Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хөдөлгөөнгүй” 14 жил болсон хөдөлмөрийн хууль


“Хөдөлмөрийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөл танил­цуулах уулзалт” нэртэй үйл ажил­лагаа өчигдөр Төрийн ордонд бол­лоо. Парламентын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулсан уулзалтаар 13 бүлэг, 128 зүйлтэй шинэчилсэн хуулийн талаарх ойлголтоо нэгтгэв. Байнгын хорооны дарга С.Батцогт үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн шинж чанартай, ажиллагсдын нийгмийн баталгааг түлхүү тусгасан. Харин аж ахуйн нэгж, албан байгууллага, албан бус секторт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай” хэмээн тодорхойлсон. Тэр утгаараа уг хуулийн хам­рах хүрээ хязгаарлагдмал, хөдөлмө­рийн гэрээ байгуулсны дараах явцуу харилцааг л зохицуулдаг аж. Эдгээр нь хуулийн төслийг шинэч­лэх бодит шаардлага болсон байна.

Өнөөдөр мөрдөж буй хуулийг 1999 онд баталжээ. Тэгэхээр 14 жилийн хугацаанд өөрчлөгдсөн манай орны эдийн засаг, нийгмийн харил­цаа, түүний дотор хөдөл­мөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүдэд хү­рэл­цэж чадахгүй бай­гаа нь тодорхой юм.

Шинэч­лэлд хамтын хэлэлцээ, хөдөл­мөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, норм, ажил амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн ха­рил­цаа болон хөдөлмөр эрхлэлттэй холбоо­той мар­гааны зохицуулалтыг тус­гасан байна. Олон талын оролцоотой учраас төсөл бо­ловс­руулахад ч тал талын төлөөл­лийг хамруулсан ту­хай Хөдөлмөрийн сайд С.Чин­зориг хэллээ. Салба­рын тэргүүн өчигдөр дээрх хэлэлцүүлгээс гадна Зас­гийн газрын “11-11 төв”-д ажил­лахдаа цалин нэмэх асуудлаарх гурван талын хэлэлцээрийн талаар тайлбар өгчээ. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн учраас жижиг, дунд үйлдвэрийн бодлого, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тус яамны мэдлээс Аж үйлдвэрийн яам руу шилжсэн гэнэ. Бусад бодлого нь Хөдөлмөрийн сайдад хадгалагдаж буй аж.

Дээр дурдсан гурван талт хэлэлцээр өмнөх жилүүдээс илүү амжилттай болсон гэж тэрээр дүгнэжээ. Засгийн газар энэ хэлэлцээрт хариуцлагатай оролцож 23 зүйлийг хэлэлцээрт тусган баталж. Гурван тал нийтдээ 53 асуудалд санал нэгдсэн. Засгийн газар хэлэлцээрт орохдоо улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, эдийн засгийн хямралын нөхцөлд хэлэлцээр байгуулахад төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Мөн төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээсээ илүү ажлын байр хадгалж үлдэх, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгсэл ашиглах саналд бат зогссон гэнэ.

Энэ удаагийн хэлэлцээ­рийн нэг онцлог нь зөвхөн тө­рийн албан хаагчийн гэлтгүй нийт ажиллагсдын нийгмийн баталгаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцсэн явдал. Бүр хувийн хэвшлийнхний асуудлыг түлхүү хөндсөн гэдгийг С.Чинзориг сайд тодотголоо. Хувийн хэвшлийнхэн мэр­гэжлийн чадвараас хамаарч ялгаатай цалин авдаг болгох, инфляц болон хөдөлмөрийн  бүтээмжээр цалингийн нэ­мэлтийг тооцох тухайд талууд санал нэгджээ. Түүнчлэн гадаад мэргэжилтэн, ажилтны цалинг монгол ажилтныхаас хэт өндөр, ялгаатай тогтоодог асуудлыг Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж, ши­нэ­чилснээр шийдэх боломж­той гэдэг байр суурийг сайд илэрхийллээ. Энэ нь ч НББСШУ-ны байнгын хо­роо­ноос зохион байгуулсан хэ­лэлцүүлэгтэй уялдаж буй юм.

Хэлэлцүүлгийн нэг ач холбогдол нь талуудаас гарсан санал, шүүмжлэлийг төсөлд тусгаж, хуулийн заалт болгон дэвшүүлэх боломж. Үүний нэг нь, хуульд заасан тэмдэглэлт баяр, албан ёсны амралтын өдөр нь бямба, ням гарагтай давхцаад өнгөрчихвөл түүнийг нөхөж, ажлын өдөр амраадаг болгох заалт юм. Энэ удаагийн хэлэлцүүлэг өргөн хүрээ хамарсан. Тухайлбал, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын газар, Жендэрийн үндэсний хороо, Хүүхдийн төлөө газар, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэ­жилтнүүд оролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан