Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн намууд шилэн болж чадах уу


Сүүлийн үед “шилэн” гэдэг тодотголтой бүхэн моодонд ороод байна. Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд байгаа боловч төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авдаг байгууллагуудад л мөрдөгддөж буй. Төсвөөс хөрөнгө оруулалт авдаг бол түүнийгээ хэрхэн зарцуулснаа зайлшгүй мэдээлж байх үүрэг хуулиар хүлээсэн. Гэвч энэ дунд нэг том хэсгийг орхигдуулсныг судлаачид хэлж байна. Энэ бол улс төрийн намууд. Хэрэв улс төрийн намууд шилэн данстай болчихвол...

Харамсалтай нь, одоогоор “шилэн” намуудтай болоход нэг их найдлага тавиад хэрэггүй. Парламентад суудалгүй намуудын хувьд санхүүжилтээ аль болох төсвөөс гаргуулдаг болох хувилбарыг илүүд үзэж байгаа бол энэ тийм ч амар шийдэгдэхгүй нь бололтой. Яагаад гэвэл төсвөөс намуудад санхүүжилт өгөхөөр болчихвол тэд шилэн хэтэвчтэй болохоос өөр замгүй. Ер нь, сайн яривал одоо ч гэсэн намууд төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжилт авч байгаа. Гэсэн ч түүнийгээ хэрхэн зарцуулсан тайлангаа ил гаргадаггүй. Сонгуулиудын дараа л нэг юм иргэд компаниудаас авсан хандиваа тайлагнасан болоод өнгөрдөг.
УИХ-ын сонгуулиар гэхэд сонгогчдоос авсан санал нэг бүрийг мянган төгрөгөөр тооцож улс төрийн намуудад олгодог. Тэгэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулиар нэг тойрогт өрсөлдсөн бүх нэр дэвшигчийн тоогоор санхүүжилт авч байсан аж. Өөрөөр хэлбэл, хоёр мандаттай тойрогт нэг намаас хоёр нэр дэвшигч өрсөлдлөө гэхэд тухайн сонгогчийн өгсөн саналыг нэг бус хоёр хэмээн тооцож хоёр мянган төгрөг авсан гэсэн үг. Энэ бол сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдсөн бүх намд очсон санхүүжилтийн нэг хэлбэр.

Нөгөө нь парламентад авсан суудлын тоогоор төсвөөс авдаг санхүүжилт. АН 35 суудалтай гэхээр 350 сая төгрөг, МАН-ын 26 суудалд 260 сая, МАХН-ын 10 суудалд 100 сая, ИЗНН-ын хоёр суудалд 20 сая төгрөг төсвөөс жил бүр санхүүжилт хэмээн авч байгаа гэсэн үг юм. Үүнийг нь дөрвөн жилээр бодож үзэхээр дээд тал нь тэрбум гаруй төгрөг зөвхөн парламентад суудал авсныхаа төлөө төсвөөс авдаг болж таарч байна. Гэвч үүнийг юунд зарцуулсан бэ гэдгийг мэдэх боломж хомс. Нэгэнт л төсвөөс мөнгө гаргуулдаг учраас улс төрийн намуудад шилэн данс байх нь зүйн хэрэг.

Сонгууль дууссанаас хойш хэд хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн тайлангаас л намуудад хэн, ямар компани хэдэн төгрөг хандивласан, хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг харах боломж олддог. Үүнийг намууд хангалттай сайн тайлан гэж ойлгосоор ирсэн. Улстөрчдийн байнга жишээ татан ярьдаг, тогтолцоо нь бэхжсэн орнуудад улс төрийн намын санхүүжилт ил болоод удаж байна. АНУ-д гэхэд ганц аяга кофе худалдаж авсан л бол цахим хуудастаа тайлан болж ил харагддаг байх жишээтэй. Тэгвэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 намын нэг нь ч цахим хаягтаа тэдэн төгрөгөөр тийм зүйл авлаа гэдэг мэдээлэл оруулаагүй л байна.

Тэгвэл Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр “Midas” төрийн бус байгууллага намуудыг шилэн болгох төсөл хэрэгжүүлж байгаа аж. Одоогоор ерөнхий мэдээллээ цуглуулж, боловсруулж байгаагаа “Midas” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал хэлсэн юм. Гадаадын олон орны туршлагаас судалж, Монголын хөрсөнд буулгаж болохуйцыг нь авч, улс төрийн намуудын бүх мэдээллийг ил байршуулах цахим сайттай болохоор бэлтгэж байна. Сонгуулийн хандив, сонгуулийн бус үеийн санхүүжилт, улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, санхүүгийн зарцуулалт, тайлан гэхчлэн намуудад нууц гэж үлдэхгүй байхаар болтол илчлэх боломжийг бүрдүүлэх гэнэ. Ирэх дөрөвдүгээр сард www.shilennam.mn сайтыг албан ёсоор ажиллуулж эхлэх юм.

Төрийн бус байгуул­ла­гуудын санаачилгаар “шилэн” нам эхэлчихлээ. Гэвч намуудын зүгээс юу байгаа вэ. Уг нь Улс төрийн намуудын тухай болоод Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж байгаа ч ямархуу явцтай талаар мэдээлэл байхгүй. Энэ хуулийн өөрчлөлтийг хүлээсэн нам, улс төрийн хүчин цөөнгүй. Парламентад суудалтай намуудын хувьд зөвшилцөлд бүрэн хүрээгүй учраас Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд ахиц гарахгүй байгаа.

Ардчилсан нам гэхэд намынхаа дүрмийг өөрчлөх гэтэл шинээр батлах хуультай уялдуулах болоод хойш тавиад хүлээж буй. Хооронд нь уялдуулж батлах дээрх хоёр хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс боловсруулж, УИХ-д оруулах санаачилга гаргаад байгаа аж. Хоёрдугаар сарын эхээр хаалтаа хийх гэж буй УИХ-ын намрын чуулганаар эдгээр төслийг хэлэлцэх нь байтугай өргөн барих ч сураг алга. Нэгэнт шилэн дансны давалгаа эхлүүлж байгаа бол хамгийн их мөнгө эргэлддэг улс төрийн намуудыг ч гэсэн орхихгүй байх нь шударга болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан