Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үүрдэг” бурхан

Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр таалал төгсч морин хуурын нэгэн чавхдас тасарлаа. Түүнтэй хамт алдарч одсон орон зай монголчуудын зүрхэнд хэтэрхий томоор харлан үлдэв. Энэ мэдээг сонссон хүн бүр л харуусан халаглах.
Ерээд оны эхэн үед алдарт хуурч Г.Жамъян багш, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай болон талийгч Ц.Батчулуун нар Өвөрмонголд судалгаа, сурталчилгааны ажил хийхээр явсан гэдэг. Тэр үед өвөрмонголчууд Г.Жамъян багшийг “Тоглодог” бурхан, Н.Жанцанноров гуайг “Ярьдаг” бурхан, харин Ц.Батчулуун агсныг “Үүрдэг” бурхан гэж хүндэтгэн нэрийдсэн аж. Нөгөө хоёр эрхмийн хувьд ойлгомжтой ч “үүрдэг” хэмээх нэр нь таавар мэт. Харин түүний охин бурхных оронд хальж одсон аавынхаа тухай дурсахдаа  “Нас залуу, юмны учрыг сайн ухаж боддоггүй байхдаа миний аав морин хуураа дандаа үүрээд явдаг болохоор нь л "Үүрдэг бурхан" гэж нэрлэж дээ гэж боддог байлаа. Одоо бодоход миний аав эгшиглэнт сайхан морин хуурандаа бүх л сэтгэл зүрхээ өгч, олдсон жаахан насандаа хуурын сайхан хөг аялгууг таслалгүй өтгөс буурлуудаасаа суралцан, уламжлалыг хадгалан үлдсэнээр барахгүй сэргээн шинэчилж, хөгжүүлэн арвижуулж, бүр цааш нь олон олон шавь нарыг сурган хүмүүжүүлж тэдэндээ үнэлж баршгүй өв соёлыг уламжлуулсан, үнэхээр л морин хуурыг үүрсэн бурхан нь байж дээ” хэмээн сэтгэлийн зул өргөжээ.
Тэрээр эцсийн амьсгалаа хураатлаа олон түмнийхээ хураатлаа олон түмнийхээ эдгээсэй гэсэн чин сэтгэлийн дэмийг үүрсээр л байсан, итгэл алдраагүй байсан гэдгийг гэр бүлийнхэн нь сонсогч олонд дуулгахыг хүсчээ.
Ц.Батчулуун агсантай ойр байж үзээгүй ч дотны хүмүүсээс нь түүний тухай олонтаа сонсч байсан билээ. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын нэгдүгээр морин хуурч Ч.Батсайхан түүний тухай “Норовбанзад гуай уран сайхны зөвлөл дээр орж Батчулуун, Батсайхан хоёртой л дуулж байна гэсэн санал хүртэл гаргаж байлаа” хэмээн дурсч байлаа. Энэ бол тив дэлхийг уяраасан дуучны үнэлэлт юм. Тэрээр их хуурч Г.Жамьян багшийнхаа эрдэм ухааныг өвлөн авч хуурынхаа тунгалаг яруу эгшиглэн, түүнд шингэсэн Монгол хүний авьяас билэг, оюун чадлыг хөдөөх талаас хөвчин дэлхийд хүртээн хүргэхийн төлөө насан туршдаа тэмцэн зүтгэсэн мятрашгүй эх оронч байсан юм.
Ц.Батчулуун хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров нарын морин хуур найрал хөгжмийн концертууд, Э.Чойдогийн “Талын аялгуу” Г.Бирваагийн “Уянгын аяз”, болоод үндэсний уламжлалт урт богино дуу, дэлхийн сонгодог, шинэ цагийн хөгжмийн 100 орчим бүтээл хуурдаж үндэсний радиогийн Алтан сан хөмрөгт үлдээсэн алдарт хуурч билээ. Мөн тэрээр Монгол төрийн их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал, ОХУ-ын Владимир хотын Орос ардын найрал, Япон улсын Фукуока хотын Кюүшү симфони найрал зэрэг хөгжмийн томоохон хамтлагийг удирдан олон зуун бүтээлийг дэлхий дахины сонорт хүргэсэн нэрт удирдаач. “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” зэрэг түмэнд түгсэн дуу, хөгжмийн олон бүтээл туурвисан, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн удиртгал, Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” симфони удиртгал, И.Штраусын “Хаврын урь” зэрэг Монголын болон дэлхийн хөгжмийн гарамгай зохиолчдын 20 гаруй бүтээлийг хөрвүүлсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч байв. Түүний хийж бүтээснийг тоочвол сонины нэг нүүр, бядуу сэтгүүлч миний чадвартайгаа хамт дутах билээ.
Хуурын хоёрхон чавхдаст багтах уянгалаг эгшгээр хорвоо дэлхийг уярааж чадсан түүний хичээл зүтгэл тэнгэрийн оронд дутагдсан учраас ийм ахар хугацаанд энд саатаад морджээ. Тэрээр өөрт ногдсон хугацааг мэдээд хичээл зүтгэлээ харамгүй гаргасан ч юм билүү. Яарч одсон түүний зам цагаан байж, эх орондоо, элгэн садандаа эргэн төрөх болтугай. Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулууны гэгээн мөрөөдөл, ариун зорилго биелэн Монгол морин хуурын хөг тэгшрэн дэлхий дүүрэн эгшиглэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан