Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс усны эрчим хүчнийхээ нөөцийн нэг хувийг л ашигладаг


Манай улс эрчим хүчний дутагдалд орсон гэж эрдэмтэн судлаачид хэлж буй юм. Хоёр жилийн өмнө манай нийт цахилгаан станцын хүчин чадал 1100 МВт байв. Ингээд оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортлох зайлшгүй шаардлага гардаг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хойд хөршөөс жилд 300 МВт хүртэлх цахилгаан импортолдог ажээ. Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжуур “Манай улсын эрчим хүчний хэрэглээ 2016-2020 онд хоёр дахин нэмэгдэх судалгаа бий. Тэгэхээр эрчим хүчний өнөөгийн үйлдвэрлэлийг  дор хаяж 2000 МВт-ын хүчин чадалд хүргэх хэрэгтэй болно.  Одоо барихаар ярьж байгаа 5-р цахилгаан станцын хүчин чадал  450 МВт. Дараа нь Таван толгойнх 450 МВт, ТЭЦ-4-ийн өргөтгөл 100 МВт гэх мэтээр тооцвол дутагдаж буй 1000 орчим МВт-ын хүчин чадал бүрдэх боломжтой. Гэхдээ бидний тооцоолсноос нийгмийн хөгжил хурдацтай байгаа учир энэ чадал багадна. Иймд Эгийн голын 200 МВт, Шүрэнгийн 300 МВт-ын усан цахилгаан станцуудыг зайлшгүй барих шаардлагатай” гэсэн.  Ингээд манай улсын усны эрчим хүчний нөөц бололцоо ямар байгааг сонирхъё.  Эрдэмтэдийн судалгаагаар Монгол оронд ашиглаж болох усны эрчим хүч 56 тэрбум кВт гэсэн байдаг. Өнөөдөр манай улс жилд 75 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх болжээ. Өөрөөр хэлбэл усны эрчим хүчнийхээ дөнгөж нэг хувийг л ашиглаж байна гэсэн үг. Судалгаанаас үзвэл  өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломж Сэлэнгэ мөрний сав газарт бий. Учир нь Сэлэнгэ мөрөнд 425.245 шоо км талбайтай. Үүний  ус 282.154 шоо км буюу 66 хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа юм. 

Сэлэнгэ мөрний урсацыг олон жилийн дунджаас үзэхэд  манай улсын хилээр гарахдаа 350 шоо метр секунд байгааг тогтоосон.  Засгийн газраас Эгийн гол, Сэлэнгэ мөрний сав газарт дөрвөн цахилгаан станц барих шийд гаргасан. Одоо эдгээр усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгаа хийж байна. Эдүгээ Сэлэнгэ мөрний сав газарт барих Шүрэнгийн усан цахилгаан станцын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ажлын даалгавар”-ыг Монгол, Германы компаниуд хамтран боловсруулжээ.  Уг цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг ирэх онд хийж дуусгах төлөвлөгөө бий. Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барихын тулд хойд хөрштэй хамтарч байгаль орчинд нөлөөлөх байдлын судалгаа хийх болон тохиролцох асуудал олон. Тухайлбал, тус улс Байгаль нуурын экологит сөргөөр нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.  ОХУ-ын Малентьевын нэрэмжит эрчим хүчний институт  Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барихад гарч болзошгүй үр дагварыг дараахь байдлаар тооцоолж буй аж. Үүнд цаг уурын, биологийн, усны зэрэг байгалийн нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй гэсэн байна. Мөн аж үйлдвэр болон суурин газрууд усны нөөц бохирдуулах, эргийн нуралт үүсгэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэгийг дурьджээ. Өөрөөр хэлбэл хүний буруу үйлдлээс шалтгаалж хөрсөнд хэт их ачаалал өгч өөрчлөгдөх, ууршил, нэвчилтээр усны алдагдал ихсэх, чанар муудах тал бий. Энэ нь Оросын нутаг дэвсгэрт байгаа Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын ус ашигладаг аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээ өөрчлөгдөхөд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм.
Тэгвэл манай судалгааны багийнхан усан цахилгаан станц барьснаар Байгаль нуурын усны түвшин хэвийн байхад чухал нөлөө үзүүлнэ. Мөн Сэлэнгэ мөрний ОХУ-д учруулах үерийн эрсдэл буурна хэмээж буй билээ.

Сэлэнгэ мөрний урсац өвлийн улиралд ОХУ-ын Наушки хотод 30 шоо метр секунд болж буурдаг аж. Зарим жил үүнээс бага болох тохиолдол гардаг байна. Тэгэхээр Шүрэн, Эгийн гол, Орхоны усан цахилгаан станц ашиглалтад орвол усны хуримтлал үүсч өвлийн урсац нь арав дахин буюу 300 шоо метр секунд хүрэх бололцоотой. Гэвч  цахилгаан станц барьсан цэгээс  хойшхи усны горим бүрэн өөрчлөгдөх магадлал өндөр  гэнэ. Иймд хилийн усны нөөцийг ашиглах болон хамгаалах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Сэлэнгэ мөрний усны нөөцийг үр ашигтай хэрэглэх санал зөвлөмж боловсруулах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.  Хойд хөрш Монгол, Оросын нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрний эрэг дагуух хот суурин, аж ахуйн нэгж, иргэдийн усны нэг сарын хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх урсацын доод хэмжээг тогтоох шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан