бий болгоод байгаа мэт боловч бодит байдал дээр тун таагүй үзэгдэл бий болов.  Гавана хотод жуулчдад зориулагдсан олон тооны янхны газар байгуулагдаж түүнд шинэ “ажиллах хүч” байнга хэрэг болох болсон тул ядуу айлын охидыг хулгайлж биеийг нь үнэлүүлдэг тусгай бүлэглэл хүртэл бий болов. Америкчууд Кубад иймэрхүү газраар очих тун дуртай байсан тул Гавана хотын янхны газар ажилладаг эмэгтэйн дунджаар долоогоос илүү жил ажиллаж дийлдэггүй эрэмдэг болж эсвэл нас бардаг байсан байна.

Үүний дээр мафийнхан Кубын сайд ба түүний зиндааны өндөр албан тушаалтнууд ихээхэн хэмжээний авилга өгөх замаар казино, зочид буудлын барилгуудыг Кубын төсвийн хөрөнгөөр бариулдаг байж. Үүний тулд эхлээд тухайн барилгыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийтийн зориулалттай гэж тайлбарлан бариулаад дараа нь шаардлага хангаагүй гээд хямд үнээр дуудлага худалдаагаар заруулдаг байж. Дарангуйлагч Батиста энэ бүхнийг мэдэхийн сайнаар мэддэг ч цэвэр алтан утасны аппарат, мөнгөн суултуур гэх мэт бэлэг, олон сая ам.долларын хахууль аваад дуугүй суудаг. Алтан утас бэлгэнд авч байгаа ийм нэг тохиолдлын тухай “Загалмайлсан эцэг” кинон дээр гардгийг уншигч та лав үзэж байсан байх. Үзэгдэл нь уран сайхны кинон дээр гарч байгаа ч бодит байдал дээр нэг бус удаа болж байсан зүйл аж.

Иймэрхүү байдлаар АНУ нь 1958 онд гэхэд Кубад тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ ийм их хөрөнгө оруулалт авлаа гээд Кубад үлдэх нь тун бага.  Америкийн эрх мэдэлтнүүд бүх салбарыг нь мэдэлдээ байлгадаг, дээд ба дунд шатныханд авилга өгөөд орлогынхоо 2/3-ыг АНУ руу гаргадаг. Үлдсэн 1/3-ийг нь Кубад хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр авч үлдээд кубчуудын үйлдвэр, газрыг худалдан авахад зориулдаг байж. Тухайн үед америкчуудын хувьд нь Куба нь хөрөнгө оруулалт хийх хамгийн таатай газар байсныг нэг зүйл гэрчилдэг. Тэр үед АНУ-аас Кубад хийсэн нэг доллар болгоноос 20-40 центийн цэвэр ашиг авдаг, ердөө 3-5 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашигтай ажиллаж эхэлдэг байжээ.

Гэхдээ тун алсын хараатай, нарийн бодлоготойгоор хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр газрыг худалдан авах замаар Кубын аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бус харин бараг л 100 хувь өрөөсгөл болгож хувиргасан байна. Тэд Кубыг зөвхөн чихрийн нишингэ тариалдаг  хөдөө аж ахуйтай, түүнийг боловсруулдаг үйлдвэрлэлтэй, нийлүүлдэг АНУ гэсэн цор ганц зах зээлтэй болгож чадсан юм. Үүний тулд томоохон хөрөнгө оруулагчид нь удаа дараалан шат дараалсан арга хэмжээ авсан байдаг. Тухайлбал, 1940-өөд онд Кубад тариалж, хийдэг байсан чанартай, үнэтэй тамхийг авахаа бараг бүрэн зогсоогоод Филиппинээс чанар султай ч зүйрлэхээргүй хямд тамхи авдаг болсон. Ингэснээр Кубын тамхины тариалан, үйлдвэрлэл дийлэнхдэээ дампуурсан. Гол зах зээл нь АНУ болохоор өөр яалтай. Дараа нь Куба ром дарс авахаа больж Пуэрто-Рикогоос хямд ром авдаг болсон. Ингэснээр олон зууны түүхтэй Куба ром дарсны үйлдвэрлэл дампуурсан. Цаашлаад, шүдэнз, сахлын хутга, гэрийн шаахай үйлдвэрлэгч, чийдэн үйлдвэрлэгч, саван үйлдвэрлэгчдийг хүртэл энэ мэт арга хэмжээ авч дампууруулсан. Тэгээд бүгдийг Америкаас импортлон оруулж ирдэг болгосон байна. Үйлдвэрлэлийн аргаар хямд зардлаар хийж байгаа бараатай Кубад хоцрогдсон аргаар, зардал ихтэй хийгддэг бараа өрсөлдөж чадалгүй сөхөрсөн хэрэг. Харин Засгийн газар нь дарангуйлагчаасаа эхлээд бүгд авилгад идэгдсэн тул үндэсний үйлдвэрлэгчээ аврах, гадны бараа бүтээгдэхүүнд хориг тавих хамгийн энгийн арга хэмжээг аваагүй, зүгээр л хараад сууж байсан.

Куба чийглэг, дулаан уур амьсгалтай, өвөл гэж болдоггүй тул газар тариалан эрхлэвэл улс орноо бүрэн тэжээх  чадвартай нь бүгдэд илэрхий. Гэтэл мөн л үндэсний гэсэн юмаа дэмждэггүй, бүгдийг Америкчууд гартаа оруулсны гайгаар хөдөө аж ахуйн салбар нь жилдээ хоёр гурван ургац авахын оронд байнгын хямралтай суудаг байж. Үр дүнд нь нийт импортынхоо 25 хувьд хүрсэн хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-аас импортлон авдаг. Тодруулбал, буудайн төрлийн 60 хувийг, үхрийн махны 72 хувийг америкаас авдаг байж. Кубын газар өмчлөгчдийн 7,5 хувь нь нийт газар тариалангийн талбайн 46 хувийг эзэмшдэг, харин өмчлөгчдийн 70 хувь нь нийт газрын ердөө 12 хувийг эзэмшдэг байжээ. Хамгийн таагүй нь хамгийн их талбай эзэмшдэг аж ахуйнууд нь нийт газрынхаа 90 хувийг хагалж боловсруулдаггүй 10 хувьд нь үйл ажиллагаа явуулдаг байсан байх юм.
Чихрийн нишингийн тариаланчид Кубын нийт газар нутгийн 22,5 хувь буюу 2,7 са га газрыг өмчлдөг байв. Дийлэнх том газар өмчлөгчид нь куба хүмүүс байсан ч бодит байдал дээр америкчууд тэднээр халхавч хийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл Кубын хамгийн том газар эзэмшигчид нь Америк болж хувирсан.
Уг нь тэгэж их хөрөнгө оруулалт хийгдэж байхад ажлын байр олон гармаар. Гэтэл Кубын хүн амын 30 хувь нь ажилгүй. 1958 онд буюу хувьсгал гарахаас жилийн өмнө ажилгүйчүүдийн тоо 657 мянга хүрсэн. Үүн дээр улирлын чанартай ажил хийдэг 600 мянга гаруй хүнийг нэмээгүй байдаг.

Нийслэл Гавана болон түүний орчим  америкийн жуулчдад зориулсан зугаа цэнгэлийн төв байгуулахад л анхаараад хөдөө орон нутгийг бүрэн мартсан нь эндээс ажиглагдаж байгаа байх.

Хувьсгалаас өмнөхөн Кубын парламентын тусгай комисс байгуулагдаж хөдөө орон нутгийн байдалтай танилцан, судалгаа хийж. Ингэхэд хөдөө орон нутгийн хүн амын 50 хувь нь бичиг үсэг мэддэггүй, сургуулийн насны хүүхдүүдийн 64 хувь нь сургуульд явдаггүй, 84,6 хувь нь эмнэлгийн ямар нэг тусламж авах боломжгүй, хүүхдүүдийн 11 хувь нь л үнээний сүү гэж юу байдгийг мэддэг, насанд хүрсэн хүн амын 4 хувь нь өдөр тутамд хүнсэндээ мах хэрэглэдэг. Тухайн үеийн Куба 6,7 сая хүн амтай байсан бөгөөд тэдний 2,8 сая нь хэзээ ч цахилгаан чийдэн харж байгаагүй, 3,5 сая нь ядуусын хороололд, дал модны навчаар хийсэн оромжинд амьдардаг, 100 мянган хүн сүрьегээр өвдсөн байсныг илрүүлээд өөрсдөө гүн шоконд орсон гэдэг.  1953 он байдлаар Кубын насанд хүрэгчдийн 3 хувь нь дээд боловсролтой.

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедий энэ тухай ярихдаа “Батистын дэглэмийн үед манай улсын зүгээс явуулж байсан бодлгын улмаас Кубааг дайрсан шиг гуйланчлал, эдийн засгийн колончлол, доромжлол, дарлалаас илүү дор зүйлийг амссан улс дэлхий дээр байгаагүй” гэж хэлж байв. Хожим Чилийн дарангуйлагч болсон Аугусто Пиночет тэр үед Кубад айлчлаад буцаж ирэхдээ “Тэнд ёстой холион бантан болж байна аа” гэж байсан нь байдал ямаршуу байсныг гэрчилнэ.
Ийм далд колончлолд ороод үйлээ үзэж байсан хүмүүс эргээд ийм байдалд орохын хүсэх үү? Үгүй л болов уу. Кастрог сонгох уу эсвэл ардчилал, эрх чөлөө амлаад байгаа Америкийн хөрөнгөтөнийг сонгох уу гэвэл иргэд нь юу гэж хариулах нь ойлгомжтой.  Тэгээд дээр нь ийнхүү олон арван жилийн турш бодлогын түвшинд шаталсан арга хэмжээ авсаар Куба ганц чихрийн нишингэ тариалдаг сахар үйлдвэрлэж экспортлодог, сахрынх нь гол худалдан авч болсны дараа америкчууд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Кубын эдийн засагт асар их хохирол учруулсан. Ийм нөхцөлд Кастро нь улсынхаа эдийн засгийг аврахын тулд экспортын гол бүтээдэхүүнээ борлуулах шинэ зах зээл хайх хэрэгтэй болсон. Тэр зах зээл нь Зөвлөлт тэргүүтэй социалист системийн улсууд болсон юм.

Кастрог хувьсгалын дараа Америкт албан ёсны айлчлал хийхэд Америкийн өндөрлөгүүд үл тоосон, доромжилсон өнгө аясаар харилцаж “Танайд хэн тэргүүн болох нь хамаагүй, яваад дуугүй л Батистагийн хийж байсныг хийж бидний ашиг сонирхол, мөнгийг хамгаал. Үгүй бол эвгүй юм болно шүү” гэсэн утгатай үг хэлээд явуулсан байна. Гэхдээ Кастро бол Батиста биш гэдгийг америкчууд тооцсонгүй. Уурлаж бухимдсан Кастро нутагтаа эргэж ирээд Америкчуудын эзэмшилд байсан газрын тос боловсруулах болон бусад үйлдвэрүүдийг улсын мэдэлд хурааж эхэлсэн байна. Үүний хариуд америкчууд эдийн засгийн хориг арга хэмжээ авахад, Кастро аргагүйн эрхэнд Зөвлөлттэй найзлахаас өөр замгүй болсон. Товчхондоо Кастрог зөвлөлт маягийн эдийн засгийн чигийг сонгоход хүргэсэн  хүмүүс нь америкчууд өөрсдөө.

Куба болон бусад улсууд Америкт удаа дараалан хандаж хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж, уриалж байсан. Хариуд нь ардчилсан тогтолцоог нэн даруй нэвтрүүлэх, улс төрийн хоригдлуудыг суллах, зах зээлийн нийгэмд шууд шилжих, хамгийн гол нь реституци хийхийг шаардсан байдаг. Эхний гурав нь болно гэж бодож болно. Коммунист намаар удирдуулсан Хятад энэ эхний гурван зарчмыг боломжийн хэмжээнд хэрэгжүүлсэн жишээ байгаа тул кубчууд тэднэээс туршлага судлаад, хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Харин дөрөв дэх шаардлагын тухайд бол хүлээж авах аргагүй.

Реституци гэдэг нь өмчийг нь хуучин эздэд нь буцаан өгөхийн хэлдэг. Өөрөөр хэлбэл Куба хувьсгал гарахаас өмнө америкийн иргэд, компаниудын эзэмшиж байсан хүн өмч хөрөнгийг нэн даруй шууд эздэд нь, эсвэл тэдний залгамжлагчдад буцаан өгөхийг шаардаж байгаа хэрэг юм. Хэрэв үүнийг зөвшөөрвөл Куба эргээд  уул уурхайн салбарын 90 хувь, цахилгаан ба утасны компаниудын 90 хувь, орон сууцны дэд бүтцийн компаниудын 70 хувь, шатахууны түгээгүүрийн 80 хувь, түүхий сахарын үйлдвэрлэл ба чихрийн нишингийн тариалангийн 50 хувиа Америкийн компаниудад буцаан өмчлүүлээд ахиад л далд колони улс болон хувирах ёстой болж байна. Одоо жирийн кубачуудын амьдарч байгаа хуучны дийлэнх байр сууц нь мөн л америкчуудынх эсвэл чинээлэг кубачуудынх. Чинээлэг кубачууд гэснээс хувьсгалын дараа Америк руу цагаачлан гарсан тэдний өмчийг ч буцаан өгөхийг Америкчууд шаардаж байгаа юм. Ингэвэл олон сая хүн яах ийхийн зуургүй орон гэргүй болон гудамжинд хаягдана, оронд нь Майамигаас баян цагаачдын үр удам ирээд хуучин байрандаа суух юм гэнэ.

Ийм байдлыг Кастрогийн Засгийн газар ч тэр, жирийн иргэд нь ч тэр хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь ойлгомжтой. 1996 онд Америкчууд Хелмс –Бертоны нэртэй хууль баталсан. Энэ хуулийн дагуу хувьсгалын дараа улс өмч болж хураагдсан америкийн иргэд, компанийн үл хөдлөх хөрөнгийг ямар нэг зориулалтаар ашиглаж байгаа, ашигласан хувь хүн ба компаниудыг АНУ-д шүүхэд өгч, өмчийг нь ашигласны нөхөн төлбөр шаардах эрхтэй болсон.
 Ийм нөхцөлд Кастро, түүнийг талыг бармтлагчдын эсрэг ард түмэн нь бослого гаргана гэдэг юу л бол.

Хувьсгалын өмнөх тохироо ийм байсан тул анхнаасаа л Кастро болон түүний нөхдийн хувьсгал амжилтанд хүрэхээс өөр аргагүй байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Манайд ч үүнтэй төстэй нөхцөл байдалд Ардчилсан хувьсгал гарч ялсан гэж болно. Кубын хувьд Америк ямар байсан манай хувьд Зөвлөлт ойролцоо нөхцөлд ороод байсан. Кубатай адил өнгөн дээрээ тусгаар улс ч бүх шийдвэрийг ЗХУ-ын Коммунист намын төв хороо гаргадаг байлаа. Кубын хувьд Америк цорын ганц зах зээл нь байсан бол Монголын хувьд ЗХУ цор ганц зах зээл.
Одоо байдал өөрчлөгдсөн, урьдын адил нэг улсаас хамааралтай байдалд орохыг хэн ч хүсэхгүй.

Харин энд тэнд Монголд хувьсгал хийж нийгмийн байдлыг өөрчилнө гэж яваад байгаа нөхдүүд эхлээд хувьсгалын тохироо хэр бүрдээд байгааг судалмаар юм. Кастрог эсвэл С.Зоригийг дэмжиж байсантай адилаар ард түмэн тэднийг дэмжих үү? Тохироо хараахан бүрдээгүй тул нэг улсаас хэт хамааралтай болохыг эсэргүүцсэн сэрэмжлүүлэх хөдөлгөөн гэх мэт зүйл хийвэл олонхын дэмжлэг авч магадгүй юм.

0 Сэтгэгдэл
Энэ мэдээлэл бол хатгаас мэдээ. Цөөн хэдийг нь барьж аваад мөнхбаярдах гэж байгаа юм. Одоо цаг болоод мэдлэгтэй хүмүүс их болсон шүү КГБ CIA агентуудаа
хүмүүс өр ширэндээ баригдаад ажил орлогогүй болоод ирэхээрээ аяндаа хувьсгалын тохироо бүрдэнэ ээ, улс төрчид газар нутгаа зуун жилээр түрээслүүлэх тухай яриад ирэхээр аяндаа хувьсгалын тохиороо бүрднээ, оюу толгой, таван толгойн тухай яриа яригдахгүй болсон цагт монголд хувьсгал гарна аа
Хамгийн их уншсан