Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нарыг мэргэшүүлэх сургалт анхны төгсөлтөө хийлээ

Оюу Толгой ХХК Монголын ажиллах хүчин бэлтгэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулна. Үүний зэрэгцээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг сургах, Оюу Толгой компани өөрийн болон үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мөн уурхайн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын тэтгэлэг зэрэг олон хөтөлбөр багтаж байна.
Мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн багш нарыг сургах хөтөлбөрийн хүрээнд анхны 90 багшаа сургаж, 5 дугаар сарын 25-нд төгсгөлөө. Энэ хөтөлбөрт Монгол улсын мэргэжлийн бүх сургуулийн багш нарын төлөөлөл багтсан байна. Төгссөн багш нар Австралийн сургалтын тогтолцооны дагуу “Сургалт ба үнэлгээний гэрчилгээ 4” гэсэн мэргэшил эзэмшсэн. Сургалтын хөтөлбөрийг Австралийн мэргэжлийн ЭТАС групп хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек “Оюу Толгой төсөл үндэсний хэмжээний мэргэжилтэй ажил­тан бэлтгэх зорилгоор 3300 хүнийг гурван жилд сургах төсөл хэрэгжүүлж, нийт 30 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байна.
Мөн мэргэжлийн боловс­ролын сургуулиудад гурван тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энд суралцаж төгссөнөөр багш нар нийлүүлсэн тоног төхөөрөмжөө ажиллуулах, сургалт явуулах, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдлээ” хэмээн ярилаа. Сургалтад оролцсон Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш О.Галжав “Чадамжид суурилсан сургалтын тог­толцоо, түүнийг зохион явуулах, боловсруулах дүгнэх аргуудыг мэдэж өөрийнхөө сургалтад ашиглах, бүсийн багш нартаа хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, хамтран хөгжүүлэх анхны багш нарын нэг болсондоо баяртай байна” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.
Аливаа улсын хөгжлийн эх суурь нь мэдлэг, чадвартай ажиллах хүч байдаг. Тиймээс мэргэжлийн сургуулиуд, тэнд ажиллаж байгаа багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх шаардлага байнга гарч байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургах хөтөлбөр нь 2011 - 2014 оны хооронд явагдана. Энэ хугацаанд нийт 1200 багш хамрагдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан