Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 317,8 сая төгрөгийн бонд гаргахыг дэмжлээ


УИХ-ын өчигдрийн чуулга­ны нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол, түүнд холбогдон өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ.  Төсвийн байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулав. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2014, 2015 оны төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, төсөвт өртөг нь тодотгохоор оруулсан төсөлд 2015 оны төсвийн хуульд тусгаснаас ялгаатай байгааг гишүүд анхааруулжээ. УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн арьс, ширний урамшууллын хэмжээг 2015 онд багасгахгүй байхаар тооцох саналыг Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн дэмжсэн Мал хамгаалах сангийн 25.8 тэрбум төгрөгийг 38.8 тэрбум төгрөг болгож өөрчлөх са­на­лыг Төсвийн байнгын хо­рооны гишүүдийн олонхи дэмжээгүй аж. Чуулганаар ч мөн уг санал дэмжлэг авч чадаагүй. Ингээд гишүүд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийг­мийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Стратегийн ордуудыг ашиг­лах­тай холбогдуулан авсан урьдчилгаа төлбөрийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр төлөх шаардлагын улмаас улсын төсвөөс авсан зээл 212,810.95 сая төгрөг /Оюу толгойн 115 сая ам.долларын бондын төлбөр/-ийг эргүүлэн төлөх шаардлагатай. Мөн Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт авсан 313.1 тэрбум төг­рөгийн Засгийн газрын бон­дын эргэн төлөлтөөс 2014 онд төлөгдөх дүн болох 102 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорил­гоор Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нийт 317,811 сая төгрөгийн бонд гаргах шаард­лагатай байгаа аж. Хү­ний хөгжил сангийн тухай хуу­лийн 3.4-т “Сангийн ту­хайн жилийн төсвийн алдагд­лыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сан­гаас төлж болно” гэж заа­жээ. Төсвийн байнгын хо­роо тогтоолын төслийг хэлэл­цэхийг дэмжиж чуул­ганд оруу­лав. Чуулганы хурал­дааны үеэр УИХ-ын гишүүн Б.Болор тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь дэмжигдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан