Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Саусгоби сэндс” ХХК 35 тэрбумын татвараас зайлсхийжээ

УПЕГ-аас өнөөдөр Канадад төвтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар компани болох "Саусгоби сэндс" ХХК-тай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Мэдээллийг тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /ХМОНХА/-ны дарга Т.Сүхбаатар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа нар хийсэн юм. 2012 оны тавдугаар сард анх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэргийг шалгах явцад АТГ-ын мөрдөн байцаагч комиссар О.Бархасбадь дээрх хэргээс хэрэг тусгаарлаж, АНУ-ын иргэн Жастин Капла нарт эрүү үүсгэсэн юм. Жастин Капла нь "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа тодорхой хуулийн заалтуудыг зөрчиж, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод  ногдох 17 тэрбум 441 сая 383 мянга 600 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон хэмээн үзсэн байна. Түүнчлэн  “Саусгоби сэндс“ ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн. Өөрөөр хэлбэл нийтдээ 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн аж. Дээрх хэргийг шалгахад нэлээд хугацаа зарцуулсан бөгөөд прокуророос нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгуулах зорилгоор нэмэлт мөрдөн байцаалтад хоёр ч удаа буцааж холбогдох шалгалтыг хийжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд энэ хэрэгт шалгагдсан хүмүүс нь онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн прокурорын дүгнэлт гарсан бөгөөд одоогоор хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Хэргийг шалгаж байх явцад компанийн удирдлагуудыг гадагш явахыг хориглосны зэрэгцээ компанийн үл хөдлөх хөрөнгө болон ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банк дахь дансыг нь битүүмжилсэн тухай ХМОНХА-ны дарга Т.Сүхбаатар мэдээлэв. Манай улсын түүхэнд өмнө нь ийм их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэг гарч байгаагүй юм. УПЕГ энэ удаагийн мэдээллээрээ Монгол Улс хөрөнгө оруулагчдыг хавчин шахдаг гэх мэтээр мэдээлж байгаа явдалд няцаалт өгсөн хэрэг боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан