Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Куба-АНУ-ын харилцаанд шинэ эрин эхлэх үү


1959 оноос хойш Куба-АНУ хоёр улсын Ерөнхийлөгч анх удаа хоорондоо шууд холбогдон, утсаар ярилаа. Б.Обама Кубын удирдагч Раул Кастротой нэг цаг гаруй ярилцахдаа дундаа маш том ангал үүсгээд байсан хоёрын улсын харилцааг эргэн сэргээх талаар нэлээд нааштай зүйл хэлэлцжээ. Хоёр Ерөнхийлөгчийн юу ярьсан нь дэлгэрэнгүйгээр хараахан ил болоогүй ч Раул Кастро АНУ-ыг 50 жил үргэлжилсэн худалдааны хоригоо одоо цуцлах хэрэгтэй хэмээн шаардсан гэнэ. Гэхдээ энэ хоригийг цуцлах эрх зөвхөн Конгресст бий. Гэвч Ерөнхийлөгч Б.Обама Кубатай харилцаагаа сэргээх нь зөв гэдэг байр суурьтай байгаа учир энэ удаа хоёр улсын харилцаанд шинэ эрин эхлэх нь хэмээн таамаглахад буруудахгүй. Б.Обамагийн хэлснээр ойрын хэдэн сарын дотор Гаванад АНУ-ын Элчин сайдын яам байгуулах юм байна.

1959 онд Фидель Кастрогийн хийсэн хувьсгал улс орноо коммунизмд хөтөлснөөр АНУ Кубатай харилцаагаа тасалж, хагас зуун жил үргэлжилсэн худалдааны хориг тавьсан нь Кубад төдийгүй АНУ-д ч, эдийн засагт ч гарз хохирол учруулсан билээ. Энэ хоригийн улмаас Кубын эдийн засаг 1,1 триллион ам.доллараар хохирсон гэдэг бол АНУ 1,2 тэрбум ам.долларын хохирол амссан гэдэг тооцоог эдийн засагчид гаргажээ.

Ийнхүү эдийн засгаар зогсохгүй хүн ардынх хөгжилд хүртэл үлэмж ихээр нөлөөлсөн энэ хоригоо даруйхан цуцлах нь цаашид хоёр улсын харилцааг сэргээхэд тун чухал гэдгийг Раул Кастро Б.Обаматай ярихдаа онцлон тэмдэглэсний дараа бүх ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Раул Кастрог үг хэлэх үеэр сургуулиуд орж байсан хичээлээ хүртэл түр зогсоож байж бүх нийтээр үзсэн бөгөөд  тэрээр “Бид АНУ-аас өөр хэдий ч одоо иргэншсэн хэв маягаар хамт амьдрахад суралцах хэрэгтэй” хэмээн тэмдэглэжээ.
Кубыг ганцаардуулах бодлого үр дүнгээ өгөхгүй нь аль хэдийнээ харагдсан хэмээн үзэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд хоёр улсын харилцааг сэргээн төвхнүүлж болох ч кубачуудын хүсээд байгаа худалдааны хоригийг цуцлах эсэхийг Конгресс л шийдэх ёстой. Харин Бүгд найрамдах намынхны хувьд үүнийг хатуу эсэргүүцэж байгаа учир хоригийг нэн даруй цуцалж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан