Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биднийг ингэж боддог юм байна ...


Хөрш зэргэлдээ улсад болж байгаа зүйлс манай улсад ямар нэг байдлаар нөлөөлөх нь гарцаагүй. Иймд бид хөрш хоёр улсад болж байгаа үйл явдлыг байнга судлаж байх ёстой. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр Украины хэрэг явдлаас  хойш оросууд Монгол гэдэг улс бөөрөнд нь наалдаад олон зуун жил болж байгааг мэддэг анзаарч «хүй хай» гэхтэйгээ болоод байгаа. «Курица не птица- Монглия не заграница» буюу «Тахиаг шувуу гэхгүй, Монголыг гадаад гэхгүй» гэсэн дээрэнгүй үзэл амь бөхтэй явсаар байсан нь бага ч болов өөрчлөгдөж магадгүй дүр зураг ажиглагдаж байна. Хоёр улсын хооронд визгүй зорчих боломжтой болсон нь Монголыг гэх сонирхлыг тодорхой хэмжээгээр өдөөж өгсөн. Михалев овогтой Алексей гэгч улс төр судлаач, доктор эрхэм нэг ийм ярилцлага өгсөнийг сонирхуулъя.

-Алексей, Монголтой визгүй зорчдог болж байна. Үүнтэй холбоотойгоор  хөршийнхөө тухай бид юу мэддэг, юуг мэддэггүй, ер нь зарчмын хувьд хамтран ажиллах боломжтой эсэх талаар тодруулаач?

-Уламжлал ёсоор бид Монголын хэл, соёл, түүхийг гайхалтай сайн мэддэг болж бүрэлдсэн. Энэ чиглэлээр манайд шинжлэх ухааны институт ч бий. Харин орчин үеийн Монголын улс төр, эдийн засгийн тухайд хоосон орон зай их үүсч байгаа, нийгмийн тухайд бол бүр орхиё. Гэтэл ийм сэдвүүдээр бид маш олон асуудлыг шийдэх шаардлагатай тулгарч байна. Жишээлэхэд, өнөөдөр Монголтой холбоотой аналитик материалыг худалдаж авах гэсэн корпорациуд олон байна. Гэвч тэр захиалгыг нь бид тэр бүр гүйцэтгэж чадахгүй л байна. 

Монголын санхүү ба банкны зах зээлийн төлөв байдлын талаарх ажил манайд байхгүй байгаа гэдгийг хэлье, гэтэл манай өрнөдийн мэргэжил нэгтнүүд хэдийн гүйцэж түрүүлээд  сайн бас чанартай ажиллаж байна. Жишээлэхэд, тэнд дэлхийн бараг л бүх банк үйл ажиллагаа явуулж байна. Монголын банкны салбар Оросынхоос эрс өөр бөгөөд маш сонирхууштай үйл явдал мөн. Бизнесийнхэн Монголд зээл авна гэж юу байдаг тухай би бүр яриахаа больё.

Цаашилбал, хөдөө орон нутгийн түвшинд эрх барьж байгаа хүмүүс хэн байна? Иймэрхүү аналитик ажлыг зөвхөн Дэлхийн банк л хийсэн байдаг, тэгээд эрх мэдлийг жигд хувиарлах тухайд, ардчилсан институтуудыг хөгжүүлэх тухайд, хөдөө орон нутгийн эрүүгийн хэрэгт автаж байгаа тухайд гээд өөрт хэрэгтэй дүгнэлтүүд гаргасан,.

Улс төрийн зүгээс ч судлагдаагүй зүйл олон бий. Бид нөлөөллийн бүлэглэлүүдийн талаар, тэднийг ямар зарчмаар байгуулагдагдсан тухай, тэдгээр бүлэглэлүүд Улаанбаатарт өөрийн ашиг сонирхолоо хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай юу ч мэдэхгүй байна. Нөлөөлийн бүлэглэлүүд овгийн зарчмаар байгуулагдсан юм уу эсвэл өөр зарчмаар уу? Хэрэв овгийн зарчмаар гэж бодож байгаа бол ямар овгууд байна вэ? Тэд ямар зохион байгуулалттай байна? Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг ямар бүлгүүд тойрон хүрээлж байна, Улсын их Хуралд хэн нөлөөлж байна? Намуудыг ямар корпорациуд санхүүжүүлж байна?

Жишээ болгоод уулын уурхайн салбарын хөрөнгө оруулалтуудыг авч үзье л дээ. Их Хурал баталгаатай хэрэгжихээр болсон гэсэн шийдвэрээ гэнэт өөрчилж чадаж байна. Хэрэв ийм зүйл үнэхээр болж байгаа бол лоббизмын хүчин зүйл байж магадгүй. Иймэрхүү зүйлсийн талаар илүү нарийвчлан ярихын тулд судалгаа шаардлагатай. Гэвч ийм судалгаа хараахан байхгүй, харин тийм судалгааны эрэлт бол байна.

Бас нэг зүйл бий. Тэр нь бид тэндэхийн эрүүгийн ертөнцийн талаар юу ч мэдэхгүй. Судалгаа бол бүр юу ч байхгүй. Оросын эрүүгийн ертөнцийн бүс нутгийн онцлогийн талаар олон судалгаа байдаг бол Монголын эрүүгийн сегментийн талаар бид юу ч мэдэхгүй. Гэтэл тэнд Хятадын ашиг сонирхлоос эхлээд өөрсдийн эрүүгийнхэн хүртэл бүгд л төлөөлөлтэй байдаг. Дээр нь Монголын эрүүгийнхэн Хятад руу, тухайлбал Хонконг мэтийн том хотууд руу яаж орж байгаа тухай тун бага зүйл мэдэгдэж байна. Энэ тухай хэн ч бичээгүй, хэн ч судлаагүй, Монголд өөрт нь ч байдаггүй.

-Монголын улс төр ба эдийн засгийн амьдралыг ингэж нарийвчлан судалснаар Оросын бизнес юу олж авах юм бэ?

-Бизнест хөнгөн шуурхай, товч тодорхой байдал шаардлагатай. Бизнес эрхлэх гарын авлага, зааварчилгаа байвал хэрэгтэй юм, тэгээд хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж эхэллээ гэж бодвол өгөгдлүүдийг нь авч үзээд, өөрийнхөө аналитикүүдэд өгөөд, тэд нар нь юм боловсруулаад, төсөл хэрэгжээд эхэлж болно. Одоо ийм нөхцөл алга.

-Ер нь яагаад бид хөршөө дутуу үнэлдэг, дотор нь болж байгаа үйл явцыг ойлгохыг хичээдэггүй болчихов оо?

-Бүр зөвлөлтийн үеэс л дорно дахиныг судлаачдын дунд Монгол судлалд тавих анхаарал бага байсан, хүмүүс хятад, араб судлалд орохыг хичээдэг байсан. Монголд бол хэлийг нь мэдэхгүй байж ажиллаж болдог байлаа. Зөвлөлтийн үед Монголд очиж ажиллаж байсан танил хүн болгонд л байж байдаг. Монголд хандах хандлага тийм ч сайн байсангүй, энэ улсыг 16 дахь Бүгд найрамдах улс гэж үздэг байсан, Монгол судлалын энэхүү удмын өвчин одоо ч хадгалагдан үлдсэн. 1989 оны Ардчилсан хувьсгалаас бид хэдий чинээ холдоно тэр хэмжээгээр эдийн засаг, улс төр, харилцаа гээд маш олон салбарт нөлөөлж байдаг зүйлсийн талаар мэдэхгүй зүйлийн хэмжээ их болдог. Монгол бол манай эдийн засгийн түнш, РЖД, Эрдэнэт үйлдвэр байна, Зөвлөл Монголын харилцааны үед байсан холбоо сүлбээ одоо ч ажиллаж байгаа. Гэвч эдгээр корпорациудын ирээдүй ямар байна вэ? Тэдний шийдэх ёстой асуудал, тулгарч байгаа заналхийлэл болон гадна орчин ямар байна вэ?

Өөр бас аялал жуулчлалын үүднээс хөрш маань бидний сонирхолыг татаж байна. Монгол нь айрагны сувилал, Говийн ан, дээр нь хот газрын амралт гэсэн бас нэг салбар байна, Монголын шөнийн клубууд тэс өөр зүйл байдаг. Тэндэхийн нийтийн хоолны салбар нь өөр, манайхаас түвшин дээгүүр шүү. Хүмүүс амралтын өдрүүдээрээ нэг ихгүй мөнгө авч гараад Улаанбаатарт очинж сайхан амарч болдог. Гэтэл манайд амралт нь илүү үнэтэй, дээр нь хэвийн дэд бүтэц байхгүй.

-Таны бодлоор Монголд өөр ямар үйл явж өрнөж байна вэ?

-Монгол өнөөдөр уранаас эхлээд нүүрс хүртэл байгалийн бүх л төрлийн нөөц баялагийн олборлож байна. Газрын тос боловсруулах үйлдвэрүүд баригдаж байна, хамтын ажиллагааны ирээдүй маш сонирхолтой байгаа. Саяхан нэг нарийн мэргэжлийн салбарын хүн Монгол дахь нүүрсустөрчийг олборлолт гэж юу байдаг, манай хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж болох тухай нэг ч нийтлэл байхгүй байна гэж гомдоллож байсан. Монголд бензин хямд болвол юу болох вэ гээд бодоод үз, болохгүй бол яах вэ, яагаад? Иймэрхүү асуултын хариулт хараахан байхгүй байна.

Өнөөдөр Азийг судалдаг аналитик төвүүдийн зах зээл бүрэлдэж байна. Ирээдүйдээ бид Америкийн Харвард, Стэнфорд, Принстон, Британийн Кэмбрижтэй өрсөлдөх хэрэгтэй тулгарна.

-Ер нь Орос өөрөө Монголын хувьд түнш гэдгээр хэр хэрэгтэй, сонирхолтой юм бэ?

-Монголын хувьд Орос нь Япон, эсвэл Өмнөд Солонгос, Хятад шиг тийм их сонирхолтой биш байх. Ийм байдал ажилтай, өөдлөх боломжтой холбоотой, хүмүүс тэнд боловсрол эзэмшээд өөдлөж дээшлэх шинэ боломжийг нээн ашиглаж байгаа бол Орост тийм байдал байхгүй байна. Та харьцуулаад үз л дээ, та Токиод, Европт их сургууль төгсөх үү эсвэл Орост уу?

-Бизнесийн салбарт хамтын ажиллагаа явуулах ямар оролдлогуудыг хэрэгжүүлж байсан бэ?

-2008 онд Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтын салбарт Оросын оролцооны цонхыг нээж өгсөн. Гэтэл бид улсыг нь мэдэхгүй, шийдвэрээ зөв зүйтэй гаргаж чадахгүй гэдэг асуудалтай тулгараад, үр дүнд нь зарим нь зах зээлээс нь гарч явсан.

-Ажил хэрэгч зарим хүн монголчуудтай ажиллах хэцүү гэж гомдоллодог. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Яагаад ч юм бэ Хятад, Япон гээд бүх улсууд Монголтой амжилттай хамтарч ажиллаад болоод байгаа болохоор асуудал нь Оростой бий болгосон харилцаанд байж болох юм. Бид өөрсдөө асуудал хайж олоод, сэтгэлгээний салбартаа зохиомлоор бий болгоод байдаг. Уучлаарай, Монголд автобус нь цаг цагаараа явдаг бол манайд хаа нэгтээ дүүрэг рүү явна гэж бодоход ямар ч тохиолдолд хүлээх хэрэгтэй болдог. Заримдаа бид өөрсдийнхөө асуудлыг хөрш дээрээ тохоод байна уу гэж санагддаг. Зарим тохиолдолд бид ямар нэгэн байр сууриа ойлгомжтой тодорхойлж чаддаггүй, түүнээс болоод бидэнтэй хийсэн тохиролцоонд зүй ёсоор нь ханддаггүй. Бид их зүйл амлаад бага хийж байна. Тэгээд ч Оросын бизнес эрхлэгчид орос хэлтэйгээ ирцгээдэг, яриагаа заримдаа тааруухан англи хэлээр эхлэх нь бий. Гэтэл манай хөршүүд хоёр гурван хэлтэй байдаг. Шинэ үеийн, хангалттай боловсролтой, маш сэхээтэнлэг хүмүүстэй бид харилцан үйл ажиллагаа явуулж чадах уу? Шинэ монголуудын өмнө бид өөрсдөө «монгол» болж харагдаж байна шүү дээ.

- Монголын нийгэм сүүлийн үед хэр өөрчлөгдсөн бэ?

-Нийгэм байнга өөрчлөгдөж, шинэ байр суурь, гэрлэлтийн стратеги, шатлал, нийгмийн бүлэглэл гарч ирж байдаг тул нийгмийн тухай тусад нь ярих хэрэгтэйн дээр сүүлийн үед гадаадад байдаг монголчууд гэж бий болсон, монголчууд дэлхий даяар ажиллаж байна. Тэгээд хүн ам цөөнтэй ийм улсын хувьл цагаачлал гэдэг том асуудал. Бид визийн горимоо халж байгаа юм чинь энэ бүхэн бидэнд сонирхолтой биш гэж үү?

Жишээлэхэд, Улаанбаатарын дэд бүтцээ хөгжүүлсэн туршлага Улан -Үдэд тун ч хэрэгтэй баймаар, ядаж л Улаанбаатарт замын бөглөө гэдэг зүйл эндэхээс өмнө бий болсон шүү дээ. Тэнд энэ мэт асуудлыг хэрхэн шийдэж байгаа, үр дүнд хүрч байгаа эсэх нь бас л маш сонирхолтой.

-Тэгвэл бид яагаад олон жилийн турш ямар ч өөрчлөлт ажиглахгүй байгаа юм бэ?

-Монголын талаарх мэргэжилтнүүд цөөн байгаа гэж бодож байна, тэдний зарим нь сургуулиасаа яваад өгдөг тул бид өөрсдөө эндээ мэдэж, анзаарч амждаггүй. Оросын бизнес Монголын салбарт зарим нэг судалгааг санхүүжүүлэх хүсэл гаргаж байгаа хэдий ч Орост өөдлөн дээшлэх боломжгүй гэж олон хүн бодож байна. Харин Дорно зүг эргэх тухай яригдаж эхэлснээр энэ сонирхол улам л нэмэгдэх байх.

-Хуучин шинэ хөршөө илүү сайн ойлгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Визгүй зорчих горимыг нээнэ гэдэг яаж ч бодсон том үйл явдал. Гэрээ хэлэлцээр эхэлнэ, бид хамтын ажиллагаагаа илүү хариуцлагатай болгоно. Эхний ээлжинд бизнесийг голлон тулах хэрэгтэй, хамтын ажиллагааны үр ашигтай байдал нь хамгийн чухал асуудлын нэг байх болно. Үүний тулд энэ салбарын эдийн засагч, улс төр судлаач, Зүүн Өмнөд Азийн нийгэм судлаач гээд эрдэмтэд хэрэгтэй. Ийм хүмүүсийг тухайлбал, Буриадын улсын их сургуульд бэлдэж болж байна, тийм бааз ч байна.

Энэ талаар судалгаа явуулдаг залуус Орост хэзээ нэгэн цагт гарч ирнэ. Тэдний зарим нь одоо сургуулийн ширээний ард сууж байгаа ч гэж би бодож байна. Тэгээд тэд энэ бүх асуудлыг судлаад ирэхээр бидний юуг нь ч мэдэхгүй байгаа шинэ улсыг өөрсдийн хувьд нээгээд, яагаад ингэтэл юу ч мэдэхгүй болсонд гайхах биз.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан