Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэг, байлдааны техник тойрсон бизнесийн долоо хоногийн тойм


Оросын зэвсгийн экспорт 13 тэрбумыг даваад байна

2014 онд экспортод гаргасан Оросын зэвсэг, байлдааны техникийн хэмжээ 13 тэрбум ам.доллар даваад байгаа тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах В.Кожин мэдээлэв. Он дуусах хараахан болоогүй байгаа тул эцсийн мэдээг ч гаргах болоогүй байгаа аж. 2014 он Оросын хувьд амаргүй жил байсан ч үйлдвэрүүд нь зэвсгийн экспортоо унагахгүй байж чадсан аж. Гэхдээ 2015 онын байдлаар Өрнөдийн авсан хориг арга хэмжээний улмаас зэвсгийн экспорт нь тодорхой хэмжээгээр унана гэж шинжээчид үзжээ. Батлан хамгаалах салбарын Оросын бүтээгдэхүүний захиалгын нийт хэмжээ нь 48 тэрбум ам.доллар гэж үнэлэгддэг. 2013 онд Орос нь 15,7 тэрбум ам.долларын зэвсэг, байлдааны техник экспортлосон бол 2012 онд 15,16 тэрбум, 2011 ондп 13,2 тэрбумын зэвсэг, техник экспортлож байжээ.


Мексик Америкаас олон зориулалттай нисдэг тэрэг тавыг нэмж авна

Мексикийн Тэнгисийн цэргийн хүчин Америкийн "Sikorsky Aircraft" компаниас олон зориулалт бүхий байлдааны "UH-60M Black Hawk" нисдэг тэрэг ахиж таван ширхэгийг худалдаж авахаар гэрээ байгуулсан байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас гаргасан мэдээнээс үзвэл таван нисдэг тэргийг 56,4 сая ам.доллараар авахаар болсон бөгөөд тэднийг 2016 оны тавдугаар сарын 30-аас өмнө захиалагчид хүргэнэ.
Үүнээс өмнө, есдүгээр сард Месксик нь Тэнгисийн цэргийн хүчний хэрэгцээнд найман ширхэг "UH-60M", Цэргийн нисэх хүчний хэрэгцээнд 18 "UH-60M" авах гэрээ байгуулсан юм. Эдгээр нисдэг тэргийг 2016 он гэхэд бүгдийг нь нийлүүлж дуусна.
Мексикийг 2015 оны Батлан хамгаалах салбарын төсвийг 7,4 тэрбум ам.доллараар баталсан бөгөөд үүнээс 1,7 тэрбумыг нь шинэ зэвсэглэл, байлдааны техник худалдан авахад зориулахаар тооцжээ.


Энэтхэг Италийн  компаниатай байгуулсан гэрээгээ цуцлав

Энэтхэг нь Италийн "AgustaWestland" компаниас  "VIP" гүйцэтгэлтэй олон зориулалт бүхий AW101 нисдэг тэрэг 12 ширхэгийг авах гэрээгээ албан ёсоор цуцлав. Энэтхэг нь 2010 онд тус компанитай гэрээ байгуулж, 2013 оны байдлаар гурван нисдэг тэргийг авч, төлбөрт нь 250 сая ам.доллар өгөөд байсан юм. НИйтдээ 750 сая еврогийн үнэтэй гэрээг байгуулах явцад Италийн компанийн төлөөлөгчид энэтхэг албан тушаалтнуудад багагүй хахууль өгч байсныг Энэтхэгийн хууль хяналтын албад илрүүлсэн нь ихээхэн дуулиан тарьсан бөгөөд явсаар гэрээг цуцлахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бололтой.


Өмнөд Солонгос Америкийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж худалдан авлаа

Амеркийн "Northrop Grumman" компани Өмнөд Солонгосын захиалгаар дөрвөн ширхэг стратегийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж "RQ-4B Block 30 Global Hawk" үйлдвэрлэхээр болжээ. Өмнөд Солонгос дөрвөн ширхэг нисдэг төхөөрөмжийн төлбөр гэж Америкийн компанид 657,4 сая ам.доллар өгөхөөр болсон байна. Эхний төхөөрөмжийг 2017 онд нийлүүлэх бол сүүлийнхийг 2019 оны зургаадугаар сард өгнө.

Үүнээс өмнө Өмнөд Солонгос батлан хамгаалах зориулалтаар Израилийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж "Heron-1"-ийг дөрвөн ширхэгийг худалдан авсан байна. Израилийн компани дөрвөн төхөөөрөмжөө 27,4 сая ам.доллараар заржээ.
Америкийн "RQ-4B Block 30 Global Hawk" 28 цагийн туршид, 14 мянган км-ийн алсалттай газар нисэх чадвартай бол Израйлийн "Heron-1" 370 км хүртэлх зайнд 52 цагийн турш нисэх чадвартай.


Энэтхэг Оросоос бас нэгэн цөмийн шумбагч онгоц
лизингээр авч магадгүй


"The Times of India" сонины мэдээлж байгаагаар Энэтхэгийн Батлан хамгаалах яам Оросоос бас нэгэн цөмийн шумбагч онгоц түрээслэж магадгүй байгаа юм байна. "Щука-Б" гэж нэрлэгдсэн 971 дүгээр төслийн дутуу баригдсан цөмийн шумбагчийг барих мөнгийг нь өгч гүйцэд угсруулаад түрээслэх тухай яригдаж байгаа юм байна. Сая Путинийг Энэтхэгт айлчлах үеэр энэ сэдвийг сөхөж ярилцсан аж.

Одоогоор Энэтхэг нь Оросын К-152 "Нерпа" цөмийн шумбагчийг түрээслэн "Чакра" зэвсэглэлдээ авсан. 2004 онд байгуулсан түрээсийн гэрээний дагуу К-152 "Нерпа" шумбагчийн 900 сая ам.доллар төлж 10 жилийн хугацаатай түрээслэсэн юм. Энэ шумбагч нь 600 метрийн гүнд шумбах, усан дор 30 зангилаа буюу цагт 52 км хүртэл хурдлах чадвартай, 100 хоногийн турш задгай тэнгист бие даан үйл ажиллагаа явуулах чадвартай бөгөөд 533 мм-ийн торпед харвах дөрвөн төмөөрөмж, 650 мм-ийн торпед харвах дөрвөн төхөөрөмжтэй.

Украинчууд Америкаас мэргэн буучийн винтов авна

Украины "Укринмаш" компани ньАамерикийн "Barrett Firearms Manufacturing" компаниас том калибрын мэргэн буучийн винтов худалдан авах гэрээ байгуулсан тухай "Altair" сайт мэдээлж байна. Яг ямар төрлийн винтов, хэдэн ширхэгийг, хэдий хугацааны дотор авах тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэнэ. Ямартай ч америк винтовыг Украины тусгай хүчин, Үндэсний гвардийн зэвсэглэлд авах аж. Америкийн компанийн хамгийн олноор үйлдвэрлэж байгаа винтов нь "M82". Энэ винтов нь дэлхийн 40 гаруй орны армийн зэвсэглэлд байдаг.
Арваннэгдүгээр сарын сүүлэээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Байденыг Украинд айлчлах үеэр хакерүүд түүний туслахын ухаалан утас руу хууль бусаар нэвтрэн маш нууц бичиг баримт хулгайлснаа ил болгож байв. Эдгээр баримтаас үзвэл АНУ нь Украинд мэргэн буучийн винтов 400, автомат 2000, гранат шидэгч 720, мина шидэгч 200-г нийлүүлэхээр тохиролцсон.

0 Сэтгэгдэл
Фашист төр засагтай Украин аллага яргалал үйлдэж байна
Хамгийн их уншсан