Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Батцайз: Шинэ төрсөн хүүхдийг цахимаар бүртгэдэг болно


Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайзтай ярилцлаа.

-Иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг цахимжуулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэн, үйлчилгээг иргэнд илүү ойртуулах тал дээр анхаарч ажиллаж ирлээ. Энэхүү ажлын хүрээнд иргэдийн сэтгэлд нийцсэн олон  төрлийн үйлчилгээг нэвтрүүллээ.

Тухайлбал, 2014 онд УБЕГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн 50 хороог иргэний улсын  бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбон иргэдэд иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг харьяа хорооноос авах боломжийг бүрдүүлсэн юм.  Дээрх цахим санд тулгуурлан нийслэлийн хороод гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн оршин суугаа хаягийн лавлагааг олгож эхэллээ. Ингэснээр иргэн өөрт хамгийн ойрхон цэг гэрээсээ 500 хүрэхгүй метр яваад буюу хорооны улсын бүртгэгчид хандаж бүртгэлийн үйлчилгээг авч байна. Түүнчлэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн  лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлтэй эсэх  лавлагаа олгох ажлыг удахгүй эхлүүлэх гэж байгааг хэлэхэд таатай байна.

Бид энэ ондоо багтааж нийслэлийн 39 хороог шинээр нэмж иргэний улсын бүртгэлийн цахим сүлжээнд холбох төлөвлөгөөтэй байна.  Нийслэлийн хороодыг иргэний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбох явцад төсөв санхүүгийн  хүндрэл бэрхшээл  байгаа ч гэсэн бид бүхий л нөөц бололцоогоо ашиглан 2015 онд бүх хороодыг иргэний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбоно гэж үзэж байна.

УБЕГ-аас нэвтрүүлсэн цахим үйлчилгээний нэг төрөл бол иргэд Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/-аар дамжуулан  иргэний үнэмлэх захиалах хүсэлтээ гаргадаг болсон. Уг үйлчилгээг энэ оны зургадугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  6930 гаруй иргэний хүсэлтийг ТҮЦ машинаар авсан байна. Түүнчлэн иргэд иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 631121, эд хөрөнгийн улсын бүртгэлийн чиглэлээр 42128, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 2200, нийт 665449 лавлагааг ТҮЦ машинаас  авсан үзүүлэлттэй байна.  Энэхүү үйлчилгээ нь замын түгжрэл ихтэй нийслэл хотын хэчнээн иргэний мөнгө, цаг завыг хэмнэсэн үйлчилгээ болсон нь харагдаж байна.

Иргэд нэг үйлчилгээ авахад ямар ямар бичиг баримт бүрдүүлэхийг тэр болгон мэддэггүй. Үүнтэй холбоотойгоор иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын чиглэлээр бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа бүхий үйлчилгээ, үнэ тариф, бүрдүүлэх баримт бичгийн талаархи мэдээллийг багтаасан  гар утасны программыг гаргаж, иргэдийн хүртээл болгоод байна. Ингэснээр иргэд бүх төрлийн андройд утсанд  тус программыг татан авч, мэдээ мэдээлэл авах боломжтой болсон.

Иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор шинэ төрсөн  хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эцэг, эх өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол  хүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх, улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх юм. Энэхүү үйлчилгээ нэвтрүүлснээр  олон төрлийн ач холбогдлыг бий болгоно гэж үзэж байна. Тухайлбал Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэн шинэ төрсөн хүүхдээ  тухайн улсад оршин сууж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэх боломжгүй бол тус байгууллагын цахим хуудсанд хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргана гэсэн үг.  Ингэснээр Монгол Улсын иргэн тус улсын нутаг дэвсгэр дээр болон гадаадад төрснөөс үл хамааран төрсний бүртгэлд хамрагдах тэгш эрхийг хангана гэсэн үг.

-Төрийн үйлчилгээний цахим машин иргэдийн цаг хугацаа, мөнгө хэмнэсэн том дэвшил гэж үздэг. Гэхдээ автомат машин учраас алдаа гарах тохиолдол байдаг байх. Үүнтэй холбоотой санал, гомдол танайд ирдэг үү?
-Иргэний үнэмлэхийн лавлагаа авахын тулд иргэд ТҮЦ машинд  өөрийн биеэр ирж, хурууны хээгээ уншуулдаг бөгөөд мэдээллийн санд тухайн иргэний хурууны хээ тохирсон нөхцөлд уг лавлагаа олгодог журамтай бөгөөд уг лавлагаа нь тухайн иргэнийг мөн гэдгийг бүрэн нотлох баримт бичиг гэж ойлгож болно. Гэтэл  ТҮЦ машинаар гарч байгаа лавлагааны талаар иргэдээс санал гомдол орж ирдгийн дийлэнх нь тус лавлагаагаар банкны байгууллага үйлчлэхгүй байгаа гомдол байдаг бөгөөд дээрх иргэдийн гомдлын мөрөөр тус газар нь банкны байгууллагатай уулзалт зохион байгуулж байна. Ялангуяа ХААН банкийг дурдахгүй өнгөрч болохгүй байна.

ТҮЦ машин нь гаргах гэж байгаа лавлагаанд бичигдэх мэдээллийг тухайн иргэнд дэлгэцэн дээр харуулан, “зөвшөөрөх” гэсэн товч дарсны дараа хэвлэгддэг учраас иргэн буруу мэдээлэлтэй лавлагаа авах боломжгүй юм. Харин иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн иргэний мэдээлэл зөрүүтэй буюу бүртгэлийн зөрчилтэй тохиолдолд ТҮЦ машинаас буруу лавлагаа гарах тул иргэд бүртгэлийн зөрчлөө оршин суугаа газрын улсын бүртгэлийн хэлтэст хандан шийдвэрлүүлэх хэрэгтэй. ТҮЦ машинаас гадна гадаад паспортын олгох үйл ажиллагаанд шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн. Өмнө нь иргэдийг мэдүүлэг бөглөх, мөнгө тушаах, өмнө эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгох  гэсэн үйлчилгээний шат дараалалтай байсан.  Одоо аль ч санхүүгийн салбарт мөнгөө тушааж, бүртгэлийн газарт ирээд хурууны хээгээ уншуулахад л хангалттай. Бэлэн болсон гадаад паспортыг иргэн хүсвэл  шуудангийн үйлчилгээгээр гэртээ, ажлын газартаа хүргүүлж болно. Иргэн Улаанбаатар хотын аль ч газарт гадаад паспорт хүргүүлэхэд 3500 төгрөгийн хураамж төлж байгаа. Он гарсаар 3203 иргэний гадаад паспортыг  хаягаар нь хүргэж өгсөн байна.

-Эрхзүйн хувьд шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Иргэний бүртгэлийн хууль  1999 онд батлагдсан бөгөөд энэ цагаас хойш 12 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн үед зохицуулж байсан иргэний бүртгэлийн харилцаан дахь    бүтэц, зохион байгуулалт, хамрах хүрээ, бүртгэл хийх субьект зэрэг нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй болсон, шинээр үүссэн бүртгэлийн төрлийг хуульчлах шаардлага үүссэн зэрэг олон үндэслэлээр энэхүү хууль өөрчлөгдөх шаардлагатай болж байна.  Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг Хууль зүйн яам болон УБЕГ-т байгуулагдан ажиллаж байна.

-Гадаадад амьдардаг иргэдэд онлайн сургалт хийж, хүндрэл бэрхшээлийнх нь талаар ярилцсан гэлээ. Тэдэнд ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Нийтдээ 40 мянга гаруй иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, бусад нь чадаагүй байна. АНУ-д л гэхэд Элчин сайдын яам болон Сан францискогийн Дипломат төлөөлөгчийн газар хоёрт л  шинэчилсэн бүртгэл хийдэг. Тэр газраас бусад газар ажиллаж, амьдардаг хүмүүс бүртгүүлэхэд нэгд цаг хугацааны хувьд хүндрэлтэй, хоёрт зардал их гардаг учраас явж чаддаггүй гэж байсан. Түүнчлэн шинэ төрсөн хүүхдээ ч бүртгүүлэхэд ч хүндрэл байдаг. Энэ асуудлыг зохицуулахын тулд цахимаар төрсний бүртгэлд бүртгэх хүсэлтийг хүлээн авах үйлчилгээг  нэвтрүүлж байна.

-Бүртгэлийн ажилчид маш олон хүнтэй харьцдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд яаж үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Улсын бүртгэлийн байгууллагын  нийт ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор батлагдсан хуваарийн дагуу шат дараалсан сургалтыг удаа дараа зохион байгуулдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаж үйлчлэх талаар сургалт хийсэн. Улсын бүртгэлийн байгууллага төрийн байгууллагуудаас анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх стандарт гаргаж батлуулсан. Дээр нь бүртгэлийн ажилчид дохион хэлний сургалтад хамрагдсан болохоор  хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэн нь ч харилцаж чадна.

Мөн орон гэргүй, хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүмүүсийг төрийн бус байгууллагатай хамтран бичиг баримтжуулсан. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй иргэнийг бичиг баримттай болголоо. Эдгээр иргэнээс гадна олон жил хорих ял эдэлсэн иргэд байдаг. Энэ иргэдэд ямар ч бичиг баримт байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран нийт 350 гаруй иргэний цахим үнэмлэхийг шинээр олгосон байна.

эх сурвалж: burtgel.gov.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан