Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Алтанзул: Хятад, солонгосчууд ховор ургамлыг хэдэн зуун тонноор нь худалдаж авдаг


Жил бүр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтанд олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын энэ жилийн эздийн нэг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Алтанзултай уулзаж ярилцлаа. Тэрээр Монгол орны ховор, нэн ховор, нөөц нь багасч, амьдрах орчин доройтож буй эмийн ургамлын төрөл, зүйл, генофонд буюу ургамлын генийн бүтэц, эд, эсийг хадгалах, тэдгээрийн биологийн нөөцийг нэмэгдүүлэх, дахин тариалах, эмийн ургамлыг биотехнологийн аргаар болгино хугацаанд, их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталсан юм. Түүний “Монгол орны зарим ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа” сэдэвт бүтээл нь шинжлэх ухаан тэр дундаа анагаах ухааны салбарт өндөр ач холбогдол, үр өгөөж бүхий ажил хэмээн үнэлэгдээд байгаа юм. Энэ тухай болоод эмийн ургамлын ашиглалт, тархац, нөөц, хамгаалалтын асуудлаар ярилцлаа.

-Яриагаа судалгааны ажлаас тань эхэлье гэж бодож байна. Хэзээнээс хийж эхлүүлсэн, ямар ач холбогдолтой ажил вэ?
-Би 2002 онд МУИС-ийн Биологийн факултетийн Генетик, молекул биологийн тэнхимийн Биотехнологийн ангийг дүүргэсэн юм. Гэхдээ төгсөхөөсөө өмнө буюу гурав­дугаар дамжаанд байхад хүрээлэнгийн төслийн ажилд туслуулахаар нэг хүүхэд авъя гэсэнд нь багш намайг явуулсан юм. Тэгж л анх ургамлын биотехнологийн суурь ойлголтыг авч байлаа. Намайг дадлагын оюутнаар ирж байхад манай лаборатор молекул, биологийн лаборатортой нэгдмэл байсан юм.
Тэнд дадлага, дипломын ажлаа хийж дуусгасан юм. Тухайн үед хэрэгжиж байсан төслийн хүрээнд улаан лоолийг эд өсгөвөрийн аргаар үржүүлж, ган, стресст тэсвэртэй талаас нь судалгааны ажил хийж байлаа. Энэ нь миний хувьд ургамалын биотехнологийн судалгаагаар хийж байсан анхны бие даасан ажил байсан гэх үү дээ. Төгсөөд лаборатортоо гурван жил ажиллаж байгаад 2005 оны төсөлт ажлын хүрээнд эмийн ургамал гэдэг сэдэв авсан. Түүнээс хойш энэ сэдвээрээ дагнаж ажиллаж байна даа.

-Уншигчид хараахан ойлголтгүй байж магадгүй. Ургамалын биотехнологийн судалгаа гэгч зүйлийг тайлбарлавал?
-Энэ нь дотроо их олсон салбар судлагдахуунтай л даа. Эд эсийн өсгөвөр, молекул биологи, генийн инженерчлэл гэх мэт маш олон салбартай. Бидний хувьд анх эд эсийн өсгөвөрөөр буюу хуруу шилэнд байгалийн тархац муу, ургах хувь бага, үрийн соёололт нь муудаж, амьдрах орчин нь доройтсон ургамлыг лабораторт, хуруу шилэнд ургуулах аргаар ажиллаж эхэлсэн. Монголд оронд 800 гаруй нэр төрлийн эмийн ургамал байдгаас бараг 50 орчим хувь нь ховор, нэн ховор гэх ангилалд орчихоод байна. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа учир энэ судалгаа нь олон талын ач холбогдолтой юм.

-Товчхондоо, эсээс ту­хайн ургамлыг дахин гар­гаж авах тухай судалгааны ажил байх нь?
-Тийм, ургамал амьтныг бодвол өөрийн гэсэн онцлог чанартай. Зөвхөн нэг ширхэг эс байхад л түүнээс бүхэл бүтэн ургамал болон ургах чадамжтай байдаг. Навчных нь ч юм уу өчүүхэн хэсгийг авч ашиглахад л түүнээс бие даан амьдрах чадвар бүхий ургамал бий болно гэсэн үг. Үүн дээр үндэслэж байгалиас нөгөө устаж мөхөх дөхсөн ургамлын ганц эс олж чадвал хуруу шилэнд ургуулан цааш хэдэн мянгаар нь тариалах боломжтой. Энэ нь биотехнологийн судалгааны хамгийн том давуу тал юм.

-Мэдээж хуруу шилэнд ургуулна гэдэг чамгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил байх. Гэвч ургуулсан суулгац, үрсэлгээгээ байгальд нь буцаан тариална гэдэг түүнээс ч хүнд ажил байх?
-Тийм шүү, лабораторын нөхцөлд ургуулахад бидний зүгээс байнгын хараа хяналттай байдаг. Ургах таатай нөхцөлийг нь тал талаас нь бүрдүүлж, орчны температур зэргийг зохиомлоор бий болгож болдог. Гэтэл байгальд нь ургуулахад олон шат дамжлага бүхий ажил хийгддэг. Лабораторт ургаад нялхарчихсан гэж болохоор ургамлаа байгалийн эрс тэс нөхцөлд бага багаар дасгах нь чухал. Тиймээс байнгын хараа хяналт, арчилгаа тордолгоо хэрэгтэй. Нэг үгээр тухайн ургамал маань яг л нялх хүүхэд шиг болчихсон байдаг. Тиймдээ ч шууд байгальд нь тариалж ургуулахад тодорхой хэмжээнд хорогдол үүсдэг.

-Та бид хоёрын яриад буй ховор, нэн ховор гэгдэх улаан номонд орсон ургамалууд мөн бусад эмийн ургамлуудын устаж, ховордож буйн гол шалтгаан нь юу байх юм?
-Ерөнхийд нь хоёр хувааж байгаа. Нэгдүгээрт, хүний хүчин зүйл буюу хүнээс шууд болон шууд бус хамааралтайгаар устаж байгаа. Хоёрдугаарт, байгалийн хүчин зүйл болох цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэргийн нөлөөлөлтэй холбоотой. Гэвч байгалийнхаас илүүтэй хүний хүчин зүйлийн хор нөлөө их байна. Адаглаад л эмчилгээний зориулалтаар ашиглах гэж хулгайгаар ухаж малтаж авах нь их байна. Мөн ховор эмийн ургамалын наймаа газар авсан болохоор хэдэн тонноор нь хил давуулан наймаалах нь ихэсч. Жишээ нь, Хятад, Солонгосчуудад нутгийн иргэд худалдаалах нь их. Ялангуяа үндсийг нь ашигладаг ургамал энэ талын наймаанд их нэрвэгддэг юм.

-Тийм байх. Хэдий улаан номонд орсон ч гэсэн араатан амьтдыг бодвол хамгаалах ажил, хяналт нь сул байдаг байх. Баян-Өлгий аймгийн ч юм уу аль нэг уулын аманд ямар ургамалыг хэдий хэмжээгээр түүгээд явж байгааг хууль, хяналтынхан тэр бүр мэдэхгүй шүү дээ?
-Энэ асуудал яг одоо их анхаарал татаж байгаа л даа. Хамгаалах ажлын тухайд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон бусад холбогдох байгууллагууд хууль, төсөл санаачлан ажиллаж байгаа ч хэдэн тонноор нь ачаад аваад явдаг тухай эх сурвалжууд хэлж ярьж л байдаг. Өөрийн чинь хэлсэнээр үнэн­дээ хянахад хэцүү л дээ. Хил, гаалиар гаргах нь ч амар хялбар байдаг биз. Хятад, Солон­госчуудын хувьд мөнгөөр зодоод л авдаг юм билээ. Их мөнгө хар­сан нутгийн иргэд хаа бай­гаа газраас нь үндэстэй юутай нь тасдаад, шуудайлаад өгчихөж байгаа юм. Ингэхээр л орон нутагт болж байгаа юмыг тэр бүр хянаад байж чадахгүй л дээ. Манайхан янз бүрийн хууль санаачлан батлаад л байдаг. Гэвч хууль нь цаас хэвээрээ л хоцордог. Ховор ан амьтдын тухайд ч ялгаагүй эвэр, туурайнаас аваад эмийн ургамалд ашигладаг маш олон зүйл бий. Эмийн ургамал, хулгайн ан гэх мэт хэргүүд наанаа илэрч байгаа мэт боловч цаана нь илрээгүй нь их. Яг л ДОХ-ын тохиолдол шиг нэг хэргийн ард хэдэн зуугаараа бий шүү.

-Манай улс ховор эмийн ургамлуудаа гадаадад экспортлох, худалдан бор­луулах ямар тохиолдол байдаг юм бол?
-Яг ховор, ховордсон, нэн ховор ургамлуудыг гадагш нь гаргах, ашиглах, худалдаалах нь хуулиар хориотой. Ялангуяа худалдан борлуулах тухайд. Харин судалгаа шинжилгээний зориулалтаар албан ёсны зөвшөөрлөөр, тодорхой заасан хэмжээний ургамлыг гаргадаг. Жишээ нь, буржгар сараана гэх ургамлыг жилд 5 кг-аас дээшгүйг гаргана гэхчлэн зааж өгсөн байдаг. Яахав, өөрсдөө тарьж, ургуулаад гарган худалдаалж болох байх л даа. Байгаль дээрх, онгон зэрлэгээрээ ургамлыг дээр хэлснээр ашиглахыг хуулиар хориглосон байгаа.

-Хууль, эрхзүйн орчин бүрдсэн гэж үзвэл жишээ нь би аж ахуй, тариалалт эрхлээд түүнийг зарж борлуулж болох юм байна?
-Тэгэж бол болох байх. Анхнаасаа зөвшөөрлийг нь авч ургуулаад байгалиас түүгээгүй гэдгээ гэрчилж байгаа тохиолдолд нээлттэй байх шүү.

-Дээр хэлсэнээр Монгол оронд 800 гаруй нэр, төрлийн ургамал байдаг гэсэн. Дэлхий нийттэй харьцуулахад манай улс ховор, нэн ховор эмийн ургамлын нөөц, тархацаар хэр дээгүүр ордог бол?
-Энэ талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ газар нутаг томтой гэдэг утгаараа нэлээн дээгүүрт ордог. Говь, тал хээр, хангай гээд байгалийн бүхий л бүс нутаг байдаг болохоор тоо, нэр төрлийн хувьд элбэг шүү.

-Зөвхөн Монголд л ургадаг унаган ургамал гэж бий юу?
-Зөвхөн Монголд гэвэл Монгол алтан хундага буюу олон улсын нэршлээр “Adonis Mongolica” гэж ургамал бий. Мөн л ховор, нэн ховор төрлийн ургамалд багтдаг. Дээхнэ үед Налайхын тийшээ маш их хэмжээгээр ургадаг байсан ч зам тавьж, хүнсний ногооны тариалалт хийснээр үгүй хийж орхисон юм билээ. Нэг дор, их хэмжээгээр ургадаг байсан өчнөөн га газарт нь л гэхэд зөвхөн төмс тариалчихсан байх жишээтэй.

-Магадгүй дэлхийн нийт эмийн үйлдвэрлэлийн төчнөөн хувь нь ургамлын гаралтай гэсэн тоо, судалгаа бий болов уу?
-Нарийн хэлж мэдэхгүй ч 40 гаруй хувь нь ургамлын гаралтай байгаа болов уу. Үүнээс ховор ургамлыг тодор­хой хэмжээгээр ашигладаг бол нэн ховорыг нь үйлдвэрлэлд ашиг­­­лахыг хориглосон бай­даг.

-Манай дотоодын ур­гам­­лын гаралтай эм тан үйлд­­­­вэрлэл хэр хөгжиж бай­на. Мөн бүтээгдэхүүний экспорт хэр эрэлттэй байдаг вэ?
-Миний мэдэхээр 20 гаруй байгууллага ургамлын гаралтай эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Хэрэв тухайн эмийн орцод нэн ховор ургамал багтсан байвал гаднаас худалдаж авдаг. Жишээ нь, “Монос” гэхэд л өөрсдөө эмийн ургамлын плантацитай болчихсон бай­на. Тэндээсээ хагас үйлдвэрлэлийн зориулалтаар тариалсан ургамлаа түүж, эм бүтээгдэхүүнээ хийж гадагш гаргадаг. Жишээ нь, Нефрамон гээд бөөрний бэлдмэлээ Орос руу гаргаж байна. Энэ мэт эмийн
үйлдвэрлэл тэр дундаа ургамлын гаралтай үйлдвэрлэл манайд хөгжиж байгаа.

-Яахав, та бүхний ажил амжилттай байгаад ховор болон нэн ховор ургам­лынхаа нөөцийг нэмэг­дүүлж чадвал дээр дурдсан хоригийг цуцалж болох байх. Гадагш худалдаалаад ирвэл эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй байх?
-Нөөцийг нэмэгдүүлбэл болохгүй юм байхгүй. Жил ирэх тусам ховор ургамлын жагсаалт шинэчлэгдээд л байдаг. Жагсаалтад нэмэгдэх нь байхад хасагдах нэг нь ч бий. Үнэхээр нөөц нь хангалттай хэмжээнд хүрлээ гэвэл жагсаалтаас хасдаг. Бидний хувьд нэн ховор болон ашигтай гэх ургамлуудад илүүтэй анхаарч, судалгаанд ашигладаг. Тухайн ургамалд агуулагдаж буй бодисын хэмжээ, ялгарал, үйлчилгээ нь үнэхээр үр дүнтэй байна гэж үзвэл цааш тариалдаг. Түүнээс ашиг багатай ургамал судалж цаг алдах нь давхар хөрөнгө мөнгө алддаг. Нэг удаагийн судалгаанд л гэхэд асар их хөрөнгө шаарддаг учир тэр бүр таарсан болгоныг барьж аваад байдаггүй юм.

-Манай оронд нэн ховор­доо орж буй ургам­луудаас жишээ болгон нэрлэвэл?
-Жишээ болговол дээр хэлсэн буржгар сараана, эгэл годил гэж ургамлууд байна. Энэ хоёр ургамлыг нэн ховроос сонгон судалж байна. Эгэл годил гэдэг нь ус, нуур, цөөрөмд ургадаг бодисууд нь ихэнх тан, эм бэлдмэлд ордог давтамжаараа нэгдүгээр ордог. Зарим танд бүр голлогч бодисоор ордог бол заримд нь хөл ургамал гэж хэрэглэгддэг. Манайд нэн ховор гэх ангилалд орсон тул Хятадаас авч байгаа. Энэ ургамлын яг үндэслэг ишийг нь хэрэглэдэг учир хүмүүс ухаж малтаад хамаг юмтай нь авчихдаг. Тэгэхээр мэдээж цааш ургах боломжгүй болно, дээр нь дэлхийн дулаарлын нөлөөллөөр асар их гол горхи, нуур цөөрөм ширгэж үгүй болж байгаа нь энэ ургамлын тархацыг бууруулж байгаа юм. Ер нь, нутгийн хэллэг нь шудаг гэдэг нэртэй ургамал юм. Шудагт нуур гэж Хөвсгөлд байсан гэдэг юм билээ. Ингээд бодохоор маш их хэмжээгээр ургадаг байсан байж таарч байгаа биз. Ийм учраас бид сүүлийн үед энэ ургамлыг ихэд сонирхон судалж, ургуулж эхэлж байна.

-Шудагт нуур гэхийг бодоход нөгөө зэгэст нуур гэдэг шиг л байж дээ?
-Тийм, уг нь бол битүү ногоон ургадаг байсан юм билээ.

-Нөгөө хүмүүс гоё сайхныг нь магтаад байдаг вансэмбэрүү цэцэг маань мөн ховор ургамалд ордог байх?
-Вансэмбэрүүг бид бас л туршиж үзэж байсан юм. Үр дүн нь муу байсан л даа. Зарим ургамал бүр түүхэн хөгжлийнхөө явцад угаасаа мөхөж байгаа гэх юм уу даа, мөхлийнхөө шатанд эргэлт буцалтгүй орчихсон ургамлыг яаж ч сэргээх гээд болдоггүй тийм ховор тохиолдол бий л дээ. Вансэмбэрүү ийм ургамлын тоонд ордог учир бид ургуулах гэж үзсэн ч нэг их үр дүнд хүрээгүй. Бидний ажил асар их хөрөнгө шаарддаг учир энэ мэт үр дүнгүй ургамал барьж аваад байх боломжгүй. Дараа нь тайлан тооцоогоо тавихад ч бэрх учраас шүү дээ. Гэхдээ төсөв хөрөнгө нь шийдэгдээд, хангалттай хэмжээнд хийгдвэл үр дүнг нь ахиулах тухайд ажиллах шаардлагатай. Гэвч хараахан боломж бололцоо нь бүрдээгүй байх шиг байна.

-Төр засгаас сүүлийн үед шинжлэх ухаан тэр дундаа танай салбарт илүүтэй анхаарч байгаа санагддаг?
-Манай салбарыг ер нь их сонирхдог юм. Манай лаборатор байгуулагдаад 26 жил өнгөрч. Өмнө нь вирусгүй төмс гаргах ч юм уу ер нь хүнсний ногоо тал руугаа судалгаа их хийж байсан. Харин сүүлийн үед эмийн ургамал тал руугаа их хандаж, ургамлын биотехнологийн ач холбогдлыг ойлгоод ирмэгц энэ чиглэлд ихээхэн анхаарч байна. Энэ чиглэлээр судалгаа хийн ажиллаж байгаа газрууд ч цөөнгүй байна. Ботаникийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн лаборатор байна. Мөн МУИС-д ч лаборатор нээгдчихээд байна.

-Энэ чиглэлд гадаад харилцааг дээшлүүлэх нь чухал байх?
-Тэгэлгүй яахав, хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Яагаад гэвэл, Хятад, Япон, Энэтхэг гээд Азийн орнууд эмийн ургамал ихтэй, анагаа­хын салбарт энэ чиглэлийн эм үйлдвэрлэл, уламжлалт ана­гаах ухаан сайн хөгжсөн байдаг. Тиймээс эдгээр турш­ла­гатай улсуудтай хамтарвал илүү ашигтай.

-Яахав, шинжлэх ухаан талаасаа бидэнд сэ­дэв, судлагдахуун асар их байгаа гэж ойлгож боло­хоор?
-Сэдвийн хувьд асар их нөөцтэй. Магадгүй огт судлагдаагүй ургамал ч байж болно шүү дээ. Гагц­хүү ма­найд аль ч юманд хөрөнгө оруулалтын асуу­дал дутмаг байх юм. Судлаг­дахуун, түү­нийг судалж шинж­лэх мэргэ­жилтэн, болов­сон хүчин байв ч хөрөнгө мөнгөний гачаал байх юм. Энэ чиглэлээр сурч боловсроод гадаадад мэр­гэжил дээшлүүлээд ирсэн хүн их байвч яг ажиллъя гэ­хээр хангамж буюу нөгөө лабо­ратор, техник технологи нь гадаадад байсан шиг нь өндөр түвшинд хүрч чаддаггүй.

-Цаашид судалгааны аж­лаа илүү лавруулах бодолтой байгаа байх?
-Одоо бид хоёрдахич метаболиц буюу ургамал доторх бодисын судалгааг илүү гүнзгийрүүлэх төлөв­лөгөөтэй байна. Би Солонгост энэ чиглэлээр хүн орхоодой дээр ажиллаж доктор хамгаалсан юм. Хүн орхоодойд байдаг тритерпет, сапонин гэх гол үйлчлэгч бодисууд байдгийг яг ямар гень нийлэгжүүлдэг, ургамлын яг ямар төрлийн бодисыг нийлэгжүүлж байна гэдгийг нарийвчилж судлах молекул биологийн ажил байсан юм. Мөн хоёрдагч метаболитик бодис хэр их байгааг мөн өөр ургамалд шилжүүлэхэд ижил үр дүн үзүүлж, нийлэгжүүлж чадаж байна уу гэдгийг судалсан юм. Үүнтэйгээ төстэй ажлыг л цаашид нарийвчилж хийх гээд байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд хорт хавдар нас баралтын тоогоор дэлхийд тэгүүлэх боллоо. Хавдрын эсийг үгүй хийх, аль ч шатанд нь төгс эмчлэх боломжтой эмчилгээг ургамлаас гарган авахаар олон улс оронд ажиллаж байна?
-Ер нь байгалийн гаралтай гэхээр илүү эрсдэл багатай байдаг. Химийн гаралтай нь нэгийг дарангуйлж чаддаг ч нөгөөд нь сөрөг нөлөөтэй байх нь их. Тиймээс хүнд хор нөлөө бага учир ургамлын гаралтайг нь илүү сонирхож байгаа болов уу. Гэхдээ ургамал сайн гээд л хамаагүй хэрэглээд байж болохгүй. Тухайн өвчлөлд хэр нийцэх, ямар үйлчлэлтэй вэ гэхчлэн нарийн судалж шинжлэх нь чухал. Мөн аль ч эм бэлдмэлд тун тааруулах гэж чухал юм бий. Иймээс анагаах ухаан, шинжлэх ухааны ул үндэстэй, өндөр түвшний судалгааны үр дүнг анхаарч байх нь зөв.

-Үүнтэй холбогдуулж асуухад сүүлийн үед гишүүнэ гэгч ургамлыг хавдрын эсийг 80 хувь хүртэл устгадаг гээд ямар ч эмчийн заавар зөвлөгөөгүй хэрэглэсэн дээ. Энэ тухайд мэргэжлийн хүн юу хэлэх нь уншигчдад сонирхолтой байх болов уу?
-Тэр ургамлыг сайн мэдэхгүй юм. Ямартай ч, нутгийн нэршил нь айраг гэдэг санагдаж байна. Хүүхэд байхад шууд идэх, чанаж болгож хүмүүс их хэрэглэдэг байсан ч хавдрын эс устгадаг тухайд манайхан судалсан нь үгүй. Ямар ч байсан нэг л мэдэхэд гишүүнэ хавдар эмчилдэг гэх яриа их тарчихсан байсан.

0 Сэтгэгдэл
БАЙГАЛЬ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТЭЙ.ХОТТОЙ ХОНЬНООС НЬ НЭГ ТӨЛӨГ ХУСВӨЛ БАРАГ АЛЧИХ ШАХДАГ МАЛЧИД ОДОО БАЙЛДААНЫ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЖ ЗЭЭРИЙГ ЁСТОЙ ИЛҮҮ ГЭРТЭЭ ОВООЛЧИХСОН БАЙНА.МОДРУУ ХӨРӨӨ БАРИАД ДАЙРНА.ГЭТЭЛ ХОХИРЛЫГ БАРАГ ТӨЛҮҮЛДЭГГҮЙ ШОРОНД ХИЙДЭГГҮЙ.ЯАГААД ГЭВЭЛ БАЙГАЛИЙН ӨМНӨӨС АЖИЛЛАДАГ ТББ-УУДЫГ ХЭНЧ ДЭМЖДЭГГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД БАЙГАЛЬ СӨНӨХ МЭТ БОЛ ЯМАРЧ ХАМААГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БОДДОГ
naad asuudalaa shalguulaach. zuvshuurul ugdug baigal orchini yamig shalgaa tsaana mash ih avilgal baigaa
тэгээд хэн хаагуур авч хил гаргаад байнав тэр их юмийг багцаатай бичээ
irged oorsnoo heden bor tsaas harchihaad you ch baisan gadny humuust uilchildeg ter muuhai setgeleesee salah tsag ni boljee. hunii shunal ehedvel you boldgiig bugd medne shuu dee?
solongos humuus tegj bainalee. mongoliin barag buh ovs aldartai emiin urgamal baihad mongolchuud mal n ideed oorsdoo iddeggui gej shoolj bainalee. tiim em baihad gadaadin hortoi em avch uutsgaagaad tenegiin deed medleggui humuus
solongos humuus tegj bainalee. mongoliin barag buh ovs aldartai emiin urgamal baihad mongolchuud mal n ideed oorsdoo iddeggui gej shoolj bainalee. tiim em baihad gadaadin hortoi em avch uutsgaagaad tenegiin deed medleggui humuus
Хамгийн их уншсан