Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацууртыг стратегийн ордод хамруулах эсэхийг өнөөдөр шийднэ


Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаа­наар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай тогтоолын төслийг хэлэлц­лээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар уг асуудлыг хэлэлцээд эцсийн хэлэлцүү­лэгт шилжүүлсэн. Харин УИХ-ын зарим гишүүн хэвлэлийнхний хамт Гацууртын ордод очиж, нөхцөл байдалтай танилцаад ирснээр Гацууртын үндсэн ордын талбай, археологийн үнэтэй олдвороор баялаг Ноён уулын бүсэд ойрхон байгаа учраас сайтар судлах хэрэгтэй гэж үзсэн. УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс” эвслийн бүлэгтээ ажлын хэсэг байгуулж, судалсан аж.

Эдийн засгийн байнгын хороог энэ асуудлыг ажлын хэсэг байгуулан судлах хэрэгтэйг өчигдөр хуралдааны үеэр хэллээ. Тэрээр “Сентерра гоулд” компани 2300 га талбайг эзэмшдэг. Тэнд нь Хүннүгийн үеийн булш бунхантай, тахилгатай Ноён уул багтаж байна. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс өмнө Байнгын хорооны ажлын хэсэг байгуулж сайтар судлах хэрэгтэй. Тиймээс ажлын хэсэг байгуулах асуудлаар горимын санал гаргая” гэлээ. Гэвч санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй учир эцсийн хэлэлцүүлэг хийхээр болов. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Уг нь хэлэлцэх эсэхийг нь ярьж байхдаа ажлын хэсэг байгуулаад судлуулаад санал оруулаад явах ёстой байсан юм. Эцсийн хэлэлцүүлэг хийж байхад ажлын хэсэг байгуулаад хойшлуулна гэдэг хэцүү. Ажлын хэсэг байгуулж, сайтар шалгах л асуудал. Цаашдаа Байнгын хороо анхаарах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өгөв.


Эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хэлж, оруулах болон санал хураалт явуулдаггүй дэгтэй учир асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваа­сүрэн: -Ноён ууланд 200 гаруй булш бунхан байгаагийн 10 орчим нь судлагдсан. Алсдаа аялал жуулчлал хөгжихөөр хэрэгтэй. “Бороо гоулд” компани алтны татварыг бууруулахад лобби хийсэн. Сайн ярьж байж шийдэх асуудал.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Соёлын үнэт зүйлсийг хамгаалах нь чухал гэж манай Уул уурхайн яам бас үзэж байгаа. Тухайн бүс нутагт нь археологийн олдвор байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Гэхдээ яг олборлолт явуулах хэсэгт олдвор байхгүй гэсэн.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Газар дээр очиж ажиллаад ирсэн. Тэр орчмынх нь ой сүйдсэн, Гацууртын гол нь байхгүй болчихсон. 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан гэж сонслоо. Ямар учиртай юм бэ. 500 гаруй булш бунханыг авран хамгаалах зардлыг компани нь гаргаж чадах уу. Зөвхөн нэг булшийг гаргаж авахад нэг зуны турш 100 орчим хүн ажилладаг. Гаргаж авлаа ч Монголд түүхийн олдворуудыг хадгалж, хамгаалах байр сав байхгүй. “Сентера гоулд” компани цэвдгийн судалгаа хийлгүүлээгүй гэж сонссон. Хэрэв олборлолтын үед цэвдгийг хөндвөл хүнд байдалд орно. 330 га талбайг ашиглана гэж байгаа мөртлөө 2300 га газарт тусгай зөвшөөрөл авсан. Энэ  2300 га-д нь бүх олдвор багтчихсан. Өөр бусад компанийн лиценз ч бий.

Уул уурхайн сайд Р.Жигжид: 50 тонн алтыг олборлоогүй байгаа учраас зарах боломжгүй. Стратегийн ордод орвол эзэмших хувиа шийдүүлнэ. Дараа нь гэрээ байгуулна. Гэрээнд нарийн тусгасан заалтуудаа  оруулна. Хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэж гарч ирээгүй юм билээ. 300 га-аас өөр талбайд олборлолт хийхгүй. Ноён уулын үлдсэн газар нутгийг тусгай хамгаалалтад оруулна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хүннүгийн үеийн бунханг сүйдлэх нь гээд Унгарын эрдэмтэд ЮНЕСКО-д хандана гэдгээ Монголын эрдэмтдэд хэлсэн байна билээ. Түүх соёлын үнэт олдвороо хэвээр нь хадгалж, жуулчдыг татах боломж бидэнд бий. Гэтэл Ноён уулын орчимд олборлолт хийгээд эхлэхээр соёлын үнэт зүйлс хөндөгдөх аюул нүүрлэнэ. Мөнх цэвдэгтэй уул гэдгийг Уул уурхайн яамныхан мэдэхгүй байна гэх юм.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Уул уурхайн яамны байр суурь та бүхнийхтэй адил. Цаашдаа Ноён уулаа хамгаалах тусгай бүс байгуулах нь зүйтэй.
Ингээд асуулт хариулт дууссаны дараа УИХ-ын чуулганы дэгийн дагуу санал хураалгалгүй УИХ-ын чуулганд эцсийн хэлэлцүүлгийг шилжүүлэхээр боллоо. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан