Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Дамцагдорж: Нийтийн байр гэдэг “онцгой бүс” бий болсон тул журам гаргуулсан


Байгууллага бүр хийсэн ажлаа дүгнэж шинэ оноо угтах цаг хаяанд иржээ. Өнгөрсөн бямба гарагт Алтангадас одонт гал унтраах 10 дугаар анги энэ онд хийсэн ажлын тайлангийн хурлаа хийлээ. Тус анги өнгөрсөн онд 587 удаагийн гамшгийн голомтод ажилласан байна.  Мөн гамшиг ослын 23, гал түймрийн 332 дуудлага хүлээн авсан аж. Ингээд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дамцагдоржоос зарим зүйлийг  тодрууллаа.

-Энэ онд танай хэлтэс ямар ямар ажил амжуулсан гэж дүгнэж байна вэ?
-Бид энэ жилийн ажлаа дүгнэж хамт олон, гэр бүлтэйгээ тайлангийн хурлаа хийлээ. Энэ онд манай хамт олон иргэдэд онцгой байдлын үйлчилгээг чанартай хүргэх, урдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилт тавьсан. Үүнийгээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Нийслэлээс хэрэгжүүлсэн “Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гал унтраах, аврах автомашиндаа камер, GPS суурилуулсан. Ингэснээр өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа иргэд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтрааж буй явц, иргэдийн өмч хөрөнгийг хэрхэн авран хамгаалж  ямар бэрх­шээл саад даван туулж байгааг цахим сүлжээгээр харж болдог болсон.

-Нийт хэдэн хүний амь нас, хэчнээн төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалж чадсан бэ?
-Манай хэлтсийн хамт олон энэ онд 114 хүний амь нас, 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө аварч хамгаалсан байна. Энэ хоёр тоогоор л биднийг ажлыг дүгнэж болно. ОБЕГ, нийслэл, дүүргийн хэмжээнд манай Онцгой байдлын хэлтэс хангалт­тай гэсэн үнэлгээ авч тэргүүн байр эзэлсэн.

-Онцгой байдлын алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой хийж буй ажлууд?
-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Үүний хүрээнд “ХАС” банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгээд  131 албан хаагчдад бага хүүтэй 131.7 сая төгрөгийн зээл өгч амьжиргааг нь дээшлүүллээ. Мөн дөрвөн албан хаагчдад дөрвөн сая гаруй төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Үүнээс гадна гамшиг ослын үед техникийн бэлэн байдлыг хангахын тулд дүүргийн удирдлагуудтай хамтарч 60.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

-Нийтийн байрны аюулгүй байдлын журам гаргасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Ер нь, судалгаанаас үзэхэд нийтийн байранд гарч буй галын тоо жилээс жилд өссөн байдаг. Мөн архидан согтуурах, гэмт хэрэг гарах гээд ахуйн байдал муу, хог их хуримтлагдаж бохирддог тул халдварт өвчин гарах эрсдэл маш өндөр хэсэг бий болсон. Иймээс дүүргийнхээ ИТХ-д санал тавьж “Нийтийн байрны журам”-ыг анх удаа гаргалаа. Энэ журам гэмт хэрэг, өвчлөл, аюул ослыг бууруулна гэж бодож байна.

-Гал унтраах, авран хамгаалах техник хэрэгсэл дутмаг байдаг гэсэн яриа бий. Танай хэлтсийн хувьд ямар байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ хамтарч 2005 оноос хойш техник, багаж хэрэслийг сайжруулах ажлыг бодлогоор хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр манай хэлтэс гэхэд Япон улсын гал унтраах тоног төрөөхөмж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Материаллаг бааз, багаж хэрэгсэл сайжирч байна. Гэвч шаардлагын түвшинд хүрээгүй. Цаашид багаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө илүү сайжруулах шаардлага бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан