Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн чанга дуугарсан нь хүслээ гүйцэлдүүлж чадах уу


Оны эхний өдрүүдээс  тариалан эрхлэгчид хийгээд гурил үйлдвэрлэгчдийн хооронд үл ойлголцол үүсч эхлэв бололтой.  Гурил үйлдвэрлэгчид сайн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд өндөр чанартай буудай бага хэмжээгээр им­портоор оруулж ирэхээс өөр аргагүй байна хэмээн учирлаж боловч тариаланчид бидэнд одоогоор борлуулж амжаагүй 72 мянган тонн буудай байхад та  нар 20 мянган тонн буудай оруулж ирнэ гэж юу яриад байна вэ гэхчлэн маргалдсаар хариуцсан яамнаас нь халиад Ерөнхий сайдын сонорт хүрэв.

Өнгөрсөн оны аравдугаар сард буюу ургац хураалтын үндсэн дүн гарсны дараахан ҮХААЯ-наас гурил үйлдвэрлэгчдэд 49 мянган тонн улаанбуудай импортоор оруулж ирэх квот олгосны дагуу зарим үйлдвэрүүд эхнээсээ импортын буудай авч, үүнийхээ хариуд ҮХААЯ-ны зарим түшмэдтэй хуйвалдсан хэрэгт “унаж” байсан.  Энэ талаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал албан ёсоор мэдээлэл хийж “Таван аж ахуйн нэгжид 49 мянган тонн улаан буудай импортлох квот олгосон.  Дөрвөн аж ахуйн нэгж нь тус бүр 10 мянган тонноор, нэг нь есөн мянган тонноор оруулж ирнэ.  Энэ тавын нэг нь АПУ компанийн спиртийн үйлдвэр. “Улаанбаатар гу­рил”, “Од групп”, “Сайхан хүнс”, “Хангайн Миллс” гэ­сэн дөрвөн үйлдвэр  эрх ав­сан. Хуйвалдаж нэгэнд нь илүү өгсөн юм байхгүй. Хоёр­дугаарт, импортоор буудай оруулж ирэх эрхийг  би өөрөө сонгон шалгаруулж өгчихсөн юм биш. Үнэлгээний хороо ажилладаг. . Монгол Улсын хил гаалиар зөвшөөрөлгүйгээр улаан буудай орж ирэх ямар ч боломжгүй. Чанар болоод бусад хяналтыг гааль мэргэжлийн хяналтынхан тавьж, дүрэм журмаар нь оруулж ирдэг” хэмээн ярьж байсан. Гурил үйлдвэрлэгчид ч мөн адил буудайн үнэ дэлхийн зах зээлийн үнээс өндөр байна. Цавуулгийн хэмжээ муу байгаа нь импортын буудай авахаас аргагүй байдалд оруулдаг хэмээн ярьсан ч тэд тариаланчдаас 21-28 хувийн цавуулагтай буудайг нь тонныг нь 500 мянгаар худалдаж авч байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Ингээд ҮХААЯ болоод Үр тариа эрхлэгчдийн холбоо, гурил үйлдвэрлэгчид болоод гурил импортлогч компаниудын төлөөлөл  хэд хэдэн удаа уулзаж ярилцаад эцэст нь зарим компанийн буудай импортлох зөвшөөрлийг цуцлуулсан. Ийн үйлдвэрлэгчид зөвхөн дотоодын буудайгаар гурил үйлдвэрлэхээс аргагүй байдалд орж үлдсэн гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч 2014 онд хагас зуун жилийн түүхэн дэх хамгийн арвин ургацтай жил гэдгийг бататган тариаланчид элеватордоо 72 мянган тонн буудайтай байна.  Тэд 2014 онд 484,4 мянган тонн буудай хураан авсныхаа 340 мянган тонныг үйлдвэрүүдэд нийлүүлсэн ч илүүдэлтэй хэвээр. Хэдийгээр хил залгаа зарим улсын зарим мужид улаан буудай экспортлох тухай  ярьж байсан ч цааснаас буугаагүй. Яг үнэндээ тариа тариалах нь сайхан ч хэрэгцээгээ мэдрэнэ гэдэг юу юунаас чухал гэдэг нь үүнээс харагдана. Магадгүй гурил үйлдвэрлэгчдийн хувьд энэ хавраас чанар тааруухан гурил нийлүүлж эхэлбэл гайхах зүйл үгүй. Дотоодоосоо авсан буу­дай­гаар л үйлдвэрлэсэн гэ­дэг үгээр ам таглана. Харин тариаланчдын хувьд буудайгаа зарчихлаа, улсаас 100 мянган төгрөгийн урамшууллын дүндээ хөнгөлөлт эдэллээ гээд пээдгэр зогсч болох ч зах зээлээ мэд­рээ­гүйн горыг хэн нь хүлээх билээ.

Ерөнхий сайд  хэн хэнийх нь гомдол, хүсэлтийг сонсоод улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, гурил үйлдвэрлэгчдийн холбоо­ны төлөөллийг оролцуулан байгуулж, гурил үйлдвэрлэх стан­­дартад тохирох эсэхийг ойрын хугацаанд тогтоохыг үүрэг болгов. Энэ хүртэл ОХУ-аас буудай импортлохыг зогсоосон байна. Энэ бүхний эцсийн дүнд нь хэрэглэгч л чанартай үнэ багатай гурил идэх ёстой. Харин энэ удаагийн тэмцэлдээнээс ийм үр дүн гарна гэж найдаж хүлээх хэрэггүй л бололтой.

Дашрамд сонирхож үз­вэл ОХУ-д 23-28 хувийн цавуу­лагтай улаан буудай дунджаар 10 мянгаас 11,5 мянган рублиэр үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь төгрөгөөр тооцоход 300 мян­гаас 350 мянга орчим болж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан