Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Улаан, З.Баянсэлэнгэ нар олон тэрбум төгрөгийн тендерт холбоотой юу


УИХ-ын гишүүн Ч.Улааны эхнэрийн компани, З.Баянсэлэнгийн компани Эрүүл мэндийн салбараас их хэмжээний өртөг бүхий тендер авсан тухай мэдээлэл өчигдөр цацагдав. Ч.Улааны эхнэрийн “Сүвэн уул” ХХК эмнэлэг, лабораторын тоног төхөөрөмжийн голдуу 12 тендерт шалгарч, нэг тендерт дор хаяж хоёр тэрбум төгрөгийн ажил авсан тухай dorgio.mn сайт мэдээлсэн. Нийтдээ 32 тендерт материалаа өгснөөс ийнхүү 12-ыг авчээ гэж бичиж. Харин Ч.Улаан гишүүний 2013 онд АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт энэ компанийн талаар огт мэдээлэл алга. Гэр бүлийнхээ орлогыг 26 сая төгрөг гэж мэдүүлжээ. Таван томоохон компаниас тус бүр таван ширхэг хувьцаатайгаа ил болгосон байв.
Тэгвэл гадаад худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэх “Сүвэн уул” ХХК нь 2013-2014 онд нийтдээ 32 тендерт оролцсон байна. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Тахилтын 22Б -73 гэсэн хаяг Худалдан авах ажиллагааны газарт бүртгүүлжээ. Чингэлтэй дүүрэгт 19 дүгээр хороонд Тахилт гэж байдаг төдийгүй Долоон буудал орчмын гэр хорооллын хэсэг хамаардаг юм байна. Тэр хавьд томоохон орон сууцны болоод оффисын барилга байгууламж бараг үгүй аж.

Цахим сайтуудад гарсан мэдээллээр Ч.Улаан гишүүний эхнэр О.Цэен­бадамын нэр дээр “Сүвэн уул” ХХК бүртгэлтэй байдаг гэжээ. Энэ талаар тод­руулах гэтэл Ч.Улаан гишүүн Төрийн ордны албан өрөөндөө байгаагүй юм.  “Сүвэн уул” ХХК-ийн захирал нь н.Шинэбаатар гэдэг хүн байдаг аж. Түүнтэй холбогдоход “Энэ талаар цахим сайтуудаас харлаа. Улаан гэдэг хүнийг танихгүй, уулзаж ч байгаагүй. Ямар учиртай ийм мэдээлэл гараад байгааг мэдэхгүй байна. Хаягийн хувьд өмнө нь Чингэлтэй дүүрэгт байрлаж байсан. Одоо Американ дэнжид “Сүвэн уул” гэсэн том хаягтай байгаа” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг “Арз суврага” ХХК-нд есөн тэрбум төгрөгийн тен­дер авч өгсөн тухай тодруулахад Худалдан авах ажиллагааны газрын мэдээлэлд “Арц суврага” ХХК хэмээн бичиж 2013-2014 онд нийт­­дээ зургаан тендерт оролцож хоёрт нь шалгарчээ. Тус компани улсын нөөцийн “Объект-03” салбарын иж бүрэн агуулах, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 50 ортой эрүүл мэндийн төвийн тендерийг авсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тод­руулах гэтэл гадаадад томилолттой яваа аж. Эрхэм ги­шүүний 2013 оны хөрөнгө орло­гын мэдүүлэгт гэр бүлийнхээ орлогыг 90 сая төг­рөг, ямар нэг компанид хувьцаагүй гэж мэдүүлжээ.

“Арц суврага” ХХК-ийн ажилтантай холбогдоход “ Тийм зүйл байхгүй” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Уг компанийн захирлыг н.Алтансүх гэснээс өөр зүйл хэлээгүй юм. Дээрх мэдээлэлд бичсэнээр МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд намынхаа сайд нартай холбоотой тендерийг авсан байхыг үгүйсгэхгүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, эрүүл мэндийн төвийн барилга, улсын нөөцийн агуулах зэргийг хариуцсан эзэн нь МАХН-аас томилогдсон сайд нар байсан учир хардах эрх үүсч болох юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулиар албан тушаалаа ашиглаж ойр дотны хүмүүстээ давуу тал олгохыг хориглосон. Тиймээс эрхэм гишүүдийг чухам яагаад энэ компаниудтай холбож бичээд байгааг үндэслэлтэйгээр тайлбарлахыг шаардах эрх ч бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бий. ­

"АРДЧИЛАЛ" СОНИН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан