Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын танилцуулахаар зэхсэн “эдийн засаг”


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй албан бичиг долоо хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдод хүрсэн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн парламентад мэдээлэл хийх гэж буйг мэдэгдсэн байв. Тов ёсоор сайд өнгөрсөн баасан гарагийн 14 цагт эрхэм гишүүдэд эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Тэрээр өнөөгийн эдийн засгийн бодит байдал гэж онцолсон ч 2014 оны эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийг тайлагнасан, урьдчилсан дүнгээр баримжаалан дүгнэжээ. Хэдийгээр Ерөнхий сайд үгээ хэлж амжаагүй байгаа ч өнөөдөр эдийн засаг ямар төрхтэй байгааг уншигчдадаа танилцуулах боломж байна. Парламентын олон нийтэд нээлттэй вэб хуудаснаа Ерөнхий сайдын мэдээллийн гол агуулгыг дэлгэжээ.

/Хүснэгтэд ерөнхийлөн харуулав/.

Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд

2014 оны эдийн засгийн үзүүлэлт, гүйцэтгэлийг бүрэн эцэслэж дуусаагүй байгаа тул урьдчилсан байдлаар 6.9 орчим хувийн өсөлт гарна гэж тооцжээ. Статистикийн мэдээллийн урьдчилсан гүйцэтгэл энэ сарын 14-нд гарсан бол төлбөрийн тэнцлийн оны гүйцэтгэлийг ирэх хоёрдугаар сарын 25-нд эцэслэх журамтай юм. Малын тоо толгой 52 саяд хүрсэн, хөдөө аж ахуйн салбарын өсөлт жин дарсан, экспортын голлох бүтээгдэхүүн буюу зэсийн баяжмал, газрын тосны хэмжээ нэмэгдсэн нь дээрх өсөлтөд хүргэжээ. Тодруулбал, 2014 онд 1.3 сая тонн зэсийн баяжмал, долоон сая тонн газрын тос экспортолсон бололтой. Гэвч эдгээр нь 2011-2013 оны 17.6 хувь хүрсэн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад том дүн биш. Импорт ч нэлээд хэмжээгээр хумигдсан нь эдийн засагт эрэлт буурсны уршиг юм. Түлш, шатахуун, цемент зэрэг эрдсийн импорт 15 орчим хувь, машин механизмын импорт 30 орчим хувь, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 40-өөд хувиар буурсан дүн гарах төлөвтэй аж. Үүнээс улбаалж төсөвт орж ирэх шууд бус татварын хэмжээ багасах нь тодорхой.

Инфляцын түвшин оны дүнгээр 11 орчим хувьтай байх бололтой. Урьд жилүүдэд 12.5 хувь, 14 хувь хүрч байсныг бодоход хэрэглээний үнийн индексийн өсөлтийн эрчим саарч байгаа. Гэхдээ үүнд эдийн засаг хумигдаж буй нь ч давхар нөлөөтэй. Инфляцын хамгийн их өсөлт нэг, дөрөв, зургадугаар сард ажиглагдсан гэж ҮСХ-ноос мэдээлж байна. Харин валютын ханш оны эхний хагас жилд өсч байсан бол сүүлийн зургаан сард буурах буюу тогтворжих дүр зураг ажиглагджээ. Ам.долларын сүүлийн 12 сарын дундаж ханшийг 1883 төгрөг гэж тооцож байна.

Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж буй.  Хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд 109.7 мянган иргэн ажилд оръё гэж шинээр бүртгүүлсэн нь 2013 оныхоос бага дүн гэнэ. Тэр бүү хэл ажилд зуучлуулж орсон хүний тоо өмнөх жилүүдийн түвшинд хүрэхэд 22-58 хувиар дутжээ. Харин өнгөрсөн жилээс улбаатай өнөөгийн эдийн засгийн байдалд ганц гэгээтэй дүн байгаа нь гадаад худалдааны салбарынх. Экспорт 30 гаруй хувиар өсч, 5.7 тэрбум ам.доллар хүрсэн байхад импорт 20 орчим хувиар буурч 5.2 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс манай улсад 0.5 тэрбум ам.долларын ашиг гарч буй. Өнгөрсөн жилийн гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оноос 384.3 сая ам.доллараар өсчээ. Энэ эерүү үзүүлэлт нь эдийн засагт нааштай дохио өгсөн боловч төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцлийг сайн болгож хүчирсэнгүй. Учир нь, үйлчилгээний тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь ашгийн хэмжээг давсан дүн. Тиймээс урсгал данс нийт дүнгээрээ 975.5 сая ам.долларын алдагдалтай гарах нь.

Манай улс руу чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 онд 2.1 тэрбум ам.доллар байж. Харин өнгөрсөн оных 72 хувиар унаж, 600 сая ам.доллартай гарах урьдчилсан дүн байна. Гэхдээ энэ жил хүндрэлээс гарах шийдлүүдэд Оюу толгойн төсөл үргэлжилнэ, Таван толгойн хөрөнгө оруулагчид ажлаа эхлүүлнэ, хувийн хэвшлийн бизнесүүд идэвхжинэ гэдэг найдлага толгой цохиж яваа юм.

Нэгдсэн төсвийн ойлголтоо нэгтгэе

Он дуусахад төсвийн орлого төвлөрүүлэлтээ 87.9 хувь, нийт зарлагын гүйлгээгээ 92.4 хувийн гүйцэтгэлтэй тус тус хийжээ. Энэ хоёр тооны зөрүү нь 808 тэрбум төгрөгийн алдагдал болж харагдах аж. Анх төсөвлөж батлахдаа алдагдал гарна гэж мэдэж байсан ч 276.4 тэрбум төгрөгөөр дутуу харжээ. Нэгдсэн төсвийн орлого, зарлагыг тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Орлого бүрдүүлэлт: Нэгдсэн төсвийн тэнцвэржүүл­сэн нийт орлого 6.2 их наяд төгрөгт/89.7%/ хүрч буурсан. 4.1 нь улсын төсвийнх, 2.08 их наяд нь орон нутгийн төсвийн орлого. Улсын төсвийн орлогод 83.7 хувийг татвар дангаараа төвлөрүүлдэг аж. Тэгэхдээ ААН-ийн орлогын албан татвар 160.8 тэрбум, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ 245.6 тэрбум, импортын барааны НӨАТ 87.3 тэрбум, авто бензин, дизель түлшний онцгой албан татвар 63.5 тэрбум, суудлын автомашины онцгой албан татвар 74 тэрбум, импортын барааны гаалийн албан татвар 70.1 тэрбумаар тус тус тасарсан байна. Харин орон нутгийн төсвийн орлого 2.08 их наяд төгрөгт хүрсэн нь төлөвлөж байснаас 131 тэрбум төгрөгөөр дутсан гэнэ. Үүнд, жин дарж буй аймгууд нь Орхон, Өмнөговь аймаг нэрлэгдэж байгаа юм. Түүнчлэн Хүний хөгжил санд 549.2 тэрбум төгрөг төвлөрөх байтал 427 тэрбум орж, Нийгмийн даат­галын санд 1.5 их наяд төгрөг төв­лөрөх байсан нь 11.8 хувиар дутав.

Зарлагын үзүүлэлт: Нийт 7.6 их наяд төгрөгийн зарлага төлөвлөсөн байсны 92.4 хувийн гүйцэтгэл, санхүүжилт гаргасан гэнэ. Тодруулбал, улсын төсөв 5.6 их наядаас 91.9 хувь, орон нутгийн төсөв 2.07 их наядаас 88.7 хувийн гүйцэтгэлтэй он дуусгажээ. Хүний хөгжил сангийн зарлага 268.6 тэр­бум төгрөг/98.3%/ болж, тус сан­гаас хүүхдэд олгож буй бэлэн мөн­гө­ний санхүүжилтээр 220 тэрбум төг­­рөг зарцуулжээ. Мөн Нийгмийн даат­­галын сангийн төсөвлөсөн зар­дал 1.3 их наяд төгрөг /99.3%/ болж, тус сангаас улсын эмнэлгүүдэд 127 тэрбум төгрөгийн татаас олгосон гэнэ.

Улсын өрийн стаститик: Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн улсын өрийн үлдэгдэл 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 54.9 хувьтай тэнцэхүйц болж. Үүнд, Засгийн газрын гадаад зээлийн өрийн үлдэгдэл 4.001 их наяд, Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.9 их наяд, Засгийн газрын гадаад үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.8 их наяд, Засгийн газрын баталгаа 2.5 их наяд, Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн өрийн үлдэгдэл 1.5 их наяд, Орон нутгийн өмчит, орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн өрийн үлдэгдэл 174.9 тэрбум, Татварын урьдчилгаа төлбөр 138.7 тэрбум төгрөг багтаж буй юм. Нийтдээ 14.2 их наяд төгрөгийн улсын өр хуримтлагдаад буй. Үүнийг өнөөгийн үнэ цэнэ/ӨҮЦ/-ээр тооцож үзэхэд 11.8 их наяд буюу ДНБ-ий 54.9 хувьд хүрч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан