Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлерийн газар доорхи нууц цөмийн заводыг Австрид илрүүллээ

Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад 70 жил өнгөрч байхад Дээд Австрид Гитлерийн Германы нууц зэвсэг үйлдвэрлэж байсан газар доорхи том заводыг илрүүлсэн байна. Шинжээчид үүнийг Гуравдугаар рейхийн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан газар гэж үзэж байгаа юм.  
Нийтдээ 300 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай газар доорхи энэ үйлдвэрийн цогцолборыг  австрийн баримтат киноны найруулагч Андреас Зульцер олж илрүүлжээ. Энэ тухай АНУ-ын ТТГ-ын өмнөх Старатегийн удирдах газарт баримт бичгүүд нь байдаг юм байна. 1944 оноор огноолсон баримтуудыг энэ үйлдвэрийн дэргэд байсан хорих лагерт үйлдсэн байдаг байна. Мөн Британийн архивт ч энэ цогцолборын агаараас авсан зураг бий гэнэ.
Үүнээс гадна энэ цогцолборыг шууд илрүүлчихсэнгүй. Гагцхүү цацраг идэвхит бодис хэмждэг Гейгерийн тоолуур ашигласнаар энд цөмийн үйлдвэрлэл эрхэлж байсан нь тодорхой болжээ.

Энэ нь Санкт-Георг-ан-дер-Гузен хотын дэргэд байсан “Маутхаузен” бөөнөөр хорих лагерийн нэгэн хэсэг байж үйл ажиллагааг нь СС-ийн рейхсфюрер Генрих Гиммлер  биечлэн хянадаг байсан гэнэ. Энэ ажлын үеэр бөөнөөр хорих лагерийн 320 мянган хоригдол амиа алдсан гэж International Business Times мэдээлжээ.
Нууц үйлдвэрийг СС-ийн генерал Ханс Каммлер удирдаж энэ бетонон хонгилуудад Дэлхийн хоёрдугаар дайны явцыг өөрчлөх зэвсэг гэж нацистуудын үзэж байсан тийрэлтэт хөдөлгүүрт "Мессершмидт-262" онгоц, “Фау-2” пуужин, химийн зэвсэг  үйлдвэрлэж байсан гэнэ. Энэ нууц төсөлдөө нацистууд ихээхэн ач холбогдол өгч байсан гэдэг. Дайны төгсгөлд нацистууд бууж өгөхдөө  ийшээ ордог орцыг бетоноор таглаж, шороогоор булан мэдэгдэхгүй болгосон юм байна.
“Энэ бол гуравдугаар рейхийн газар доорхи үйлдвэрлэлийн том объект. Ийшээ физик, химиийн өндөр мэдлэгтэй инженер хоригдлуудыг авчирч маш нууц төсөл дээр ажиллуулдаг байсан. Тэдний дурсгалд зориулан өнөөдөр үнэнийг дэлгэх цаг болсон” гэж найруулагч Андреас Зульцер хэлж байна.

Судлаачид хонгил руу орох хаалгыг нээж ороход СС-ийн цэргүүдийн дуулга зэрэг олдворууд олсон байна. Харин саяхнаас цагдаагийнхан судалгааны ажлыг зогсоож, эрх баригчдаас албан ёсны зөвшөөрөл авахыг шаарджээ. Гэхдээ Зульцер  судалгааны ажлаа удахгүй эхэлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Найруулагч эр одоо Герман, Орос, АНУ-ын архиваас нацистууд СС-ийн  тусгай салбарын удирдлага дор цөмийн зэвсэг бүтээхээр ажиллаж байсан баримтуудыг судалж, нотлох баримт хайж байгаа юм байна. Эндээс үзэхэд 1944 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр 270 орчим хоригдлыг Санкт-Георг-ан-дер-Гузен дэх хорих лагериас “Маутхаузен” руу нууц хонгил бариулахаар илгээсэн баримт гарч ирсэн байна. Арваннэгдүгээр сар гэхэд хонгил барьж байсан анхны 40 орчим мянган хоригдлоос 20 мянга нь үхсэн мэдээ ч байжээ.
Дайны дараа газар доорхи ийм хонгилуудыг дарахад Австри улс 10 сая доллар зарцуулсан байдаг. Харин энэ хонгил нууц хэвээрээ үлдсэн нь энэ гэнэ.
2011 онд Ганновер дэх орхигдсон уурхайн нэгнээс 600 метрийн гүнд 126 мянган баррель цацраг идэвхит хаягдал байсныг германы судлаачид олж илрүүлж байсан юм.
Энэ бол Гитлер хоёрдугаар дайны төгсгөлд цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр бэлтгэж байсны нотолгоо гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ уурхайн гүнээс энэ төсөл дээр ажиллаж байсан эрдэмтдийн цогцос олдсон гэсэн яриа ч бий.
Энэ бүхэн дээр өнөөгийн австрийн энэ нууц цогцолбор нэмэлт баримт болж байна.
Энэ Санкт-Георг-ан-дер-Гузенд 1955 оныг хүртэл зөвлөлтийн цэрэг байрлаж байгаад нацистуудын бүхий л баримт бичгийг олж Москва руу зөөсөн гэж The Daily Mail тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан