Нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ
2012 оны 5 сарын 28
2010 оны арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Түшиг суманд орших, 209 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэйг урьдчилсан байдлаар тогтоосон “Улаан-Овоо” нүүрсний ордынхоо олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн “Професи Коул” компани “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Компани “Улаан-Овоо” ордын нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд илүү анхаарч эхэлжээ.

Тус компани хамгийн сүүлд Монголын шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэлийн нэгэн компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулснаа өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн ч харилцагч компанийн нэрийг тодорхой дурдаагүй байна. Эл гэрээний хүрээнд харилцагч компанид 5100 ккал/кг илчлэг бүхий 22100 тонн нүүрс нийлүүлэх юм. Цаашдаа хоёр компанийн нүүрсний худалдааны хэмжээ жилдээ 300 мянган тоннд ч хүрч магадгүйг “Професи” онцолжээ. Худалдан авагч компани жилдээ 850 мянган тонн нүүрс үйлдвэрлэлдээ ашигладаг ажээ.

“Професи”-гийн үйл ажиллагаа явуулж буй “Улаан-Овоо” уурхайгаас 10 км-ийн зайтай Зелтура боомт нээгдэх хугацаа улам ойртож буйг тус компани онцолжээ. Энэхүү боомтоор “Професи” Орос руу нүүрс экспортлох ажээ. Ингэснээр “Професи”-гийн “Улаан-Овоо” ордын олборлолтын хэмжээ нэг сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.