Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“MCS” групп “Мобиком”-ын хувьцааг худалдаж аваагүй


Монголын харилцаа холбооны салбарын 40 гаруй хувийг дангаар бүрдүүлж байгаа “Мобиком” корпорацын хувьцааг “MCS” групп худалдан авлаа гэсэн утгатай мэдээлэл өчигдөр зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр тархсан. Тухайлбал, “Мобиком”-ын Монголын талын эзэмшдэг хувийг “МCS” групп худалдаж авахаар харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн учраас “MCS” группийн “Юнител” болон Японы хөрөнгө оруулалттай “Мобиком” хоёр нэгдэх нь гэсэн мэдээлэл олны анхаарлыг татсан юм. Тиймээс бид дээрх мэдээлэл хэр бодитой талаар, мөн зах зээлд давамгай байдалтай компаниуд нэгдэх ямар боломж байгаа тухай албаны байр суурийг сурвалжиллаа.

 

ШӨХТГ: Хуулийн дагуу эхлээд бидэнд хандах ёстой

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас гаргасан мэдээлэлд үндэслэн “Цахилгаан холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг “Мобиком” болон Монголын цахилгаан холбоо компани” гэж мэдээллээ.

Өрсөлдөөний тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулж буй салбартаа “давам­гай байдалтай хуулийн эт­гээд нэгдэх, нийлэх замаар өөрч­лөн байгуулагдах, бусад компанийн хувьцааг худал­дан авах” боломжтой юм бай­на. Үүнээс гадна чөлөөт зах зээлийн зарчмаар “Моби­ком”, “Юнител” гэсэн үүрэн холбооны оператор компа­ниуд нэгдэх, нэгнийхээ хувь­цааг худалдан авах бүрэн эрх­тэй. Харин ингэхийн тулд нэн түрүүнд ШӨХТГ-т хүсэлт хүргүүлэх хуулийн заалттай учраас бид тус газрын Олон нийттэй харилцах албанаас дараах тайлбар авлаа.  
“Өрсөлдөөний тухай хуулийн наймдугаар зүйлд “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газарт өргөдөл гаргана” гэж заасан байгаа. Харин бид өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн эсвэл татгалзсан дүгнэлт гаргана. Хугацаандаа амжихгүй бол дахин 30 хоног сунгах ч хуулийн заалт бий. Гэхдээ манайд “Мобиком” компанийн зүгээс ямар нэг мэдэгдэл ирээгүй байна. Тэгэхээр “Мобиком” компани хувьцаагаа худалдсан, “Юнител”-тэй нийлсэн гэдэг нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй болж таарна. Юутай ч бид энэ мэдээллийг нягталж шалгаад, үнэн бол цаашид арга хэмжээ авна” гэж хэллээ.

Юнител группийн Тэргүүн дэд захирал Г.Болд: Ташаа мэдээлэл

ШӨХТГ-ын өгсөн тайл­барын дараа бид “Юнител” группийн Тэргүүн дэд захирал Г.Болдтой холбогдсон юм. Тэрбээр “Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаар хурдацтай тарж байгаа мэдээлэл нь ямар эх сурвалжаас гарч, ямар зорилгоор тараагдаж байгааг бид мэдэхгүй байна. Юутай ч “Юнител” группийг төлөөлөн дээрх мэдээлэл нь ташаа гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй. Өмнө нь ч бас биднийг “Мобиком”-той нэгдэж байгаа талаар мэдээлэл гарч байсан удаатай. Бид тухай бүрт нь албан эх сурвалжгүй мэдээллүүдэд тайлбар өгч засч, залруулж байсан. Гэтэл дахиад л ийм мэдээлэл тархаж, иргэдэд буруу ойлголт хүрчээ. Тиймээс “MCS групп Мобикомыг худалдан авчээ” гэдэг мэдээллийн эх сурвалж хэн болох, ямар зорилгоор ийм мэдээлэл гарсан зэргийг нягталж шалгах болно. Цаашдаа ч ташаа мэдээлэлд нухацтай хандаж байх нь зөв юм байна. Мэдээж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл олж авах, түүнийгээ дамжуулах эрх нь нээлттэй байдгаас гадна эх сурвалжаа нууцлах ч эрх бий. Үүний хажуугаар хэт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагаас баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээлэл хурдацтай тараад байх шиг байна. Тиймээс бид хуульд хүндэтгэлтэй хандан, хуулийн дагуу арга хэмжээ авч, ташаа мэдээллийг залруулах, компанитай холбоотой буруу, ташаа мэдээллийг иргэдэд хүрэхээс өөрсдийнхөө хэмжээнд урьдчилан сэргийлж ажиллах болно” гэв.

Мобиком удахгүй мэдэгдэл хийнэ

“Юнител” групп ийнхүү байр сууриа илэрхийлсэн бол “Мобиком” компанийн баттай эх сурвалж ч дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “МСS” групп хоёр сарын өмнө манайхыг худалдаад авсан гэдэг мэдээлэл бас л гарч байсан. Бид тухайн үед хариу мэдэгдэл хүргүүлж, үндэслэлгүй мэдээллийг няцааж байсан. Энэ удаад ч албан ёсоор байр сууриа илэрхийлж,мэдэгдэл хийхээр болсон. Ямартай ч өнөөдөр (өчигдөр) гарсан мэдээлэл худал гэдгийг дамжуулъя” гэж товчхон хариуллаа.

0 Сэтгэгдэл
Mobikom japani kompani shuu,mongolcyydiig 15 garan jil shyllaa undesnii uuren telefonii kompaniyd unee byylgaad shahaj gargaach
Хамгийн их уншсан