Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Даваажав: Ардчиллаас ухарвал толгой гудайлгах тангараг тавьж байсан


Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан, МоАХ-ны анхдагч В.Даваажавтай ярилцлаа.

-Та хэрхэн ардчилсан холбоотой амьдралаа холбож, орон нутагтаа ардчиллын салхийг сэвэлзүүлсэн талаараа хуучлахгүй юу?
-Дархан-Уул аймгийн Ардчилсан холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Цаг хугацаа гэдэг хурдан юм. Нэг л мэдэхэд 25 жил өнгөрчээ. Тэртээ 1990 онд энэ хувьсгал өрнөж нэг тогтолцооноос нөгөө рүү шилжих гэж олон ч зүйл өрнөсөн болохоор бүх асуудлыг ярихад цаг хугацаа маш их шаардагдах байх. Тиймээс нуршилгүй товчхон ярья гэж бодож байна. Тухайн үед би 31 настай Дулааны хангамжийн автоматикийн цехэд инженерээр ажилладаг байлаа. Дашжамцын Баттулга /НИТХ-ын дарга/ эдийн засагчаар ажилладаг байсан юм. Нийслэлд ардчиллын салхи сэвэлзэж, залуучууд эв санаагаа нэгтгэж байгаа талаарх мэдээллийг Баттулга авч, тэрхүү хөдөлгөөн ямар учиртай, зорилго нь юу болохыг бидэнд дуулгасан. Хаалттай, нэг намын ноёрхол, дарамтад байсан учир уг мэдээллийг маш нууцаар уншиж танилцаж, бусдад ухуулан таниулах ажил явуулж байлаа. Миний хувьд тавьж байгаа шаардлага, шийдлүүдийг нь үзээд зөв зүйтэй гэж дэмжин, байдлыг харж суусан даа. Ингээд 90 оны нэгдүгээр сард Дархан хотын МоАХ-ны анхны долоо гэгддэг Баттулга, Төмөрбат, Жаргалсайхан, Гандарьяа, Мандах, Ганболд, Баярцогт нар Залуучууд театрын урд анхны цуглаан зохион байгуулж билээ. Нийгэм ч тийм таатай байгаагүй болохоор анхны цуглаан дээр нэг их олон хүн ирээгүй, үргэлжлэх хугацаа ч богино байсан. Зуу гаруйхан хүн цуглан, хэдэн хүн гол илтгэлээ тавиад тарсан юм. Хамгийн тод, зоригтой үг хэлсэн хүн нь манай Гандарьяа. Тэр ардчиллын төлөө үхэхээс ч айхгүйгээр тэмцэхээ илэрхийлсэн.
 
-Цуглаан тараах, тасалдуулах алхам хийдэг байсан гэдэг?
-Энэ үеэр тийм зүйл болоогүй. Ганц нэг удаа тог тасалж байсан нь цуглааныг тасалдуулах гэсэн оролдлого байсан юм болов уу даа. Цуглаанаас хойш нийслэлээс Д.Нинж, Г.Ганболд нар ирж мэдээлэл өгснөөр зохион байгуулалтад орох, үйл ажиллагаагаа хэрхэн явуулах асуудал ярьж эхэлсэн. Бид Баттулгын гэрт цуглах үед анхны долоон хүн 17 болж нэмэгдсэн бөгөөд ардчиллын төлөө тангараг өргөсөн юм. Тангаргийн эхийг Төгөлдөр гэж хүн бичсэн бөгөөд дан эртний үг хэллэгтэй байлаа. Энэ хүн өдгөө бурханы оронд байгаа. Гол утга нь өргөсөн тангаргаасаа няцвал толгойгоо бөхийлгөж, гудайлгана гэсэн утгатай. Ерөнхийдөө толгойгоо өгнө гэсэн л санаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эх хувь нь олдоогүй. Ш.Гандарьяа л тэр бичиг яасныг сайн мэдэх болов уу.

-Таныг аймгийнхаа АН-ын анхны даргаар сонгогдсон гэж дуулсан?
-1990 оны хавар намайг намын даргаар, Баттулгыг МоАХ-ны даргаар сонгосон. Тэр жилийн хавар нэлээд их асуудал өрнөж, ширүүн тэмцлүүд хийсэн дээ. Сүрт жагсаал, хотын даргаа “МАЗ” машины тэвшин дээр гаргаад үг хэлүүлж, амлалт авч, зам хааж байлаа. Найрамдал талбайгаас хотын захиргаа хүртэл сүрт жагсаал хийх үед зуу орчим цагдаа замын хоёр талаар зогсоод хамгаалалт нэртэйгээр хүндэт харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Хамгийн гол нь бүх зүйл тайван замаар өрнөсөн явдал. Ямар нэгэн асуудал үүсвэл бидний хүсч буй ардчилал буруу тийш эргэх байсан шүү. Тийм зүйлийг гаргуулахгүй байх үүргийг зохицуулагч, гишүүд маань хүлээсэн. Ер нь, жагсаалд оролцож байсан бүх хүн л өөр өөрийн үүрэгтэй явсан. Юутай ч бид тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, хотын даргаасаа амлалт авсан явдал том ялалт байлаа. Үүний дараа МоАХ-ны анхдугаар Их хурал нийслэлд болох урилга ирж, хуралд оролцох гишүүдийн зардал, санхүүгийн асуудлыг шийдэх шаардлагатай болж би энэ асуудлыг шийдэх, хандив цуглуулах ажлын хэсгийн даргаар томилогдсон. Яахав үүнийг үйлдвэр дээрээ ярьж шийдэх боломж байсан л даа. Гэхдээ яагаад ч юм өөрийн хариуцаж байсан Нэхий эдлэлийн үйлдвэр дээр очиж үүссэн нөхцөл байдлыг танилцуулан хандив цуглуулаад ажил дээр иртэл үйлдвэрийн районыг хариуцсан хэсгийн төлөөлөгч ирчихсэн даргын өрөөнд дуудаж байна. Яваад ортол хүмүүсээс юун мөнгө татаад байгааг асууж, хандив гэдэг чинь юу юм гээд байцаасан. Би ч яахав бүх учраа хэлж, сайн дураараа мөнгөн хандив өгсөн хүмүүсийн гарын үсэгтэй цаасыг үзүүлэхэд ажлаас өөр зүйл хийхгүй байхыг анхааруулснаар эл асуудал шийдэгдэж билээ. Анхдугаар хуралд надаас гадна гурван хүн явах ёстой байсан ч хоёр нь хуралд очсон. Учир нь, нэг үйлдвэрээс хэтэрхий олон хүн явах гээд болохгүй байсан юм. Ерөнхийдөө үлдэж байгаа хоёр арыг  нь даах маягтай үлдсэн хэрэг. Ингээд Баттулга, Цогбадрах хоёр хуралд явж, Ундрал бид хоёр араа дааж үлдлээ. Энэ хоёр маань хуралдаа оролцчихоод ирэхдээ маш их итгэл дүүрэн, сэтгэл өндөр ирсэн.

-Магадгүй хурлын шийдвэр ардчиллын амжилтын талаар байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, МАХН-ын Улс төрийн товчоо татан буугдсан, АН байгуулагдсан гэх мэт олон сайхан баярт үйл явдал ар араасаа хөвөрсөн болохоор тэр. Баттулга, Цогбадрах нар намын гишүүн болчихсон юунаас ч айхгүй зоригтой байлаа. Ингээд орон нутагтаа намаа байгуулж, гишүүнчлэлийн үнэмлэх олгож эхэлсэн. Бат-Үүл даргын гарын үсэгтэй үнэмлэхүүд ирчихсэн учир гишүүнчлэл бий болгоход нэг их асуудал үүсээгүй. Эхний хэдхэн өдөр л 300 орчим хүн намд элссэн байдаг.

-Нам байгуулагдахаар байр орон, санхүүгийн асуудал урган гарна. МАХН-ынхан давуу тал олон учир энэ асуудлыг хойш тавих, цааргалах зүйл гаргасан байх?
-Энэ асуудлыг шийдэхийн тулд хотынхоо уирдлагад шаардах, өргөн барих бичиг хүргүүлж шийдүүлсэн. Яахав блансаас блансад шилжүүлэх зарчмаар нэг хуучин байр өгсөн юм. Үүнээс өмнө бол ёстой байр голохгүй явлаа. Айлын байр, орц, подваль гээд л уулзалт хийж болох бүх газарт цуглана. Боломж нь л тэр байсан болохоор яах ч билээ. Санхүүгийн хувьд хандив дэмжлэгээр л болгож байсан. Тухайн үед намын дарга хүн цалингүй ажиллаж, намынхаа гишүүдийг урамшуулах ажлыг халааснаасаа гаргадаг байлаа.

-Анхны сонгуулийн талаар эргэн дурсвал?
-Маш их хөгтэй, хүндхэн зүйлтэй тулгарсан даа. Тухайн үед МАХН засаг төр атгачихсан, нэр дэвшиж байгаа хүн нь дарга болохоор машин тэрэг гэж санаа зовох зүйлгүй, ядаж л ухуулах хуудсаа амархан тараачихна. Харин бидэнд унаа хөсөг гэх юм байхгүй болохоор сонгогчидтойгоо уулзаж ухуулах хуудас, танилцуулгаа тараах гэж бөөн асуудал үүсдэг байлаа. Шавар дундуур явган, шаварт гутлаа зоочихоод хөл нүцгэн таваргах ч үе гардаг байсан нь нууц биш. Нэр дэвшигч нь айлын хашаа хаалга нүдэж өөрөө материалаа өгнө шүү дээ. Энэ бүхнийг өөрийн биеэр туулж ирсэн болохоор зовлонг нь ярьж байгаа хэрэг.

-Хөдөлгөөн, холбооны үйл ажиллагаанд оролцогчид на­мын анхны гишүүд байсан нь дамжиггүй. Гэхдээ гудамжинд улс төр хийх, нам байгуулан явах хоёр өөр. Ер нь, намын төлөвшил хэр хурдан байв?
-Мэдээж хэрэг хөнгөхөн амархан асуудал биш. Улс төрийн соёлд суралцах, хэрхэн улс төрийн шийдвэр гаргах вэ гээд олон зүйл суралцсан. Нэг олзуурхууштай зүйл нь намд сэхээтэн олноор элсэн орсон явдал байлаа. Дээд боловсролтой, инженерүүд байсан нь төлөвшихөд хялбар болгосон доо.
-МоАХ-ны гишүүд, партизанууд­даа баяр мэнд дэвшүүлэхгүй юу?
-Энэ түүхэн өдрийн төлөө дуу хоолойгоо өргөж явсан МоАХ-ны журмын нөхөд, нийт гишүүддээ 25 жилийн халуун мэндчилгээ хүргэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан