Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангай аймгийн ажилгүйдлийн түвшин 4.4 хувьтай байна


Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхөнгай, Баянхонгор аймгуудтай хил залгадаг, Тэрхийн цагаан нуур болон Хорго, Тайхар зэрэг байгалийн тогтоцтоо тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ч эдийн засгийн салбар бүтэц харьцангуй муу хөгжсөн Архангай аймагт бид хоёр хоног ажиллаа. Энэ хугацаанд аймгийн дэд бүтэц, нийгмийн халамж, хөдөлмөрийн зах зээл гэсэн үндсэн гурван чиглэлээр тус аймгийн иргэдийн аж, амьдралын байдлыг мэдэхийг зорьсон бөгөөд энэ удаад хөдөлмөрийн зах зээл, хүн амын амьжиргааны түвшин ямар байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 Арван жилд нэг удаа явагддаг “Хүн ам, орон сууцны тооллого” хамгийн сүүлд 2010 болсон. Үндэсний статистикийн газраас гаргасан дээрх тооллогын дүнд Архангай аймаг 91 мянган хүн амтай гэжээ. Харин энэ оны байдлаар тус аймгийн хүн ам 92.4 мянгад хүрч, нийт хүн амын 63.5 хувийг  хөдөлмөрийн насныхан эзэлж байна. Аж үйлдвэр, томоохон үйлчилгээний газар хөгжөөгүйн улмаас хөдөл­мөрийн зах зээл хязгаар­лагдмал аймаг хэдий ч нийт хүн амын 74.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн 2014 оны эцсийн дүн гарчээ. Энэ нь тус аймагт хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн дүнд 2015 ажлын байр шинээр бий болгосноос 1690 нь байнгын ажлын байртай болсон гэх үзүүлэлтийн үр дүн аж.  

Бид энэ талаар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга
Х.Отгонбаттай ярилцлаа.


-Танай хөдөлмөрийн хэлтэс энэ онд 2000 ажлын байр шинээр бий болгохоор зорьсон юм байна. Ингээд 2015 ажлын байр шинээр болгосон гэвэл 100 гаруй хувийн биелэлттэй ажиллаж. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч иргэд энэ оны хувьд хэд байв. Ер нь иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангах хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжсэн бэ?
-Аймгийн хэмжээнд 1628 иргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдахаар бүртгүүлсэн. Эдгээрээс ажил идэвхтэй хайгч иргэн 1221, үүнээс эмэгтэй ажил хайгчдын тоо 700 орчим байна. Шинээр бий болсон ажлын байрны 83.1 хувь нь байнгын ажлын байр байгаа. Үндсэндээ энэ оны хувьд бид найман хөтөлбөр, нэг төслийн хүрээнд байнгын болон түр ажлын байр бий болгохоор зорьсон. Оны сүүлээр үндэсний хэмжээнд батлагдсан ахуй үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр мөн хэрэгжихээр болсон.

-Ажлын байрны зах зээлийн судалгаа ямар түвшинд хийгддэг вэ. Шинээр бий болгосон ажлын байрны дийлэнхийг ямар ажил, мэргэжил эзэлж байна вэ?
-Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр гэж томоохон хөтөлбөр зохион байгуулсан. Зах зээлд эрэлт, хэрэгцээтэй байгаа ажил болон ажлын байранд тавигдах шаардлага, ур чадварыг дээшлүүлэх зэрэгт чиглэгддэг юм. Ингэхийн тулд мэдээж, Архангай аймагт эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байрны суурь судалгааг хийж, 20 гаруй төрлийн ажил, мэргэжлийн чиглэлийг сонгосон. Ингээд дээрх чиглэлийн дагуу сургалт зохион байгуулах эрхийг авсан төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан. Энэ сургалтад 229 иргэнийг хамруулж, 40.6 сая төгрөг зарцуулсан. Бусад аймгийн хувьд Уул, уурхайн чиглэлээр ажиллах боловсон хүчин өндөр эрэлттэй байдаг бол манай аймаг Ногоон хөгжлийн аймаг болсонтой холбогдуулан энэ төрлийн ажлын байр бага байгаа. Харин цаг үеийн болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран ажиллах хүчний эрэлт өөрчлөгдөх тохиолдол байдаг. 2013, 2014 оны хувьд Архангай аймагт урьд хожид байгаагүй бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тиймээс барилгын туслах ажилтан, засал чимэглэл зэрэг барилгын туслах болон нарийн мэргэжлийн ажил хамгийн эрэлттэй байлаа. Дараагаар нь үйлчилгээний салбарт ажиллах хүчний эрэлт их байсан. Ер нь үйлчилгээний салбарын ажлын байрны эрэлт, нийлүүлэлт харьцангуй тогтвортой байдаг.

-Ажил олоход хүнд­рэлтэй болон 40-өөс дээш насныхан, хөгжлийн бэрх­шээлтэй гээд нийгмийн зорилтот бүлэг бий. Энэ бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалт, зорилтуудын нэг байлаа шүү дээ. Харин хэрэгжилт нь янз бүр л байх шиг байна. Архангай аймгийн хувьд ямар хэмжээнд хэрэгжиж байна?
-Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хийгддэг гол ажил нь ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байранд зуучлах байдаг. Дан ганц хөдөлмөрийн хэлтэс гэлтгүй энэ ажилд  аймгийн нийгмийн даатгал, бүртгэлийн газар, прокурорын байгууллага гээд олон газар хамтран оролцдог. Тухайлбал, прокурорын газартай хамтраад ял эдэлж байгаа, тэнсэн харгалзсан, ял эдлээд дууссан зэрэг иргэдийг оролцуулан “Зорилготой амьдаръя” гэсэн өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ явцад найман иргэнд ажлын байрны бүртгэл зуучлал хийж өгсөн.  Мөн хоёр хүнийг ур чадварын сургалтад хамруулж ажилласан байна. Харин 40-с дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь харьцангуй онцлогтой. Тэд бүлэг болж, хөдөлмөр эрхлэх буюу газар тариалан эрхлэх, байгаль орчны зэрэг ажил хийдэг. Бид дээрх хөтөлбөрийн хүрээнд долоон сумаас 21 иргэнтэй буюу бүлэгтэй гэрээ байгуулсан. Тэдний цаана 70 иргэн байгаа юм. Жимс хүнсний ногоо тариалах зэрэг ажлуудын дийлэнхийг тэд нугалсан байна. Тухайлбал, Хайрхан суманд 10 бүлэг, 50 гаруй иргэн 15 мянган чацарганы суулгац тариалсан. Энэ ажилд Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, тухайн сумын Засаг дарга нар хамтран ажилласан. Суулгац нь 2-3 жилийн дараа үр дүнгээ өгч эхэлнэ гэвэл энэ хооронд суулгацыг арчлах, харж хамгаалах гээд тогтвортой ажлын байр бий болж байгаа.

-Хоршоо болон бүлгээрээ нийлж аж, ахуй эрхлэх иргэдийн тоо өсч байна уу. Ер нь тэдний аж ахуй хэд, хэчнээн төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа эхэлж байна?
-Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 252 иргэнд 9.5 сая төгрөгийн санхүүжилт гаргасан. Энэ нь аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд бизнесийн төлөвлөгөөгөө бичих, аж ахуй эрхлэлтийн наад захын мэдлэг олгох зэрэг ажилд зарцуулагдаж байгаа юм. Ингээд хөтөлбөрийн төгсгөлд төсөл хөтөлбөр сонгон шалгаруулалт явуулж, 17 төсөл шалгаруулж, 87 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Тэд төслөө амжилттай хэрэгжүүлж 83 шинэ ажлын байр бий болгосон байгаа. Мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилгоор ажилладаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ХААН болон Төрийн банкаар дамжин 804.5 сая төгрөгийн зээл олгосон. Иргэн өөрөө тав хүртэлх сая төгрөг, хуулийн этгээд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Одоогийн бизнесийн зээлүүдийн дэргэд харьцангуй бага буюу 0.85 хувийн хүүтэй. Өнөөдрийн байдлаар дээрх зээлийг 190 иргэн аж, ахуй нэгж авч, 695 шинэ ажлын байр бий болгоод байгаа. Энэ зээлийн онцлог гэвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ХААН болон Төрийн банканд санхүүжилтээ хийгээд банкаар дамжуулан зээл олгож байгаа явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл банк өөрөө эрсдэлээ хариуцаж байгаа юм. Тиймээс банкны шаардлага өндөр байна. Цаашдын тогтвортой байдал, зээлийн эргэн төлөлт буюу зээлийн эрсдэл тооцдог учраас малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн төсөл амжилттай явдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан