“Та саналаа өгсөн үү”
2015 оны 2 сарын 2

Таны гар утсанд “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё. 1. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох,
2. Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох. Та сонгосон хариултынхаа өмнөх тоог 15151111 дугаарт илгээнэ үү” гэсэн мессэж ирсэн байх. Энэ бол Монгол Улсын Засгийн газар улс орны өмнө тулгамдсан эдийн засгийн чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд иргэдээсээ хүссэн тусламж.  

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагаараа монгол хүн бүрт хамаатай учраас уг асуудлыг ард иргэдээсээ асууж шийдэх хэрэгтэйгээ ярьсан юм. Яагаад Ерөнхий сайд нь шийдээд явчих асуудлыг иргэдээсээ асууж байгаа юм бол гэсэн асуулт хүн бүрт төрсөн байх. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ерөнхий сайдын хувьд ард түмнээсээ асуух нь муу зүйл биш гэж бодож байна. Яагаад гэвэл, ардчиллын, шийдвэр гаргагчийн үндсийн үндэс нь ард түмэн. Ард түмнээсээ УИХ, Засгийн газар нь байгуулагдаад явдаг. Үндэснээсээ тусдаа ургадаг цэцэг гэж байхгүй. Тийм учраас нэг удаа ард түмнээсээ асуучихад буруу биш. Нэг улстөрчөөс, нэг компанийн захирлаас, эсвэл талбай дээр жагсч  байгаа хэсэг бүлэг хүмүүсээс асуух гээгүй. Хорь, гуч, дөч, тавин мянган хүн оролцоосой, энийг нэг хэлэлцүүлэг болгоод хоорондоо ярьчихаасай” гэж хүссэн учраас асуух ёстой хэмээн тайлбарласан.

1. Оюутолгой болон бусад бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдье
Салаа зам таарахад аль нэгээр нь явдаг шиг хоёр хариултаас ганцыг нь сонгох учир шалтгааныг ч ойлгомжтойгоор хэлсэн юм. Сүүлийн хэдэн жил тасралтгүй хөндөх болсон хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн шалтгааныг ч ингэж тодорхойлов. “Хямрал юунаас болсон юм. Бид залж авчирсан хөрөнгө оруулагчдаа заамдаж байгаад буцаагаад явуулчихсан. “Тунгалаг тамир” кинонд Хонгор “Нэг удаа очсон, дахин очихгүй ээ хө” гэж хэлсэн шиг тийм байдалд хүргэчихсэн.  Бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдаа татахын тулд том төслүүдээ явуулахаас аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна. Ингэж доллар, валют орж ирж байж долларын ханш буух ёстой” гээд Ерөнхий сайдын хувиар Оюутолгой болон том төслүүдийг хэрхэн харж буйгаа хэлэв. Өөрөөр хэлбэл, санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь эхний хариултыг илгээсэн бол томоохон төслүүдэд эргэлзээ гарахгүй, нэг талдаа гарсан шийдвэрт хүрэхээс өөр аргагүй. Оюутолгой, Таван толгойг хөдөлгөж, араас нь бүх хайгуулыг явуулж хөрөнгө оруулалтаа татах, “урт нэртэй” хууль ч энэ хүрээнд хамаарагдах нь. Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөж, өмч хувьчлалаа явуулж, хийн үйлдвэр, эрчим хүчний том станцуудаа барьж, Хөрөнгийн биржээ цэгцлэх хэрэгтэй байгаа. Түүнээс гадна хувийн болон төрийн өмчийн том компаниуд бонд босгож, газраа эргэлтэнд оруулахаас эхлээд бүх ажлаа саадгүй явуулж эхлэх хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн онцолсон. Том төслөө явуулахад монголчуудаас өөрсдөөс нь бэрхшээл учруул­дагийг орхиогүй. Хөрөнгө оруулагчдаа өөр нүдээр хардаг болох. Урьж авчирсан мөртлөө заамдах нь холгүй болгоод буцааж байгаагаа анхааруулсан. Монголд хэрэгтэй зүйл хийж, бидэнд тусалж хамт ажиллаж байгаа гэдэг өнцгөөс нь харахгүй бол болохгүй. Ерөөсөө л хаана ч очсон монгол хүн гэж бахархдаг хүсэл эрмэлзлээ улс орны чухал асуудлыг шийдэхэд гаргах хэрэгтэй. Зүгээр л зайлшгүй шаардлагатай хэсэг нь төрөөс халамжаа авч, бүтээдэг эдийн засаг руу шилжих юм бол Монгол маш хурдан хөгжих боломжтойг онцолсон. Цаашдаа том төслүүдээ хөдөлгөж эхэллээ гэхэд намууд, улстөрчид Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж нэг талдаа гарсан байх ёстой болж таарч байна.  

2. Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулъя
Харин хоёрдахь сонголт буюу бүсээ чангалах бол тийм ч муу хувилбар биш гэж үзэж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бүх зардлаа багасгах хэрэгтэй. Одоо ингээд тэнд оруулах гэж байгаа хөрөнгө оруулалтаа больё. Яагаад гэвэл энэ ам.долларын ханшид дахиад нөлөөлнө. Энд явах гэж байгаа арилжааны зээлээс гарах гэж байгаа зүйлийг хаая. Энэ компанийн хийх гэж байгаа энэ төслийг зогсооё. Энэ обьектыг больё. Ийм зүйлүүдийг хийе, цалингаа багасгая. Ийм ажлууд хийх ёстой. Туслая гэж байгаа хандивлагчдаа оруулж ирээд тодорхой хэмжээний мөнгө босгож оруулж ирж байршуулъя. Үүний тулд олон улсын бусад байгууллагаас хөтөлбөр авъя. Үүний тулд мөнгөө байршуулъя. Дээрээс нь тэвчиж болох бүх зардлуудаа хэмнэе. Нэг жил хагастаа бүгдээрээ тэсье, тэвчье. Ерөнхий сайдын хувьд би уриалаад явж чадна. Ийм хоёр зам байна. Бид хамгийн гол суурь нь одоо энэ дээр ирээд л гацчихлаа. Тэгэхээр манай иргэд хариулт өгөөч” гэлээ. Шаардлагатай гэсэн шийдвэрүүдээ УИХ, Засгийн газраас гаргаж, ажиллах боломжтойг илэрхийллээ.

Ямар ч байсан иргэдээс санал авч товлосон хугацаа дуусахаар буюу маргааш 22 цагт Ерөнхий сайд ямар шийдвэр олонхийн дэмжлэг авсныг мэдээлэх юм байна. Хоёр сонголтын аль ч шийдвэр гарсан цаашдаа хэрхэн ажиллах чиглэл тодорхой байгаа учир тэр талын мэдээллээ хүргэх аж. Улс орныхоо ирээдүйг, 2015-2016 онд Монгол Улс ямар төлөв байдлаар хөгжих вэ гэдгийг хамтдаа тодорхойлох санал асуулгаар маргаашийн зүг чиг нэлээд сайн гарна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэж буй. Тиймээс өнгөрсөн бямба гарагаас эхэлж мар­гааш дуусах энэ санал асуул­гад хувь нэмрээ оруулах нь бидний чухал үүрэг болов уу.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.