Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн компаниуд бүх гэрээгээ олонд ил болгоно


Уул уурхайн компаниуд тухайн орон нутгийн болон ард иргэдтэй хэл амаа ололцоогүй, ойлголцоогүйгээс хардлага сэрдлэг гарч хэрүүл маргаан дэгддэг. Арга ч үгүй биз танай нутагт ашигт малтмал хайх, олборлох лиценз авсан тул бид үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж муйхралдагаас тэр. Энэ үл ойлгололоос гарах ганц гарц нь уул уурхайн компани гэрээ хэлцэл, мэдээллээ ил тод болгох, нийгмийн хариуцлагаа биелүүлж орон нутагт хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлт хийх явдал юм. Ялангуяа Оюу толгой, Таван толгой, Асгат  болон нөөц ихтэй томоохон ордыг ашиглах хөрөнгө оруулалтын, борлуулалтын, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хэлцэл, санхүүгийн мэдээлэл нь ил тод байх шаардлага тулгарч буй юм. Манай улсын эдийн засгийг  уул уурхайн салбар тодорхойлдог болсон. Иймд тус салбар ил тод, хариуцлагатай байж нийгэм эдийн засагт үр өгөөжөө өгнө.

Энэ үүднээс “Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал” хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, Уул уурхайн үндэсний ассоциац, иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд хамтарч хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хүмүүс юу ярьсныг дор өгүүлье.

Н.Алгаа: Энэ онд манай эдийн засгийг зэсийн баяжмал л чирч гарлаа

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч.


-Энэ онд уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэв. Тус  салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Одоохондоо тоо баримт нь бүрэн гараагүй байна. Ер нь хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос огцом буурсан. Харин ашигт малтмалын экспорт нэмэгдсэн. Тухайлбал, Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ. Нүүрсний орлого энэ онд  тасарсан. Үүнийг зэсийн баяжмалын экспортын өсөлтийг нөхөж гадаад худалдаа ашигтай гарч байгаа юм. Тэгэхээр энэ жил Эрдэнэт, Оюу толгойн зэсийн баяжмал Монгол Улсын эдийн засгийг чирч гарлаа.

-Тэгвэл ирэх онд ямар байх дүр зураг ажиглагдаж байгаа бол?
-Эдийн засаг сэргэх байх гэж найдаж байна. Олон улсын шинжээчид ашигт малтмалын уналтын мөчлөг эцсийн цэгтээ туллаа.  Ялангуяа зэс, алт өнөөгийн үнээс доош унахгүй гэж байгаа. Тэгэхээр ирэх онд сэргэх бололцоо харагдаж буй юм. Манай экспортын нүүрсний үнэ ханш асуудалтай. Учир нь ганц зах зээлээс хамааралтай юм. Бирж дээр худалдаалдаггүй. Зөвхөн хоёр талын худалдааны гэрээгээр үнэ тохирдог. Одоо Оюу толгой, Таван толгойн асуудлаа хурдан шийдвэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

-Үнэ ханшийн уналтаас гадна манай уул уурхайн салбарт өнөөдөр тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Манай улсын эрх зүйн орчин тогтворгүй байдаг. Урьд нь муутгасан хууль эрх зүйн   орчноо саяхан заслаа. Гэвч хөрөнгө оруулагчдын нэгэнт алдсан итгэлийг олж авах алхам хийгээгүй л байна.  Энэ нь нэг бэрхшээл юм. Үүнээс гадна хүнд суртал гэсэн чөдөр тушаа бий. Уг бэрхшээл зөвхөн уул уурхайд ч бус бүх салбарын том жижиг гэлтгүй бизнесийн хөгжилд саад тотгор болдог.  Жишээлбэл асар олон гарын үсэг, зөвшөөрөл цуглуулах хэрэг гардаг. Үүнийг багасгалаа ч түүнийг орлосон журмууд гараад ирвэл мөн л ялгаагүй юм.

-Уул уурхайн салбарын гэрээ хэлцэлийг ил тод болгох боллоо. Үүнийг ком­паниуд хэр хүлээж авав. Биз­несийн нууц задарна гэ­сэн болгоомжлол байна уу?
-Юуг яаж ил тод болгох вэ гэдгийг бүгд сайн ойлговол ямар ч асуудалгүй. Олон улсын туршлага хэрэгжүүлж буй байдлыг харвал компанийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг ил тод болгож буй юм. Өөрөөр хэлбэл хувийн компаниуд Засгийн газрын байгууллагуудтай хийсэн гэрээг нийтийн эрх ашгийн төлөө ил тод нээлттэй болгоно. Ийм гэрээ хэлцэл ард түмэнд ил болж эхэлсэн. Үүнийг  уул уурхайн компаниуд бүгд хүлээн зөвшөөрсөн. Одоогоор газрын тосны ганц нэг гэрээнээс бусад нь ил болсон гэж хэлж болно. Байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийтийн эрх ашгийг хөндсөн заалтууд нь ил тод байх ёстой юм. Байгууллагын нууцад ямар мэдээлэл орох вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Өрсөлдөх чадварыг нь муутгасан, хүний нөөцийн менежмент, технологи, борлуулалтын гэрээг ил болгоно гэсэн асуудал яригдахгүй байгаа юм. Гэтэл зарим нь бүх гэрээ хэлцэл ил байх ёстой гэж буруу ташаа ойлголт бас бий. Тэгэхээр ямар мэдээллийг, хэзээ яаж ил тод болгох вэ гэдгийг төр, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд тохирох шаардлага тулгарч байна.


Ч.Отгочулуу: Таван толгойд эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт шаардлагатай

Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга.


-Энэ онд уул уурхайн салбар хэрхэн ажилласан гэж дүгнэж байна. Цаашид эрдэс баялгийн салбар ямар байх төсөөлөл байгаа вэ?
-Хэдийгээр үнэ унасан, өрсөлдөөн ширүүссэн ч ашигт малтмалын экспорт түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч дээд амжилт тогтоолоо. Өмнөх жилүүдэд манай улсын гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарч ирсэн. Тухайлбал, жилд хоёр тэрбум орчим ам.долларын алдагдал гадаад худалдаанаас хүлээдэг байв.  Тэгвэл энэ жил урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.долларын ашигтай гарч байгаа юм. Үүнд Оюу толгойн нөлөө бий. Учир нь манай улсын зэсийн баяжмалын экспорт  хоёр дахин өслөө.   Энэ нь уг төсөл бүтээн байгуулалтаас технологийн зүгшрүүлэлт нь хийгдэж үйл ажиллагаа нь жигдэрч буй үйлдвэр болсныг илтгэж байгаа юм. Нүүрсний үнэ унасан ч Эрдэнэс Таван толгойн үйлдвэрлэл сайн байлаа. Хөрөнгө оруулах түншээ удахгүй сонгоно. Энэ хоёр төсөл хэдийгээр маргаан мэтгэлцээн дагуулдаг ч эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжиж эрчимжүүлж байгаа юм. Нөгөө талаар эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бол газрын тос. Газрын тосны экспорт бас л хоёр дахин өссөн. Цаашид улам бүр ширүүсч буй өрсөлдөөнд төр хувийн хэвшил хамтарч байж зах зээлээ хамгаалах, экспортоо өсгөх шаардлага тулгарч байна. Яагаад гэвэл манай улсын эрдэс баялгийг худалдан авагч бол Хятад улс. Энэ улс эрдэс баялгийн гадаад худалдаанд анхаарч идэвхтэй бодлого баримтлах болсон. Тухайлбал, Австрали улстай чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Мөн ОХУ-тай энэ салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх гэрээ хэлэлцээ, тохироо хийж байна. Ийм үед бид уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараа сайжруулах тодорхой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна.

-Таван толгойн гэрээ хэлэлцээр ямар шатанд явна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт ирнэ гэж тооцож байгаа вэ?
-Урьд нь уралдаант шал­гаруулалт зарласан байсан. Энэ хүрээнд компаниуд хүсэлт, саналаа ирүүлсэн. Одоо сонгон шалгаруулалт үргэлжилж байна.   Монгол Улсын Засгийн газарт таатай нөхцөл олгосон, уг төслийг амжилттай хэрэгжүүлэх санхүүгийн чадвартай түнш сонгогдоно гэж харж байгаа юм.  Эхний хөрөнгө оруулалт нь дөрвөн тэрбум ам.доллар байна.

-Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт ирэх онд орж ирэх үү. Хэлэлцээр ямар шатанд явна вэ?
-Үүнд би хариулт өгөхгүй.

-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд гэрээ хэлэлцээгээ ил тод болгох хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?
-Эрдэс баялгийн салбар манай улсын эдийн засаг, экспорт, хөрөнгө оруулалтад чухал нөлөө үзүүлж байна. Тэгэхээр тогтвортой хөгжүүлэхийн тулд нийгэм, байгаль орчинд үзүүлж буй нөлөөг харгалзан үзэх учиртай. Сүүлийн үед дэлхий нийтэд эрдэс баялгийн салбарт хийж буй томоохон гэрээ хэлцэл, төслийн өгөөж олон нийтэд ил тод байх ёстой гэж үзэх болсон. Монгол Улс энэ санаачлагад нэгдэж орсон. Үлгэр жишээ орнуудын тоонд орж байгаа. Гэвч үүнийг цаашид улам сайжруулах шаардлага бий. Өнөөдөр нийгмийн хариуцлагаа биелүүлж зарим компани гэрээ хэлцэл, санхүүгээ ил тод болгож байна. Гэтэл дийлэнх нь гэрээ хэлцэлээ ил тод болгохгүй байгаа юм.  Тэгэхээр хууль эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлэх, зөвшилцөх зэргээр ил тод болгох шаардлага бий.
Энэ жил эрдэс баялгийн салбарт эрх зүйн шинэчлэл хийлээ. Мөн Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого батлагдсан. Уг бодлогын гол зарчим нь уул уурхайн салбар цаашдаа зөвшилцлийн замаар ил тод явна гэсэн санаатай юм. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсон, Газрын тосны тухай хууль бүхэлдээ шинэчлэгдсэн. Эдгээр хуульд гэрээ хэлцэл нь ил тод байхыг тусгаад байна. Жишээлбэл,   Бүтээгдэхүүн хуваах, Орд ашиглах, Хөрөнгө оруулалтын, Тогтвортой байдлын, Орон нутаг хөгжүүлэх гээд бүх гэрээ нь олон нийтэд ил болох юм. Одоо эдгээр гэрээний загварыг  батлан гаргана. Хувийн хэвшлийнхэн ил тод гэсэн нэрийн дор бидний бизнесийн нууцад халдсан зүйл бүү гараасай гэж болгоомжилж байна.

-Манай улсад уул уурхайн хэчнээн компани байна. Тэдний хэд нь  гэрээ хэлцлээ ил тод болгоход нэгдээд байгаа юм бол?
-Одоогоор манай улсад ашиглалт, хайгуулын 3000 гаруй лиценз бий.  Үүнээс 200-400 уурхай ажиллаж байна. Бүс нутаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд бараг бүгд гэрээгээ ил тод болгосон. Тухайлбал, Хөшөөт, Цайдам нуурын нүүрсний уурхай, Оюу толгой гэрээгээ цахим хуудсандаа байршуулж олон түмэнд нээлттэй ил болгосон байдаг.  


Б.Батхишиг: Гэрээний загвар бус эх хувь нь ил тод байх учиртай

Монголын хөгжлийн төлөөх уул уурхайн төвийн хуульч, өмгөөлөгч.

-Уул уурхайн салбарт  үйл ажиллагаа явуулж буй компаниуд гэрээ хэлцэлээ олон ил тод болгох хууль эрх зүйн орчин ямар байна вэ?
-Уул уурхайн салбарын гэрээ хэлцэл тэр бүр ил тод байж чадахгүй байгаа. Үүнийг олон нийтэд ил тод болгох асуудлыг Үндсэн хууль, төрийн бодлогоор дэмждэг. Гэвч Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тосны тухай хуульд олборлох үйлдвэрлэлийг олон нийтэд нээлттэй ил тод болгох заалт байдаггүй. Нээлттэй болгох заалт оруулах шаардлага өнөөдөр тулгарч байна. Монгол Улс бол 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдсэн. Энэ санаачлагын шинэ стандарт өнгөрсөн онд батлагдсан юм. Үүнд олборлох үйлдвэрлэлд хийж буй аливаа гэрээ хэлцэлийг олон нийтэд бүрэн эхээр нь нээлттэй болгох зөвлөмж өгсөн байдаг.  Иймээс Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн олборлох салбарт хийж буй гэрээг  ил тод болгох шаардлагтай юм.

-Байгууллагын бизнесийн нууц гэдэг асуудал гарч ирэх байх. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?
-Тийм. Байгууллагын нууц гэсэн асуудал гарч ирдэг. Гэвч байгалийн баялаг ард түмний мэдэлд байх учиртай. Засгийн газар олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагад нэгдсэн тул шинэ стандартын үүргээ биелүүлэх ёстой юм. Аль нь нууцад хамаарах юу нь нууц биш вэ гэдгийг судалж үзсэн. Тэгэхэд байгууллагын нууцад хамаарах техник технологийн шийдэл, тухайн байгууллагын өвөрмөц ондлогийг илэрхийлэх туршилт, судалгаа шинжилгээний үр дүн нь олборлох үйлдвэрийн үндсэн гэрээнд агуулагддаггүй юм билээ.

-Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээний хэд нь ил тод байгаа бол. Та өөрийн хийсэн судалгааны дүнгээс танилцуулаач?
-Би олборлох үйлдвэрлэлийн гэрээг ил тод байлгах хууль эрх зүйн орчинд судалгаа хийсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Оюу толгойн гэрээ ил тод байна. Мөн газрын тосний бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар олон нийтэд нээлттэй байгаа. Гэхдээ ард иргэд загварыг бус  тодорхой хуулийн этгээдтэй хийсэн гэрээг нь сонирходог.

-Төрийн өмчит уул уурхайн компаниуд ч гэрээ хэлцэлээ нээлттэй болгох нь. Мөн шилэн дансны хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Шилэн дансны тухай хууль төрийн байгууллагуудад хамаатай. Улсын төсвөөс санхүүжидэг төрийн болон орон нутгийн өмчит компаниудад үйлчилнэ. Тэгэхээр төсвийн удирдлагыг нээлттэй ил тод болгох зорлогтой хууль юм билээ. Иймд төрийн болон орон нутгийн өмчийн компани олборлох салбарт хийх концесийн гэрээ, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ ил тод байх учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан