Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн мега төслийн талаар хэн юу хэлэв?


УИХ-ын дарга З.Энхболд: Тавантолгойн төмөр замыг “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй

-Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй. Түүнээс бус, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу. Саяхан БНХАУ-ын даргыг Монголд ирэхэд төмөр замын гэрээгээ байгуулж авсан. Энэ гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын Пибоди. Сая Пибоди өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч Пибодиг оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана. Үүний дараа олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй. Харин тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой. Яагаад гэвэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол хамгийн ашигтай. Есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам байгаа юм. Ер нь төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй.

-Австралид “BHP” ком­пани ганцаараа монополь төмөр зам тавьчихаад бусад компаниа явуулахгүй хорь гучин жил заргалдаад засаг нь дийлэхгүй, арга ядаад хажуугаар нь дахиж шинээр төмөр зам тавьсан байгаа юм. Ингэж хоёр төмөр зам тавих нь улсын эдийн засагт нөхөгдөхгүй хохиролтой. Тийм учраас олон улсад “нийтэд нээлттэй” гэдэг зарчмаар төмөр замыг бариулдаг, ашиглуулдаг. Энэ тухай манайд төмөр замын хууль бий. Суурь бүтцийн 51 хувь нь төрийн мэдэлд байна, бүх хүнд нээлттэй, нэг тарифаар үйлчилнэ гэсэн хуультай учраас Таван толгойн төмөр замыг “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй. Хоёр­дугаарт, “Энержи ресурс”-ийг би үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол оффшор бүст бүртгэлтэй “ММС” гэж Хонконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л “MCS” авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Таван толгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй. Тийм учраас л Таван толгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компани Таван толгойн нүүрсээ Хятадын зах зээлд борлуулах эрхийг дэлхийн номер нэг “Шинхуа”-д, харин номер хоёр Пибоди компанид Номхон далайн зах зээлээ даатгасан гэрээ хийх хэрэгтэй.

-Энхсайханы ярианд болохгүй юм ч, эргэж буцсан юм ч маш их байгаа. Саяхан АН-ын бүлэгт мэдээлэл хийхэд нь наад төмөр замын бүтэц, эзэмшил та нарын хэлснээр явахгүй ээ, хууль ийм байгаа гээд саяын миний хэлдгийг олон гишүүн хэлсэн. Тэгэхэд өнөөдөр ч өөрийнхөөрөө зүтгээд л байгаа. Үгэнд орохгүй засаг, үгэнд сайдад УИХ арга хэмжээ авч болно доо. УИХ-аас баталсан тодорхой хуулиуд байхад түүнээс давсан, хууль бол юу ч биш гэж явж болохгүй л дээ.
-Оруулах нь хөрөнгө оруулагчдад л хэрэгтэй. Гэхдээ одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөө­рөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ. Ард түмний Таван толгой ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар л явах ёстой.

“Үндэсний шуудан” 021/2207/


Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган:
Монголын нүүрсний уурхайнууд Шинхуагийн монополийг давж гарах эсэхийг мэдэхгүй байна

-М.Энхсайхан сайд туршлагатай хүн. Гэхдээ анхаарах ёстой хэд хэдэн зүйл байна. “Эрдэнэс таван толгой” үйл ажиллагаа нь муу байгаагүй сайн байсан компани. Тэр дундаа туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Монголын уул уурхайн олборлогчдын нэгдэл амжилттай сайн ажиллаж байсан. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч оруулж ирэх асуудал дөрөв таван жилийн өмнөөс яригдаж байсан. Тэр үед зөвхөн баруун Цанхийн хэсэг дээр дэд бүтэц, олборлолт борлуулалтыг гадны хөрөнгө оруулалт, туршлагатай компаниар хийлгүүлж, монголчууд туршлагажиж авах бодлого байсан шүү... Одоо бол Тавантолгойн орд бүхлээрээ нэг консорциумын мэдэлд шилжих гэж байна. Компанид хүндрэл үүссэн шалтгаан нь үйл ажиллагаанаас бус зөвхөн санхүүгийн байдал доройтсон явдал. Санхүүгийн байдал нь хэрхэн доройтсоныг бүгд л мэднэ. Тухайн үед БНХАУ-ын Чалко компанитай бүтээгдэхүүн худалдах гэрээ байгуулаад урьдчилж 250 сая доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг авч улсын төсөвт өгөөд түүнийгээ халамжинд тараачихсан. Тэгээд л компани нэгэнт бүтээгдэхүүн зарах гэрээ байгуулж мөнгөө урьдчилж аваад улсын төсөвт өгчихсөн болохоор цаашдын үйл ажиллагаагаа явуулахад банк­наас зээл авч үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон. “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийн байдлаар 850 тэрбум төгрөгийн өртэй болж бараг дампуурлын ирмэгт ирчилээ. Энэ нь компанийн буруу гэхээс илүүтэйгээр тухайн үед засаг барьж байсан улс төрийн хучин, зарим улстөрчдийн буруугаас болсон гэдгийг бид бүгд мэдэж байгаа.

...Шинхуа бол Хятадын төрийн өмчит нүүрсний гол компани. Тиймээс тэдэнтэй хамтраад ажиллабал манайх нүүрсний борлуулалт дээр санаа зовохгүй байх боломж байна. Дээр нь Сумитомо корпорац 30 орчим хувийн бүтээгдэхүүнийг авч гуравдагч зах зээлд гаргах гэсэн саналууд явж байгааг сонссон. Шинхуа бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ авч чадаж болно. Гэхдээ үнийг Шинхуа дангаараа удирдана. Тэгэхээр Монголд Таван толгой нүүрсний уурхайгаас гадна бусад нүүрсний уурхайнууд Шинхуагийн монополийг дааж давж гарах эсэхийг мэдэхгүй байна. Тухайлбал МАК, Саус Гоби Сэндс, Монголиан Энержи корпорэйшн зэрэг олон компанийн үйл ажиллагаа доголдох үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Шинхуа нэг үнээр бүх бүтээгдэхүүнийг аваад эхлэхээр бусад компани нүүрсээ тэдний тогтоосон үнээр өгөхөөс өөр аргагүй болно. Энэ бол нэгдүгээр том асуудал. Хоёрдугаар асуудал нь энэ консорциум ороод ирэхэд дотоодын аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалтад оролцоод татвар төлөөд үйл ажиллагааг дэмжээд явж байсан Монголын уул уурхайн оператор компаниудын үйл ажиллагааг цаашид яаж хангах юм бэ. Гурав дахь нь ард иргэдэд өгсөн 1072 ширхэг хувьцаа хэрхэх нь тодорхойгүй байна. Одоо бол үнэгүй цаас дансанд байж байгаа тоо. Үүнийг зайлшгүй биежүүлж хөрөнгөжүүлэх ёстой, үндсэн зорилго энэ л байсан. Одоо бол байдал арай өөр тийш хандах гээд байна. Дөрөвт нь би төмөр замыг хэлнэ. Манай улсын төмөр замаас баримтлах бодлогод үндсэн сүлжээ бол төрийн өмч байна гэж заасан. Гэтэл одоо төмөр замын үйл ажиллагааг тухайн консорциумд ашиглуулах хэлэлцээр явагдаж байна. Хэрвээ ийм шаардлагатай байсан бол тухайн үед Энержи ресурс компани төмөр замын зөвшөөрөл аваад бариад эхэлж байх үед нь яагаад зогсоосон юм бэ? Мөн Пибоди Энержигийн саналыг яагаад өрсөлдүүлж сонсож үзээгүй, хэлэлцээр хийгээгүй юм гэдэг дээр эргэлзэж байна. Пибоди бол дэлхийд хамгийн том нүүрсний олборлогч компани, Хятадад тодорхой үйл ажиллагаа явуулдаг тэдэнтэй хэл амаа ололцоно, бүтээгдэхүүнээ зарах чадвар боломж ч тэдэнд бий. Пибодигийн өгч байсан саналд манай ард иргэдэд илүү ашигтай байдлаар нөлөөлөх зүйл байсныг үгүйсгэхгүй.

Arslan.mn


Монгол Улсын сайд М.Энхсайхан: Энэ төсөл дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэмжлэг туслалцааг авах хэрэгтэй болж магадгүй

Тавантолгой бол маш том төсөл. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад нэг тэрбум доллар зарцуулагдах юм. Ийм их хэмжээний мөнгийг нэг ч компани өөрөө бие дааж гаргадаггүй. Мега төслийн онцлог нь энэ. Тийм учраас энэ том төслийг банк санхүүгийн байгууллага санхүүжүүлэх нь гэдгийг хөрөнгө оруулагчид ч, Монголын Засгийн газар ч, монголчууд ч анхнаасаа ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр бидний хооронд хэлэлцээ хийж, зөрүүтэй асуудал дээрээ ярьж тохиролцох нэг хэрэг. Нөгөө асуудал нь, Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд ярьж тохирсон асуудал болгон банкны шаардлага хангах ёстой. Хэдийгээр одоогоор хоёр тал хоорондоо асуудлаа тохиролцож байгаа боловч эцсийн дүндээ банк мөнгө өгөх үү, үгүй юу гэдгийг шийдэх болохоор банкны шаардлагад тохируулж яаж хоорондоо ярьж тохирох вэ гэдэг том асуудал яригдаж байна. Ер нь төслийг хэрэгжүүлэхэд цөөнгүй бэрхшээл одооноос харагдаж байна. Жишээлбэл, том бүтээн байгуулалт явахад маш олон зөвшөөрөл хэрэгтэй. Нэгэнт банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө мөнгө хүсч яваа тул банкууд төслийн компаниас тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг гартаа хийж авсан байхыг шаарддаг. Тусгай зөвшөөрлүүдээ гар­гуулж аваагүй бол банк мөн­гө өгөхгүй. Монгол Улс мега төслийн турш­лагагүйгээс гадны хөрөнгө оруу­лагч­дад хандахдаа “Эхлээд хөрөнгө мөнгөө аваад ир, юу хийхээ дэл­гэрэнгүй танил­цуул, дараа нь зөвшөөрлөө аваа­рай” гэж ханддаг. За­рим хуульдаа энэ баримт­лалаа тусгасан бай­даг. Жижигхэн төсөлд энэ баримтлал зөв байж магад. Мега төсөлд бол энэ бол амиа хорлосонтой адил юм. Тэгэхээр манай төрийн элдвийн зөвшөөрөл өгдөг газрууд, байгууллагууд энэ төслийг мега гэдэг нь онцлогоор том харж, асуудалд түргэн шуурхай хандах шаардлагатай болж байгаа юм. Энэ төсөл дээр Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэмжлэг туслалцааг авах хэрэгтэй болж магадгүй юм.
-Таван толгой төсөл дээр Монгол Улсын Засгийн газар ямарваа нэгэн санхүүгийн эрсдэл үүрэхгүй. Гэхдээ төсөл банкны чадвартай байх нь манай болон хөрөнгө оруулагч талын хамтын сонирхол юм. Тавантолгойн уралдаант шалгаруулалтаар тавьсан нөхцөл нь бүх эрсдлээ хөрөнгө оруулагч өөр дээрээ үүр, төмөр замаа барь, баяжуулах үйлдвэрээ босго,  Монголын хууль дүрмийн дагуу татвараа, роял­ти болон бусад татвараа төл, мөн Монгол Улсын төрийн өмчийг ашигласны тү­рээ­сийн нэмэлт төлбөр төл гэсэн маш өндөр шаардлага юм.
News.mn


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: “ММС”-ийн 57 хувь нь дөрвөн Монгол компанид үлдсэн хувь нь хятад гаралтай компанийнх

-Монгол Улсын хувь хэмжээ 51 хувь байх ёстой. Одоо байгуулагдах гэж байгаа консорциум доторх 51 хувийн эзэмшигч “Mongolian Mining Corporation” гэдэг Монгол талын компани маань Хонконгийн хөрөнгийн бирж дээр нээлттэй, 10 гаруй компанийн нэгдэл. Тэр дотор дөрвөн Монгол компани бий. Тэр дөрвөн монгол компанийн нийт эзэмшил хувь нь 57 хувь. Цаад талд нь 43 хувийн ихэнхийг хятад гаралтай компаниуд эзэмшиж байна. Тэгэхээр нөгөө 51 хувь гэж яриад байгаа MMC дотроо дахиад 43 хувь дээр гадаадын компаниуд байна шүү дээ. Тэр хувийг нь аваад, Шинхуагийн эзэм­шиж байгаа хувьтай нийлүүл­бэл, гадаадын, тэр дундаа Хятад талын эзэмшиж байгаа хувьцааны эзэмшил 70 хувьд хүрэхээр байгаа. Тийм учраас 51 хувь нь Монголын талын мэдэлд байх ёстой гэдэг зарчим маань алдагдаад байгаа юм болов уу гэж хардлага төрж байгаа. Ажлын хэсэгт ММС дотор хувьцаа эзэмшиж байгаа компаниудын асуудлыг тодорхой болгож гаргаж ирээч ээ гэдэг асуудлыг тавьсан. Энэ маань өөрөө Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, Тавантолгойн асуудал дээр М.Энхсайхан дарга манай намын бүлэг дээр хэд хэдэн удаа тайлбар өгсөн. Ер нь 30 жилийн хугацаанд 40 гаруй тэрбум долларын борлуулалт хийх нь. Үүний 34 тэрбум долларыг өртөг болгож авна. Эцсийн дүндээ 30 жилийн дараа гарах ашиг нь 5.1 тэрбум доллар болох нь. Монгол Улсад орж ирэх ашгийн татварт 1.7 тэрбум доллар төлөгдөнө. Дээрээс нь роялтигийн төлбөр төлөгдөнө. Тэгэхээр Монголд үлдэж байгаа орлого ерөнхийдөө их бага харагдаж байгаа. Гэхдээ 34 хувийн өртөг дотор Монголын маш олон компани нийлүүлэлт хийж оролцох учраас, тэнд үлдэж байгаа ашиг нь илүү том байх ёстой гэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг ерөнхийлөөд, ингэж хаяж болохгүй. 34 тэрбум дотор хэрвээ Монголын төслүүд орвол яг ямар төслүүдээ монголчууд өөрсдөө хийх юм. Тэрийгээ тодорхой болгож өг гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Энэ мэтээр тодорхойгүй асуудлууд олон байна. Тийм учраас энэ асуудлыг нээлттэй, их хурал дээр хэлэлцэх ёстой.  

Eagle.mn


“Монголын төмөр зам” компанийн захирал П.Батсайхан: Мэдсээр байгаад алдаа хийх юм бол хойч үедээ юу хэлэх вэ

-Уурхай авсан компанид дэд бүтцийг эзэмшүүлж ашиглуулах монополь эрх олговол ямар сөрөг үр дүнд хүрч болдгийг хэлэх хол ойрын жишээ олон л байна. Ойроос нь ярья л даа.  Тавантолгойгоос боомт руу нүүрс зөөдөг авто замыг Энержи ресурс барьж ашиглаж байсан. Барьж байхад нь бол байгаль орчинд ээлтэй тоос босохооргүй сайхан болно гээд ярьж л байлаа. Гэтэл ашиглалтад ороод зөвхөн өөрийн компаний машинуудыг явуулаад өөр компаний тээвэрлэлтийг хийлгээгүй, бусад нь нөгөө тоос шороогоо манаргасаар өчнөөн хэрүүл уруул болж байж төр мөнгө гаргаж өөртөө авсан. Холын жишээ гэвэл 2010 онд Дэлхийн банкнаас “Тээврийн стратеги” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Монгол улсын уул уурхай, тээвэр болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан удирдах түвшний, мэргэжлийн 10 гаруй хүмүүсийг Австрали улсад урьж уул уурхайн тээвэр, дэд бүтцийг яаж зохион байгуулвал илүү зүйтэй байх талаар сайн муу тодорхой жишээн дээр газар дээр нь танилцуулж байсан. Тэнд уурхайг нь төмөр замтай нь нэг компанид өгчихсөн байж. Гэтэл тэр бүс нутгийн бусад уурхай, үйлд­вэр­лэлийн бүтээг­дэ­хүүнийг нөгөө ком­пани чинь өө­рийн замаараа явуу­лахаа болиод Засаг нь аргагүйдэж барьсан замтай­гаа 400 гаран км урт зэрэгцээ төмөр зам тавьж байж асуудлыг нь шийдсэн бодох ёстой жишээ байна.

Бид уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд бусдаас хараат болчихсон, эсвэл хөгжүүлээд ард олныхоо амьдрал ахуйг сайжруулаад цаашид эдийн засгаа төрөлжүүлээд явж байгаа олон л орны алдаа онооноос сурч байна, үзэж харж байна. Мэдсээр байгаад алдаа хийх юм бол хойч үедээ, үр хүүхэддээ юу хэлэх вэ? Энэ тухай ч саяхан З. Энхболд  дарга ярьсан байна лээ дээ.
МТЗ Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлэхдээ Төмөр замын тухай хуулинд заасан Суурь бүтэц эзэмшигчийн үүрэг буюу  суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөх­цө­лөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ биелүүлээд л явах нь тодорхой.

Өдрийн сонин 027 /4979/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан