Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэс хямдарч алтны үнэ өссөөр

Алт олборлолт сүүлийн жилүүдэд буурч ирсэн. Өнгөрсөн жилийн байдлаар таван тонн алт олборложээ. Энэ нь дэлхийн нийт алт олборлолтын 0.2 хувь болж буй. Улсын эрдэнэсийн санд давхардсан тоогоор 540 шороон ордод 206.25, үндсэн 50 ордод 1278.2 тонн нөөц бүртгэгдсэн байна. Манай улсын алтны экспорт, олборлолтын хамгийн оргил үе бол 2004-2008 он. Тухайн үед жилд 15-24 орчим тонныг олборлож байв. Харин унци алт дэлхийн зах зээл дээр 410-695 ам.долларын үнэтэй байсан аж. Эдүгээ 1660 ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс хорь гаруй хувиар нэмэгдсэн статистик гарчээ. Шинжээчдийн үзэж буйгаар уг металын үнэ цаашид улам нэмэгдэх төлөв гарлаа. Тухайлбал, энэ онд унци алтны дундаж үнэ 1600-1800 ам.доллар байх нь. Ирэх онд ч үнийн өсөлт хадгалагдаж үүнээс өндөр байх зураглал хийсэн аж. Жишээ нь, “Bloomberg”-ийн шинжээч энэ онд унци алтны үнэ дундажаар 1871 ам.доллар хүрнэ гэж төсөөлсөн.

Мөн “MorganStanley” судалгааны төвөөс  2200 ам.долларт хүрэх таамаглал хийсэн. Алт, мөнгөний үнэ өсгөсөн гол “эзэн” нь  эдийн засгийн хямрал. Учир нь, үүний нөлөөгөөр үйлдвэрлэл буурлаа. Иймд зэс болон бусад металын үнэ хямдарч алтных нэмэгдэх болов. Нөгөө талаар Евро бүсийн орнуудын өрийн сүлжээ үнэт металын ханш өсөхөд нөлөөлжээ.

Өрийн хямралын уршгаар инфляц өсч эдийн засаг нь суларч буй тул мөнгөний зөөлөн бодлого баримталж Европын төв банк бодлогын хүүгээ бууруулж хамгийн доод хэмжээ буюу нэг хувьд хүргээд буй. Ингээд хөрөнгийн зах зээл дээр тоглож буй санхүүчид инфляц, эрсдэлээс хамгаалхын тулд ам.доллар, евро зэрэг ямар нэг мөнгөн тэмдэгт бус алтыг илүү найдвартай хэмээн сонгосоор.  Үүнээс гадна Хятад, Орос, Тайланд, Өмнөд Солонгос  зэрэг улс орны төв банк алт, мөнгийг илүү найдвартайд тооцож байна. Алтны хэрэглээ жил бүр нэмэгдсээр өнгөрсөн онд жилд 126.3 сая унци болжээ. Уг алтны 85 сая орчим унцийг нь шинээр олборлосон судалгаа гарсан. Нийт хэрэглээний 35.6 сая унци нь хувийн хөрөнгө оруулалтад ногдож буй аж.

Хятад, Энэтхэгийн төв банкууд алтны нөөц нэмэгдүүлсээр.  Өнгөрсөн оны байдлаар 8-12 сая унциар нэмэгдсэн судалгаа гарлаа. Энэ онд дэлхийн алт олборлолт 8.1 сая унциар нэмэгдэх төлөв бий. Дэлхийн хэмжээнд  жилд дөрвөн сая унциас илүү алт олборлох 28 уурхай энэ онд нээгдэх юм. Эдгээр орд нийт 213 сая унци нөөцтэй аж. Шинжээчдийн тооцоолж буйгаар уг алтны дийлэнхийг Латин болон Хойд Америк, Африк, Австрали, Орос олборлох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан