Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яамдын ороо бусгаа байдал хэзээ цэгцрэх вэ


Сэтгүүлчдийн хувьд албаны эх сурвалж гэдэг тун чухал. Ямар ч мэдээлэл олж авсан албаны эх сурвалжаас тодруулья гэдэг нь бидний ёс зүй. Харин оны эхний өдрүүдэд албан эх сурвалж гэх зүйл Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба, УИХ-ын хэвлэл мэдээллийн алба, Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба төдийхнөөр хязгаарлагдах боллоо. Өөрөөр хэлбэл, эдгээр албанаас гардаг хэт албан мэдээг эс тооцвол Ерөнхий сайдын зөвлөхөөс эхлээд яам агентлагийн газар хэлтсийн дарга, тэр байтугай хэвлэлийн албаныхан ч мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Зарим хэвлэлийн төлөөлөгч “газар хэлтсийн дарга нар солигдоод мэдээлэл өгөх хүн ховор байгаа тул сэтгүүлчид та бүхэн минь ямар ч байсан долоо хоног тэвчээртэй хүлээж үзээрэй” хэмээн ил тод зарлал бичиж тавих болж.

 Ерөнхий сайдын зөвлөхүүд өмнө нь албан эх сурвалж болоод мэдээлэл өгчихдөг байсан бол энэ удаад би бол зөвлөх, шийдвэр гаргагч биш учраас албаны эх сурвалж болохоос татгалзаж байна гэх болж. Харин яамдын хувьд хаалгачаас эхлээд солих байдал ч ажиглагдаж байгаа юм. Учир нь яамныхаа талаар тодорхой мэдээлэлтэй болж амжсан гэж хэлж болох хэвлэлийн төлөөлөгчид хуучин сайд нарынхаа хамт мултарчихаж. Сайд огцроход хамгийн түрүүнд хэвлэлийн төлөөлөгч өртдөг уламжлал Монголд л байдаг гэвэл хилсдэхгүй биз. Ингээд хэвлэлийнхэн гар мухардаж, шинэ яамны шинэ хэвлэлийн төлөөлөгч салбарын үзэг нэгт нөхөр л байгаасай хэмээн өөр хоорондоо шивнэлдэж байна. Зарим нь томилогдож байгаа ч өнөөх “манай газар хэлтсийн дарга нар солигдож байна” гэдэг үгийг хэлж суугаа нь олон. Хамгийн хөдөлгөөн багатай нь уул уурхайн яам бололтойдог. Шинэ сайд нь яамныхаа төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд хөдөлгөөн бараг хийгээгүй аж. Тус яамны хувьд албан ёсоор зарлаж хийлгэдэг хуурай мэдээллээс гадна хэлтсийн дарга нар нь яриа өгөхөд бэлэн гэх. Харин бусдын хувьд хэзээ мэдээлэл өгөх дарга нартай болох юм ёстой бүү мэд. Магадгүй жил гаруй хугацаанд дөнгөж ажилтайгаа танилцсан дарга нар мэдээлэл өгөх мэдлэгтэй болчихно гэхэд эргэлзэхээс өөр арга алга.

АН төрд олонх болсноор төрийн мэдээллийг дэлгээд шилэн болгоод хүссэн бүхэнд найрсаг хандаад байна гэдэг одоогоор үнэхээр өрөөсгөл мэдээлэл гэдэг нь тодорхой байна. Гэтэл Засгийн газрыг АН, МАН хамтран бүрдүүлснээр бүүр ч хаалганы цаанаас шагайх байтугай хаалга тогших эрхгүй болох нь.

Саяхан Зам тээврийн яамаар орлоо. Хаяахан ороод ярилцлага аваад, нээлттэй мэдээлэл нэхчихдэг газар, хэлтсийн хэдэн дарга нар өрөөндөө алга. Учрыг нь лавлавал аль хэдийнэ ширээгээ цэвэрлээд суудлаа тавиад өгчихөж. Зарим нь жирийн мэргэжилтэн болсон гэнэ. Дөнгөж томилогдсон дарга байтугай, хаалгаар орсон сэтгүүлч хүртэл хэнтэй уулзаж, юу асуухаа мэдэхгүй болтол будилмаар санагдах. Ажлаа дөнгөж авсан нөхрөөс юу ч асуух билээ. Бүүр зарим хурган дарга нар ажлаа авахдаа эхнэрээ хүртэл дагуулж ирсэн талаар цахим жиргээчид шивэр авир хийж байна.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамаар ороод бас иймэрхүү л байдалтай тулгарлаа. Зарим эмнэлгийн барилгын асуудлыг тодруулахаар ороод “манай газар хэлтсийн дарга нар солигдож байгаа одоогоор мэдээлэл өгөх боломж алга” гэсэн үгтэй л гарч ирэв хөөрхий. Ядаж өмнө нь энэ ажил дээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн байгаа биз дээ гэхээр манай газар хэлтсийн дарга нар л мэдээлэл өгнө гэх. Мэргэжилтэн бол мэдээлэл өгөх эрхтэй нэгэн биш бололтой. Тэр бол гүйцэтгэх ажилтан гэх хандлага ч ажиглагдах. За тэгэхээр жирийн иргэний хувьд яам агентлаг руу намрын сарууд хүртэл шагайгаад ч хэрэггүй биз гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан