Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэ уруудаж, нийлүүлэлт хахсан уул уурхай

Манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд саяхан л хүрч байсан санагдавч сүүлийн гурван жилд огцом уруудаж, хямралын тухай үгс  хүн бүр хэлэх болж. Арга ч үгүй 2014 онд эдийн засгийн өсөлт зургаан хувь болж буурав. Уг  өсөлтийн таван хувийг хөдөө аж ахуй, үлдсэнийг нь уул уурхай, барилга гээд бусад салбар бүрдүүлжээ. Энэ онд ч эдийн засгийн хямралт байдал үргэлжилж, бид бүсээ чангалах нь тодорхой болоод байгаа. Хямралын гол шалтгааныг эдийн засагчид мөнгөн урсгал татарсантай холбон тайлбарлаж буй юм. Иймд мөнгөн урсгалаа нэмэгдүүлэхийн тулд Оюу толгой, Таван толгой төслийг гацаанаас гаргаж цаашид хөдөлгөх, гадаадын хөрөнгө оруулалт татах, өрийн таазаа өсгөх  зэрэг арга хэмжээг энэ жил авах ёстой гэж байна. Тухайлбал, нэгэн үед манай улсад жилд зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж байв. Гэтэл өнгөрсөн жил дөнгөж 650 сая ам.доллар л биднийг чиглэн ирж. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь хоёр шалтгаантай гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Эхнийх нь манай улсын хууль эрх зүйн тогтворгүй орчин шууд нөлөөлсөн гэдэг. Удаад нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрөөр хэлбэл, 2014 онд дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалт  зургаан хувиар буурсан дүн гарч.  

Хямарч буй манай эдийн засагт гадаад орчны сөрөг үр дагавар тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Судлаачдын үзэж буйгаар дэлхийн эдийн засаг энэ жилээс харьцангуй сайжрах төлөв бий хэмээн тодорхойлж байна. Жишээлбэл АНУ болон Евро бүсийн эдийн засаг сэргэж 1.4 хувиар өснө хэмээн төсөөлөв.  Харин манай улсын ашигт малтмалын экспортын гол худалдан авагч Хятадын эдийн засаг энэ онд буурч 7.3-7.5 хувьтай байна гэсэн  бол ОХУ-ын эдийн засаг   2.5 хувиар өсөх төсөөлөл гараад байгаа. Судлаачид  ОХУ-ын эдийн засгийн өсөлт цаашид эрчимжих төлөвтэй. Энэ нь манай оронд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.
Дэлхийн болон Хятадын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас ашигт малтмалын үнэ унаж, манай улсын экспорт нэмэгдсэн ч орлого буурсан. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ашигт малтмалаас улсын төсөвт төвлөрөх орлого 60 хувиар буурсан жишээ бий. Мөн газрын тосны үнийн уналтаас 14 сая ам.доллар алдах тооцоо гарсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбар  улсын төсөвт нэг их наяд 75.4 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн.  Тэгвэл энэ онд манай улсын экспортын гол ашигт малтмалын үнийн төсөөлөл ямар байхыг сонирхоё.

Алтны үнэ өсөхгүй нь

АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа тул тус улсын  Холбооны нөөцийн банкнаас сар бүр мөнгөний нийлүүлэлтээ хумьж буй болон хөгжингүй орнуудын инфляцын түвшин доогуур зэрэг шалтгааны улмаас алтны эрэлт буурчээ.  Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх магадлал өндөр. Иймд алтны үнэ төдийлөн өсөхгүй төсөөлөл гарч, нэг унци алт 1255 орчим ам.доллар байх тамааглал бий. Алтны олборлолтыг дэмжих, алтны далд худалдааг багасгах, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд  2.5 хувийн татвар авч,  өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгосон. Үүний үр дүнд алтны экспорт нэг тонноор нэмэгдсэн хэмээн Уул уурхайн яамнаас мэдээлж буй. Түүнээс гадна энэ жил Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл  алт олборлогчдод олгоно. Ингэснээр алт олборлолтын хэмжээ огцом  өсч, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ хэмээн тооцож байна.

Зэсийн зах зээл илүүдэлтэй байна

Зэсийн эрэлт 2013 онд 11.2 хувиар өссөн. Үүний улмаас үнэ нэмэгдсэн билээ.  Гэвч зэсийн зах зээл тухайн онд 387 мянган тоннын илүүдэлтэй байжээ. Тэгвэл  энэ онд уг илүүдэл 344 мянган тонн байх төсөөлөл гарав.  Өнгөрсөн онд нэг тонн цэвэр зэс дунджаар  6850 ам.долларын үнэтэй байлаа.  Харин энэ онд 6900 ам.доллар байхаар төсөөлж байна. Гэхдээ  зах зээлийн илүүдэлтэй, эрэлт буурсан тул үнэ унаж магадгүй гэсэн тамааглал ч гарсан. Эндээс үзвэл зэсийн үнэ төдийлөн өсөхгүй нь. Харин манай улсын зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж нэг сая тоннд хүрсэн. Энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлох төлөв бий.

Нүүрсний үнэ “навс” унасан хэвээр...

Манай улс 2013 онд 31 сая тонн нүүрс экспортолно хэмээн төлөвлөсөн. Гэвч зах зээлийн нөхцөл байдал, үнийн уналтаас шалтгаалж, 18 сая тонныг экспортолсон. Өнгөрсөн онд мөн л 30 сая тонныг экспортолно гэж байсан жилийн эцэст ч 17 сая тонн гэсэн дүн тэврээд үлдсэн. 2015 онд ч үүнээс хэтрэхгүй байх төлөв бий гэж нүүрсний салбарынхан тооцож байгаа аж. Учир нь үнийн уналт  нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа билээ.  Нөгөө талаар Хятадын боомтуудад нүүрсний нөөц хангалттай байгаа нь эрэлт буурахад нөлөөлж буй. Хэдийгээр Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн онд бага зэрэг өссөн ч үнэ уруудсан билээ. Учир нь тус улсын зах зээлд нүүрс нийлүүлэгчид олширсон юм. Зах зээлийн энэ өрсөлдөөнд манай улс байр сууриа хадгалж үлдэх нь чухал болохоос үнэ өсөхийг хүлээгээд суух тэнхэлгүй байна. Энэ онд ч тус улсын нүүрсний импорт бага зэрэг өсөх төсөөлөл бий. Гэвч нийлүүлэгч  нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь. Жишээлбэл, Австралийн нүүрсний шинэ ордууд ашиглалтад орж байгаа нь манай  улсын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлнө хэмээж буй юм.  Хятад 2013 онд эрчим хүчний нүүрс 250 сая, коксжих нүүрс 93 сая тонныг импортолжээ. Тэгвэл Австрали Хятад болон бусад улсад эрчим хүчний нүүрс 188 сая тонныг, 170 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Австралийн эрчим хүч ба уул уурхайн холбооны тооцоогоор энэ онд Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 262-269,  коксжих нүүрснийх 101-104 сая тонн байх төсөөлөл гарчээ. Харин Австрали улс  энэ онд зөвхөн коксжих нүүрс л гэхэд 182 сая тонныг экспортлох боломжтой гэж мэдэгдсэн аж.

Энэ бүгдээс үзэхэд энэ онд манай экспортын орлого өсөхгүй нь. Тэгэхээр эдийн засагт дутаж буй зургаан тэрбум ам.доллараа олохоор арга сүвэгчлэх нь чухал болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан