Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 оны онцлох 14 үйл явдал


Түүхэн айлчлалууд

БНХАУ-ын дарга Си Зиньпин наймдугаар сарын 21, 22-нд Монгол Улсад айлчилсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Үр дүн:
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Душанбед гурван талт уулзалт анх удаа хийж, уламжлал болгохоор тохиролцсон.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол-Орос хооронд иргэд харилцан визгүйгээр 30 хоног зорчдог болох, хос төмөр замын шугамтай болгох зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэв.
БНХАУ-ын даргын айлчлалаар Талын зам төсөл, 1,3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн.


УИХ юу амжуулав

УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хамгийн их цаг зарцуулсан асуудал Ерөнхийлөгчийн санаачлан оруулсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхгүй байх /”Давхар дээл” тайлуулах/. Үүнийг дэмжиж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өргөдлөө өгч “Давхар дээл”-ээ тайлсан.

Эдийн засгийн хямралыг даван туулах үүрэг өгсний дагуу Шинэчлэлийн Засгийн газар “Эдийн засгийн эрчимжлийг нэмэх” 100 хоногийн хөтөлбөр боловсруулж, батлуулсан.

 УИХ дахь нам эвслийн бүлгүүд хамгийн олон удаагийн завсарлага авсан чуулган 2014 онх. АН-ын бүлэг гурван удаа 15 хоног, МАН-ын бүлэг есөн удаа 37 хоног, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дөрвөн удаа 16 хоног завсарлага авчээ. Нийтдээ 16 удаагийн хүсэлтээр бүх нам, эвслийн бүлэг 68 хоногийн завсарлага авсан байна.

Улсын төсөвт анх удаа 0 дүнтэйгээр барилга байгууламжийн санхүүжилтийг тусгасан. 272 барилга байгууламжийн санхүүжилтийг зогсоох болсон.
Олон жил яригдсан төмөр замын шинэ шугамын царигийг УИХ-ын намрын чуулганы эхэнд шийдэж, нарийн буюу 1435 мм-ийн өргөнтэйгээр Хятад руу гурван хэсгээр төмөр зам тавихыг шийдэв.


Дуулиан дагуулсан хэргийн эзэд

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа “Цэвэр агаар сан”-гийн хэрэгт, хүргэн Г.Дэнзэн 17 тэрбум төгрөгийн тендер эхнэртээ өгсөн хэрэгт холбогдож, шалгуулсан. 

“Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх туслахуудын хамт их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгуулж байгаа.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл гэгчтэй холбоотой нь нийтэд ил болж, түү­гээр ч барахгүй УИХ-аар огцруулах эсэ­хийг хаалттай хэлэлцэж, олон асуудал ар араасаа урган гарсан. Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин халуун суудлаа шилжүүлж өгсөн Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын хэрэгт холбоотой хэмээн баримт дэлгээд байгаа.  
УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар “Вояаж” зочид буудалд хууль бусаар мөрийтэй тоглоом  тоглосон нь хууль хяналтынхны хараанд өртөв.


25 жилийн түүхт МоАХ

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглаанаа хийж Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаад 25 жилийг ардаа орхижээ.
МоАХ-ны 25 жилийн ой энэ сарын 10-наас эхлэн бүтэн жил үргэлжилнэ.
25 жилийн ойг тохиолдуулан ардчиллын түүхт дуу “Хонхны дуу”-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээв. “Хонхны дуу”-г зохиогч “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг Улаанбаатарт сүндэрлүүлж, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.  


Шинэчлэлийн Засгийн газар-Шийдлийн Засгийн газар


МАХН-ын дарга Н.Энхбаяр аравдугаар сарын 9-нд Монголд ирэв.
Аравдугаар сарын 18-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нар 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Арваннэгдүгээр сарын 5-нд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг УИХ-ын чуулганаар огцруулав.

Ч.Сайханбилэгийг арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилсон.
Шийдлийн тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар арванхоёрдугаар сарын 9-нд бүрэлдэж, эдийн засгийн хямралтай тэмцэх ажлаа эхлүүллээ.


Гадаад харилцааны дэвшлүүд

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган зургадугаар сарын 23-нд Кени улсын Найроби хотноо болж, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн даргаар сонгов.

Аравдугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар 2016 онд Монгол Улсад АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулж, даргалах эрхийг өгөв. 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын сайд нар манайд ирнэ гэсэн үг.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын анхдугаар форумыг наймдугаар сарын 18,19-нд зохион байгуулсан. Чуулганд Зүүн хойд Азийн зургаан орны 120 төлөөлөгч Улаанбаатар хотноо хоёр хоног саатан хуралдсан юм.


Ноён доллар ноёрхлоо батжуулав

2014 оны нэгдүгээр сард Монголбанкны ханшаар 1678 төг­рөг байсан ам.доллар өнөө­дөр 1897 болов. Оны найм­дугаар сард энэ ханш 1905 төгрөгт хүрсэн билээ.
-Гадаад валютын нөөц оны эхнээс 38 хувиар доошилж, 1,3 тэрбум а.доллар болов
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 50-иад хувиар буурч, 216 сая ам.долларт хүрэв. Монгол­банк­ны зүгээс төг­рөгийн хан­шийг удаа дараа суларч буйг барихын тулд бодлогын хүүг 10.5 байсныг 12.25 болгон чангаруулав.


Экспорт өсч, үнэ унав

Ашигт малтмалын экспорт нэмэгдсэн жил боллоо. Гэвч улсын төсөвт орох орлого өссөнгүй. Учир нь дэлхийн зах зээл дээр эрэлтээс үүдэн үнэ буурсан юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт нэг их наяд 750 тэрбум төгрөг төвлөрүүлэв. Ашигт малтмалын экспорт өсөхөд зэсийн баяжмал, газрын тосны экспорт гол үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт 1.2 сая тоннд хүрсэн. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 667 мянган тонноор буюу хоёр дахин өссөн байна. Газрын тосны экспорт 1.8 сая баррелиар нэмэгдлээ. Гэвч манай экспортын “Дачин-33” газрын тосны үнэ Сингапурын бирж дээр 40 хувиар унасан. Ингээд газрын тосны экспортоос 14 сая ам.доллар алдах тооцоо гарлаа. Эдгээрээс гадна алтны экспорт нэг тонноор нэмэгджээ.


Хагас зууны түүхэнд хамгийн арвин ургац авсан жил

2014 онд нэг га-гаас 16.6 цн үр тариа, 16.9 цн улаан буудай хураан авч сүүлийн хагас зуун жилийн түүхэн дэх хамгийн арвин ургацтай жил байлаа.
Ингэснээр 518.700 тонн үр тариа, 489.400 тонн буудай хурааж авч, 340.000 тонн буудайг гурилын үйлдвэрт нийлүүлж, дотоодынхоо гурилын хэрэгцээг дотооддоо тариалсан буудайгаар бүрэн хангадаг боллоо. Гурилын үйлдвэрүүдтэй тариалан эрхлэгчид тонн улаан буудайгаа 550 мянган төгрөгөөр арилжихаар тохиролцож, Засгийн газраас тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон билээ.

Монгол хүн бүр 20 толгой малтай болов. Энэ жил мал сүрэг 60 саяд хүрч өслөө. Байгаль цаг агаарын таатай нөхцөл байдлын ачаар малчид мал сүргээ арвижуулж, өвлийн бэлтгэлээ ч сайн хангаж, өвс тэжээлээ арвин базааж чадсан гэдэг мэдээ орон нутгаас ирж байна.


Таван толгой Мега төслүүд

Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт энэ онд орж ирж манай эдийн засаг хямралаас гарна гэсэн хүлээлт байлаа. Гэвч татварын асуудлаар тохирч чадаагүй тул хөрөнгө оруулалт хойшилсон. Ингээд бас л уг хөрөнгө оруулалт он гараад орж ирэх болов уу гэсэн горьдлого төрүүлэн үлдэв. Тус ордын далд уурхайд зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Хэрэв энэ хөрөнгө оруулалт орж ирвэл түүнийг дагаад манай улсыг чиглэсэн мөнгөн урсгал нэмэгдэх хүлээлт бий. Өөрөөр хэлбэл эдийн засагт дутаад байгаа 6.3 тэрбум ам.доллар шийдэгдэх нэг боломж юм. Манай эдийн засагт гол үүрэгтэй бас нэг том төсөл бол иргэн бүр хувьцааг нь эзэмшиж буй Таван толгой орд. Уг ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт боллоо. Ингээд тус ордод хөрөнгө оруулахаар Японы “Сумитомо”, Хятадын “Чайна Шинхуа Энержи”, Монголын “Энержи ресурс” компанийн хамтарсан консерциум шалгарав.  Уг ордод хөрөнгө оруулагч тодорсон ч төрийн мэдэлд хэвээр байх юм. Хөрөнгө оруулах хэлэлцээрээ ирэх оны нэгдүгээр сарын 5-наас эхлэнэ. Таван толгой ордод эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.  “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Бид хуримтлуулсан туршлагаа ашиглан Монгол улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэсэн бол “Сумитомо корпорац”-ийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара “Манай компани 1992 оноос эхлэн Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ төслийн хувьд бидний оролцоо гуравдагч зах зээлд нүүрсний борлуулалт хийхэд төвлөрөх болно”  гэж мэдэгдсэн байна. Мөн “China Shenhua Overseas Development & Investment”  компанийн ТУЗ-ийн дарга Шао Жүнжие “Зүүн өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдээс харахад томоохон төслийг хэрэгжүүлэхдээ тухайн улсын туршлагатай компанитай хамтарч хэрэгжүүлэхэд илүү амжилтад хүрдэг юм байна. Япон, Монголын компаниудтай хамтран зах зээлийн зарчмаар, Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах болно” гэв.


Нислэгийн шинэ зурвас бас...

Монголын иргэний агаарын тээврийн салбарт онцлох гэж хэлж болох үйл явдлууд бол МИАТ компани Сингапур руу шууд нислэг үйлдсэн бол хувийн хэвшлийн томоохон агаарын тээврийн компани болох “Хүннү эйр” Парис руу нислэг үйлдэж эхлэв. Гадаадын хэвлэлүүдэд Сингапур руу шууд нислэгтэй болсон нь Монголын агаарын тээврийн нэгээхэн дэвшил хэмээн онцолж буй юм.


АМЖИЛТ ЯЛАЛТААР ДҮҮРЭН ОН

-Мэргэжлийн сумогийн түүхэнд дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд гарсан түүх өмнө байгаагүй. Тэгвэл 22 настай Ичиножи буюу А.Ичинноров ийм амжилт гаргалаа. Тэрээр 13 даваа авсан амжилтаараа  Макүүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, дээд зиндаанд “Миното” дэвжээнээс анх удаа гарсан бөх, хэрвээ ойрын үед түрүүлж Эзэн хааны цомыг хүртвэл “Зууны амжилт давтсан бөх”...гээд олон амжилтад нэр нь бичигдэх нь. Түүнийг энэ жилийн Японы онцлох тамирчнаар нэрлээд байна.

С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо. Чөлөөт бөхийн 2014 оны ДАШТ Узбекийн Ташкент хотноо болж, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд 19 насандаа дэлхийн аварга болов. Түүний амжилтыг үнэлж, гавьяат тамирчин цол тэмдгээр шагнав.

Г.Болдбаатар дэлхийн аварга болов. ОХУ-ын Челябинск хотод болсон Жүдо бөхийн 2014 оны ДАШТ-ий 60 кг-ын жингийн ангилалд барилдсан Г.Болдбаатар медалийн салхийг хагалж, дэлхийд аваргалсан гуравдах жүдочин болов. Тэрээр жүдо бөхөөр 14 жил хичээллэсэн нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, Челябинск хотын тэнгэрт эх орынхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

-Энэтхэгийн Мум­бай хотод болсон боди­бил­динг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэг­тэйчүүдийн 85 кг-ын жингийн мастер 40-49 насны ангилалд Ж.Нурлан алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

-Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд түрүүлснээр Японы эзэн хааны цомыг 32 дахь удаагаа хүртэв. Ингэснээр тэрээр сумо бөхийн домогт их аварга Тайхогийн сумогийн түүхэнд тогтоосон дээд амжилттай эн зэрэгцэж байгаа анхны сумоч болов.

-Олон улсын жүдогийн холбооноос Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарыг 10 мянган ам.доллараар шагнана. Тэд өөрсдийн жингийнхээ жагсаалтын тэргүүлж байгаа юм.

-БНСУ-ын Инчеон хотноо зохиогдсон Азийн зуны спортын 17 дугаар наадамд Монгол Улсын баг тамирчид 400 шахам хүний бүрэлдэхүүнтэй оролцож  таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16 дугаар байрт шалгарлаа.


МОНГОЛООР ОВОГЛОСОН ДЭЛХИЙН НЭЭЛТҮҮД

-Дэлхийн шинжлэх ухааны академиас /The world academy of sciences/-аас Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил  хийсэн судалгаа нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн тул Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунтийг “2014 оны дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодруулжээ.

-Мөн физикийн салбарт “Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол”-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон эрдэмтэн Хавтгайн Намсрайг Монголын төрөөс үнэлэн Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн өдрөөр төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнасан юм.


ДЭЛХИЙД ГАРЦ НЭЭСЭН УРЛАГИЙНХАН

-Монголын дуурийн шилдэг дуучдын “Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын алдарт Их театрын тайзнаа болов. Энэ үеэр мөн монголд дэлхийн сонгодог урлаг хэрхэн хөгжсөн талаар өгүүлсэн үзэсгэлэн гаргасан юм. ОХУ-ын ард түмэн манай дуучдыг сэтгэл догдлон хүлээн авсан нь Орос школтой манай орны дуурийн урлагт дүн тавьсан хэрэг боллоо.

-УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Косова улсад зохион байгуулагдсан олон улсын монодрама жүжгийн фествальд Азийг төлөөлөн оролцож, “Би Эдит Пиаф байна” нэртэй ганц хүний жүжгээрээ “Гранд при” шагнал хүртсэн юм.

-Монголын жүжигчин Холливудад хөл тавив. Монгол Улсаас Холливудад анхлан хөл тавьсан жүжигчнээр МУСТА Б.Амарсайхан тодорлоо. Тэрээр “Weinstein”, “Netflix” компанийн хамтран бүтээсэн “Marco Polo” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн юм. Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авсан тэрээр Нью-Йоркийн алдарт Broadway дахь “AMC Loews” театрт болсон “Marco Polo” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд үндэснийхээ хувцастай зочилжээ.

-Румыний Крайова хотод Олон улсын академиас Дэлхийн яруу найргийн наадмыг зохион байгуулж, Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо тэргүүн байранд орсон.
Дэлхийн өнөө цагийн хамгийн агуу уран барималч гэгддэг Винченцо Бианки өөрийн урласан цомоо манай яруу найрагчид гардуулсны зэрэгцээ алдарт зураач Константин Михалачи яруу найрагчид зургаа бэлэглэсэн нь манай уран бүтээлчдийн бүтээл дэлхий нийтэд үнэлэгдэх болсны нэг илрэл болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан