Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бизнесийнхэнд ээлгүй байгууллагаар ахиад л татварынхан


Бизнес эрхлэгчдэд саад учруулдаг байгууллагуудын жагсаалтыг ахиад л татварынхан тэргүүлжээ. Араас нь орон нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн хяналтынхан шил дарав. Энэ бол Монгол дахь Америкийн худалдааны танхимаас өчигдөр олон нийтэд танилцуулсан судалгааны дүн.  Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн санхүүжилтээр “Сант марал” төвөөс хийсэн “Монгол Улсын бизнесийн орчны талаарх үндэсний хэмжээний судалгаа”-гаар иргэдийн байр суурь тун сонирхолтой гарсан байлаа. Хэдийгээр нийслэл төдийгүй хот хөдөөгийн 1500 хүн түүвэр судалгаанд орсон ч гадаадын байгууллагууд явуулж, Монголын ямар нэгэн байгууллага оролцоогүй гэдэг утгаараа хамгийн бодит судалгаа болж чадсан гэж танилцуулга хийгсэд онцоллоо.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жаксон Кокс, АНУ-ын Элчин сайд Пайпер Кэмпбэлл, “Вагнер Ази” компанийн захирал Стив Поттер, Хөрөнгө оруулалтын газрын Судалгаа зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн нар судалгааг танилцуулахаар хүрэлцэн ирсэн байв. 2014 он бизнесийн болоод хөрөнгө оруулагчдад хүндхэн жил байсан гэдгийг “Вагнер Ази” компанийн захирал Стив Поттер онцлоод “Өнгөрсөн жил бид зарим үйл ажиллагааныхаа зардлыг хумиад, хүмүүсээ ч цомхотгосон. Монголын Засгийн газрын тэргүүн ч бүсээ чангалахыг сануулж байна. Ийм үед нөхцөл байдлыг маш сайн төлөвлөх хэрэгтэй байдаг. Монголын Засгийн газар ч үр дүнгээ өгөхүйц арга хэмжээгээ нарийн төлөвлөж хэрэгжүүлэх цаг үе тохиогоод байна” гэв.
Ингээд судалгааны зарим баримтаас сонирхуулъя.

Судалгаанд оролцсон 1500 иргэний 67 хувь нь Монголд бизнесийн орчин тааламжгүй байна гэсэн бол 22 хувь нь таатай гэсэн эерэг хариулт өгсөн байна. Монголчууд амьдрах орчин, эрүүл мэнд, утаанаас илүүтэйгээр эдийн засгийн хямралд санаа зовж буй гэжээ. Төсвийн алдагдал, гадаад өр, эдийн засгийн тогтворгүй байдал нь  бизнес дэвжиж, хөгжихөд садаа болно хэмээн судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хариулсан бол бизнес эрхлэгчдэд саад учруулж буй байгууллагуудын жагсаалтыг 19,6 хувиар татварынхан, 17,4 хувиар орон нутгийн захиргааныхан, мэргэжлийн хяналтынхан 11,2 хувиар толгой цохисон байна. Бараг л уламжлал болох шахсан энэ ойлголт одоо хүртэл амь бөхтэй байгаа нь харамсмаар. Харин  иргэд хамгийн итгэл хүлээдэг байгууллага бол хувийн хэвшлийнхэн гэж онцолжээ. Шуурхай, төсөвт нэмэртэй, үр ашигтай гэх зэргээр хувийн хэвшлийнхний давуу талыг 73 хувь нь онцолсон байна. Гэвч нөгөө талдаа буюу 7,8 хувь нь авлигад  автсан, байгаль орчинд хор хөнөөлтэй хэмээн эсрэг санал өгчээ.

Судалгааны “Удирдагчид ба намуудын талаарх үнэлгээ” гэх нэг бүлэгт иргэд “Хамгийн сайн удирдагч хэн бэ” гэсэн асуултанд дийлэнх нь “мэдэхгүй” гэж хариулсан байна. Харин 24 орчим хувь өнөөдрийн Ерөнхийлөгчийн нэрийг бичсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 10 хувийн  саналаар удаалж. Тэдний ард Х.Баттулга, Н.Багабанди, Э.Бат-Үүл, М.Энхболд, Н.Алтанхуяг нарын нэр эрэмбэлэгджээ.

Намуудын хувьд АН орон нутагт 35,8 хувь, Улаанбаатарт 32,6 хувь, улсын хэмжээнд 38,5 хувийн санал авч байгаа бол МАН орон нутагт 27,4 хувь, Улаанбаатарт 19,2 хувь, улсын хэмжээнд 23,6 хувийн саналтай гарчээ. МАХН-ын үнэлгээ 15 хувьтай байна.  Хэрвээ “УИХ-ын сонгууль өнөөдөр болбол та аль намыг дэмжих вэ” гэсэн асуултад иргэдийн 38,6-47,4 хувь нь мэдэхгүй гэсэн бол 25,4-30,9 хувь нь АН-ыг, 14-19,7 хувь нь МАН-ыг, 7,6-8,4 хувь нь МАХН-ыг, 3,2-4,8 хувь нь бусад нам хүчнийг дэмжинэ гэжээ.Өөр нэг зүйл гэвэл нийслэлээс судалгаанд оролцогсдын 62 хувь нь, хөдөөгийн иргэдийн 65 хувь нь Оюу толгой төслийн хоёрдугаар шатыг яаралтай эхлүүлэх нь чухал хэмээн үзсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан