Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн яамны байрыг хүүхдийн эмнэлэгт олгох нь гоё шийдвэрийн цаана...


Зам, тээврийн яамны удирдлагууд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо болон Эрүүл мэндийн яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Засгийн газрын XIII байр буюу Энхтайваны гүүрний дорхи ЗТЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буй. Үүнд Зам, тээврийн яамны одоогийн бүтэц дараагийн шинэ байршилд очиход зохимжтой эсэх болон нүүлгэн шилжүүлэхэд зарцуулагдах төсөв хөрөнгө хаана ч төсөвлөгдөөгүй тул Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж таарах байх. Сайдын хувьд Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлэхэд бэлэн байна, ялангуяа хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж байгаа тул татгалзах зүйлгүй хэмээсэн. Харин төсөв хөрөнгийн тухайд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн болон холбогдох байнгын хороод шийдвэрлүүлэхээр энэ уулзалтын үеэр ярилцлаа.

Дашрамд дурдахад, Засгийн газрын XIII байр буюу ЗТЯ-ны байр нь үе үеийн авто тээвэрчдийн ажиллаж ирсэн түүхэн дурсгалтай газар гэдгийг салбарынхан хэлж буй. Тус байр 1986 онд ашиглалтад орсон. Угсармал шугаман суурьтай, цутгамал баганатай, зоорьгүй, дөрвөн давхар конторын зориулалттайгаар авто тээвэрчдийн хандив, тусламжаар, инженерийн бус аж ахуйн аргаар баригдсан, мэргэжлийн байгууллагаар паспортжуулалт хийгдээгүй байдаг юм байна.

Байрны дулаан хангамжийн тухайд “Мон Хорус” ХХК-ийн ялтсан бойлороос халаалт авч, 400 метр орчим урттай дулааны хос шугамаар байранд өгдөг үл хамарах схемээр ажилладаг аж. Тиймээс халаалтдаа байнгын хяналт тавих боломжгүй, дулаан зөөгчийн температур унаж ирдэг юм байна.  Мөн удаан хугацааны ашиглалтын явцад халаалтын түгээх болон буцах шугам зэвэрч нимгэрэн, даралт даахгүйн улмаас цооролт үүсч эхэлжээ. Тус барилгын ойр орчимд анхны төслийн хэмжээнд төлөвлөгдсөнөөс нэмж барилгууд баригдсан, зөвшөөрөл олгож холбосон зэргээс шалтгаалан шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж бөглөрснөөс болж халаалт доголддог аж.

Хэрэглээний халуун, хүйтэн усны шугамыг дулааны шугамын трасст хийгээгүй, хэрэглээний халуун усны бойлорыг сүлжээний өгөх шугамтай зэрэгцээ болон холимог схемээр холбоогүй тул хэрэглээний халуун усны хувьд цельсийн +55 хэмийн горим барих боломжгүй байдаг гэдгийг техникийн талаас нь танилцууллаа. Ийм барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “барилга байгууламж нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлсэн байх” хэмээн заасан эрүүл мэндийн байгууллагын үүргийг хэрэгжүүлэхэд хэцүү нөхцөл байдлыг үүсгэж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангах үүрэгтэй ЭМЯ нь эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үүрэг олгохдоо Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйийн 19.3.4-т заасан “эмнэлгийн барилга, байгууламж нь үзүүлэх  тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадалд тохирсон болон эрүүл ахуйн шаардлага хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт”-ийг шаарддаг. Харин “өнгөрсөн жил л гэхэд аваарын шатны орчимд нуралт үүсч азаар хүн бэртэж гэмтээгүй” хэмээн тус яамны ажилтнууд ярьж буйг сонсоход тийм ч гоё сайхан “орд харш” биш бололтой. Тэр тусмаа хүүхдүүдэд өгнө гэхээр ирэх сонгуулийг ухаанаа уралдуулж яваа улстөрч ах, эгч нарынх нь гоомой шийдвэрээс үүдсэн энэ шийдвэр “аюул тээсэн бэлэг” биш гэж үү.

Ингээд үйлдвэрүүдийн утааны голомтод өнгө үзэмжээ чадлаараа зассан ЗТЯ “гоё харагдсан”-аасаа болж “үүрээ эвдүүлэхэд” хүрэв. Сайд Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлнэ гэсэн боловч хандиваа өгч бариулсан гэж боддог, орж, гарах бүртээ түүгээрээ бахархдаг тээвэрчид бухимдаж байна.

Гэтэл ЗТЯ-ны байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэх талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ЭМЯ-наас ирсэн албан хаагчид ЗТЯ-ны байрыг таван минут ч хүрэхгүй хугацаанд харсан төдий болоод, зөвхөн гаднах өнгө үзэмж, автомашины зогсоол, зай талбайн хэмжээгээр үнэлэн эдийн засгийн тооцоо судалгаа, эрүүл ахуйн шаардлага зэрэгт үл нийцэх дүгнэлт гарган Засгийн газрыг ташаа мэдээллээр ханган уг шийдвэрийг гаргуулсан болж таарч байна.

Гэвч нэгэнт Засгийн газар тэрхүү мэдээлэлд түшиглэн шийдвэр гаргасан. Одоо биелүүлэхээс өөр замгүй байдалд хүрлээ. Харамсалтай нь хүүхдийн эмнэлэг “гоё савлагаатай чанарын шаардлага хангахгүй” байранд очиж, ЗТЯ үйл ажиллагаа явуулах чиг үүргийн биелүүлэхийн тулд алслагдсан, салангид хоёр байр руу “тэлээ хурга” шиг үйл ажиллагаагаа явуулах болж байна. Учир нь ССАЖЯ-ны байрлаж байсан Засгийн газрын X байр, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэрчний гудамжинд байрладаг Цөмийн энергийн газрын байрлаж байсан байр нь хоорондоо таван км зайтай. Төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдалд сөргөөр нөлөөлж харилцагч байгууллагууд болон иргэдийг чирэгдүүлэхэд “хангалттай” алслагдсан энэ байдлаас гадна ЗТЯ 2012 оны наймдугаар сард байгуулагдсанаасаа хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус байранд нэг тэрбум гаруй төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн нь хайран үргүй зардал болж таарах нь. Дээрх таагүй мэдээллүүд дээр нүүлгэлтийн зардалд хамгийн багаар тооцоход гарч буй 300 орчим сая төгрөгийн зардлыг нэмээд үзэхээр “төрийн яамыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах” гоё шийдвэрийн цаад үр дүн хэр бодитой байх бол гэдэгт эргэлзэхэд хүрч байна.

Т.Баярмагнай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан