Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрөөлийн өвөр үү, өөрийн боломж уу


Эдийн засаг хүндэрч бид цаашид ямар замаар явах эсэхээ сонгох цаг ирээд буй билээ. Энэ хүндэрлийн гол шалтгаан нь орж ирэх валют хомсдсонд буй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр орж ирэх мөнгөний цоргоо нээж байж эдийн засгаа сэргээх нь тодорхой. Өнөөдөр өрийн тааз нэмнэ, нэмэхгүй гэсэн мэтгэлцээн УИХ, нийгэмд өрнөөд буй билээ. Их, бага ямар нэг хэмжээгээр өр зээл тавихгүйгээр гадаад валют олж ирэх ямар ч боломж байхгүй. Харин ингэж олж ирсэн мөнгөө хэрхэн зөв зарцуулах нь чухал.

Монголбанкны эдийн засагчид Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж хүндрэлээс гарах хэд хэдэн сонголт байгааг онцолж буй юм.  Тухайлбал, бусдын хөнжилд орж эдийн засгийн хүндхэн шуурганаас толгой хорогдох нэг гарц бий. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орох явдал. Энэ хөтөлбөрт орохын тулд улсын төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эдийн засгаа хумих ёстой. Ингэснээр арилжааны банкууд зээл олгохоо зогсоож бизнес, үйлдвэрлэл царцана.  Нэг ёсондоо бүсээ эцсийн тээглүүр хүртэл нь чангална гэсэн үг. Төв банкны тооцоогоор “Стэнд бай” хөтөлбөрт орохын тулд улсын төсвөө наад зах нь 1.4 наяд төгрөгөөр танах шаардлага бий аж. Бас  мөнгөний бодлогоо огцом хатууруулах хэрэгтэй болно. Иймд Монголбанкны бодлогын хүү 13-15 хувьд хүрэх юм. Үүнээс гадна энэ оны аравдугаар сар хүртэл үргэлжлэх “Үнэ тогторжуулах хөтөлбөр”-үүдээс хугацаанаас нь өмнө гарах ёстой.

Хариуд нь ОУВС “Стэнд бай” хөтөлбөрөөр  251 сая ам.долларын туслалцаа үзүүлнэ. Өнгөрсөн онд манай улсад 800 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Тэгэхээр энэ онд дээрх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирлээ гэж үзэхэд манай эдийн засагт 1.1 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх учиртай. Тэгвэл эдүгээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэж хууль зөрчсөн гэж байгаа. Өрийн тааз ингэж өсөхөд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл бол ханш.  Учир нь төгрөгтэй харьцах нэг ам.долларын ханш өсч буй билээ. Төгрөгийн ханш 10 хувиар сулрахад өрийн хэмжээ гурван өсдөг тооцоо бий. Гэвч  ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад өрийн таазыг долоон хувиар нэмэгдүүлэхээс өөр аргаггүй. Ингээд Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 62 хувийг эзлэх тооцоо гарч буй билээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо саяхан хуралдаж Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 60 хувьтай тэнцэх шийдвэр гаргасан. Энэ нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орох хаал­гыг л нээсэн гэж хэлж болох нь. Тус сангаас олгож буй зээл нь олон улсын санхүү, мөнгөний зах зээлтэй харьцуулхад 1-2 хувиар бага хүүтэй. Учир нь зээл хүсдэг улсууд нь ОУВС-гийн гишүүн, хувь эзэмшигч байдаг. Ингээд “Стэнд бай” хөтөлбөр манай эдийн засагт ямар үр дагавар авч ирэхийг сонирхоё. Монголбанкнаас тооцож буйгаар төгрөгийн ханш дунджаар 13.4 хувиар суларх аж. Иймд нэг ам.доллар 2060 төгрөгт хүрч магадгүй нь. Эдийн засгийн өсөлтийн талаар яриад ч хэрэггүй. Нэг ёсондоо эдийн засаг агшиж хувийн хэвшилд ирэх ачаалал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Би үхэхээр чи үх” хэмээх хэлц үгтэй утга дүйж хувийн хэвшил, бизнесийг золигт гаргаж буй хэрэг юм. Мөн дотоодын актив буурч иргэдийн хуримтлал, хөрөнгө үнэгүйдэнэ. Ачаалал нь хүндэдсэн хувийн хэвшилийнхэн өөрийн эрхгүй өвдөг сөгдөж  ажилгүйдэл нэмэгдэж эдийн засаг зогсонги байдалд орно. Бас гадаад өрөө төлөх санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй болох юм. Тухайн улс үндэстэн, компанийн төлбөрийн чадварыг тодор­хойлдог зээлжих зэрэглэл буурна. Тэгэхээр бусдын хөнжилд шургах нь тийм ч халуун дулаан байхгүй нь. Манай улс 2008 онд тус сангийн “Стэнд бай” хөтөлбөрт орж байв. Харин аз болж 2009 оноос ашигт малтмал тэр дундаа нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Ингээд манай улсад орж ирэх валют нэмэгдэж уг хөтөлбөрөөс гарсан удаатай. Тэр үеийг эргээд харвал манай улсын ДНБ 7.6 их наяд төгрөг байсан. Тэгвэл эдүгээ 21 их наяд төгрөгт хүрсэн билээ.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сонирохвол 2008 онд 840 орчим сая ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн онд орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээтэй ойролцоо байгаа юм. Мөн арилжааны банкуудын олгосон зээлийг харвал тухайн үед 2.6 их наяд төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд 12.6 их наяд төгрөгт хүрчээ. Тэгэхээр ингэж тэлсэн эдийн засгийг огцом агшаахад иргэдийн амьдрал, бизнест их хүнд тусах нь тодорхой. Иймд эдийн засагчид “Стэнд бай” хөтөлбөр буруу сонголт гэж үзэж буй юм.

Манай улс 2008 онд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орсон шалтгаан нь мөн л орж ирэх валютын урсгал саарсантай холбоотой. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал мөнгө орж ирэхгүй байх шалтгаан болжээ. Одоо ч энэ хямралын ул мөр дэлхийн эдийн засгаас арилаагүй байгаа.  Уг хямралын үед тус сангийн хөтөлбөрт 42 орон орсон. Өнгөрсөн жилийн байдлаар “Стэнд бай” хөтөлбөрт зургаан орон үлдэж бусад нь гарчээ. Эдгээр орныг нэрлэвэл Иордан, Тунис, Румын, Гүрж, Гондурас юм.

Эмчилгээ хийх жорын зөвлөмж гарлаа

Зарим эдийн засагчийн үзэж буйгаар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахгүй байх гарц бий аж. Үүний тулд макро эдийн засагт бодлогын өөрчлөлт хийх учиртай. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид “Макро бодлогын нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэжээ. Тэгэхдээ гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, улсын төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхийг онцолсон байна. Тус зөвлөлөөс гаргасан эдийн засгийн нөхцөл байдлын дүгнэлтэд “Уул уурхайн салбараас эдийн засаг хэт хараат болсон. Иймд гадаад валютын урсгал ДНБ-ий 72 хувьтай тэнцэх хэмжээгээр дутагдаж эдийн засгийн хүндрэл гарлаа. Жишээ нь сүүлийн хоёр жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 6.8 тэрбум, экспортын орлого 2.2 тэрбум ам.доллараар тус тус буурсан. Ийм үед гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, эдийн засгийг агшаахгүй байх, дунд, урт хугацаанд тогтвортой тэлэх, хувийн хэвшилд ачаалал, дарамтыг бууруулах, иргэдийн хадгаламж, хөрөнгийг  үнэгүйдлээс сэргийлэх, ажлын байр хамгаалах” асуудал шийдлээ хүлээж буйг дурджээ.

Өрийн тааз өсгөхгүй хөрөнгө оруулалт хүлээе...

Энэ оны улсын төсвийг эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулж өнгөрсөн жилийн түвшинд байлгах шаардлага тулгарч буй юм. Тэгэхээр улсын төсвийг наад зах нь нэг их наяд төгрөгөөр танах ёстой. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх цоргоныхоо бөглөөг гаргаж нээх нь зүйтэй гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалт мөнгө орж ирэх таатай орчин бүрдүүлж урин дуудах учиртай юм. Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон, хайгуулын лиценз олгож эхэлсэн, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлагдсан гээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Гэвч хөрөнгө оруулалт төдийлэн өсөхгүй байна. Энэ нь Оюу толгой төслийн гацаа, татварын хууль эрх зүйн орчины ойлгомжгүй байдал зэрэгтэй холбоотой гэдэг. Орж ирэх мөнгө харагдахгүй байгаа үед өрийн таазыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа юм. Хэрэв өрийн таазыг нэмэхгүй байвал гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийг хүлээж болно. Гэвч эдийн засгийн хүндрэл хэвээр үргэлжилнэ хэмээн эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, төгрөгийн ханшийн сулрал ч үргэлжилнэ. Мөн эдийн засгийн өсөлт саарч хувийн хэвшлийн ачаа хүнд байх юм. Бас дотоод активын үнэлгээ буурна. Харин эдийн засаг  агшихгүй, ДНБ-ий өсөлт 5-6 хувьтай байх дүр зураг бий.

Хоёр тэрбум ам.доллар хүчтэй хөшүүрэг болно

Хэрэв Засгийн газрын өрийн таазыг 13 хувиар нэмэгдүүлвэл  манай улсад 2-2.5 тэрбум ам.доллар орж ирэх боломж бүрдэнэ гэж Монголбанкны эдийн засагчид үзэж байна. Дээрх хэмжээний мөнгө орж ирснээр эдийн засаг  өсөлтөө 10 хувьд хүргэх бололцоотой болох нь. Ингэснээр хувийн хэвшилд ирэх дарамт арилж дотоодын активын үнэлгээ сайжрах юм. Мөн ханш тогтворжиж нэг ам.доллар 1600-1700 төгрөг байх боломж бүрдэнэ. Монголбанкны судалгаагаар эдийн засагт нэг тэрбум ам.доллар нэмэгдэхэд төгрөгийн ханш 100 төгрөгөөр чангардаг ажээ. Үүнээс гадна өрөө төлөх эх үүсвэртэй болно. Учир нь манай улс 2017 он гэхэд хоёр тэрбум ам.долларын өр төлөх юм. Өнөөдөр өрийн таазыг нэмлээ гээд мөнгө шууд орж ирнэ гэвэл эндүүрэл. Учир нь бидэнд мөнгө зээлэх хүн “Чи хэдийг аваад ямар хугацаанд хэрхэн төлж чадах вэ” гэдгийг харгалзан үзнэ. Ингэж байж гар сунгах эсэхээ шийддэг.  Түүнээс биш танайх өрийн таазаа нэмсэн үү. Манай үүнийг ав гээд мөнгө сарвайх хүн байхгүй. Тэгэхээр өрийн таазаа нэмэх нь бусдаас мөнгө гуйх боломж л өөрсдөдөө гаргаж буй хэрэг билээ.  Энэ бүгдээс үзэхэд өнөөдөр бидэнд бусдын хөнжилд шургаж амиа хоохойлох эсвэл өөрсдөө хямралын эсрэг тэмцэж давж гарах сонголт байна. Чухам алийг нь сонгох вэ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан