Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пол Жоны тухай..., Жон Полын тухай...


Пол Жоны тухай ярьж байна. Домогт “Битлз”-ийн амьд түүх болсон Пол Макартни дэлхийн хэдэн зуун сая хүний шүтээн болсон энэ алдартай хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Леннонтой анх яаж танилцсанаас эхлээд хамтарч хэрхэн дуу зохиодог байсан тухайгаа, тэдний харилцаа юунаас болж хөндийрсөн,  мөн Ж.Леннонтой утсаар холбогдсон сүүлчийн яриагаа дурсч “Playboy” сэтгүүлд ийн ярьжээ.   

-Та Жон Леннонтой анх яаж уулзсанаа санадаг уу?
-Жоныг анх харахад тэр Дел Викинсийн “Come Go With Me”-г дуулж байсан. Гэхдээ үгийг нь мэдэхгүй болохоор өөрөө зохиочихсон дуулж зогссон. Хүмүүс энэ дуунд их дуртай ч бичлэг нь олддоггүй байсан учир хааяа нэг радиогоор сонсоод, үгийг нь цээжилж амждаггүй байсан юм. Харин би  25 рок дууны үг мэддэг байсан учраас тэд намайг хамтлагтаа авсан юм. Гэхдээ бид бүгдээрээ яг нэг л гараанаас эхэлсэн. Гитар тоглож сурах гэж их л хичээллэдэг байлаа.

-Ленноных гэж боддог дуу таных байж, таных гэж бодож байсан дуу түүнийх байдаг.
-Тийм дуу олон байдаг. Аргагүй л дээ. Бид машинаар явахдаа дөрвүүлээ л хамт суудаг. Бидний хажууд хэн ч байдаггүй. Жолооч хүртэл тасалгаагаа хаачихдаг учраас бидний хэн юу ярьсан, юу бичсэнийг өөр хүмүүс мэдэхгүй шүү дээ.

-Та хоёрын ихэнх дуу Жоны гэрт төрсөн байдаг.
-Тийм шүү. Хааяа тэр манайд ирдэг ч голдуу би тэднийд очиж дуугаа бичдэг байсан юм.

-Та нарын хамгийн анхны дуу “Love me do” мөн бил үү?
-Тийм ээ, бидний бичүүлсэн хамгийн анхны дуу мөн. Гэхдээ энэ дууг бичүүлэх гэж их нервтэж байснаа санадаг юм. Жон гоцолж дуулсанаар бид студид бичүүлээд дуустал, найруулагч намайг гоцло гэж солиод. Дахиад бүхнийг шинээр эхэлж, их бухимдаж билээ.

-“Битлз” яагаад тарсан юм бэ. Энэ бүхэн юунаас эхэлсэн юм. Та Жоныг тэгтлээ их гомдоогоо юу?
-Энд гомдсон тухай ярьж болохгүй. Түүнээс илүү хуримаа хийхээр хуучны сайн найзууд салдаг шиг л юм болсон гэж хэлж болно. “Энэ хуримын хонх намайг эртний андаас минь салгалаа” гэдэг дуу байдаг даа.  Жон дурласан. Мэдээж бидний хэн нь ч “Өө чи одоо түүнийг хайрлахаа боль” гэж хэлэх тэнэг биш. Бид үүнийг ойлгож байсан. Гэхдээ бидний хандлага тэднийг гомдоохыг мэдсээр байсан ч түүнээс өөрөөр байж чадаагүй  юм. “Түүнд Йокотой хамт байх цаг өг” гэж хэлж байснаа би санаж байна. Би түүнд хүүхэдтэйгээ хамт байх, Нью-Йоркт дасах, хүссэн бүхнээ хийх цаг өгөхийг хүссэн.

-Гэхдээ та тэгж чадаагүй.
-Яг тэр үед биш. Бид түүнийг ойлгохыг хичээсэн. Би тэр үед ганцаарчилсан хоёр дахь цомог “Ram”-аа гаргахаар ажиллаж байлаа. Жон энэ үед их л сургааль айлддаг болчихсон байв. Энэ нь намайг жаахан гэдийхэд хүргэсэн л дээ. Миний нэг дуунд байдаг юм. “Хэтэрхий олон хүн сургааль айлдах юм” гэж. Гэхдээ цомогт маань тэдний тухай өөр үг үсэг ороогүй. Харин тэд тэр цомгийг бүхэлдээ өөрсдийнх нь тухай байна гэж бодоод их эмзэглэж, дараа нь цомгоороо бидэнд хариу барьсан л даа.  Тэр үед “Бид ердөө л хоёр хувь хийсэн байхад тэд 200 хувь болгочихлоо” гэж хэлмээр санагдаж байсан.

-Жон ихэнх ярилцлагадаа “Битлз”-ийг хэзээ ч санадаггүй гэж ярьсан байдаг. Тэр үгэнд нь та итгэдэг үү?
-Мэдэхгүй. Минийхээр бол худлаа л болов уу. Жон “Битлз”-ийн үеийг дуусгаад Йокогийн үе эхлүүлэхийг хүссэн байх. Шинэ амьдрал нь хангалттай сонирхолтой байсан болохоор түүнд биднийг санах ч зав гараагүй биз.

-Түүнд ямар байсныг мэ­дэх гэж та ер нь оролдож үзсэн үү?
-Мэдээж тийм зүйл байсан. Гэх­­дээ олон нийтийн дунд ча­майг муу хэлээд эхлэхээр, ит­гэл эв­дэгддэг. Аа, энэ Жон зүгээр чалчиж л байна гэж бо­доод. Гэх­дээ би түүнийг сайн мэднэ. “Битлз” тарах хүртэл, түүний амьд­ралд Йоко орж ирэх хүр­тэл бид маш сайн хамтрагчид байлаа.

-Та хоёрын харилцааг аврах хамгийн чухал зүйл нь хөгжим л байсан байх даа.
-Тийм шүү. Леннон, Макартни хоёрын нэг сайн чанар нь бид баг дотроо өрсөлдаж чаддаг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэгж амьдрах хэцүү. Магадгүй үүнээс болоод л хамт­лагууд тардаг байх. Тэгээд мэдээж Йоко шиг хүчирхэг эмэгтэй Жоныг өөрчилсөн. Жон өөрөө­рөө байхаа больсон. Үүнийг нь би их шүүмжилдэг байсан л даа. Хэрэв бид утсаар ярьж байгаад маргалдвал тэр яг л Нью-Йоркийн хүн шиг үгнийхээ акцентаа өөрчлөөд л эхэлдэг байж билээ. Гэхдээ Жонд шинэ амьдрал нь таалагдсан. Хэрэв тэр одоо байсан бол “Би одоо л илүү аз жаргалтай байна” гэж хэлэх байсан даа. 

-Тэр зөвхөн Йокотой л хамт ажиллахыг хүссэн  гэж үү?
-Үгүй ээ. Би ч, Жон ч дахин хамтарч дуу хийхийг маш их хүсч байсан.

-Жон нас барсан гэдгийг та анх яаж сонссон бэ?
-Менежер маань өглөө над руу утасдаж хэлсэн  л дээ. Линда тэр үед хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явчихсан байлаа. Түүнийг эргэж ирэхэд миний царай аймшигтай болсон байсан гэж тэр дараа нь ярьж байсан. Аймшигтай мөч. Галзуурмаар. Ухаан санаанд багтахгүй, тэвчиж чадахгүй юм шиг санагдаж байсан. Хэдийгээр бид өөр өөр газар байсан ч Битлзийнхэнд бүгдэд нь, Жоны гурван найзад яг л ийм байсан. Бүгд ажилдаа явцгаасан. Ийм мэдээ сонсчихоод гэртээ суух хэцүү байсан учраас. Бид бүгд ажилдаа явж, хүмүүстэй хамт байх хэрэгтэй байлаа. Тэгэхгүй л бол тэвчиж чадахгүй байсан байх. Орой нь студиэс гарч ирэхэд бөөн сурвалжлагчид ирчихсэн “Жоны үхлийн тухай юу гэж бодож байна” гээд л шалгааж эхэлсэн. Би тэр өдрийн турш шоконд орсон байсан. Тэр үед сэтгэл ямар байсныг үгээр хэлэхийн аргагүй. Бид гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ хамт теле­ви­зээр энэ тухай мэдээ үзэж суугаад уйлцгаасан. Түүний дууг сонсоод уйлахаас өөр юу ч хийж чадаагүй.

-Та түүнтэй хамгийн сүүлд ярьснаа санаж байна уу?
-Тийм ээ. Бидний хамгийн сүүлчийн яриа их энгийн сайхан байсан. Ямар нэг  маргаж мэт­гэлцэх зүйл гараагүй. Өмнө нь, бидэнд утсаар ярихдаа ширүү­­хэн маргалдаж, утсаа чулуудах үе бишгүйдээ нэг байсан даа.

-Та хоёр юу ярьсан юм бэ?
-Тэр гэр бүлийнхээ тухай, би Линда, хүүхдүүдийнхээ тухай  ярьсан. Тэр амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байсан. Шон түүний амьдралын маш том хэсэг нь байсан юм. Тэр яг ингэж хэлснийг санаж байна. “Ээ бурхан минь, би яг л авга эгч Мими шиг боллоо ” гэж. Тэр ингэж ярьж байхдаа их л аз жаргалтай байж билээ.


Жон Полын тухай...


Жон Полын тухай ярьж байна. Жон Леннон гэж хэн байсан,  тэр яагаад хамтлагийнхнаасаа, тэр дундаа Пол Маккартнигаас хөндийрснийг, ер нь“Битлз”-ийн хөшигний цаана юу өрнөж байсан, яагаад Есүсээс ч алдартай гэгддэг энэ хамтлаг тарсныг “Rolling Stones” сэтгүүлд ийн өгүүлжээ. 


-Та “Битлз” мөн үү?
-Үгүй ээ, би “Битлз” биш. Би бол би. Пол ганцаараа “Битлз”-ийг илэрхийлж чадахгүй шиг Брайн Эпштэйн ч “Битлз” байж чадахгүй. “Битлз” бол “Битлз”. Харин бид тус тусдаа бол хувь хүмүүс. Хэн ч “Битлз”-ийг дангаараа төлөөлж чадахгүй. Тэд яаж чадах юм бэ. Бид дөрөв тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байсан хүмүүс.

-Би Полын тухай асуумаар байна. Түүнийг Сан Францискод “Let it be”-г дуулж байхад танд ямар санагдсан бэ?
-Надад гунигтай байсан. Пол өөртөө л зориулж хийсэн кино шиг санагдсан. Энэ бол “Битлз” тарах болсон нэг гол шалтгаан. Бид ердөө л Полын нөгөө тал болж хувирсан. Брайн нас барсны дараа яг л ийм байдалтай болсон.  Камер зөвхөн Полыг чиглэж, бусдыг нь гаргадаггүй. Энэ байдал надад таалагдаагүй.

-“Битлз” яагаад тарсан юм бэ?
-Брайн нас барсны дараа хамтлаг нурж унасан. Пол биднийг удирдаж эхэлсэн. Гэхдээ биднийг удирдана гэж юу байхав дээ, бид чинь “Битлз”-ийн ижилхэн л гишүүд. Тэгээд л тарсан.

-“Битлз” тарахад танд ямар мэдрэмж төрж байсан бол?
-Би санахгүй байна. Би өөрийнхөөрөө л шаналсан. Би үүнийг ажил гэж бодож хийдэг байсан учир санаанд үлдсэн зүйл алга.

-Полтой хамтран дууны үг бичдэг байснаа хэзээ больсон бэ?
-Би сайн мэдэхгүй байна. 1962 он болов уу. Хэрвээ та манай цомгийг гаргаад ирвэл хэн аль мөрийг нь зохиосныг би яг хэлж өгч чадна.  Бид хамтдаа бичдэг байсан. Гэхдээ бидний хамгийн сайн бүтээлүүд маань эхэн үед тус тусдаа бичсэн дуунууд байдаг. Жишээлбэл, “I Want to Hold Your Hand”, “One After 909” гэх мэт. “Let It Be” гэхэд бид 17, 18-тайдаа л бичиж байсан юм.

- Жорж, Пол, Ринго нар Йокод хэрхэн хандаж байсныг тус тусад нь тодорхойлон хэлээч?
-Тэд бараг адилхан. Сонин хэвлэлд Полыг онцолж бичдэг л дээ. Гэхдээ Пол хэлж байсан. Тэр эхэндээ Йоког үзэн яддаг байсан, харин дараа нь таалагддаг болсон гэж сонинуудад ярьсан байсан. Гэхдээ энэ миний хувьд, Йокогийн хувьд ч хэтэрхий хожимдсон. Яагаад Йоко тиймэрхүү хүмүүсээс ийм доромжлол хүлээх ёстой юм бэ. Тэд “Let It Be” кинонд Йоко маш зовлонтой харагдлаа гэж бичиж байсан.  Үүнийх нь төлөө би тэднийг цохиж аваагүй боловч хэзээ ч тэднийг уучлахгүй.

-Та өөрийгөө гоц авьяастай гэж боддог уу?
-Тийм ээ, тийм хүмүүс байдаг бол тэдний нэг нь би. Над шиг хүмүүс сод авьяастай гэдгээ найм, естэйдөө мэддэг. Би гайхдаг юм. Яагаад хэн ч намайг нээгээгүй юм бол гэж. Дунд сургуульд байхад тэд намайг яагаад бусад хүүхдээс ухаантай гэж хэлдэггүй байсан юм бэ. Багш нар нь тийм тэнэг юм уу. Би нагац эгчдээ “Намайг алдартай болсны дараа та миний шүлгүүдийг шидэж байсандаа харамсах болно” гэж хэлдэг байсан. Намайг бүр жаахан хүүхэд байхад л би урлагийн хүн болох нь тодорхой байсан. Гэтэл тэд яагаад намайг урлагийн сургуульд оруулахын оронд жирийн сургуульд явуулсан юм бол. Багш нар ч ялгаагүй намайг эмч, багш болгох гээд л нүдэж гардаг байсан.  Дараа нь шүтэн бишрэгчид, шүүмжлэгчид намайг “Битлз” шиг, Пол Макартни шиг байлгах гэж элдвээр хэлнэ.

-Жорж нэг хэвлэлийн хурал дээр хэлэхдээ Леннонтой хамт тоглож болох юм, харин Полтой бол хэзээ ч үгүй гэж хэлж байсан?
-Би тэдний хэнтэй нь ч хамт тоглож чадна. Жорж тэр өдөр тэгж хэлсэн. Гэхдээ тэр бодлоо өөрчлөх байх. Бид бүгд хүн шүү дээ. Санаа бодлоо өөрчилж болно.

- Та тэр залуусын тухай одоо ч сайнаар боддог уу?
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би өчигдөр гэхэд Ринго, Жоржтой ярьсан. Пол унтаж байсан учраас ярьж чадаагүй. Жорж, Пол хоёр одоо ч бие биетэйгээ ярьдаг. Бидний харилцааг таслах юу ч байхгүй. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан