Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Чинбат: Эрчим хүчний компаниудыг хувьчлах гэхээсээ илүү цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй


Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаанаар хангадаг “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинбаттай ярилцлаа.

-Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчээр хангаж байгаа байгууллага бол “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК. Танай компани байгуулагдаад нэгэнт таван жилийг ардаа үдэж...
-“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компани 2009 онд Говь-Алтай, Завхан аймгийг анх эрчим хүчээр хангах зорилготой үүсгэн байгуулагдсан. Одоогоор дөрвөн охин компани нэг салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Эрчим хүчний бүх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Манай компани олон эх үүсвэртэй. Тухайлбал, зургаан усан станц, зургаан нарны станц ажиллаж байна. Төвийн бүс, баруун бүсээс эрчим хүчээ авна. Үлдэгдэл энергээ дизель түлшээр үйлдвэрлэж байгаа.

-Дизель түлшээр цахилгаан үйлдвэрлэх нөхцөл байдал өнөөдөр бараг үгүй болсон биз дээ?
-Монголд зөвхөн Завхан, Говь-Алтай хоёр аймаг л дизель станцаар цахилгаан үйлдвэрлэж байна даа. Ялангуяа Говь-Алтай талдаа эх үүсвэр дутагдалтай. Тайширын усан цахилгаан станц маань гол үйлд­вэрлэгч 11 мВт-ын хүчин чадалтайгаар суурилагдсан боловч усны нөөц хүрэлцэхгүйн улмаас өнөөдрийн байдлаар  нэг турбин буюу 3 мВт орчмыг л үйлдвэрлэж байна. Энэ нь байгалиас хараат байдаг учир усны нөөц бага байх юм бол үйлдвэрлэл багасна гэсэн үг. Энэ жил Хангайн нуруу бороо хур багатай байсан учир усан станцын цахилгаан үйлдвэрлэл тааруу бай­лаа. Гэхдээ жилдээ 18-20 сая кВт ца­хил­гаан эрчим хүчийг  үйлдвэрлэж байна.

-Энэ үйлдвэрлэлийг хэрэг­цээтэй нь харьцуулбал хэр зөрүү гарч байна вэ?
-Говь-Алтай аймгийн өнөөдрийн хэрэгцээ оргил үедээ буюу өвлийн ид ачааллын үед 8-9 мВт байдаг. Гэтэл Тайширын усан цахилгаан станц гурван мВт үйлдвэрлэж, төвийн бүсээс 1,6-г авдаг. Баруун бүсээс 0,8 мВт орчмыг авна. Гурван сум нарны станцтай. Үлдэгдлийг нь дизелиэр үйлдвэрлэхээс өөр аргагүй.

-Дээр дурдсан дизелиэр эрчим хүч үйлдвэрлэх нь хамгийн өндөр өртөгтэй. Үүнээс бага зардлаар эрчим хүчний үүсвэрүүдээ нэмэгдүүлэх арга замын талаар судалж үзсэн үү?
-Эрчим хүчний бүх компани алдагдалтай ажилладаг. Манайх ч гэсэн үүний нэг адил л байна. Говь-Алтайн эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд 35-ын шугамыг 110 болгох хэрэгтэй. Ингэж байж дутагдаж буй хэрэгцээгээ төвийн эрчим хүчнээс авах боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр цөөнгүй үйлдвэр байгаа ч Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нарны станц байгуулахаар ярьж байна. Одоогоор ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл ) хийж байна.

-Говь-Алтай аймгийн анхны оруулга нь хэдийн шугамаар холбогдсон бэ?
-Тайширын усан цахилгаан станцыг 42 сая ам.долларын өртөгтэйгээр Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангана гэж байгуулсан. Тухайн үеийн хэрэглээ ч бага байсан. Мөн тэр үед 150 гаруй км газар 110-ын шугам татаж, Завхан аймгийг холбосон. Гэтэл Говь-Алтай аймгийн хувьд 45 км ойр хэрнээ 35-ын шугам татаж эрчим хүчээр холбосон. Хэрэв тухайн үедээ хоёр аймаг руу адилхан 110-ын шугам татаад өгсөн бол бид өнөөдөр дотоодоосоо авах эрчим хүчээ нэмэгдүүлэх бололцоо байсан. Шугамаа 110 болгохын тулд тендер зарлаад зураг төсвийг нь хийгээд явж байгаа.

-Говь-Алтай аймагт 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ барилга ашиглалтад орохоор танай компанийн нуруун дээрх ачаа дахиад л нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид авах арга хэмжээгээ төлөвлөсөн үү?
-Ер нь эрчим хүчний хэрэглээ нэлээд өсч байна. Бид 2012 оны арванхоёрдугаар сард Завхан аймгийг төвийн эрчим хүчтэй холбосон. 2013 оны арваннэгдүгээр сарын 20-нд Говь-Алтай аймгийг төвийн эрчим хүчтэй холбож, хязгаарлагдмал байдлаасаа гарсан. Говь-Алтай аймагт дахин сонгуулиар гарсан Ардчилсан намын шинэ удирдлагууд  сүүлийн зургаан сарын хугацаанд дэд бүтцийн чиглэлээр нэлээд ажил хийж байна. Үүний нэг нь эрчим хүчний чиглэлийн ажлууд.
1985 онд Говь-Алтай аймгийн төвийн эрчим хүчний хуваарилах  байгууламж суурилагдсан байдаг. Тэрнээс хойш уг тоног төхөөрөмжинд шинэчлэл хийгээгүй өдийг хүрсэн. Энэ онд эрчим хүчний сайдын багцаас 1,6 тэрбум төгрөг шийдэж шинэчлэлийн ажлын хүрээнд аймгийн төвийн зургаагийн шугамын модон тулгууруудыг бетонон тулгуураар сольж, хуваарилах байгууламжийн самбаруудыг сүүлийн үеийн электрон самбаруудаар солигдлоо. Энэ нь Аймгийн төвд эрчим хүчний чиглэлээр сүүлийн 20-иод  жилийн хугацаанд хийгээгүй том хөрөнгө оруулалтын ажил болсон.

-Эрчим хүчний салбарыг хувьчилснаар алдагдал хүлээхээ болино гэж ярьдаг. Энэ талаар таны байр суурь?
-Хувьчлах гэхээсээ илүү үнийг чөлөөлж өгөх хэрэгтэй. Үнийг нь улсаас зохицуулж байгаа нь эрчим хүчний компаниудыг элгээрээ мөлхөхөд хүргэж байна. Бид татаасаар л өдий хүрсэн. Гэтэл жил ирэх бүр татаас нь буурсаар байгаа. Зөрүү өгөхгүй бол үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгж байж урагш явна. Эрчим хүчний үнийг нэмэхэд иргэд дургүйцэхгүй байх. Учир нь өнөөдөр үүрэн телефоны компаниудад нэг өрх дор хаяж 80-100 мянган төгрөг зарж байгаа. Гэтэл гурван бүлтэй айлын цахилгааны төлбөр сард 20 мянган төгрөг хүрэхгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг улс төржиж хүлээж авалгүй үнийг нь чөлөөлж өгөөд өдөр шөнийн тарифаар тооцоод ирвэл иргэдэд хэрэгтэй. Шөнийн тарифаар тооцох юм бол үйлдвэрүүд ч гэсэн шөнийн цагт хямд цахилгаанаар хангагдана гэсэн үг.

-Өвөл болохоор Тайширын усан цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл нь багасах уу?
-Манай Тайширын усан станц жилийн дөрвөн улиралд ажилладаг. Бусад жижиг усан станц тухайлбал, Богдын гол, Хүнгүй  Галуутай, Тосонцэнгэл, Гуулингийн усан станц улирлын чанартай  ажилладаг.

-Улсын хэмжээнд цөөн хэдэн сум төвийн бүсэд холбогдоогүйн за­рим нь Говь-Алтайд байдаг байх аа?
-Гэрэл цахилгаангүй сум гэж байхгүй. Гэхдээ төвийн эрчим хүчинд холбогдоогүй таван сумын гурав нь Говь-Алтай аймагт байсан( Бугат, Цээл, Алтай). Цээлийг 2014 онд төвийн эрчим хүчинд холбосон. Бугат, Алтай сум нарны станц болон дизелиэр  эрчим хүчээ хангаж байгаа. Тухайн үедээ суурилагдсан хүчин чадал нь 120 кВт орчим байсан өнөөдөр хэрэглээ нь хоёр дахин өссөн. Нарны станцад хэрэглэдэг нэг ширхэг аккумляторын зах зээлийн үнэ дунджаар 550 мянган төгрөг. Тэгэхээр Алтай, Бугатын асуудал хамгийн хүнд байна.

-Тэдгээр сумд урд хөршөөс цахилгаан авбал илүү хялбараар асуудлыг шийдэх биш үү?
-БНХАУ-аас эрчим хүч авах бас л өртөг өндөртэй. Юанийн ханш өсөх тусам үнэ нь нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээд ч зөрүүг нь мөн л улс даадаг учир найдвартай биш. Бугат сумыг төвийн эрчим хүчтэй холбохоор зураг төсвийг нь хийсэн. Хөгжлийн банкаар санхүүжүүлэх гээд хүлээж байгаа. Засгийн газар өөрчлөгдсөн учир хүлээгдээд байна. Гүйцэтгэгч хоёр компани ч тодорсон. Нарны станцаар ажилладаг сумдын эрчим хүчийг дизелиэр дэмждэг. Мөн хоёр багийн төвийг нарны станцаар гэрэлтүүлдэг. Баянтоорой гэхэд өнөөдөр хэрэглээ нэмэгдсэн болохоор бас л хэрэгцээгээ хангаж чадахгүй л явна.

-Хөдөө орон нутгийн станцад ажиллах боловсон хүчин хэр хангалттай байна вэ?
-Манай  компанид 330 гаруй хүн ажилладаг. Бид хоёр аймгийг дамнасан нийт 3000 орчим агаарын шугам сүлжээтэй, дээр нь 43 сум суурин, хоёр аймгийн төвийн эрчим хүчээр хангаж байна. Тэгэхээр нэг суманд багадаа хоёр, дээд тал нь гурван хүн ажилладаг. Ер нь, төрийн өмчит компанид ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс сайн биш ч гэсэн амьдралаа болгоод явж байгаа. Манай компанийн дундаж цалин 600 мянган төгрөг. Боловсон хүчний талд нэлээд анхаарч цаашид мэргэжлийн ажилтан бэлтгэх талаар ажиллах ёстой. Энэ жилээс эхлэн ШУТИС-тай гэрээ хийж хоёр оюутныг компаний зардлаар сургах талаар ярилцаж байгаа.

-Таныг Аймгийн иргэдийн ху­ралд Бугат сумыг төлөөлж суу­даг гэж сонссон. Сумдаа олон ажил хийсэн гэдгийг ч мэдэж бай­гаа. Төлөвлөж, хийж байгаа ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?
-Би Бугат сумаасаа сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч. Хоёр жилийн хугацаанд нэлээд ажил хийлээ. Манай сум баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Сумынхаа төвөөс хамгийн захын малчин өрхөд хүрэхэд 120-200 км явна. Энэ сумд хэд хэдэн тулгамдсан асуудал байсан. Тухайлбал, дунд сургуулийн барилгын зураг төсвийг хийлгэж тендер зарлуулаад энэ онд нэг давхрыг нь барьж дуусгаад байна. Ирэх оны хичээлийн жил эхлэхэд ашиглалтад оруулна. Мөн манай суманд цэцэрлэгийн насны хүүхэд олон ч цэцэрлэгийн хүрэлцээ муу. Иймээс 30 хүүхдийн багтаамжтай хоёр давхар цэцэрлэгийн өргөтгөл барьж ашиглалтад орууллаа. Тахийн талын төвд 60кВт-н нарны станц суурилуулж ашиглалтад оруулснаар 24 цагийн гэрэлтэй боллоо.  Түүнчлэн сумын баруун говьд дөрвөн багийн малчид нутагладаг газар үүрэн холбооны ямар ч сүлжээ байдаггүй. Орон нутгийн хөгжлийн сангаас 40 гаруй сая төгрөг тавиулаад үлдэгдэл мөнгийг нь өөрийн хувийн компаниас гаргаж, Жи Мобайлын сүлжээ орууллаа. Мөн төвийн эрчим хүчтэй холбох зураг төслийг нь хийлгэж Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр хүлээгдэж байна. Ер нь, амласан ажлынхаа ихэнх хувийг хийчихлээ.
Ирэх онд хийх ажлаа одоо ярилцаж байна. Бугат суманд аймгийн төв дээр хийж байгаа шиг бүтээн байгуулалт өрнөнө. Хашаа хороо, байшин барилгыг цэгцлэх, мод тарих, нэгдсэн дулааны системд холбох зэрэг ажил хийнэ. Бид халуун устай, дулаан байшинд яагаад амьдарч болдоггүй юм бэ гэж бодоод энэ төрлийн олон ажил хийхээр төлөвлөөд байна. Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл сүүлийн жилүүдэд зогссон. Харин ч нийслэл рүү явсан иргэд нутаг орондоо эргэж ирэх хандлага ажиглагдаж байгаа.

-Говь-Алтайн Цээл сумын төмрийн хүдрийн олборлолтыг иргэдэд ашигтай тийш нь хандуулж, гэрээний хэрэгжилтээ хянадаг болсноор баруун сумд зам харилцаанаас эхлээд ашигтай нөхцөл үүсч байгаа юм билээ...
-Ардчилсан нам 2014 онд аймгийн удирдлагыг авснаас хойш “Алтайн хүдэр”-тэй гэрээгээ шинэчлээд явж байна. Өмнөх нөхдүүд яаж удирдаж байсныг мэдэхгүй. Уул уурхайн компаниуд мөнгөөр л бүхнийг шийдэж байсан учир тэр чиглэлээр л явж байсан байх. Манайхан бол мөнгө авах талдаа биш гэрээгээ л биелүүлэх талаар ярьж байгаа. Гэрээгээ сайн биелүүлэх юм бол сайн явна гэсэн үг. Мөн Бургастайн боомт манай нутгийн хил дээр байрладаг учир Бургастайн боомтын үйл ажиллагааг байнгын болгох юм бол ард иргэдэд хэрэгтэй байх.

-Бургастайн боомт одоогоор ямар хуваариар ажилладаг вэ?
-Одоо бол үндсэндээ “Алтайн хүдэр”-ийн боомт л болчихоод байна. Хүдрээс өөр ямар ч түүхий эд болон иргэд энэ боомтоор гарах боломжгүй. Байнгын болвол байдал өөрчлөгдөх байх. Тэгш тоотой сард нээгддэг гээд бодохоор жилд зургаан удаа л нээлттэй байна гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан