Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Дуламсүрэн: Байгаль экологийн жишиг сургалтын цогцолборыг бий болгоно


Төв аймгийн Зуунмод сумын Дөрөвдүгээр сургуулийн захирал Ө.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Танай сургууль энэ онд юу хийж бүтээхээр зорьж байгаа тухай яриагаа эхэлье?
-Манайх жирийн нэг ерөнхий боловсролын сургууль боловч алслагдсан багийн  сургууль гэхэд халаалт дулаанаа бүгдийг нь шийдэж чадсан. Манай байршил их онцлогтой л доо. Дэлхийд данстай анхны дархан цаазат Богд хан уулын гал элгэнд сургууль маань оршдог гэдгээр бид бахархдаг юм. Тийм ч учраас дархан   уулынхаа ойн сан, Зуунмод голын ай савыг хамгаалах, хот орчмын хөрсний эвдрэл цөлжилтөөс сэргийлэх, ховор амьтан ургамал хамгаалахад хувь нэмрээ оруулж, экологийн цэвэр орчныг бий болгох нь манай сургуулийн зорилго. Бид байгаль экологийн чиглэлээр  сургалт  явуулж, иргэд, олон нийтэд байгаль экологийн боловсрол олгохыг эрмэлзэн ажиллаж байна.Ийм сургалт явуулахад сургуулийн маань гадна эдэлбэр талбай ч маш тохиромжтой.  Хамт олны маань дунд тэр чиглэлийн сонирхол  мэдлэг бүхий чадварлаг  багш  нар ч байна. Энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай  хамтран  ажиллахад бид бэлэн байна.

-Ер нь, танай аймаг байгаль орчноо хамгаалах талаар ямар, ямар ажил сүүлийн үед хийж байна?
-Богд хан уулын Зуунмод орчмын байгаль экологийн цогцолбор байгуулах талаар иргэд өөрсдөө санал санаачилга гаргаж,  Зуунмодны аманд /Манзуширийн хийдийн ам/ байгалийн зоо парк байгуулах эхлэлийг тавьсан. Энэ уулын амны үзэсгэлэнт цогцолбор газар байгаль орчны сургалт дадлага болоод амралт, аялал жуулчлалд зориулсан бүс бий болгоход маш зохимжтой. Манзуширын хийдийн түүхэн дурсгал, Богд хан уулын байгалийн өвөрмөц тогтоц,  нөөц, түүгээр хийсэн  бүтээл олдворыг харуулсан музейг сургалтад ашиглах нь нэн тохиромжтой. Үүнээс гадна энд амралтын орчныг бүдүүлэхийн зэрэгцээ буга, чоно, үнэг, зараа, жирх, мануул гэх мэт зарим ан амьтныг нутагшуулах, өсгөн үржүүлэх зоо паркийн эхлэлийг тавина. Мөн Манзушир жуулчны бааз,Овооны энгэрийн баазыг түшиглэн  экологийн дадлага сургалтын баазыг ажиллуулах болсон.  Зуунмод суманд хүүхэд залуучуудын байгаль соёл амралтын “Хотол баясгалан” хүрээлэнг өргөтгөн тохижуулах, ногоон байгууламжтай болгох ажил бий.
Манай сургуулиас холгүй “Их Майдар” цогцолборыг байгуулж байгаа нь нутагт маань цаашид аялал жуулчлалын сүлжээ бий болгож, эко ирээдүйг бүтээнэ гэж бид итгэж байгаа.

-Сургуулийн захирал хүн яагаад сум орныхоо экологийн асуудалд анхаарах болов гэдэг сонин байна?
-Манай Зуунмод сумын ойр орчны нийт нутаг дэвсгэрийн 48 хувь нь цөлжилтийн шинжтэй болж, агаарын температур олон жилийн дунджаас 0.1-0.3 хэмээр дулаарсан боловч унах хур тунадасны хэмжээ 12- 24 мм багассан. Цөлжилтийн улмаас бэлчээрийн  эдэлбэр газрын 87 хувь нь эвдрэлд орж  доройтон,  ургамлан бүрхэвч нь сүйдээд байна. Мөн хүн малын ундны усны  гол эх үүсвэр болсон Зуунмод орчмын  10 гаруй булаг шанд болон ахуйн хэрэгцээт усны 20 хувь нь хатаж ширгэсэн.Сүүлийн жилүүдэд хөрсний элэгдэл газар авч, зам тээврийн сүлжээнээс хамаарч  ургамлан бүрхэвчийн  нөөцийн  15 шахам хувь өөрчлөгдөн экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Үүнийг дагаад байгалийн гамшигт  тогтмол өртөх болж, ган зудын аюулын давтамж ойртлоо. Монголд ганцхан өврийн гацууран ой устаж үгүй болоход ойрхон байна. 2015-2020 он гэхэд Зуунмод сумын орчны бүс ундны цэвэр усны нөөцийн хомсдолд орох магадлал 40-60 хувьтай гэж гарсан. Энэ мэт санаа зовоосон асуудлуудыг бид нийт иргэдийнхээ оролцоотойгоор байгалиа нөхөн сэргээх замаар л шийдвэрлэж чадна. Төрөлх нутгийнхаа байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалахын тулд хүүхдүүдэд багаас нь байгаль экологийн мэдлэг олгох, танин мэдүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм л даа.

-Эко сургууль болохын тулд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Байгаль орчныг хамгаалахад иргэд олон нийт болоод албан байгууллагуудын хамтын оролцоог бий болгох нь чухал. Бид энэ чиглэлээр ажиллахаас гадна
байгалийг хэрхэн  хамгаалах, зөв зохистой ашиглах тухай сурталчилгаа мэдээллийн төв ажиллуулахаар төлөвлөж байна.  Мөн сургуулийнхаа эдэлбэр газарт мод бут тариална. Зөвхөн сургуулийнхаа орчин тойрон гэлтгүй багийнхаа төв болон айл өрхийг ногоон байгууламжтай болоход тусална. Аймгийн хэмжээнд байгаль экологийн   жишиг сургалтын  цогцолборыг  бий болгож,  түүнийгээ түшиглэн технологийн шинэчлэл хийж, сурагчдаасаа гадна иргэдэд хүргэх мэдээллийг нэг дороос хөтлөн явуулах юм.  Байгаль экологийн мэдээллийн төвөөс шатлан явуулах сургалтын модулийг боловсруулан гаргаж,  мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах аргачлал, удирдлагаар хангах гээд төлөвлөсөн олон ажил бий. 

-Ерөнхий боловсролын сургууль дангаараа энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг уу?
-Манай  сургууль мэргэжлийн байгууллага.  Багийн гишүүдээс гадна олон арван  дэмжигч хүүхэд залуус, өсвөр үеийнхэн байдаг нь бидэнд их тус дэм болдог. Мөн бага ангийн, түүх газарзүй, экологийн  багш нар маань голлох үүрэгтэй идэвхийлэн ажилладаг болохоор бид ажлаа амжуулаад л байдаг.

-Эко сургууль болсны  үр дүнд ямар  өөрчлөлт  авчирна гэж  та бүхэн хүлээж байна?
-Хүрээлэн байгаа орчноо хамгаалж хайрлаж чадах эсэхээс Төв аймгийнхны ирээдүйн гэрэлтэй байх эсэх нь хамаарна.
Манай Зуунмод сум зөвхөн аймгийн төв төдийгүй Төвийн бүсийн тулгуур төв. Цаашид энд олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, төмөр замын зангилаа бий болж, Мянганы замын босоо тэнхлэг дайран гарна. Энэ бүхний дүнд хүн амын суурьшил одоо 45,0-60 мянгад хүрч, усан хангамжийн хэрэгцээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Хүн амын суурьшил улам бүр хүрээгээ тэлэх ирээдүй харагдаж байгаа энэ үед  одоогийн байгаа түвшнээ хадгалж, экологийн тэнцвэрт байдлаа хадгалж хамгаалах нь чухал. Энэ ажилд нийт иргэдийг оролцуулах, тэдний уриалан дуудаж, араасаа дагуулах гэгээрлийн төв нь манай сургууль байх болно гэдэгт би итгэлтэй байна.  Байгаль экологийн “Дүнжингарав” клубт хүүхэд залуус маань хамрагдаж, сурагчид маань ногоон жаалууд болж төлөвшвөл бид  ирээдүйдээ итгэлтэй байж болох юм.
Богд хан уулын Манзуширын хийд түүний оршин байгаа газарт Манзушир хутагт тодорч, авшиг сургаалаа хайрлан, уул ус байгаль дэлхийгээ зөв зохистой хайрлан хамгаалж явахыг сургасан байдаг. Тэр сургаал номлолыг санаж, эко сургууль, эко хамт олныг бий болсноор хүн ардынхаа аятай таатай амьдрах орчныг нэг талаар бүрдүүлэх юм.

-Иргэдийн оролцоотой байгаль орчноо хамгаалах талаар төрөөс бодлого зорилт дэвшүүлсэн нь хэр мэдрэгдэж байна вэ?
-Байгаль  орчноо хайрлах хамгаалах, ашиглах боломж нөхцөл, төрөөс гаргаж байгаа шийдвэр боломжийн хэмжээнд нөлөөлж л байна.
Богд хан уул амин ус болсон Зуунмод голоо хамгаалах нөхөн сэргээх талаар авах  арга хэмжээний санал гарч байгаа. Богд хан уулыг тойрсон амуудаас урсан гарч байсан голуудаас 74 хувь ширгэж алга болоход хүний буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэдэг бүрэн бус тоо гарсан. Тиймээс байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулсан сөрөг үр дагаврын эсрэг тэмцэхэд иргэдийн оролцоотой ойжуулах ажил хийх нь нэн чухал болоод байна. Мэргэжлийн байгууллага, идэвхтний багийг оролцуулан ойг сийрэгжүүлэн хамгаалан ажиллах хэрэгтэй.

-Ер нь, байгаль орчныг хамгаалах талаар иргэдийн идэвх оролцоог  нэмэгдүүлэхэд юу чухал вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтэд хандаж иргэн бүр нэг мод, байгууллага бүхэн 10-аас доошгүй мод тарих уриалга гаргасан шүү дээ. Манай сургууль, багш нар,  сурагчид маань  энэ дагуу ногоон байгууламжтай болохоор санал санаачилга гарган ажиллаж байна.
Хаа газрын иргэд амьдарч байгаа орчныхоо экосистемийн  харилцан хамаарлыг аль болох нарийвчлан судалж, ухаалаг хэрэглээнд суралцвал оршин амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд, ая тух, амьралын хэвшил, үйлдвэрлэлийн горим, соёл иргэншил гээд бүх зүйлд нөлөөлдөг гэдгийг ойлгох нь чухал. Ер нь, ойлгож эхэлж ч байна. Хэрэв одоо ч ойлгож ухаарч, эртхэн арга хэмжээ авахгүй бол бид том эрсдлийн өмнө тулж ирээд байгаа шүү. 

-Та хайрлаж хамгаалж явдаг энэ нутаг усныхаа тухай, ямар содон онцлогтой болохыг нь яриач?
-Ажиллаж амьдарч  байгаа нутаг  усаа хайрлаж явахаас илүү зүйл хүнд байхгүй.  Манай  сум харьцангуй жижиг ч  маш олон хүний үеийн үеийн амьдралын эх үүсвэр, үр хойчийн хувь заяаны үргэлжлэл байх учиртай газар. Зуунмод  сум 1942 онд байгуулагдсан. Бага Хэнтийн  нурууны  өвөр талын Богд хан уулын өвөрт ойт хээр,тал хээрийн бүсэнд бэлчээр ус тэгшхэн, говь хээрийн заагт орших  газар  зүйн бүсэд байрладаг .Тухайн үеийн нэрээр  Богд хан  уулын аймаг,  Богд хан уулын хошуу Манзуширын Сэрүүн дэнж хэмээх газар төвлөрч 60 гаруй жилийн нүүр үзэж байна. 

-Сургуулийнхаа зорилго чиглэлтэй уялдуулан олон нийтэд хандан уриалга гаргах нь та бүхний эн тэргүүний ажил байх?
-Тийм ээ, гэхдээ би энд зөвхөн аймгийнхаа иргэд бус, Монголын нийт ард иргэддээ хандаж төрсөн нутаг усаа хайрлаж, хамгаалахаас илүү гавьяатай үйлс байхгүй шүү гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.
Мэдээж, нутаг усныхандаа хандах хэлэх уриалга ч байна. Төв аймгийн Зуунмод хоттой маань хаяа түшин орших дэлхийн анхны дархан цаазат, дэлхийн шим мандлын нөөц газар Богд хан уул, өмнийг тэтгэгч цагаан лавай хайрхнаа агаарыг цэвэршүүлэгч, уушги  ус ундыг хангагч чандмань цогцолбор болохынх нь хувьд  онгон төрхөөр нь хайрлан хамгаалах  хэрэгт бүх нийтээрээ оролцох хөдөлгөөн өрнүүлцгээе.
Нутаг орон маань хүний буруутай үйлдлээс болж хуурайшиж цөлжиж байгааг ухамсарлан,  нутаг усаа хайрлан хамгаалж, нөхөн сэргээхийг нийт иргэддээ  уриалж байна. Үүний зэрэгцээ нийгэм эдийн засгийн өөрчлөлт нэрээр, ядуу зүдүүгийн шалтаг зовлон тоочиж, өчүүхэн олз ашгийн төлөө дархан цаазат Богд хан ууланд дураар халдан, мод хулгайгаар огтолж, самар жимс түүн, ойн түймэр дэгдээдэг, ан амьтан хороож, байгаль орчныг ойг сэглэн сүйтгэдэг муухай зуршлаасаа салмаар байна.  Монгол төдийгүй дэлхийн анхаарлыг татах болсон эх орны маань нандин шүтээн Богд Дүнжингарав хайрхныхаа ногоон хүрэм , хүрхрэх ус , цэнгэг сайхан агаарыг  хойч үедээ хадгалан үлдээхийн төлөө хайрлаж, хамгаалъя гэж эцэст нь хэлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан