Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

300 мянган иргэнд 45 ортой төрөх эмнэлэг үйлчилдэг нь шударга уу


-III  төрөхийн шинэ барилгын царцсан 1,7 тэрбумын төгрөгийг төсөвт суулгахыг хүсэв-

Манай улс гурван сая дахь иргэнээ удахгүй хүлээн авна хэмээн дээр дооргүй хуралдаж, бэлтгэж байна. Гэвч төрөх эхчүүдээ хүлээн авах амаржих газрууд нь ачааллаа дийлэхгүйд хүрч үүний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол гарсаар байгааг хэн хүнгүй мэднэ. “Ядаж байхад яр” гэгчээр эмнэлгүүдийн эмийн төсвийг хасч төсөвт тусгасан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн буюу Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нарын гишүүн II, III амаржих газруудын нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцлаа. Гишүүд эхлээд Баянзүрх дүүргийн Амгалан төрөх газарт очсон юм. Төрөх газрын хүлээн авах тасгаар ороход хүлээлгийн танхимд эхнэр, дүү, эгчийгээ эмнэлэгт хүргэж ирсэн олон хүн угтлаа. Хүлээн авахын эмчид хандсан тулгар биетэй эхчүүд үзлэг хийлгээд гарч ирэхдээ ихэнх нь “төрөх болоогүй буц гэж байна” гэх. Амгалан төрөхийн хувьд 45 ортой үйл ажиллагаа явуулдаг ч дүүргийн хүн ам хэдийнэ 300 мянгад хүрээд байхад хаанаа ч хүрэлцдэггүй тодорхой хэмээн тус газрын ерөнхий эмч Д.Бат-Очир хэлсэн. Мөн тэрээр "Нэн тэргүүнд III төрөх эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад оруулах шаардлагатай байна. Мөн 2015 оны эмийн төсөв тасарснаас эмчилгээ үйлчилгээ явуулахад бэрхшээлтэй байгаа учраас төсвийн тодотголын үеэр энэ мөнгийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэв.
 
Амгалан төрөхийн ши­нэ байрыг Баянзүрх дүү­рэгт хүмүүнлэгийн төсөл хөтөл­бөрөөс санхүүжиж бай­сан “Энэрэл” халамжийн эмнэлгийн барилгыг буулгаад барихаар төлөвлөж, 2010 онд 500 сая төгрөг батлагдаж ачаар зураг төсөв, буулгах ажлыг хийжээ. Уг барилгын нийт төсөвт өртөг 9.05 тэрбум төгрөг ба 2011 онд улсын төсвийн төлөвлөгөөнд тэрбум төгрөг л батлагдсан бол 2012 онд 7.5 тэрбум төгрөг батлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёр удаагийн нээлттэй тендер зарлан “Цамхаг констракшн” ХХК шалгарчээ. Ингээд 2012 оны долдугаар сард гэрээ байгуулан барилгын ажил эхэлж, гэрээний дагуу өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад өгөх ёстой ч өнөөг хүртэл өвчтөнөө хүлээн аваагүй байна. Харин энэ жилийн хувьд төсвийн хүндрэлээс үүдэн хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болж.  45-хан ортой төрөх эмнэлэгт Баянзүрх дүүргийн 300 мянган хүн амын төрөлтийг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэж, эсэн мэнд амаржуулж байгаа эмч мэргэжилтнүүддээ эмэгтэй гишүүд талархал илэрхийлээд төрөх эмнэлгийн шинэ барилгын төсвийг шийд­вэр­лэхийн тулд хичээнэ гэж байлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг "Арваад хоно­гийн дараа гурван сая дахь иргэн төрөх гэж байна. Гурван сая дахь иргэндээ байр, мөнгө өгнө гэж мэдэгдэж байгаа хэдий ч амьдрал дээр төрөлт нэмэгдэж байгаад Засгийн газар, төр юу хийж байгааг харах хэрэгтэй. Яг үнэндээ төсвөөс III амаржих газрын шинэ барилгыг барьж дуусгах 1.7 тэрбум төгрөгийг хасчихсан. Эмэгтэй гишүүдийн зүгээс төсвийн тодотголд энэ мөнгийг суулгаж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хүүхэд эхчүүдэд бэлэн мөнгө тарааж байгаа ч тэдэнд яг хэрэгтэй төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэгт хөрөнгө оруулахгүй байна гэдгийг энэ эмнэлгийн барилгын ажил баталж байгаа юм" гэв.

Төрөх эхчүүдийн 52 хувь буцдаг

Тус төрөхийн агааржуулалт нэлээд муу нь ажиглагдсан. Учир нь 45 хүн хүлээн авах ёстой эмнэлэг 60 эхийг хэвтүүлж байна. Тус эмнэлэгт хандсан төрөх эхчүүдийн 48 хувь нь хэвтэж, 52 хувь нь буцдаг гэнэ. Түүнчлэн ор хүрэлцээгүй учир элдэв хүндрэлгүй төрсөн эхчүүдийг 18-24 цагийн дараа эмнэлгээс гаргадаг бол хагалгаа хийлгэсэн эхчүүдийг шархыг харгалзан гаргадаг хэмээн тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Бат-Очир хэлж байлаа. Уг нь эмнэлгийн стандартаар бол хагалгаа хийлгэсэн эхчүүдийг багадаа гурав хоног хэвтүүлж, биеийн байдлыг нь ажиглах ёстой аж. Гэвч дараагийн тулгар биетэй эхчүүд нь юу юугүй шалан дээр төрөх шахдаг учраас 72 цаг ажиглах манатай болдог гэнэ. Тус төрөхийн хүлээн авахад хандсан бүсгүй “Уг нь миний төрөх хугацаа болсон. Гэсэн ч үзлэг хийлгэхээр төрөх болоогүй гээд буцаадаг. Долоо хоногийн дотор дөрвөн удаа ирлээ. Өнөөдрийнх тав дахь нь. Юу юугүй хүүхдийнх нь толгой цухуйгаагүй л бол буцаадаг юм биш үү. Надтай адил ирээд л буцдаг олон эх бий. Эмч нар нь үүнийгээ эмнэлгийн ор хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар халхладаг. Төрөх дөхсөн эхчүүдийг ингэж олон буцааж нааш цааш нь явуулж байгаад хүндрэл гарвал хэн хариуцах юм бэ. Түргэн дуудахаар мөд ирэхгүй ирээд үзүүлэхээр хүлээж авахгүй бид яах ёстой гэж. Ер нь энэ Засгийн газрын зүгээс эх хүүхэд рүү хандсан юу хийж байгаа юм бэ” хэмээн бухимдангуй хэлж байлаа. Тус эмнэлгийн коридорит гурван ор тавьсан харагдсан бөгөөд нэг орон дээр л гэхэд өдөрт гурван эх төрөхөөр ирдэг гэнэ.

Амгалан төрөхөд жилд 6000 орчим эх төрдөг. Энэ нь бусад төрөх эмнэлгээс даруй хоёр дахин их ачаалал авч байгаа хэрэг. Тухайлбал, Хүрээ амаржих газар 75 ортой ч Амгалан төрөхөөс 400 төрөлтөөр бага. Өргөө амаржих газрын хувьд тав дахин илүү ортой ч 5,2 дахин илүү ортой ч гурав дахин илүү төрөлттэй байжээ. Тус төрөх нь 45 ортойгоор 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Баянзүрх дүүрэг өдөр ирэх бүр өргөжин хөдөөнөөс шилжин ирэгсэд нэмэгдэж, гэр хороолол нь хүрээгээ тэлсээр байгаа. Гэвч шинэ төрөх эмэнэлэг өдий хүртэл ашиглалтад орохгүй байгаагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдоход хүрээд байгаа гэдгийг эмч нар сануулсан. Түүнчлэн эмийн төсөв 25 хувиар тасарч ирсэн. Эмийн төсвийг танаагүй байхад арай ядан жилийн хэрэгцээгээ хангадаг эмнэлгийнхний хувьд хүндхэн жил угтаж байна гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд гишүүд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг учирлаад “Төрж байгаа хүүхдэд шаардлагатай эм эмчилгээний мөнгө ээжид ногдож байгаа зардалд багтдаг. Гэтэл өвчтэй төрж байгаа нярай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Харамсалтай нь эмийнх нь төсөв байхгүй. Иймээс 0,5-иар тооцож нярайн төсвийг нэмэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан