Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН мөнгөнд дургүй гэв


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уржигдархан томилогдсон дэд сайд нартайгаа хамт хэвлэлийн хурал хийв. Хурал зарласан шалтгаан нь “Бид мөнгө төлж дэд сайд болоогүй шүү” хэмээн албан ёсоор мэдэгдэх гэсэн бололтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэд сайдуудаас мөнгө авсан гэж мэдээлснийг буруутгаад МАН нэр төрөө сэргээлгэхээр холбогдох хуулийн байгууллагад хандсанаа дуулгав.

Шударга өрсөлдөөнөөр дэд сайдуудаа томилсныг генсек хэлээд нийтдээ 43 хүн дэд сайд болох хүсэлтээ ирүүлснээс орон нутгийн дөрвөн хүн нэрээ татаж, 39 нь өрсөлдсөн гэлээ. Дэд сайдаар ажиллах хүнд Удирдах зөвлөл мэргэжлийн байх, хууль бус зүйлд холбогдоогүй байх, нам нь ялагдсан үед сэтгэл гарган ажилласан зүтгэл зэргийг харгалзсан 12 шалгуур тавьжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Аж үйлдвэрийн дэд сайдад 11 хүн, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад есөн хүн  саналаа өгсөн. Олон хүн  саналаа өгсөн дээрх хоёр яаманд гурав, бусад яаманд хоёр хүнийг Удирдах зөвлөлөөр орж өрсөлдүүлсэн. Гадаад харилцаа, Эрүүл мэндийн дэд сайдаар эмэгтэй хүн ажиллуулах нь зөв гэж жендерийн асуудлыг нэгдүгээрт тавьсан юм. Дэд сайдаар томилогдсон хүмүүсийн дунд мөнгө төлөөд байхаар хүн байхгүй. МАН  хэзээ ч төрийн, улстөрийн албан тушаалтнаа мөнгөөр  үнэлж байгаагүй. Энэ удаад  ч ийм зүйл явагдаагүй. Томилогдсон дэд сайдуудын хувьд бүгд энэ салбартаа ажиллаж байсан туршлагатай” гэв.

Харин намдаа 100 саяаас дээш төгрөгийн хандив өгсөн хүмүүсийн талаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргаж тавиагүй, МАН-ынхан дотроос мэдээлэл гарсан гэдгийг тодотгох ёстой. Зөвхөн энэ удаад ч биш өмнө нь ч хөндөж байсан асуудал.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн томилолттой яваа учир түүнээс бусад МАН-ын дэд сайд нар ирсэн. Төсвийн мөнгөөр хөшөө барьсан гэж багагүй шуугиан тарьж байсан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилсон. Тэрээр шүүмжлэлийн талаар “Сонгууль болохоор л гүтгэж гүжирддэг. 2012 оны сонгуулийн үеэр яригдаж байсан. Одоо олон тэрбум төгрөгөөр хөшөө барьсан асуудал сөхөгдөж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн санаачилгаар 300 орчим сая төгрөгөөр нохойны хөшөө барьсан. АТГ шалгаад гэм буруугүйг тогтоосон” гэж тайлбарлав.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа “Эрүүл мэндийн салбарыг одоогийн түвшнээс буулгахгүйгээр аль болох өөд нь татаж, үйл ажиллагааг нь сэргээх, сайжруулах, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр ажиллана. Бодлогын хувьд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлд анхаарна” гэлээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан