Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түлэнхийн төвийн барилгад санаа тавих хүн байна уу


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд орших Түлэнхийн төвийн барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй хэмээн мэргэжлийнхэн дүгнэлт гарган нураагаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх нь. Шинэ эмнэлгийн барилгын ажлыг 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж, ажлыг нь эхлүүлэхээр болсон ч өнгөрсөн онд 20-иод тэрбум төгрөг болж, барилгын ажлын зардал гурван жилийн дотор гурав дахин өссөн гэдэг ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс Монголдоо ганц гэгдэж байсан Түлэнхийн төвийн барилгын талаар сураг тавилаа. Түлэнхийн төвийн  хуучин барилга байсан газрыг цэнхэр хашаагаар хүрээлэн хаажээ. Ямар ч байсан балгас болсон хуучин барилгын хогийг цэвэрлэж, нэг алхам урагшилж. Эргэн тойронд нь дулааны шугамын нүх ухаж орхисон ч барилгын ажил явж байгаа шинж алга. Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамнаас тодруулахад “Манайхаас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Тиймээс ГССҮТ-ийн дарга З.Мэндсайханаас тодруулахад “Түлэнхийн төвийн барилгын сураг тасарсан даа. Өнгөрсөн онд таван тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан ч өнөөг хүртэл чимээ алга. Засгийн газраас ямар нэгэн шийд гаргах байх гээд л хүлээж байна” хэмээн ярьсан юм.

Түлэнхийн төвийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орсон. Олон жилийн эдэлгээнд хуучирч муудсан энэ байшинд хүн эмчлэх нь битгий хэл, хөл тавихад  хэцүү болсон учраас мэргэжлийн байгууллагууд нь ч  буулгаж, шинэчлэх тухай хэдэн жил ярьж, сонин хэвлэлээр чичлүүлэн байж арай  гэж актлуулсан. Гэтэл өнөөдөр иргэдийн хүсэн хүлээж байсан шинэ эмнэлэг товлосон хугацаандаа үйлчлүүлэгчдээ хүлээж авах нь бүү хэл, санхүүжилт авах эсэх нь ч тодорхойгүй, хоосон зураг хараад л сууж байна. Уг нь өдийд төлөвлөгөө ёсоор тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн долоон давхар эмнэлэг сүндэрлэсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр буурин дээр нь хуучин барилгаас үлдсэн хөглөрсөн хог л үлдэж. Зураг төсөлд тусгасан шинэ эмнэлэг цаасан дээрээ байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвөөр ордоггүй дарга нар, төр засгийн удирдлагуудад түлэгдэж, хөлдөх асуудал тулгардаггүй, тулгарсан ч гадаадад яваад эмчлүүлчихдэг учраас энэ эмнэлгийг бүрмөсөн мартаж орхисон бололтой. Тус төв 120 хүнийг эмчлэх хүчин чадалтай эмнэлэг. Гэсэн ч тэсгим өвлийн хүйтэнд түлэгдэж, хөлдсөн бүхнийг хүлээж авсаар үйлчлүүлсэн хүний тоо нь 160-аас хол давж, тасаг  бүү хэл хонгилд нь хэвтэж эмчлүүлэх зай олдохоо больдог. Ингээд бодохоор жилдээ мянга хол давсан хүнд үйлчилдэг эмнэлэг гэсэн үг.

Гэтэл өнөөдөр ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа ГССҮТ-ийн нэг давхарт хэдхэн өрөөнд багтаж ядан эмчилгээ оношилгоогоо хийж сууна. Энэ нь  гэмтэж бэртсэн хүмүүсээ яая гэж байгаа ГССҮТ-ийнхөнд ёстой л даарин дээр давс гэгч болоод байна. Өвлийн хүйтэн болж гадаа халтиргаа гулгаа ихэсч байгааг ч хэлэх үү энэ үед бага насны хүүхэд түлэгдэх нь даруй хэд дахин нэмэгддэг учир байрны асуудлыг шийдэхэсэх нь тодорхойгүй байгаа нь хамаг асуудлын эхлэл болж буйг тус эмнэлэгийн эмч ажилчид учирлаж байлаа. Энэ талаар ГССҮТ-ийн Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах “2012 онд шинэ байр барих журам гарсан. Гэсэн ч өнөөг хүртэл сураг алга. Архидалттай холбоотой осол гэмтэл ихсээд байдаг. Түлэгдэлт нэмэгдэж байгаа. Ачаалал ихтэй хоёр эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Өвчтөнүүдээ коридортоо авч байна” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр “Бид зөвхөн хүнд хэлбэрийн өвчтөн хэвтэх шаардлагатай хүмүүсээ авч байгаа. Гайгүй нэгэнд нь зөвлөгөө өгч, дүүргийн юм уу орон нутгийн эмнэлэг рүү нь буцаадаг. Бид  өдөр бүр дунджаар 5-10 хагалгаа хийдэг. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэвч ирэх хүмүүсийн тоо их учраас ачаалал их, ор тасаг хүрэлцэхгүй гэх асуудалтай байнга тулгардаг” гэж байсан юм. Түлэнхийн төв өмнө нь 150 ортой 100 гаруй эмч ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг байсан ч өнөөдөр 80 ортой 45 ажилчинтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Энэ нь ачаалал ихэдсэн энэ үед ахадсан тоо юм. Түлэнхийн төвийн  барилгын талаар тодруулахад яам болон эмнэлгийн эмч ажилчдад хүртэл мэдээлэл хомс байлаа. Энэ нь Түлэнхийн төвийн барилгын ажил эзэнгүйдэж анхаарал хандуулах хүн байхгүйг илтгэж буй хэрэг биз.

Түүнчлэн эмнэлгүүдийн газар жил ирэх тусам багассаар байгаа. Энэ байдал Түлэнхийн төвийг ч тойрсонгүй. 2002 онд 16400 ам.метр талбайн зөвшөөрөлтэй байсан Түлэнхийн төвийн газрын зай талбай нь жил ирэх тусам багассаар өдгөө 7339 ам.метр болсон гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, барилга ба­рих гэж дунших хооронд багагүй хэм­жээний газрыг хувийн мэдэлд алд­сан гэсэн үг. Тухайлбал, “Саммид ме­дикал’’ ХХК-д 930 ам.метр газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд барилга барих зөвшөөрөлтэйгөөр, “Алтайн тулга” компанид 2011 онд 4024 ам. метр талбайг эмнэлэг барих зо­риулалтаар өгсөн гэдэг. Ийнхүү Тү­лэн­хийн төв газрынхаа ихэнхийг алдаж, үлдсэн жаахан газар дээр нь хэ­зээ эмнэлэг нь баригдах бол гэдгийг цаг хугацаа л харуулах болчихоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан